Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 157/ШШ2025/00220

 

   2025          07           21                                      157/ШШ2025/00220

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, Х банк ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Говийн 8-810 тоотод оршин суух, М овогт О-гийн Г-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 17,753,911.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны  6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Х аймгийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн О овогтой Г нь ХасБанкны Б тооцооны төвөөс 2024 оны 05 сарын 20-ны өдөр 1430088483 дугаартай өрхийн хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 16,035,506.85 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 05 сарын 20-ны өдөр зээлдэгч О.Г-н Х банкдахь 5005600826 тоот дансанд 16,035,506.85 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 993,134.06 төгрөг, зээлийн хүү 401,875.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,295.97 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430088483 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 07 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 351 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс  шаардаж, мэдэгдэж  байсан  бөгөөд  зээлдэгч   гэрээний  үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага:

1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430088483 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 15,042,372.79 төгрөг, 2024 оны 06 сарын 26-ны өдрийн байдлаарх хүү 2,610,331.76 нэмэгдүүлсэн хүү 101,206.78 төгрөг нийт 17,753,911.33 төгрөгийг зээлдэгч О.Гэс гаргуулах,

2/Зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

   

Хариуцагч О.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хас банкны нэхэмжилсэн 17,753,911.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Сар болгоны 10-нд төлнө.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч     О.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,753,911.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хас банкны нэхэмжилсэн 17,753,911.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Сар болгоны 10-нд төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч О.Г-н нэхэмжлэлийн шаардлага болох 17,753,911.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,720 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 246,720 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч О.Гэс улсын тэмдэгтийн хураамжид 123,360 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 123,360 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,753,911.33 (арван долоон сая долоон тавин гурван мянга есөн зуун арван нэгэн төгрөг, гучин гурван мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,720 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.Гэс улсын тэмдэгтийн хураамж 123,360 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 123,360 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ