Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2025/0077

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

******* нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар эвлэрэн хэлэлцсэн асуудлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар тус шүүхэд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан ирүүлжээ.

Уг эвлэрлийн гэрээнд

1. Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга ******* нь ******* 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар түр томилж, Авилгатай тэмцэх газарт Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах албан бичгийг хүргүүлэх, тухайн байгууллагаас хариу ирсэн өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар жинхэлж томилох үүргийг хүлээнэ.

2. Захиргааны хэрэг маргааныг дуусгавар болгохыг оролцогч нар хүлээн зөвшөөрч байна.

3. Эвлэрлийн гэрээний үр дүнд хэн нэгний эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй, тухайн албан тушаалд хэн нэгнийг томилоогүй байгаа болно.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга *******ийн ******* тус сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож ******* тус сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ... нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд эвлэрэх эрхийг нэхэмжлэгч, хариуцагч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгожээ. Мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүхийн тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга *******ийн ******* тус сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож ******* тус сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд томилохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга ******* нь ******* 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар түр томилж, Авилгатай тэмцэх газарт Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах албан бичгийг хүргүүлэх, тухайн байгууллагаас хариу ирсэн өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар жинхэлж томилох үүргийг хүлээхээр харилцан тохиролцож эвлэрсэн хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР