Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/27

 

Ц.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   Ч.Мөнхзул

Хохирогч                                                       Д.Баттулга

Хохирогчийн өмгөөлөгч                            Л.Мөнхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Пүрэвлхам /цахимаар/

Шүүгдэгч                                                       Ц.Батбаатар

Нарийн бичгийн дарга                             Б.Баярцэцэг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Батбаатарт холбогдох эрүүгийн 2321000000309 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хатагин овогт Цэгмидийн Батбаатар, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1970 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Дорнын жолоо” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49а байрны 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:ЛЮ70061315/

2. Шүүгдэгч Ц.Батбаатар нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлох 19 дүгээр талбайд байрлах “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын гадна хохирогч Д.Баттулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 11, 21, 22, 31, 32, 33, 41-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Батбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Хатагин овогт Цэгмидийн Батбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаатарыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зууун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаатар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Батбаатараас эрүүл мэндэд учирсан болон бусад зардалд 1,687,714 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрт 5,500,000 төгрөгийг нийт 7,187,714 төгрөгийг гаргуулж, Улаанбаатарт хот Баянзүрх дүүрэг 11-р хороо Дэнж 4-40 тоотод оршин суух хохирогч Д.Баттулга /РД: АЯ76042176/-д олгож,

Хохирогч Д.Баттулга нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн  шүүгдэгч Ц.Батбаатарын ЛЮ70061315 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Ц.Батбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

- Хохирогч Д.Баттулгын хөнгөн гэмтэл нь имплант шүд хийлгэх хэмжээний гэмтэл учирсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар дахин хянан шалгуулах.

- Хохирогч Д.Баттулга нь ажлын байран дээрээ үйлчлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчтэй ёс зүйгүй, зохисгүй бүдүүлэг, дээрэнгүй харьцаж улмаар маргаанд өдөөн турхирсан. Явах гэж байсан машины хаалгыг барьж “явуулахгүй, ална, хутгална” гэх мэтээр заналхийлж тэсэх аргагүй болтол доромжлон зодооны эхлэлийг хэл амаараа болон үйл хөдөлгөөнөөр тавьснаас болсон зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна.

- Мэдүүлэг дээрээ намайг болон гэрч Владимирыг зохиомлоор гүтгэсэн. Мөн хохирогч өөрийн хэлж анхааруулаагүй үгийг хүртэл шүүх хурал дээр зохиомлоор мэдүүлсэн. Жишээлбэл: “Яасан их бензин өгдөггүй п.. вэ” гэж намайг хэлсэн гэдэг нь гүтгэлэг. Мөн хохирогч өөрөө “онцгой байдлын газраас гал түймэр ихээр гарч байгаатай холбоотой шатахууныг саванд худалдахгүй байгаа” гэж шүүх хурал дээр мэдүүлсэн нь худал бөгөөд ийм тайлбар огт хэлээгүй болно. Гэрч Цэцэгмаа хүртэл  зохиомол мэдүүлэг өгсөн байна. Тэр үед гэрч Цэцэгмаа бидний хажууд байгаагүй атлаа маргаан сонссон гэж мэдүүлсэн нь зохиомол гүтгэлэг гэдгийг хянаж шалгаж өгөхийг хүсэж байна.

- Хохирогчийн нэхэмжилж байгаа төлбөр болон зардлын баримтыг үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдсэнийг үл зөвшөөрч дансны хуулгыг нь дахин шалгуулж, өгсөн баримтыг данстай нь тулгаж шалгахыг хүсэж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр шүүхийн шийдвэрээр гаргуулсан хохирлыг төлнө гэдгээ хэлсэн бөгөөд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрт 5 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд дээрх үндэслэлийг хүлээн авч дахин хянан шалгаж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

6. Хохирогч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Онцгой байдлын газрын албанаас гаргасан журмын дагуу саванд шатахуун өгөхгүй гэж хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. Улаанбаатар хотод тухайн үедээ очоод шүдний эмнэлэгт очсон. Тэгэхэд шүдний холболт хийлгэхэд 6.5 сая төгрөг гэдэг юм байна гэж Батбаатарт хэлсэн. Тэгэхэд надад “тийм их мөнгө өгч чадахгүй, хуулиараа явна” гэж хэлсэн. Одоо ингээд хуулиараа явж байгаа нь л энэ шүү дээ. Одоо ингээд өөдөөс хараад худал хэлээд суухаасаа ичихгүй байна уу? Өдий насны хүн байж ичих хэрэгтэй. Өөрийн чинь хүсэлтээр хуулийн дагуу явж байгаа нь энэ шүү. Би байнга Улаанбаатар хотоос ирж байгаа. Хуулийн дагуу баримтуудаа гаргаж өгсөн нь энэ.” гэв.

7. Хохирогчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “.. Анхан шатны шүүх хуралдаан дээр “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас оногдуулах ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргаж оролцсон байдаг. Хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн учраас шүүхээс 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос харахад эргээд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж, хэргийг бүр дахин шалгуулах, мөрдөн байцаалтанд буцаах саналыг гаргаж байгаа нь харагдаж байна. ... Хохирлын баримтыг дан бензиний зардал гэж гаргасан. ... Бензиний зардлыг машины дугаартай тулгах боломжгүй юм. Зөвхөн мэдүүлэг өгсөн он сартай тохируулж харах боломжтой гэж харж байна. Анхан шатны шүүх хуралдааныг хүртэл шүүгдэгчийн зүгээс хохирогчоос нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. ... Анхнаасаа хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа нь харагддаггүй. Бид цаашид гарах зардлыг ч гэсэн бүрэн нэхэмжлэх болно. Бид гомдолтой байсан хэдий ч давж заалдах гомдол гаргаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Миний хувьд гомдолтой бүрэн танилцсан. Мэдээж бусдын биед гэмтэл учруулсан нь буруу үйлдэл мөн. Гэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл, түүний бусдыг өдөөсөн, турхирсан үйлдлийг анхаарч үзээгүй болох нь харагдаж байна. ... Сэтгэцэд учруулсан хохирлыг арилгах аргачлалыг сая тогтоож баталсан. Энэ аргачлалын 3.1.3 дахь хэсэгт хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг хийхгүй байхыг анхаарах талаар заасан. Шинжээчийн дүгнэлтээр “Баттулгын 7 шүдний сулрал нь өвчний улмаас үүссэн” гэж бичигдсэн байна лээ. Буйлны сулралаас болж шүдний сулрал угаасаа үүсч байсан хүн юм байна гэдэг нь тодорхой харагдаж байна.

... Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг гаргах журмыг нарийвчлан заасан байдаг. Үүн дээр: Хувь хүний сэтггэцийн хариу урвал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хохирогчийн хувийн амьдралд нөлөөлсөн эсэхийг харгалзаж тогтоох ёстой байдаг. Гэтэл ийм ажиллагааг огт хийгээгүй гэж харж байна. ... Өөрийнх нь өвчний улмаас учирсан хохирлоо бусдын үйлдэлд шингээж хохирол төлбөр гаргуулах санаатай байгаа нь харагдаж байна. Ашиг олох үндэслэл байхгүй, ашиг олж болохгүй юм. Цаашид имплант шүд хийлгэнэ гэж ярьж байгаа нь өөрөө ашиг олох зорилготой болохыг харуулж байна. Тиймээс өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

9. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хувьд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ялын саналыг хүргүүлсэн. Мөн тухайн үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байсан. Тиймээс дээрх ялаар шийтгэсэн гэж үзэж байна. ... Ер нь бол гэмт хэрэг гарсан нь тодорхой байна. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. ... Дараагийн дугаарт хохирогчийн нэхэмжилж буй баримтууд нь үндэслэлгүй байна гэж үзсэн байна. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг шинжлэн судалж байж шийдвэрийг гаргасан нь тодорхой юм. ... Сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг мөн дурдаж байна. 2 дугаар зэргээр мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарсан учраас шүүх ингэж шийдвэрлэж байгаа юм. Тэрнээс биш шүүхээс өөрийн дураар шийдвэрлэсэн зүйл байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Ингэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч Ц.Батбаатар нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлох 19 дүгээр талбайд байрлах “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын гадна хохирогч Д.Баттулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 11, 21, 22, 31, 32, 33, 41 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Батбаатарын мэдүүлэг /1хх 44-45, 2хх 184/, хохирогч Д.Баттулгын мэдүүлэг /1хх 11, 13-14, 2хх 185/, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Д.Цэцэгмаа /1хх 22-25/, Л.Владимир /1хх 19-20/ нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 486 тоот дүгнэлт /1хх 40-41/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 тоот нэмэлт дүгнэлт /2хх 41-45/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 6/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Батбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5. Шүүгдэгч Ц.Батбаатарын хохирогч Д.Баттулгын нүүрэн тус газарт гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 11, 21, 22, 31, 32, 33, 41 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаатарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

7. Шүүгдэгч нь “ ... хохирогчид нэхэмжилсэн эмчилгээний зардал болон замын зардал нь үндэслэлгүй байна, хохирогч заавал имплант шүд хийлгэх шаардлагатай болохыг дахин шалгаж тогтоолгох, ... хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, худал мэдүүлэг өгч шүүгдэгч, гэрч нарыг гүтгэсэн зэргийг дахин нягтлан шалгаж өгнө үү, сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийг өндрөөр тогтоосныг зөвшөөрөхгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “... шинжээчийн дүгнэлтээс үзвэл хохирогч нь шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчтэй байсан нь шүдний сулрал нэмэгдэхэд нөлөөлсөн, мөн 7 шүдний гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс бүрэн болоогүй байхад шүүх сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг 10 дахин хэмжээгээр тогтоосныг зөвшөөрөхгүй. ...” гэх тайлбарыг тус тус гаргажээ. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд ирсэн замын зардлын баримтуудыг шинжлэн судалж, хохирогч Д.Баттулгад учирсан бодит хохирлын хэмжээг зөв тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас  хохирогчид учирсан гэм хорын хохиролд 1 687 714 төгрөгийг шүүгдэгч Ц.Батбаатараас гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба хохирогчийн нэхэмжилсэн зардлыг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж зааснаас үзвэл хохирогч нь цаашид гарах эмчилгээний зайлшгүй зардал болон имплант шүд хийлгэсэн зардлаа гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд уг эрхийг шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан 7 шүдний сулрал гэмтлийг эмчлүүлэхэд имплант шүд заавал суулгах шаардлагатай эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагагүй бөгөөд энэ нь хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэл болохгүй юм. 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Баттулга болон гэрч Д.Цэцэгмаа нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, гэрч нарт зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар сануулж, эрх үүрэг тайлбарлан гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан байх ба тэдний мэдүүлэгт шүүгдэгч болон гэрч Владимир нарыг зохиомлоор гүтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхаас гадна шүүгдэгч Ц.Батбаатарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

10. Хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 тоот нэмэлт дүгнэлтээр хохирогч Д.Баттулгын эрүүл мэндэд учирсан 7 шүдний сулрал бүхий гэмтэл шүүгдэгч Ц.Батбаатарын үйлдлийн улмаас үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд уг дүгнэлтэд хохирогч Пародонтит/шүдний тулгуур эдийн үрэвсэл/ өвчтэй болохыг, уг өвчин нь шүдний сулралыг нэмэгдүүлсэн талаар тусгасан нь хохирогчид учирсан гэм хорын хохирлын хэмжээг багасгах үндэслэл болохгүй юм.   

11. Хэргийн материалаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Д.Баттулгын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг шүүгдэгч болон хохирогч нарт танилцуулсан байх ба тэд хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна. /1хх 44-45/

Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулсан

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр тогтоогдсон зэрэглэлийн аль хэсэгт хамаарч байгаагаас шалтгаалан нөхөн төлбөрийг хэмжээг шүүх тогтоох зохицуулалт бөгөөд ийнхүү тогтоохдоо хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах зарчмыг баримтлах үүрэгтэй.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь  хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилготой бөгөөд анхан шатны шүүхээс хууль, журамд нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж, хохирогч Д.Баттулгын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 5 500 000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахдаа Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу бичиж, хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

12. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Батбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 ..” гэснийг “... 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНЧИМЭГ

              ШҮҮГЧИД                                                         Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                                                                   Г.УРТНАСАН