| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0117/э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Б-т холбогдох эрүүгийн 1821001740103 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Г.Б, Улаанбаатар хотод ...... оны ..... сарын .....-ний өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .......... /, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, .......... оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ................ тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 05 сарын 26-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилийн боомтоор ..................... улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тогтоосон бараа болох нэг ширхэг чонын толгойг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би хувиараа хил хооронд шууданд явдаг юм. 2018 оны 02 сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол улс руу “Хавирга ар хашаат”-ын боомтоор гарч ирээд баруун тийш аймаг руу явах замдаа хонхор газар зогсоход замын хажуу талд хоёр ширхэг хайрцагтай зүйл байхаар нь очиж үзэхэд нэг хайрцаганд нь чонын толгой хийсэн байхаар нь би тус толгойг аваад автомашиндаа хийгээд буцаад Хавиргын боомт дээр ирж Нэргүй ахтай уулзаад “Чонын толгой оллоо, яах вэ” гэхэд, “Эзэн нь байхгүй бол чи өөрөө авахгүй юу даа” гэж надад хэлсэн. 2018 оны 02 сарын 26-ны өглөө 03 цагийн орчим Дорнод аймагт ирж чонын толгойгоо гэрээсээ авч .................. улсын дугаартай “Соната” маркийн автомашиныхаа урд гупер дотор байдаг илүү саванд хийгээд “Хавирга ар хашаат” боомт дээр 11 цагийн орчим ирээд гаалийн хяналтын бүсэд орж гаалийн байцаагчид шалгуулж байхад тус байцаагч миний автомашины гупер дотор нуусан байсан чонын толгойг олж илрүүлсэн...” гэжээ. /хх 48/
Иргэний нэхэмжлэгч Л.Хишигдорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 сарын 26-ны өдөр хилийн боомт дээр албан үүргээ гүйцэтгэж байхад гаалийн улсын байцаагч Цэрэнпил гаалийн хяналтын бүсэд орж ирсэн автомашинд үзлэг хийж “нэг ширхэг чонын толгой илрүүллээ” гэж надад мэдэгдсэн...Саарал чоно болон түүний эд эрхтэнг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй, хориглосон байдаг...” гэжээ. /хх 30/
Гэрч М.Цэрэнпил мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 сарын 26-ны өдөр гааль дээр үзлэг шалгалт хийж байхад ................... улсын дугаартай “Соната” маркийн автомашинд гаалийн хяналт шалгалт хийхэд тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйны урд талын гупер дотор талд моторын илүүдлийн хайрцаг дотор гялгар уутанд ороож скочитсон зүйл байсан. Ингээд уг зүйлийг задалж үзэхэд чонын толгой байсныг илрүүлсэн. Чонын толгойг анх хэмжиж үзэхэд 2.4 кг болж байсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь Б гэж хүн байсан...” гэжээ. /хх 37/
Гэрч Л.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 сарын 23-ны өдөр Хавирга хилийн боомтоор Алтан-Эмээл орчихоод Монгол руу орж ирсэн. Энэ үед Б өөрийнхөө машинтай миний урд явж байсан. Ингээд хавирга хилийн боомтоор гарч ирээд намайг зогсож байхад Б нь “бирж дээрээс хайрцагтай зүйл олсон” гээд надад үзүүлсэн. Нэг хайрцаг дотор нь чонын толгой байсан гэсэн. Тэгээд би үзэхэд чонын толгой мөн байсан. Тэгээд Б нь уг чонын толгойг өөрөө аваад явсан...” гэжээ. /хх 39/
Дорнод хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 6 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд оруулсан зүйл саарал зүсмийн чонын толгой байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн толгойноос, соёо, шүдийг нь харвал 4 настай чоно байна. Хүйсийг нь тогтоох боломжгүй байна. 3.Ховор болон нэн ховор амьтны жагсаалтад саарал чоно ороогүй. 4.Төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр чоно агнасан, барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсны дагуу Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг Азаргыг 510000 төгрөгөөр, Өлөгчинг 600000 төгрөгөөр тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг” гэжээ. /хх 44/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх болон гэрч Ж.Ягаантуяа /хх 31-32/, Л.Нэргүй /хх 38/, Ч.Жаргал /хх 40/, Н.Сундуй /хх 41/, шүүгдэгч Г.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хх 33-35, 48/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, шүүгдэгчийн тайлбар /хх 7/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх 10-11/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 12/, Эд зүйлийн үнэлгээ /хх 13/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа /хх 14, 17/, “Энгүүн хүслэн” ХХК-ийн тодорхойлолт /хх 18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20/, Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх 22-23/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25/, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай Засгийн газрын тогтоол /хх 50-57/, Чонын толгойн эд зүйлийн үнэлгээ /хх 61/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 65/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/ болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилиийн боомтоор ............... улсын дугаартай “Sonota-6” маркийн тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тогтоосон бараа болох нэг ширхэг чонын толгойг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Л.Хишигдоржийн “...2018 оны 02 сарын 26-ны өдөр намайг хилийн боомт дээр албан үүргээ гүйцэтгэж байхад гаалийн улсын байцаагч Цэрэнпил гаалийн хяналтын бүсэд орж ирсэн автомашинд үзлэг хийж нэг ширхэг чонын толгой илрүүллээ гэж надад мэдэгдсэн...Саарал чоно болон түүний эд эрхтэнг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй, хориглосон байдаг...” /хх 30/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч М.Цэрэнпилийн “...2018 оны 02 сарын 26-ны өдөр гааль дээр үзлэг шалгалт хийж байхад .................... дугаартай “Соната” маркийн автомашинд гаалийн хяналт шалгалт хийхэд тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйны урд талын гупер дотор талд моторын илүүдлийн хайрцаг дотор гялгар уутанд ороож скочитсон зүйл байсан. Ингээд уг зүйлийг задалж үзэхэд чонын толгой байсныг илрүүлсэн. Ингээд уг чонын толгойг анх хэмжиж үзэхэд 2.4 кг болж байсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь Б гэж хүн байсан...” /хх 37/ гэх,
Гэрч Л.Нэргүйн: “...2018 оны 02 сарын 23-ны өдөр Хавирга хилийн боомтоор Алтан-Эмээл орчихоод Монгол руу орж ирсэн. Энэ үед Б өөрийнхөө машинтай миний урд явж байсан. Ингээд хавирга хилийн боомтоор гарч ирээд намайг зогсож байхад Б нь бирж дээрээс хайрцагтай зүйл олсон гээд надад үзүүлсэн. Нэг хайрцаг дотор нь чонын толгой байна гэсэн. Тэгээд би үзэхэд чонын толгой мөн байсан. Тэгээд Б нь уг чонын толгойг өөрөө аваад явсан...” /хх 39/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20/, Эд мөрийн баримтаар нэг ширхэг чонын толгой хураан авсан тухай Прокурорын тогтоол /хх 22/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Г.Б нь хязгаарласан эд зүйл болох чонын толгойг тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйны урд талын гупер дотор талд моторын илүүдлийн хайрцаг дотор хийж гаалийн үзлэгээс нуун дадалж гаалийн хяналтын талбайн хилээр оруулсан үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Чонын толгойгоор хүйсийг тодорхойлох боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байх ба /хх 44/ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний бүтэн эр чоноор буюу 510000 төгрөгөөр тооцож шүүгдэгчид ашигтайгаар үнэлсэн нь зөв байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Б-г хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй шүүх дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь хязгаарлалт тогтоосон бараа болох чонын толгойг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэхдээ “Sonota-6” маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20/-ээр, харин уг тээврийн хэрэгсэл нь “Энгүүн хүслэн” ХХК-ний өмч болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 17/, “Энгүүн хүслэн” ХХК-ний тодорхойлолт /хх 20/, .................... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 14/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус батлагдаж байна.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах нь зүйтэй ба харин уг чоныг агнаж амьтны аймагт хохирол учруулсан үйлдэл хэрэгт тогтоогдохгүй байх тул шүүгдэгчээр нөхөн төлбөр төлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг чонын толгойг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн эзэмшлээс “Sonota-6” маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, ................... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгох, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Г.Б-г хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-т анхааруулсугай.
5. Эрүүгийн 1821001740103 дугаартай хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн чонын толгой 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Г.Б-н эзэмшлээс “Sonota-6” маркийн ....................... улсын дугаартай 3000000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашины үнэ 3000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Г.Б-с 510000 /таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
8. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Б-н ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ............... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Г.Б-т буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ