| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00258/И |
| Дугаар | 157/ШШ2025/00236 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2025/00236
2025 08 05 157/ШШ2025/00236
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 06 тоотод оршин суух, З овогт Р-н О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаймгийн Б сум, 2 дугаар баг 00 дугаар байрны 57 тоотод оршин суух, М-ын М-д холбогдох
“5,700,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.М нь 2024 оны 12 дугаар сарын 21-нд надаас 16,700,000 төгрөг аваад 11,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 5,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд М.М-аас 5,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Р.О-н нэхэмжилсэн 5,700,000 төгрөгийг 2025 оны 10 сард 2,500,000 төгрөг, 2025 оны 11 сард 3,200,000 төгрөгийг хувааж төлж барагдуулна. Р.О эгчид учир байдлаа хэлсэн. Төлж барагдуулахад маргах зүйлгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч М.М-д холбогдуулан 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч М.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...5,700,000 төгрөгийг 2025 оны 10 сард 2,500,000 төгрөг, 2025 оны 11 сард 3,200,000 төгрөгийг хувааж төлж барагдуулна. Төлж барагдуулахад маргах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч М.Мын нэхэмжлэлийн шаардлага болох 5,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 106,150 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 53,075 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 53,075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.О-н нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох 5,700,000 (таван сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 53,075 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 53,075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ