Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

Н.Гантөмөрт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   М.Мэндбаяр

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/279 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Мэндбаярын бичсэн эсэргүүцлээр яллагдагч Н.Гантөмөрт холбогдох эрүүгийн 2421000000002 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хуасай овогт Нээрээсайханы Гантөмөр, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1979 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, өвөө, дүү нарын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг, “Баруун барьхан” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:ЖЛ79081610/

2. Яллагдагч Н.Гантөмөр нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багт өөрийн төрсөн дүү Н.Ганбалттай үл ялих зүйлээр маргалдан улмаар биеийн цээж, хэвлий, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуян тус газарт нийт 6 удаа хутгалж, хохирогч Н.Ганбалтын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Гантөмөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“… 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд мөрдөгч, прокурор нь хуульд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хохирол, хор уршигт тооцдог.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд “сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоож ирүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.4-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж, мөн журмын 2.2-д “энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус тус заажээ.

Яллагдагч Н.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ганбалтын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд энэ нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд заагдаагүй гэмт хэрэг учир Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх шаардлагатай, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж үзэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаажээ.  

5. Прокурор М.Мэндбаяр эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Гантөмөрийн үйлдсэн гэх хэрэг хамаарч байх ба уг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахаар хуульчилсан байна. Мөн хуулийн 40.2 дугаар зүйлд дүгнэлт гаргахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх, хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх нөхцөлийг харгалзан үзэхээр хуульчилжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох харилцааг зохицуулсантай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталж, журмын 1.2-т Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.2-т заасан нөхцөлийг харгалзан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох талаар зохицуулсан байна.

Мөн журмын 2.4-т “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.”, 2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шаардлагатай тохиолдолд хавтаст хэргийн материал болон эмнэлгийн баримт бичиг, материалыг хамт ирүүлнэ.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийх тохиолдлуудыг заасан бөгөөд уг тохиолдолд сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой дүгнэлт гаргах ажиллагаа тусгагдаагүй байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын тухай ойлголт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй, журмаар зохицуулж байгаа шинэ ойлголт юм. Н.Гантөмөрт холбогдох хэргийн тухайд яллагдагч, хохирогч нар нь төрсөн ах дүү бөгөөд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож дүгнэлт гаргуулахгүй, сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэх эсэх нь тухайн хохирогчийн эрх болгож зохицуулжээ гэж харагдаж байна. Гэтэл шүүх хохирогчийн үүрэг мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Хор уршиг бол гэмт хэрэг үйлдсэний үр дүнд гадаад ертөнцөд гарсан аливаа өөрчлөлт төдий биш харин гэмт хэрэгт заавал байх шинж болгож Эрүүгийн хуульд заасан үр дагавар юм.

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозицид сэтгэцэд хор уршиг заавал учирсан байхыг заагаагүй, сэтгэцэд учирсан хор уршиг нь энэ гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хохирогч татгалзсан тохиолдолд заавал тогтоох, хийгдэх ажиллагаа биш байна.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа нь шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа болохыг дурдах байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Гантөмөрийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багт өөрийн төрсөн дүү Н.Ганбалттай үл ялих зүйлээр маргалдан улмаар биеийн цээж, хэвлий, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуян тус газарт нийт 6 удаа хутгалж, хохирогч Н.Ганбалтын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж алахыг завдсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 3. Анхан шатны шүүх, яллагдагч Н.Гантөмөрт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, хохирогч Н.Ганбалтын сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. Прокуророос “…хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож дүгнэлт гаргуулахгүй, сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозицид сэтгэцэд хор уршиг заавал учирсан байхыг заагаагүй, сэтгэцэд учирсан хор уршиг нь энэ гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хохирогч татгалзсан тохиолдолд заавал тогтоох, хийгдэх ажиллагаа биш байна. ...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

5. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.5-д заасан нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоосны эцэст хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

6. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/,-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан байна.

Яллагдагч Н.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ганбалтын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, энэ нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд заагдаагүй гэмт хэрэг учир Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх эсэх нь тухайн хохирогчийн эрх бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд “сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоож ирүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл яллагдагч Н.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ганбалтын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал хийгдэх ажиллагаа юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс “Яллагдагч Н.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ганбалтын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх шаардлагатай. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Иймд прокурор М.Мэндбаярын гаргасан “... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэх  эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/279 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Яллагдагч Н.Гантөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         С.ГАНЧИМЭГ      

ШҮҮГЧИД        Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                                    

                                     Г.УРТНАСАН