Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 320/шш2025/00863

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00863

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 320/2025/00730/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.С,

Хариуцагч: Г ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.С (цахим),

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: З.Б (цахим),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уянга.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нь хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Т ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Г ХХК-ийн 23 ширхэг автомашинаар 3400 тонн кокжсон нүүрсийг Хөвсгөл аймгийн М уурхайгаас тээвэрлэхээс тохирч урьдчилгаа 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл М ХХК нүүрс гаргах боломжгүй гэсэн тул цаашид тээвэрлэлт хийх боломжгүй болж гүйцэтгэх захирал З.Б оос 22,500,000 төгрөгөө эргүүлэн авъя гэхэд мөнгийг чинь үрчихсэн гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл мөнгийг төлж барагдуулаагүй байна. Мөнгөө өгөх талаар удаа дараа шаардсан бөгөөд дээрх эвлэрэх саналыг тавьж, мөнгийг нь өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь ажлын хөлсөө авна гэх боловч ажлын хөлс нь тодорхой бус, хэрхэн, хэдэн цаг, өдөр ажилласан гэх нотлох баримт байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу алданги тооцож авах ёстой боловч манай нэхэмжлэгч талаас зөвхөн гэрээний дагуу шилжүүлсэн 22,500,000 төгрөгөө гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд дээрх эвлэрэн хэлэлцэх саналаа тавьж харилцан тохирч болно. Нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Иймд Г ХХК-аас 22,500,000 төгрөгийг гаргуулж, Т ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү...гэв.

Хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч З.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т ГХО ХХК-тай тээврийн гэрээ байгуулсан. Манай байгууллагын тээврийн хэрэгсэл, техникийг ашиглаж тээвэр хийх зорилготой байсан. Нүүрс авах гэж байсан компани буюу М ХХК-тай байгуулсан гэрээ нь хэрэгжих боломжгүй болсон учир тээврийн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй гээд урьдчилгаанд өгсөн 22,500,000 төгрөгөө нэхсэн. Тэр үед нь өгөх боломжгүй, үрсэн гэдгээ би үнэнээр нь хэлсэн. Би нүүрс тээвэрлэхийг 4-5 сар хүлээж, М ын уурхайн гадна техник төхөөрөмжөө бэлдэж ажилласан. Гэтэл одоо цагдаа, шүүхээр далайлгаж байгаа нь ойлгомжгүй байна. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриаг зөндөө удаан сонслоо. Та хуульч хүн байж хүнийг доромжилж, болохгүй. Их олон муухай зүйлс ярьж, хэлж байна. Би ажлын хөлсөө авъя үлдсэн мөнгийг нь төлнө гэдгээ хэлсэн. Яагаад сэтгэл гаргаж болохгүй байгаа юм бэ?, би мөнгө өгөхгүй гэж хэлээгүй. Энэ хүнийг яасан ч яадаг юм гэх сэтгэхүйгээр хандаж байх шиг байна. Би нүүрсээ нийлүүлэхийг М ХХК-аас шаардаж тархи толгой руугаа цохиулж, нүдүүлж байсан ч ажлыг нь бүтээгээд өгчих юмсан гэх сэтгэлээр хандаж байсан. Би өөрийн эзэмшилд байгаа машинаа өгч үлдсэнийг нь ах дүү нараараа малчны зээл авахуулаад төлнө. Би шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Гэхдээ өр дээрээ нэмж өр нэмээд яах вэ? Монгол Улсын Шүүх зөв, шударга шүүх байх гэж итгээд хүсэлтээсээ татгалзсан. Би ажлын хөлсөө хасаж 5,500,000 төгрөгийг бэлнээр 11,000,000 төгрөгт машин өгнө... гэжээ.

Нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан Нүүрс тээврийн гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т Гадаадын хөрөнгө оруулалттай, Г хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Т ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн И/12/25 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, түүний орчуулга зэрэг баримтуудыг,

Хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч З.Б нь хариу тайлбар, О багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Б нь хэргийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШЗ202/02831 дүгээр Хүсэлт хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч тал тус гэрээний дагуу урьдчилгаа болгож, 22,500,000 төгрөгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Б ийн хувийн дансанд шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулсан талуудаас үл хамаарч нүүрс тээвэрлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч байгууллага нь урьдчилгаа болгож өгсөн 22,500,000 төгрөгөө буцаан авахаар хариуцагч байгууллагын захирал З.Б ид хэлсэн. Гэвч тэрээр мөнгийг тань үрсэн, байж байгаад өгнө гэсээр өдий хүрч, 1 жил гаруйн хугацаанд өөртөө ашигласан. Нэгэнт гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул урьдчилгаанд өгсөн 22,500,000 төгрөгөө хариуцагч байгууллагаас гаргуулж авна...гэв.

Хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч З.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: ...Нэхэмжлэгч, хариуцагч компаниудын хооронд Нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч байгууллагаас 22,500,000 төгрөгийг миний хувийн дансанд шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ манай компани тухайн гэрээний дагуу нүүрсийг даруй тээвэрлэхээр М ХК-ийн нутаг дэвсгэрт очиж, 3 сар гаруй хүлээсэн. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд М ХК-д 3,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, тухайн компанийн нутаг дэвсгэрт өөрийн компанийн машинуудаа ажилчидтайгаа авч очин 3 сар гаруй болсон. Үүнээс болж миний бие халдлагад өртөж байсан. Энэ талаарх баримтууд байгаа. Ажилчид маань 3 сар орчмын хугацаанд хоол унд идсэн, машин техникт шатахуун хийсэн. Эдгээр зардлууд нийт 3,000,000 төгрөг орчим төгрөг болсон. Тийм учраас М ХК-д урьдчилгаанд өгсөн 3,000,000 төгрөг, энэ хугацаанд байсан ажилчдын хоол унд, шатахуун техникийн зардал 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компаниас урьдчилгаанд өгсөн 22,500,000 төгрөгөөс хасаж тооцон, 16,500,000 төгрөгийг төлнө... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагч компаниудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч байгууллагаас тухайн гэрээний урьдчилгаа болгож 22,500,000 төгрөгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Б ийн Хаан банк дахь 5*** тоот дансанд шилжүүлсэн нь үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримттай талууд маргаагүй байна.

Тухайн Нүүрс тээвэрлэлтийн гэрээгээр хариуцагч Г ХХК-ийн 23 ширхэг ачааны авто машин болон чиргүүлийг нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид түрээслүүлж, нүүрс тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх,

Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тогтсон хугацаанд Г ХХК-ийн тээвэрлэх барааны эх үүсвэрийг баталгаажуулж, цаг тухайд нь тээврийн хөлсийг тооцох,

хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэр дээр автомашиныг бүртгүүлж, зөвхөн тухайн байгууллагад нүүрс тээвэрлэх үйлчилгээ үзүүлэхээр гэрээний гол нөхцлөө тохиролцжээ.

Дээрх талуудын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэлтийн гэрээний гол нөхцөл нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээний шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч З.Б нь талуудын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэлтийн гэрээг биелүүлэхийн тулд М ХК-д урьдчилгаанд 3,000,000 төгрөг, энэ хугацаанд байсан компанийн ажилчдын хоол унд, шатахуун техникийн зардалд 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг манай байгууллагаас гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Гэвч хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч З.Б нь энэ талаарх баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй, хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэлтийн гэрээний гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага болох Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 22,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 270,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 (хоёр зуун далан мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 270,450 (хоёр зуун далан мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА