Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01672

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01672

 

 

 

ххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01696 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххххххХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч МххххххххХХК-д холбогдуулан гаргасан гэрээний заалт хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүрэг, ажлын хөлс 16 858 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч хххххххХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МххххххххХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Харуул хамгааллын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Гэтэл мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлж манай харуул хамгаалалтыг татан буулгасан. Мөн харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний хөлсийг манай компанид олгохоос татгалзсан. болно. Гэрээ цуцалсан талаар маргахгүй. Харин мөн оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх нэг сар долоо хоногийн хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлс болох нийт 16 858 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Хэдийгээр гэрээний 7.3-т Хамгаалалтын байгууллага болон ажилтан хамгаалалтын үйл ажиллагааг гурваас дээш удаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгч тал гэрээг цуцалж хөлс, төлбөрийг олгохгүй гэсэн заалт нь Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй байх тул уг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэг сар долоо хоногийн гэрээт ажлын хөлс болох 16 858 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МххххххххХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан шаардлага хангаж, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Гэрээнд нэхэмжлэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхойлон тусгасан. Гэвч хххххххХХК гэрээний төлбөр авах талаар заалтаа хүчин төгөлдөр гэж үзээд хариуцлага ногдуулах заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн манай байгууллагын санхүүгийн албанаас хххххххХХК хоорондын санхүүгийн тооцоогоор 16 858 000 төгрөг олгох үндэслэлгүй, талууд тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна.

хххххххХХК-д хамгаалагч нартаа хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурах зөрчлийг зогсоох, хамгаалалтын дүрэмт хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангаж өгөх, объектод гадны этгээдүүдийг зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхгүй байх гэх мэт шаардлагуудыг амаар болон бичгээр олон хандсан. Мөн манай байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээс барилгын талбайд архидан согтуурсан, тавьсан шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд нь удаа дараа торгуулийн хуудас бичиж, хххххххХХК-ийн удирдлагад хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгчээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэж шүүхэд мэдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан үүргээ зөрчиж, хэргийн бодит үнэнийг нуун дарагдуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч хххххххХХК, хариуцагч МххххххххХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 7.3 дах заалтын хөлс, төлбөрийг олгохгүй гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний үүрэг 16 858 000 төгрөгийг хариуцагч МххххххххХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч хххххххХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 440 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч МххххххххХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 312 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххххххХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн МххххххххХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. 1.Шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгчтэй хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахдаа алдаа зөрчил гаргахгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх, хэрвээ үүргээ гүйцэтгэж чадаагүй тохиолдолд үйлчилгээний төлбөр төлөхгүй байхаар тохиролцсон. Талууд гэрээ байгуулахдаа гэрээний зүйл заалт бүртэй танилцаж, харилцаж тохиролцож, гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхойлон гэрээндээ тусгасан. Гэвч талуудын харилцан тохиролцож оруулсан гэрээний төлбөр авах тухай заалтыг хүчин төгөлдөр гэж үзээд, хариуцлага ногдуулах заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй тухайд: Учир нь "Их Хангарьд секьюрити" ХХК-д хамгаалагч нартаа хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурах зөрчлийг зогсоох, хамгаалалтын дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгслээр хангах, обьектод гадны этгээдүүдийг зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх эдгээр үйл явдлыг гэрч асуух, үзлэг хийх ажиллагааны явцад тогтоосон. Мөн хэрэгт хариуцагчид шаардлага хүргүүлж байсан талаар баримт хангалттай цугларсан байхад үйлчилгээний төлбөрийг олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч хххххххХХК нь хариуцагч МххххххххХХК-д холбогдуулан гэрээний 7.3 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 858 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ нэртэй гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, ажиллагч хххххххХХК нь ажиллуулагч МххххххххХХК-ийн заасан хаяг байршил, обьектын аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх, ажиллуулагчийн хувьд гэрээгээр тохирсон хөлс, төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-6-8/ Энэ гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан өөрөөр хэлбэл гэрээний зүйл нь ямар нэг ажлын үр дүнд шинээр бий болох зүйл биш, ажил үйлчилгээ гүйцэтгэх байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх харилцааг хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

Нэхэмжлэгч хххххххХХК нь хариуцагч МххххххххХХК-ийн заасан обьектийг хамгаалах үйлчилгээ үзүүлж байх хугацаандаа гэрээний үүргээ зөрчсөн, мөн хариуцагч талаас нэхэмжлэгчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүйгээс гэрээ цуцлагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигчид маргаангүй. Харин гэрээ цуцлах хүртэлх хугацааны ажлын хөлс шаардах эрхтэй эсэх, гэрээний 7.3 дах хэсгийн тохиролцоо нь хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заасан байна.

Талуудын гэрээний 7.3 дах заалт нь ажиллагч үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажиллуулагч гэрээг цуцалж өмнөх үйлчилгээ үзүүлсний хөлсийг олгохгүй байхаар харилцан тохиролцсон агуулгатай байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй, хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх, талуудын дээрх тохиролцоог хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч хххххххХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагч МххххххххХХК хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан үйл баримтын талаар дээр дүгнэсэн учир нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны ажлын хөлсийг Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажлын хөлсний хэмжээг хариуцагч тал няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргийн зөрчил гаргасан, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн санаачилгаар гэрээ цуцлагдаж, уг хугацаанаас хойш үйлчилгээ үзүүлээгүй үйл баримтыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ. Мөн ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхийг хуулиар олгосон тул нотлох баримтыг буруу үнэлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байгаа хэдий ч шийдэл нь зөв байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01696 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч МххххххххХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ч.ЦЭНД