| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00386/И |
| Дугаар | 304/ШШ2025/00334 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00334
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Б***** аймгийн Х*******-Ө******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын У******* /ИБД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймгийн Х*******-Ө******* сумын ******* багт оршин суух ******* овогт Пүрэвсүрэнгийн Т*******д холбогдох
нийт 33,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******ын У******* нь Пүрэвсүрэнгийн Т*******д 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн малаас тоолж эр эм нийлсэн 375 төлөгийг нэг төлөг 90,000 төгрөгт тооцож өгсөн. Нийт дүн 33,750,000 төгрөг болсон. Тухайн үед гэрээ байгуулаагүй. П.Т******* нь 2023 оны 12 дугаар сард багтааж хонины мөнгийг өгнө гэж амаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. 2023 оны 12 дугаар сараас эхэлж П.Т*******тэй утсаар байнга ярьж мөнгөө нэхэхэд “мал зарж байна, мөнгөө цуглуулж байна” гэх мэтээр худлаа ярьдаг байсан. 2024 оны 07 дугаар сараас эхлээд “Төрийн банкинд хоршооллын зээл хөөцөлдөж байна”, 2024 оны 09 дүгээр сараас эхлээд “Төрийн банкны зээл бүтээгүй, Хаан банкинд зээл хөөцөлдөж байна”, 2024 оны 11, 12 дугаар сараас эхлээд “Булганд Ногоон зээл хөөцөлдөж байна”, 2025 он гараад “Булганд хоршооллын зээл хөөцөлдөж байна” гэх мэтээр худлаа ярьсаар өнөөдрийг хүрсэн. Иймд П.Т*******гээс хонины мөнгө 33,750,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.У*******ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ зундаа төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У******* нь хариуцагч П.Т*******д холбогдуулан нийт 33,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Т******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 33,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч П.Т*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,700 төгрөгөөс 163,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Т*******гээс 163,350 төгрөгийг, улсын орлогоос 163,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.У*******т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.У*******ийн нэхэмжилсэн 33,750,000 /гучин гурван сая долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Т******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,700 төгрөгөөс 163,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Т*******гээс 163,350 төгрөгийг, улсын орлогоос 163,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.У*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч П.Т******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА