Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

*******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Н.Доржсүрэн

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч                     Д.Урансувд

Цагаатгагдсан этгээд                                             *******

Нарийн бичгийн дарга                                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/53 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр *******од холбогдох эрүүгийн 2321003530343 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1972 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:*******/.

2. ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ургах чадваргүй, үндсээрээ булгарч унасан 3 ширхэг нарс модыг тайрч, 2-2.4 метр урттай 11 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж, ******* ДОА улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж,

шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2321003530343 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 11 ширхэг бөөрөнхий мод, ******* ДОА улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл, нэг ширхэг бензин моторт хөрөөг шүүгдэгч *******од буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

5. Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, 11 ширхэг бөөрөнхий нарс модыг битүүмжилсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 3 ширхэг нарс мод нь Ойн тухай хуульд заасан цэвэрлэх замаар иргэдэд цэвэрлэгээний төрлөөр зөвшөөрөл олгодог ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, хожуул, унанги, гишүү, мөчир зэрэгт хамаарахгүй, өвлийн их цас орсон үеэр хугарч унасан, ургах чадвараа алдсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц үйл баримт тогтоогдсон байхад шүүх шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн “ … мод бэлтгэсэн гэх газар болон тайрсан 3 ширхэг хожуулыг зааж байсан бөгөөд дээрх тэдгээр 3 хожуулын нэг нь үндсээрээ булгарч унасан, хоёр нь хугарч унасан бололтой хожуулын хажууд хугарч бяцарсан мод харагдаж байв…” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/10 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь … эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ургах чадваргүй, үндсээрээ булгарч унасан 3 ширхэг нарс модыг тайрч, 2-2.4 метр урттай 11 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж, … тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, Арвандөрөв дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй төдийгүй, П.Баатацогт нь түлшний модыг цэвэрлэгээний зориулалтаар бус хэрэглээний модыг огтлолт хийх замаар зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогджээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр, мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан…” тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д “…иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглахыг хориглоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******ын хувьд зохих зөвшөөрөлгүй ойд бэлтгэсэн 11 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг 264 822,05 төгрөгөөр тогтоосон нь Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

3. Шүүх *******ын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, … хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг алдагдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завшуулах нөхцөл байдал бий болж, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчим алдагдахад хүрч байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.” гэв.

6. Цагаатгагдсан этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд ойгоос ургах чадваргүй болсон салхинд унасан, хугарч унасан байсан модыг зохих газраас нь зөвшөөрөл авалгүйгээр авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч би амьдрах чадвартай, ургаж байсан нойтон модыг тайрч аваагүй,  хуурай мод байсан. ... Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шинжээчийн дүгнэлт хүртэл маш тодорхой гарсан. *******ын бэлтгэсэн байгаа модыг газар дээр нь очиж үзсэн. Байгалийн жамаар унасан мод болох нь хөдлөшгүйгээр тогтоогдсон. Анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэсэн гэж харж байна. ... Цагаатгагдсан этгээдийн мэдүүлэг, гэрч Батбаярын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхой харагдуулж байна. ... Аймгийн прокуророос бүх үйлдэл гэмт хэрэг гэж хахир хатуу үзэл баримтлалтай баймааргүй байна. Хуулийн тодорхой заалт байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Иргэн *******ын хувьд тухайн мод газарт унаад 6-аас 7 сар болсон гэдгийг хэлсэн. Энэ тайлбар нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ургах чадваргүй, үндсээрээ булгарч унасан 3 ширхэг нарс модыг тайрч, 2-2.4 метр урттай 11 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж, ******* ДОА улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******ын гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, шүүгдэгч ******* нь зөвшөөрөлгүй боловч ойн цэвэрлэгээ хийх байдлаар түлшний хэрэглээнд унанги, ургах чадваргүй 3 ширхэг буюу 1.12 м3 мод түүж бэлтгэхдээ байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээний хязгаараас хэтрүүлээгүй, байгаль орчныг бохирдуулах, доройтуулах, гэмтээх, нөөц баялгийг хомсдуулах болон экологийн тогтолцоог алдагдуулах үр дагавар учруулаагүй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

5. Хэргийн материалаас үзэхэд ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ургах чадваргүй, үндсээрээ булгарч унасан 3 ширхэг нарс модыг тайрч, 2-2.4 метр урттай 11 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж, ******* ДОА улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх 68-69, 129/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/, иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх 32-33/, гэрч ******* /хх 36-37/, /хх 40-41/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь сум дундын ойн ангийн инженер, шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №2023/10 тоот дүгнэлт /хх 48-50/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Гэвч зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн үйлдэл болгоныг гэмт хэрэг гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд хууль бусаар түүж тээвэрлэсэн модны зориулалт, мод бэлтгэх зөвшөөрлийн түвшин, тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж зэргээс гадна гэмт хэрэгт тооцох хамгийн чухал шалгуур болох нийгмийн хор аюулын хэр хэмжээ буюу ойн хэвийн өсөлт, хөгжилтөд үзүүлэх нөлөө, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл зэргийг харгалзан үзэх учиртай.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мод бэлтгэх ажиллагаа нь арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван төрөлтэй байхаар хуульчилсан бөгөөд ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ой модыг огтлох замаар ойг цэвэрлэх, мөн хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, хожуул, унанги, гишүү, мөчир цуглуулах, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар түлээний мод бэлтгэх нь ойн санд хор хохирол учруулахгүйгээр үл барам ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад эерэгээр нөлөөлөх үйл ажиллагаа гэж үздэг.

Хэдийгээр *******ын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ургах чадваргүй, үндсээрээ булгарч унасан 3 ширхэг нарс модыг тайрч бэлтгэн, тээвэрлэсэн үйлдэл нь хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон боловч түүний үйлдлийн улмаас ойн нөөц баялгийг хомсдуулж, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж, улмаар эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашигт хор хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй нь илрэн гарах гадна хэлбэрээрээ гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч учирсан хохирол нь ялимгүй учир нийгэмд аюулгүй байдаг байна.

Иймд *******ын зөвшөөрөлгүй боловч ойн цэвэрлэгээ хийх байдлаар түлшний хэрэглээнд унанги, цаашид ургах чадваргүй 3 ширхэг модыг тайрч, 2-2.4 метр урттай 11 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж тээвэрлэн, байгаль экологид 264 822.05 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан учир гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

8. Хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 116/ШШ2023/0041 дугаар шүүгчийн захирамжаас үзэхэд Байгаль орчны хяналтын улсын байцаагч ийн *******од Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2023 оны 9 сарын 01-ний өдрийн 0615317 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болсон байна. /хх 96-97/

Анхан шатны шүүх *******од холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул *******ын үйлдэлд бусад зөрчлийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд эрүүгийн 2321003530343 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн гаргасан “... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/53 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

                ШҮҮГЧИД                                                  С.ГАНЧИМЭГ                                                                                    

                                                                                   Г.УРТНАСАН