| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 168/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ДШМ/22 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/22
Г.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Бамбадорж
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Г.Мөнхбаатар
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 2221004060382 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ашбагад овогт Гомбын Мөнхбаатар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дулааны машинч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар багийн нутаг “Цагаанчулуут” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 620 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: ХЛ77070315/.
2. Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг, Дэнжийн 504 тоотод байрлах байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, алтан гинж, цэцгэн хээтэй алтан ээмэг бөгж, сүүжин алтан ээмэг, сардин шүрэн шигтгээтэй алтан ээмэг кулон бөгж, ягаан шигтгээтэй монетон ээмэг, монетон гинж, унжуургатай мөнгөн ээмэг, зургаан хос мөнгөн аяга, шүрэн толгойтой хаш хөөрөг, хүрэн бор жижиг хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч Ч.Чимэг-Эрдэнэд 17,608,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн нутаг “Бул нуур” гэх газарт бэлчээрлэж байсан С.Мөнхбаярын хариуцан маллаж байсан үхэр сүргээс 5 тооны үхрийг хулгайлж, бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мөнхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ашбагад овогт Гомбын Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Гомбын Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбаатарт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Мөнхбаатараас 22,108,000 /хорин хоёр сая нэг зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг Дэнжийн 504 тоотод оршин суух Боржигон овогт Чанравын Чимэг-Эрдэнэд 20,208,000 /хорин сая хоёр зуун найман мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн Засаг дарга Н.Гантөмөрт 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоож,
Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн Засаг дарга нь алдуул малын үнэ 1,900,000 төгрөгийг алдуул малын эзэн тогтоогдвол буцаан өгөх, тогтоогдоогүй тохиолдолд орон нутгийн өмчид шилжүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1, 2, 3 гэж дугаарласан хар өнгийн ууттай шатсан металлыг шүүгдэгч Г.Мөнхбаатарт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Мөнхбаатар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ...шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Г.Мөнхбаатар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 09 сарын 14-ний өглөө сумын төв рүү бензин авах зорилгоор явсан. Бензинээ авчихаад дэлгүүр орж пиво, архи гэх мэт хүнсний зүйлс аваад гарч явахдаа сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Сүхбаатартай таарч “гэр лүүгээ харилаа” гэж хэлсэн. Дэлгүүрээс гарч яваад найзтайгаа таарч хөрзөн гишгэх, шонгийн нүх ухах хүрз гуйхад хүрзний толгой өгөөд ишлээд ав гэсэн учраас хадам ах Энхтайваны гэр лүү очиход хүнгүй байсан. Хүрзний иш хийх мод хайгаад ололгүй гарсан. Гэр лүүгээ харих замдаа авсан архи, пивоо уугаад явж байхдаа гүүрэн дээр Бат-Оршихтой тааралдаад архи, пиво уух уу гэхэд үгүй гэсэн. Цааш явж байх үед нутгийн залуу портертой явж байхтай таараад “архи уух уу” гэж асуухад уухгүй гэсэн. Ингээд би гэр рүүгээ явж байгаад гэртээ хүрч чадалгүй машин маань шатсан.
...Намайг энэ хэрэгт сэжиглэж байгаа шалтгаан нь би тэр өдөр машин дотроо архи ууж явсан дунд гарын мөнгөн аягаа урд суудал дээрээ дэлгүүрээс авсан хүнс болон пиво, архин дээрээ тавьсан байсныг Бат-Орших харснаа хэлсэн, гэхдээ нэг биш 2-3 ширхэг аяга байсан байх, би сайн санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн, мөн замд таарсан 2 хүн нэг нь харсан, нэг нь хараагүй гэж мэдүүлснийг зөвхөн намайг буруутгах гэж Бат-Оршихын мэдүүлгийг миний эсрэг ашиглан буруутгаж байгаад гомдолтой байна.
Мөн энэ хэрэгт О.Содгэрэл нь ямар учраас гэрч болж байгааг ойлгохгүй байна. ...Хохирогч болох Чимэг-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө 2022 оны 9 сарын 15-ны өдөр сумын төвийн гэртээ ирэхэд цонхны дор хагас метр урттай төмөр байсан, ...мөн цонхны тавцан дээр дуссан цус байсныг сумын цагдаа ахлах дэслэгч Сүхбаатарт хэлсэн гэдэг. Үзлэг хийхдээ тухайн хэргийг хийсэн жинхэнэ эзнийг олох эд мөрийн баримтыг орхигдуулсан. Мөн энэ хэрэг яг намайг очиход гарсныг яаж тогтоож байгаа юм. Зөвхөн хадам ах Энхтайваны хашаагаар орсноос үүдэн урьд ял эдэлж байсан гэдгээр буруутгагдаж, яллагдаж байгаадаа гомдолтой байна.
Мал хулгайлах гэмт хэрэг бол хадам ах Энхтайваны малыг эхнэрийн хамт 1 жил харахаар болж төлийн 10 хувийг авахаар тохиролцсон. ... 45 тугалаас 4 тугал авах болоход хулгайд алдсан 2 үхрийн оронд 2 тугал суутгана гэсэн. Тэгэхээр нь би 2 эр тугал ав, 2 охин тугалыг авч мал хийнэ гээд тухайн үед имнэж байсан. ...Манай эхнэр ангийн найз болох Баяртогосд 700 000 төгрөг өгч 2 тугал авч, Энхтайваны үхэрт нийлүүлэн харж байсан ба хулгайд алдсан 2 үхрээ төлүүлнэ гэх яриа гарахад нь тухайн 2 үхрээ хүнийх гэж хэлсэн.
2021 оны хавар миний маллаж байсан үхрээс нэг үхэр тугалаа хайгаад олохгүй байсан. Тэр үед нутгийн малчин Баатарсүх манай гадаа нэг тугал ирчихээд байна, танайх юм биш үү гэхээр нь очиж аваад үхэртээ тавихад ямар ч үхэр авахгүй байсан. Тэгээд хэд хоног юм идээгүй болохоор нь угжиж эхэлсэн. Эх нь олдохгүй байсан болохоор угжсаар байгаад мал болгосон. Тухайн үед нялх амьтныг харангадуулж үхүүлэхгүй юмсан гэж бодон тэжээж мал болгосон болохоор би өөрийн үхэр л гэж бодож явсан. Ингээд би 2022 оны 12 сард өөрийн болох 5 үхрээ Энхтайваны үхрээс ялгаж туугаад гэртээ авчран сумын төвөөс хүн гуйж янзлуулсан.
Анхан шатны шүүгч нь буруу ойлголтоос болж намайг айлын үхрээс 5 үхэр хулгайлж авсан гэж ял оногдуулсан.
...Чимэг-Эрдэнийн малыг харахаа больсноос хойш удаа дараа манай үхрийг хараад өгчих гэж өөрөө болон хүү Ууганбаяр нь гуйгаад байдаг байсан. Тэгээд зөвшөөрөхгүй болохоор надад өширхөж зориуд худал гүтгэлэг хийж анх мал маллуулахаар ярьж байсан яриагаа огт яриагүй мэтээр булзааруулж байна. Тухайн 2 тугалыг хашаанаас гаргаж байсан залуучуудаас нэг ч байцаалт аваагүй, Чимэг-Эрдэнийн худал үгээр үг хийж зөвхөн нэг талыг барьж яллаж байгаад гомдолтой байна.
Би Энхтайваны үхрээс өөрийн 5 үхрээ ялгаж авсан. Миний үхрүүд им, тамгагүй, Энхтайваны үхэр бүгд им, тамгатай. Мөнхбаяр бүх учрыг мэдэж байж Чимэг-Эрдэнэ, Ууганбаяр нарын үгээр илт худал мэдүүлэг өгч байна. Манай 5 үхрээс 1 гунжин үнээ тугаллахад манай эхнэр лүү залгаад танай гунж тугалласан шүү гэж хэлж байснаа нууж, худлаа ярьж байна. 2022 оны намар тугал имнэхдээ танай гунжны тугалыг Ууганбаяр имнэчихсэн шүү, би хэлсэн боловч Ууганбаяр яадаг юм, тэдний юм гэж юу байсан юм гэж хэлж байсан хүн яагаад мэдүүлэг өгөхдөө худал хэлснийг ойлгохгүй байна. Айлын үхэрт байсан өөрийн үхрээ аваад хулгайн хэрэгтэн болж байгаадаа гомдолтой байна. Би гэгээн цагаан өдөр хулгай хийчихээд хүн дуудаад архи, пиво ууя гэж хэлээд явж байна гэж юу байхав. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан, урьд өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэн шийтгүүлж байсан гэдгээр минь эдгээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаад гомдолтой байна.
... Хохирогч Чимэг-Эрдэнэ нь өөрийнхөө малыг байнга хүнээр харуулдаг учраас тэмдэглэл байнга хөтөлдөг байсан. 45 тугалыг эр эмээр нь ялгаж тэмдэглэсэн тэмдэглэл нь байх ёстой. Надад өгсөн хоёр тугалаа ч гэсэн им, онцлог шинжээр нь ялгаж бичсэн тэмдэглэл байгаа. Мөн алдсан гээд байгаа ягаан шигтгээтэй монетон ээмгээ өөрөө зүүгээд явж байна гэж манай эхнэр надад хэлсэн. ...Миний үйлдсэн гэх хэргүүдийн үнэн зөвийг олж өгнө үү. ” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Г.Мөнхбаатарыг ...эд зүйл хулгайлсан болохыг шууд нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Г.Мөнхбаатар нь 2022 оны 09 сарын 14-ний өдөр 09-10 цагийн орчимд Ч.Чимэг-Эрдэнийн хашаанд орсон. Гэхдээ хулгай хийх зорилгоор бус хүрзэнд хийх модон иш авах зорилгоор орсон. Хашаанд нь орсон учир байшинд нь нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх логикоор Г.Мөнхбаатарыг буруутгаж буй нь үндэслэлгүй юм.
2. Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгч Д.Сүхбаатар нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх, хэрэгт хамааралтай нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хайнга хандсаны улмаас гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоох болон Г.Мөнхбаатарыг тус гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож чадаагүй.
Хэргийн газрын үзлэгт оролцсон хохирогч Ч.Чимэг-Эрдэнэ нь анхан шатны шүүх хуралдаанд дараах мэдүүлгийг өгсөн. “...09 сарын 15-нд сумын төв орох ажил гараад гэртээ ирэхэд гал тогооны цонхны доор хагас метр урттай, 2 сантиметрын диаметртэй нарийхан төмөр байсан..., ...Танай гэрээс ул мөр илрүүлэх ажиллагаа хийсэн үү гэхэд тухайн 09 сарын 15-ны өдөр цонх онгойлгосон төмрийг гадаа орхисон байсан. Би маргааш нь энэ төмрөөс нь хурууны хээ авдаггүй юм уу гэхэд авч явсан... /шүүх хурлын тэмдэглэлийн 22 дугаар тал/ үүнээс харахад цагдаагийн байгууллагын ажилтан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан халдлагын зүйлийг хураан авах, түүнээс ул мөр илрүүлэх ажиллагааг хийлгүй орхигдуулсан байна.
Мөн хохирогчоос “танай вакум цонхон дээр цусны толбо байсан гэсэн асуудал яригддаг, түүнийг бэхжүүлэх ажиллагаа хийгдсэн үү” гэж асуухад тухайн үед би цуснаас дээж авч болохгүй юмуу гэхэд 2-3 хоногийн дараа авна гэж байсан. Тухайн дээжийг авсан гэхэд нь би хөдөө явсан тул байгаагүй.../шүүх хуралдааны тэмдэглэлийн 22 дугаар тал/ гэх мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 09 сарын 15-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгт “...цонхны раамны доод хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйл дусаж хатсан байдалтай...байсныг 1 кадр зургаар бэхжүүлэн авлаа...” /1-р хавтаст хэргийн 20 дугаар талд/ гэх нотлох баримт байдаг.
Гэвч уг “цус мэт хүрэн улаан өнгийн зүйл”-ийг бэхжүүлэн авч шинжилгээ хийлгээгүй нь гэмт хэрэгтнийг олж тогтоох боломжийг үгүй хийсэн. Нөгөөтэйгүүр Г.Мөнхбаатарын цус мөн эсэхийг тодруулах зорилгоор шинжилгээ хийлгэсэн бол түүнийг энэ хэргийг үйлдсэн эсэхийг тогтоох ач холбогдолтой байсан.
3. Г.Мөнхбаатарын эзэмшлийн шатсан автомашинаас хайлсан металлуудыг хураан авсан. Уг хураан авах ажиллагааг хийхдээ тээврийн хэрэгслийн аль хэсгээс, ямар хэмжээний металл авсан талаар тэмдэглэл үйлдээгүй. Гэтэл шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү 3-н тусдаа ууттай металлыг шинжилгээнд явуулсан. Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь анхан шатны шүүх хуралдаанд “...нэг хар уутанд машинд байсан төмөр металлуудыг бүгдийг нь хийгээд авч явсан...” гэж мэдүүлдэг. Гэтэл 1 уутанд хийсэн металлууд яагаад 3-н хэсэг уут болсон нь ойлгомжгүй байна.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн №6049 тоот дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарласан уутнаас гарч ирсэн нимгэн саарал өнгийн “1” гэж дугаарласан металл нь мөнгөний металл байна...” гэж заасан. Гэтэл уг металлыг шатсан тээврийн хэрэгслийн аль хэсгээс авсан болох, ямар хэмжээтэй болох, хохирогч Ч.Чимэг-Эрдэнийн алдагдсан гэх мөнгөн аягануудад орсон мөнгөний хэмжээ нь машинаас олдсон гэх мөнгөний металлтай хэмжээгээрээ таарч буй эсэх зэрэг хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тогтоогоогүй бөгөөд зөвхөн Г.Мөнхбаатарын тээврийн хэрэгслээс мөнгөний металл олдсон гэх нотлох баримтаар түүнийг Ч.Чимэг-Эрдэнийн 6-н ширхэг мөнгөн аягыг хулгайлсан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
4. Г.Мөнхбаатарыг хохирогч Ч.Чимэг-Эрдэнийн байшинд байсан нийт 11 төрлийн үнэт эдлэлийг хулгайлсан гэж буруутгасан. Гэвч тухайн эд зүйлс хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогчийн гэрт байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ 2022 оны 09 сарын 13-ны өдөр гэртээ ирэхдээ эд зүйл байсан эсэхийг шалгаагүй талаар хэлдэг.
Анхан шатны шүүх нь Г.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг бүрэн бус явуулж бэхжүүлсэн болон зүй ёсоор гүйцэтгээгүй, хайнга хандаж жинхэнэ гэмт хэрэгтнийг илрүүлэх, олж тогтоох боломжтой байсан нотлох баримтыг бэхжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэсэн нь “Хэргийн бодит байдлыг тогтоох” болон “Гэм буруугүйд тооцох” зарчимд нийцсэнгүй.
5. Мал хулгайлах гэмт хэргийн тухайд: ... Г.Мөнхбаатар нь нийт 5 тооны буюу 2 шүдлэн, 3 бярууг гэрч Д.Энхтайваны үхэр сүргээс ялгаж авсан. Тэрээр 2 шүдлэнг манай эхнэр өөрийн ангийн хүн болох Баяртогосоос 2021 оны хавар бяруу байхад нь худалдаж авсан. 3-н бярууны 2-ыг нь Д.Энхтайваны үхэр сүргийг 1 жил маллаад төлийн урамшуулалд бодож авсан. Ч.Чимэг-Эрдэнэ нь надад төлийн урамшуулалд тооцож өгсөн учир өөрийн имээр имнээгүй үлдээсэн юм гэж тайлбарладаг.
Ч.Чимэг-Эрдэнэ нь дээрх 2 шүдлэн үхрийг 2021 оны шуурганаар манай үхэр сүрэгт нийлсэн, алдуул мал бөгөөд энэ талаар сумын хэсгийн төлөөлөгч Сүхбаатарт мэдэгдсэн гэдэг боловч гэрч Д.Сүхбаатар нь “...Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд Энхтайван, Чимэг-Эрдэнэ нарын гэр бүлийн харилцаатай хүмүүс нь мал алдсан болон алдуул байдлаар өөрийнх нь малд 2 тооны бяруу ирсэн талаар огт бүртгүүлж байгаагүй.../2-р хавтасны 4 дүгээр тал/ гэж мэдүүлсэн нь Ч.Чимэг-Эрдэнийн мэдүүлгийг үгүйсгэж байна.
Дээрх 5 тооны үхрийн 4 нь Г.Мөнхбаатарын гэр бүлийн өмч бөгөөд харин Г.Мөнхбаатарын өөрийнх нь тугалнаас нь тэжээж мал болгосон мухар улаан бяруу нь бусдын өмчлөлийн мал юм.
Иймд Г.Мөнхбаатарт холбогдох 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
6. Мөрдөгч болон прокурор нь Г.Мөнхбаатарт холбогдох хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн.
Хэрэгт Дорнод аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Д.Сүхбаатар нь 2022 оны 09 сарын 15-ны өдөр Чулуунхороот сумын 1-р баг, Дэнжийн 504 тоотод хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр 2 этгээдийг оруулсан ба үүнд Болд овогтой Баттулга, Чанрав овогтой Чимэг-Эрдэнэ /Ч.Чимэг-Эрдэнийг 2022.09.15-ны өдөр хохирогчоор тогтоосон/ нарыг оролцуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэж заасан. Гэтэл Ч.Чимэг-Эрдэнэ гэрт нь хулгайн гэмт хэрэг гарсан байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгч улмаар хохирогчоор тогтоогдсон этгээд учир хөндлөнгийн гэрчид тавигдах хуулийн шаардлагад нийцэхгүй этгээд байна.
Мөн тус хэргийн газрын үзлэгт ЖН82010177 регистрийн дугаартай Болд овогтой Баттулгыг оролцуулсан атлаа хэргийн газрын үзлэгт оролцсон, байлцсан талаар тэмдэглээгүй, гарын үсэг зуруулаагүй, зөвхөн Ч.Чимэг-Эрдэнээр гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.
7. Яллагдагч Г.Мөнхбаатарын эзэмшлийн Чулуунхороот сумын 3-р баг, 20-н гарам гэх газарт байрлах монгол гэрт 2022 оны 09 сарын 21-ний өдөр цагдаагийн ахлах дэслэгч Д.Сүхбаатар нь нэгжлэг /1-р хавтаст хэргийн 31 дүгээр тал/ хийсэн.
Яллагдагчийн хэлж буйгаар тухайн үед цагдаа нар нэгжлэг хийхээр гэрт нь очих үед прокурорын зөвшөөрлөө үзүүл гэж шаардахад цагдаа нар нь тийм юм байхгүй, хойшлуулшгүй ажиллагаа хийгдэж байна гэж хэлээд гэрт нь нэгжлэг хийсэн гэдэг. Хэрэв “хойшлуулшгүй” үндэслэлээр нэгжлэг хийсэн бол энэ талаар 24 цагийн дотор прокурорт мэдэгдэж, прокуророос тус нэгжлэгийг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэвч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
Яллагдагчийн “Орон байранд нэгжлэг хийх тухай” 2022 оны 09 сарын 21-ний өдрийн мөрдөгчийн санал нотлох баримтаар авагдсан байна. Гэтэл хавтаст хэргийн 32 дугаар талд Дорнод аймгийн прокурорын газрын 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 21 тоот “Орон байранд нэгжлэг хийх тухай” прокурорын зөвшөөрөл нотлох баримтаар авагдсан байх бөгөөд мөрдөгчийн саналаас даруй нэг жилийн хойно нэгжлэг хийх зөвшөөрөл олгосон гэж харагдаж байна.
8. Яллагдагч Г.Мөнхбаатарын эхнэр П.Цэцэггэрэлийг гэрчээр байцаасан /1-р хавтаст хэргийн 124 дүгээр тал/. Ингэхдээ түүнд гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлалгүйгээр мэдүүлэг авчээ. П.Цэцэггэрэл нь Г.Мөнхбаатартай суугаад 6-н жил болж байгаа талаар хэлсэн байдаг. Гэтэл дээрх мэдүүлгийг прокурор нь Г.Мөнхбаатарыг яллах нотлох баримтаар шинжлэн судалсан ба анхан шатны шүүх тус мэдүүлгийг Г.Мөнхбаатарыг гэм буруутайд тооцохдоо үндэслэл болгосон.
9. Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгч Д.Сүхбаатар нь 2022 оны 12 сарын 26-ны өдөр Чулуунхороот сумын 1-р багт байрлах яллагдагч Г.Мөнхбаатарын байшингийн үүдний амбаараас гурван ширхэг шуудайтай нийт 135 килограмм мах хураан авсан. Дээрх махыг хураан авахдаа прокуророос зөвшөөрөл аваагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна” гэснийг ноцтой зөрчсөн. Дээрх байдлаар мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг олон удаа ноцтой зөрчсөн байдаг. Прокурор нь дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрдөг боловч тухайн ажиллагаануудын улмаас Г.Мөнхбаатарын эрх ноцтой зөрчигдөөгүй хэмээн тайлбарладаг.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Мөнхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн түүнд холбогдох Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
7. Хохирогч түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие бусдыг үндэслэлгүй гүтгээгүй. Манай гэрээр тэр өдөр болон маргааш нь намайг очтол хэн ч ойртож ирээгүй байдаг. Мөнхбаатар тэр өдөр манай гадаа очиж машинаа орхин хүрзний иш авах гэж орсон гэж огт худлаа ярьсаар байна. Миний алдагдсан алт мөнгөн зүүлт, ээмэг бөгж, аягануудыг сайн мэдэх хүн авсан. ...Мөнхбаатар машиндаа бензин авах гэж ирсэн гэдэг. Тийм байж суудал дээрээ мөнгөн аяга аваад явах уу? Хэд хэдэн аяга машины суудал дээр тавиатай байсныг гэрч тодорхой хэлсэн байдаг. Мөн машин шатсаны дараа шатсан хайлш болсон зүйлүүд бүгд нэг дор хөдөлгөөнгүй байх албатай биш. Гал гарахад шороо цацаж чадлаараа унтраах гэж оролдсон ч машин бүрэн шатсан байсан. ...бүрэн шүүж авч чадсан эсэх нь эргэлзээтэй. Хэрэг шалгасан төлөөлөгчийн ажиллагаанд дутуу дулимаг, стандарт бус юмнууд байгааг үгүйсгэхгүй. Гэрчүүд зориуд худлаа хэлсэн гэх үндэслэл нотолгоо байхгүй.
Малын хулгайн хэргийн хувьд: Түүний мэдүүлгээс үзвэл малтай болох, малаа өсгөх гэж охин тугал 2-ыг авсан гэдэг. Гэтэл 5 үхрийг малчныг нь эзгүйд авч амжуулж байгаа нь, мөн өсгөх зорилготой хүн малчин, малын эзний эзгүйд шууд нядалж байгаа нь зорилго тайлбарууд нь хоорондоо уялдахгүй нотлогдохгүй байна. ... Дутагдуулсан 4 том үхрийн оронд 4 тугалыг аваад цайрья гэж тохирсон. Тиймээс төлийн урамшуулалд 2 тугал авсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Өмгөөлөгчийн ярьж буй процессын юмуу техникийн шинжтэй алдааг хэрэг хянан шалгах явцад гаргасан нь Мөнхбаатарын гэм буруутай эсэхийг дүгнэхэд ач холбогдол бүхий болж чадахгүй байна.” гэв.
8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: “.. Г.Мөнхбаатарын хохирогч Ч.Чимэг-Эрдэнийн гэрт орж үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийг 1 жил 6 сарын хугацаанд шалгасан. Олон удаа гэмт хэрэг үйлдэж байсан гэдгээр хэргийг шууд тохсон зүйл байхгүй. Анхнаасаа Г.Мөнхбаатарыг сэжиглэж шалгасан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн газрын үзлэгийн явцад алдаа гарсан, шатсан машины аль хэсгээс мөнгөн эдлэлийг олсон нь тодорхой бус байна, Г.Мөнхбаатарын эхнэрт хууль сануулахгүйгээр мэдүүлэг авсан, прокурорын зөвшөөрөлгүйгээр мах хураан авсан гэх зэрэг процессын алдаа гаргасан гэж дурдаж байна. Хэрэг учрал гарсан талаар мэдээлэл ирсний дагуу хэсгийн төлөөлөгч бие даан ажиллагааг явуулсан. Хэрэг гарсан газар нь аймгийн төвөөс 200 гаруй км-ийн зайтай учир криминалистикийн шинжээчийг байлцуулахгүйгээр үзлэгийг хийсэн байсан. Хэрэг гарсан газарт үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч заавал байлцуулахгүйгээр дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулах боломж байдаг. ...Ч.Чимэг-Эрдэнийн хувьд хөндлөнгийн гэрчээр оролцоогүй, хохирогчийн байр сууринаас үзлэг хийхэд байлцсан гэж ойлгож байна. Түүнийг үзлэг хийхэд байлцахыг хуулиар хориглосон зүйл байхгүй. Мөн тээврийн хэрэгсэл шатсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт хавсаргасан. Энэ үед машин өөрийн хэлбэрээ алдах хүртлээ шатсан. Тухайн машины хүнд даацын раам хэсгээс бусад нь бүхэлдээ шатсан. Эргэн сэргээж дүрслэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Эд зүйлсийг шинжилгээнд явуулахад мөнгөн эдлэл зарим хэсгээс илэрсэн болох нь харагддаг. Шүүгдэгчийн эхнэрт хууль сануулахгүйгээр мэдүүлэг авсан гэх боловч гэрчид эрх үүрэг тайлбарлаж гарын үсэг зуруулсан байгаа. ...Мал хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт шийтгүүлсэн. Бусдын хариулгатай малыг бусдын хариуцсан цаг хугацаанд буюу Мөнхбаярыг хариуцан маллаж байх хугацаанд нь авсан байдаг. Мөнхбаярт өмнөх өдөр нь болсон явдлын талаар хэлэхэд “наад хүнд чинь мал өгөх ёсгүй шүү” гэдгийг илэрхийлсэн. Гэвч маргааш малчинд нь мэдэгдэхгүйгээр хөдөө бэлчээрээс авч нядалсан байдаг. Энэ үед малчин нь цагдаагийн газарт мэдэгдсэн. Малын махыг буцааж өгсөн болох нь хавтаст хэргээс харагддаг. Хэрэг шалгах хугацаанд Г.Мөнхбаатарын эрхийг бүрэн хэмжээгээр хангаж ирсэн. Прокуророос гарсан тогтоол бүрийг өөрт нь танилцуулж, өмгөөлөгч авах боломжтой талаар хэлж байсан. Гэвч өмгөөлөгч авахгүй гэдэг саналаа илэрхийлж байсан. ...шүүгдэгч Г.Мөнхбаатар нь Ч.Чимэг-Эрдэнийн гэрээс эд зүйл хулгайлсан болох нь гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хоорондоо харилцан хамаарал бүхий нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Гэрч нарын мэдүүлэг ч тогтвортой байдаг. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгаж баталгаажуулсан. Эдгээр баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, цаг хугацааны хувьд ч гэсэн тохирдог юм. Мөн бусдын олон тооны малыг эзнээс нь зөвшөөрөл авалгүйгээр бусдын хариулгад байхад нь мэдэгдэлгүйгээр авсан нь нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг, Дэнжийн 504 тоотод байрлах байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, алтан гинж, цэцгэн хээтэй алтан ээмэг бөгж, сүүжин алтан ээмэг, сардин шүрэн шигтгээтэй алтан ээмэг, кулон бөгж, ягаан шигтгээтэй монетон ээмэг, монетон гинж, унжуургатай мөнгөн ээмэг, зургаан хос мөнгөн аяга, шүрэн толгойтой хаш хөөрөг, хүрэн бор жижиг хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Ч.Чимэг-Эрдэнэд 17,608,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Ч.Чимэг-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн зүүн талын цонхны дээд талын салхивчийг гадна талаас нь цохиж онгойлгоод онгорхой, гал тогооны ширээн дээрх савны таг нь унаж, цонхны хөшиг ширээ рүү нөмрөгдсөн байдалтай байхаар нь цонхоо анзаарч харахад цохигдож онгойсон, уг цонхоор гаднаас хүн гэрт орсон байсан тул цагдаагийн байгууллагад очиж мэдэгдсэн. ...миний алдсан эд зүйл овор хэмжээ багатай 10 граммтай алтан гинж, 6 граммтай цэцгэн хээтэй алтан ээмэг, 5 граммтай цэцгэн хээтэй алтан бөгж, сүүжин алтан ээмэг, сардин шүрэн шигтгээтэй алтан хос ээмэг, кулон, бөгжийн хамт, 5 граммтай, ягаан шигтгээтэй монетон хос ээмэг, 8 граммтай монетон гинж, унжуургатай мөнгөн хос ээмэг, 6 хос мөнгөн аяга, дунд гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, хүрэн бор жижиг хөөрөг тус бүр алдагдсан байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-65, 198-213/,
- гэрч Ч.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09-10 цагийн орчим Чулуунхороот сумын Галуут 2 дугаар багт байрлах өөрийн хөдөө гэрээс ганцаараа сумын төвд байрлах гэртээ ирсэн. Манай зүүн талын хөрш Чимэг-Эрдэнийн гэрийн хашааны гадна талд Мөнхбаатарын эзэмшлийн цагаан өнгийн авто машин зүүн тийш харсан байдалтай зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрч гэртээ орсон. ...Мөнхбаатарын машины эгц урдаас нь харах үед машин дотор ямар нэг хүн байгаагүй. Мөн машины ойр орчимд хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89, 109-110/,
- гэрч Б.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө /цагийг сайн санахгүй байна/ гэрээсээ адуугаа хураахаар гараад ...адуугаа олж хураагаад Аравын гүүрээр баруунаас зүүн тийш гарахаар мотоциклтой гүүрэн дээр гарч ирэхэд өөдөөс Мөнхбаатар нь өөрийнхөө суудлын машинтай ирж зогсоод машинаас бууж ирсэн. ...машиных нь жолооч талын цонхоор харахад урд талын суудлын дунд 0.5 грамм лаазтай пиво байсан. Мөн хажуу талын суудал дээр гадуураа уут савгүй ил хэдэн мөнгөн аяга харагдаж байсан. ...тухайн үед би хараад дунд гарын мөнгөн аяга байна гэж бодож байсан. Харин хэдэн тооны аяга байсныг сайн мэдэхгүй, ямар ч байсан 2-3 ширхэг аяга байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-86, 101-102, 111-113/,
- гэрч О.Содгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...би намар 09 дүгээр сарын дундуур хөдөө малчидтай багийн хурлын ажилтай явж байгаад Чулуунхороот сумын 3 дугаар багийн иргэн Баатарсайханы гэрт ороход эхнэр Оюунбилэг нь байсан. Тэдний гэрт байхад Баатарсайхан “Мөнхбаатарын машин шатсан” талаар ярьсан бөгөөд ярьж байхдаа Г.Мөнхбаатарын шатсан машины урд суудал дээр нь нэг биш хэд хэдэн мөнгөн аяга байсан гэсэн. Энэ талаар өөр хүнээс сонсоогүй. Ингээд сумын төвд ирээд найз Чимэг-Эрдэнэтэй ярихад “манай гэрт 2022 оны 09 дүгээр сарын 13-наас 15-ны өдрийн хооронд хулгай орж эд зүйлс алдагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Баатарсайханы гэрт очиход Г.Мөнхбаатарын тээврийн хэрэгсэл шатсан байна, тэр машины урд суудал дээр нь хэд хэдэн мөнгөн аяга байсныг Бат-Орших, Батбилэг нар ярьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79, 105-106/,
- гэрч Ч.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-44/
- гэрч Б.Бат-Оршихын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 45-50/
- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 68-69/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6049 тоот ”...нимгэн саарал өнгийн 1 гэж дугаарласан металл нь мөнгөний металл байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 129-133/,
- хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлан /1хх-ийн 139-147/ зэрэг,
мөн шүүгдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн нутаг “Бул нуур” гэх газарт бэлчээрлэж байсан С.Мөнхбаярын хариуцан маллаж байсан үхэр сүргээс 5 тооны үхрийг хулгайлж, бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Ч.Чимэг-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг хүү Э.Ууганбаярын хамт Дорнод аймгийн төвд байх гэртээ байхад манай малчин С.Мөнхбаяр нь утсаар яриад Г.Мөнхбаатар нь надад хэлэлгүй 5 тооны үхрийг хулгайлж аваад нядалсан байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-54-65, 198-213/,
- иргэний нэхэмжлэгч Н.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...алдуул гурван толгой үхэрт иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай албан бичгийн хүрээнд Чулуунхороот сумын Засаг даргын тамгын газраас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. ...Иргэний нэхэмжлэгчийн зүгээс гэм буруутай иргэнээр хохирол төлүүлж хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 216-217/,
- гэрч Д.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Г.Мөнхбаатар нь бидэнд болон манай үхрийг маллаж байгаа С.Мөнхбаярт хэлэлгүй шуурганаар уруудаж ирсэн 2 үхэр болон манай эзэмшлийн 2 , мөн 1 бяруу зэргийг манай үхрээс хулгайлж аваад нядалсан байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 231-232/,
- гэрч С.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...12 дугаар сарын 07-ны өдөр би сумын төв рүү орчихоод буцаж хөдөө гэр лүүгээ явж байх замд П.Цэцэггэрэл, Г.Мөнхбаатар нартай таарсан. Тухайн үед би хаашаа явж байгаа талаар асуухад “Чиний харж байгаа Энхтайваны үхрээс 5 үхрээ авчраад махалчихсан шүү” гэж надад хэлсэн. Тухайн үед би “Хүний хариуцаад цалин хөлсийг нь аваад маллаж байгаа мал, та надад хэлэхгүй яагаад авч байгаа юм бэ” гэхэд чамд хамаагүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та нар өөрсдөө учраа олоорой гэж хэлээд Э.Ууганбаярт утсаар болсон асуудлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 233-234/,
- гэрч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Дорнод аймгийн төвд байж байтал Чулуунхороот суманд манай үхрийг малладаг С.Мөнхбаяр нь над руу утсаар яриад “Г.Мөнхбаатар нь хөдөө гэрийнхээ гадаа бой хийж байхаар нь очиход миний маллаж байгаа танай эзэмшлийн 4 толгой үхрийг нядлаад байж байх юм. Чи Мөнхбаатарт өгсөн юм уу” гэж асуусан. Тухайн үед нь би өгөөгүй талаар түүнд хэлээд “нядалж буй үхрүүдийн зургийг нь аваад над руу явуулчих, би цагдаагийн байгууллагад хандъя” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 220-221/,
- гэрч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Г.Мөнхбаатар над руу утсаар яриад идшээ хийх гээд байгаа юм, хөлсийг нь өгөх болохоор ирээд хийлцээд өгөөч гэж хэлсэн. Тухайн өдөртөө Мөнхбаатар, Оюунбаатар бид гурав малын хашаанд нь байсан 4 тооны үхрийг гэрийнх нь гадаа төхөөрч Г.Мөнгөнтуул үхрийн гэдсийг арилгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 235-236/,
- Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ДЦ-23-86 тоот дүгнэлт /2хх-ийн 19-22/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ашбагад овогт Гомбын Мөнхбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5. Шүүгдэгч Г.Мөнхбаатарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, хохирогчид учирсан хохирлын шинж чанарт тохирсон байна гэж дүгнэлээ.
7. Шүүгдэгч нь “...бусдын эд хөрөнгө болон мал хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй...” гэсэн, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...эд зүйл хулгайлсан болохыг шууд нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, ...хэсгийн төлөөлөгч Д.Сүхбаатар нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан халдлагын зүйлийг хураан авах, түүнээс ул мөр илрүүлэх ажиллагааг хийлгүй орхигдуулсан, хэргийн газрын үзлэг дээр байсан гэх цус мэт хүрэн улаан өнгийн зүйлийг бэхжүүлэн авч шинжилгээ хийлгээгүй, ... Г.Мөнхбаатарын эзэмшлийн шатсан автомашинаас хайлсан металлуудыг хураан авахдаа тээврийн хэрэгслийн аль хэсгээс, ямар хэмжээний металл авсан талаар тэмдэглэлд тодорхой тусгаагүй, ...тухайн хулгайд алдагдсан гэх эд зүйлс хэрэг гарсан цаг хугацаанд байсан эсэх нь эргэлзээтэй, ...5 тооны үхрийн 4 нь Г.Мөнхбаатарын гэр бүлийн өмч байхад бусдын олон тооны малыг хулгайлсан гэж шийтгэсэн нь үндэслэлгүй, ...мөрдөгч болон прокурор нь хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хайнга хандсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох болон Г.Мөнхбаатарыг тус гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоож чадаагүй гэж тайлбарладаг боловч хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ч.Чимэг-Эрдэнийн мэдүүлэг /1 хх-ийн 54-65, 198-213/, гэрч Ч.Гантулгын мэдүүлэг /1хх-ийн 88-89, 109-110/, гэрч Б.Бат-Оршихын мэдүүлэг /1хх-ийн 84-86, 101-102, 111-113/, гэрч О.Содгэрэлийн мэдүүлэг /1хх-ийн 78-79, 105-106/, гэрч Ч.Гантулга, Б.Бат-Орших нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-44, 45-50/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 68-69/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6049 тоот ”...нимгэн саарал өнгийн 1 гэж дугаарласан металл нь мөнгөний металл байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 129-133/, хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлан /1хх-ийн 139-147/, мөн иргэний нэхэмжлэгч Н.Гантөмөрийн мэдүүлэг /1хх-ийн 216-217/, гэрч Д.Энхтайваны мэдүүлэг /1хх-ийн 231-232/, гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг /1хх-ийн 233-234/, гэрч Э.Ууганбаярын мэдүүлэг /1хх-ийн 220-221/, гэрч Б.Ганбатын мэдүүлэг /1хх-ийн 235-236/, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ДЦ-23-86 тоот дүгнэлт /2хх-ийн 19-22/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Мөнхбаатар нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн “...өөрийн өмчлөлийн 5 тооны үхрийг авсан, хулгай хийгээгүй...” гэж мэдүүлснийг үгүйсгэхдээ хохирогч Ч.Чимэг-Эрдэнэ, гэрч Д.Энхтайван, Ч.Баатарсүх, Ц.Мөнхбаяр, Г.Ганзориг, Ж.Оюунбилэг нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн газрын үзлэг хийх, орон байранд нэгжлэг хийх, эд мөрийн баримт хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж тайлбарласныг анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан зөрчил нь хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Мөнхбаатар болон түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан “...Г.Мөнхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Мөнхбаатарын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбаатарын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ