| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0127/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/136 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/136
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Н.Э-д холбогдох 1821002470127 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, “..........................” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, ................... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Н.Э.
Шүүгдэгч Сартуул овогт Н.Э нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар ............... тоотод оршин суух Ариунбүүвэйгийн гэрт хохирогч А.О-ийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь нүүр, баруун нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 500.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.
Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим манай найз Амгаланболд над руу залгаад “Хоёулаа хальт уулзъя” гээд машинтай ирж намайг аваад 49 дүгээр байрны гадаа буугаад Амгаланболдын найз Ариунбүүвэйгийн гэр рүү орцгоосон. Бид хоёрыг орсны дараа араас Н.Э гэх банди гурван жоохон хүүхэд дагуулчихсан согтуу орж ирсэн. Н.Э миний куртикний араас татаж харанхуй өрөөнд оруулж намайг гаргахгүй байсан. Би Н.Э-д “яагаад байгаа юм, гармаар байна” гэж хэлэхэд Н.Э надад “дуугүй наанаа зогсож бай” гэхээр нь би гарахын тулд Н.Э-той хэрэлдсэн. Тэр үед манай найз Амгаланболд хаалга тогшоод орж ирсэн ба наадах чинь манай найз болиоч гэж хэлсэн. Тэгэхэд Н.Э Амгаланболдод хандаж “дуугүй гар, 10 тоолохын дотор гарахгүй бол ална шүү” гэж хэлсэн. Амгаланболд өрөөнөөс гараад явсан. Түүнийг гарч явсны дараа би “Амгаа ороод ирээч” гэж бахирсан. Н.Э миний нүд рүү хоёр удаа зангидсан гараараа цохьсон. Тэгээд миний ухаан балартсан ба түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ...Одоо хохирлын мөнгө болон Н.Э-ын намайг цохиж гэмтээсэн үйлдэлд миний зүгээс гомдол санал байхгүй ...” гэжээ. /хх-ийн 13-16 тал/
Гэрч Д.Амгаланболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай найз Мөнхөө намайг утсаар дуудаад Н.Э өчигдөр А.О-ийг зодчихсон байна, бид нар А.О-ийн ээжтэй нь уулзаад ирлээ” гэж надад хэлсэн. Тэгээд би А.О-ийн гэр рүү нь очиж А.О-тэй уулзаад нүүрийг нь хараад зодуулсан болохыг нь мэдсэн...” гэжээ. /хх-ийн 23 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 306 тоот актын дүгнэлтэд
1. А.О-ийн биед нүүр, баруун нүдний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 30 тал/
- Яллагдагч Н.Э-ын мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Сартуул овогт Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар .................тоотод оршин суух Ариунбүүвэйгийн гэрт хохирогч А.О-ийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь нүүр, баруун нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч А.О, гэрч Д.Амгаланболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 306 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Н.Э нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч А.О нь шүүгдэгч Н.Э-оос хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Э-ын ........................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Э-ын ......................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ