Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 109/ШШ2025/0049

 

 

 

 

 

 

 

 

                                                                            

                                                                             109/ШШ2025/0049

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ү.Э

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ү.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Булганхангай 14-1410 тоот хаягт байрлах нэгж талбарын 6513013680 дугаартай, 300 м.кв газрын байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн адил чанарын өөр газраар сольж өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1. Иргэн Ү.Э нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан шүүхэд анх “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ү.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Булганхангай 14-1410 тоот хаягт байрлах нэгж талбарын 6513013680 дугаартай, 300 м.кв газрын байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн адил чанарын өөр газраар сольж өөрчлөлт оруулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн байна.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

 

2.1. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал)

 

2.2. Мөн тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар  тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал)

 

2.3. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар тогтоолоор аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 10-р хавсралт Иргэнд гэр, орон сууцны хашааны зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг баталсны 205-234 дугаарт 5 дугаарт баг, Наранбулагт аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар олгохоор төлөвлөжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 162-171 дэх тал)

 

2.4. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох заалт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг үндэслэн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Булганхангай болон Шинэ наран хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсний 46-д. Ү.Энхтөр багтжээ. (1 дүгээр хавтас хэргийн 5 дахь дэх тал)

 

2.5. Иргэн Ү.Э-д Булганхангай ... 300 м.кв газар эзэмшүүлж, ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн  8-9 дэх тал)

 

2.6. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлаар 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт сонсох ажиллагаа явуулахыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2.-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, гэж зааснаар “АВ” телевиз болон Архангай амьдрал сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн байна.

 

2.7. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар “аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дугаартай захирамжуудаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж, газар олгосон байх тул тус 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн N22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсэг хүчингүй болсноор Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал)

 

2.8. Улмаар дээрх захирамжид холбогдуулан иргэн Ү.Э 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2.9. Иргэн Ү.Э-н гаргасан дээрх нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Ү.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 онд газар эзэмших хүсэлтийг аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга. хот байгуулалтын газарт гаргасны дагуу Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ... м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 20 жилийн хугацаагаар надад олгосон. Миний бие өөрийн гэсэн газаргүй, хашаа байшингүй, охиныхоо гэр бүлтэй хамт амьдардаг учраас газар эзэмших хүсэлт гаргасны дагуу надад газар эзэмшүүлэх захирамж гарсан. Мөн газрын албанаас надтай газар эзэмших гэрээ байгуулж би хуулийн дагуу газраа эзэмшиж байсан. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг би 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас тус захирамжийг авч мэдсэн. Үүнээс өмнө миний газар эзэмших эрх хүчингүй болгосныг би огт мэдээгүй байсан. Саяхан миний ойролцоо газар эзэмшиж байсан хүмүүсийн газар эзэмших эрх хүчингүй болсныг сонсож, энэ талаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамал Д-с лавлахад “Би энэ талаар мэдэхгүй. Та Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтнаас асуу” гэж хэлсэн. Үүний дагуу би аймгийн Засаг тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас ут захирамжийг авахад газар эзэмших эрх нь хүчингүй болсон иргэдийн дотор миний нэр багтсан байсныг мэдэж, захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжийг гаргахдаа надад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу хийлгүй шийдвэр гаргасан. Түүнчлэн аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байхад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож хууль бус шийдвэр гаргаж. миний эзэмших эрхэд халдсан.  Үүний улмаас би гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу газраа эзэмшиж чадахгүй, эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Тухайн газрыг эзэмшиж байх хугацаанд газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхцаж байгаа талаар өмнө нь Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэг ч удаа хэлж байгаагүй бөгөөд ямар нэгэн давхцалгүй учраас уг газрыг иргэдэд эзэмшүүлж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас надтай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон гэж бодож байна. Түүнчлэн эзэмшил газар дээрээ хашаа, барилга барих гэхээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хашаа, барилга бариулахгүй “Нэгдсэн журмаар хашаа, барилга бариулна” гэж хэлж байснаас үзэхэд надад уг газрыг анх олгоход давхцалгүй байсан гэж үзэхээр байна. Түүнчлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн хэмжээнд нэгтгэн батлуулах ажлыг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 тоот тогтоол болон аймгийн Засаг даргын А/22 дугаар захирамж гарахад маргаан бүхий газрыг иргэдэд эзэмшүүлэх боломжтой гэж Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар мэргэжлийн байгууллагынхаа хүрээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг гаргачхаад одоо Цэцэрлэг хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхацсан талаарх баримт ирүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дах хэсэгт Эзэмшил газрын хэмжээ,
байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно: 29.10.5-т “газар зохион байгуулалтын
ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх”, 29 дүгээр
зүйлийн 29.1 1-т “Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион байгуулалтын
ерөнхий төлөвлөгөө. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг
дарга гаргана” гэж заасан.
Миний хувьд хууль заасны дагуу газраа эзэмшиж байсан бөгөөд өөрт эзэмшүүлсэн газрыг Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхацсан эсэхийг мэдэх боломжгүйгээс гадна эрх бүхий байгууллагаас давхцалтай эсэх бүхий л нөхцөл байдлыг шалгасны үндсэн дээр иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргадаг. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ү.Э надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ... м.кв газрын байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн адил чанарын өөр газраар сольж өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2022 оны №22 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, Архангай аймгийн “Тамир” телевизээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны зарыг нийтлүүлсэн боловч 3 иргэн ирсэн. Иймээс дахин сонсох ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт зохион байгуулахаар “Архангай амьдрал сонин”, “АВ” телевизээр зарыг нийтлүүлсэн боловч сонсох ажиллагаанд нэг ч иргэн оролцоогүй болно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, тогтоомж зөрчиж эзэмшүүлсэн газрыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Б.П нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ү.Э-н нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу тухайн сумын Засаг дарга гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэдэд эзэмшүүлнэ гэж заасан. Газрын тухай хуулиар аймгийн Засаг даргаас газар олгох эрх нь зөвхөн аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т заасны дагуу "инженерийн дэд бүтэц" гэж эрчим хүч, цэвэр, бохир усны бопон зам, замын байгууламж, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийг” буюу тухайн дэд бүтэц бүрэн нэвтэрсэн газрыг хэлнэ. Тухайн маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.5 дахь заалт “газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх" гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж заасныг зөрчсөн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хууль, тогтоомж зөрчин эзэмшүүлсэн газрыг аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.4. Нэхэмжлэгч Ү.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 2022 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд газар авсан газрыг Архангай аймгийн Засан дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Тухайн газрыг хүчингүй болгосон асуудлыг мэдэхгүй явж байгаад 2025 оны 5 дугаар сард Би Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын архиваас шүүлгэхэд миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосоныг мэдсэн. Интернэт ашиглаж мэдэхгүй хүмүүст утсаар эсхүл гэрийн хаягаар газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамжийг хүргүүлээгүй. Надад мэдэгдэлгүйгээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна гэв.

 

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр А/22 дугаартай захирамжаар Ү.Энхтөрд 300 м.кв газрыг гэр орон сууц, хашааны газрын зориулалтай олгосон. Тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаар Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас Ү.Энхтөртэй 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ү.Э-д эзэмшүүлэхээр олгосон газрыг хүчингүй болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан шаардлагыг зөрчиж газар олгосон гэх үндэслэлийг дурдсан байдаг. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо уг захирамж хууль зөрчиж гаргасан гэж үзсэн. Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар нь мэргэжлийн байгууллагынхаа хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, маргаан бүхий газар нь иргэдийн эзэмшиж байгаа газартай давхцаж байгаа эсэх, газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх зэрэг бүх нөхцөл байдлыг шалгасан байдаг. Газрын харилцааны байгууллагаас боловсруулсан төслөө Засаг даргад уламжилж, Засаг дарга уг асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн төслийг ганцаарчилсан шийдвэрээр бус, хамтын зарчмаар хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг харгалзан, хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр тогтоол гаргасан баталдаг. Уг тогтоолд үндэслэн Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжаар иргэдэд газар олгохдоо нэхэмжлэгч Ү.Э-д газар эзэмшүүлэх шийдвэрийг багтаасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Архангай аймгийн Засаг дарга захирамжийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан тогтоолын дагуу гаргасан боловч сүүлд шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтаар газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхацсан гэх мэдээлэл ирсэн байна. Хэрэв үнэхээр давхцал байсан бол Засаг дарга захирамж гаргахаасаа өмнө хуульд заасан дарааллын дагуу уг зөрчлийг арилгуулах, иргэдийн эрх ашгийг хөндөхгүйгээр өөр ямар шийдвэр гаргах боломжтойг судлах, сонгох эрх хэмжээтэй байсан. Энэ бүхнийг харгалзаж үзвэл, газар давхацсан эсэх, төлөвлөгөөнд нийцсэн эсэхийг урьдчилан шалгах үүрэг нь төрийн байгууллагад байтал, уг үүргээ биелүүлээгүй атлаа хариуцлагыг иргэнд оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-т газрын эзэмшил, газрын хэмжээ байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.5-т газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн өөрчилж болно. Мөнх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.11-т Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасан байна. Тэгэхээр тухайн маргаан бүхий захирамжийн хувьд Ү.Э-н газрыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлээд байршлыг нь өөрчлөх хэмжээнд Архангай аймгийн Засаг даргад хуулиар эрх хэмжээг нь олгоод өгчихсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг. Тухайн тохиолдолд Засаг дарга захирамж гаргахдаа иргэний эрх ашгийг аль болох зөрчихгүй байх, нөгөө талаар өмнөх Засаг даргын захирамж хууль зөрчсөн бол тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоох гэсэн хоёр зорилтыг зэрэг хангах үүрэгтэй. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч тухайн захирамжийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, өөрөөр хэлбэл шийдвэр гарснаас хойш 1 жилийн дараа мэдсэн нь хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд буй архивын лавлагаагаар тогтоогдож байна. Үүнээс гадна нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулах тухай ямар нэгэн мэдэгдэл өгсөн, утсаар болон бичгээр мэдээлсэн баримт огт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хамаарах захиргааны шийдвэр гаргах бол урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэж заасан байдаг. Мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны талаарх шаардлагуудыг зөрчсөн. Хэдийгээр хариуцагч талаас сонсох ажиллагаа явуулсан гэх баримт ирүүлсэн боловч энэ нь зөвхөн хэлбэр төдий, үр нөлөөгүй хэрэгжсэн нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Хэрэв сонсох ажиллагааг хуульд заасан шаардлагад нийцүүлэн үр дүнтэй зохион байгуулсан бол оролцогчдын тоо, мэдээлэлтэй байх байдал зэрэг нь харагдах байсан. Маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчид огт гардуулж өгөөгүй, утсаар мэдэгдээгүй, гэрийн хаягаар хүргүүлээгүй. Нэхэмжлэгч өөрөө хөөцөлдөж шалгуулсан тохиолдолд л ийм шийдвэр гарсныг мэдэх боломжтой байсан нь тодорхой байна. Энэ нь захиргааны байгууллага мэдээлэх, гардуулах үүргийг биелүүлээгүйг харуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ Засаг дарга хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч Ү.Э-д олгосон газар нь газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд давхацсан эсэхийг урьдчилан тогтоосон баримт байхгүй. Давхцалыг зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд хариуцагчаас захирамж гаргахдаа юуг үндэслэж, ямар баримтаар давхцалыг тогтоосон талаарх нэг ч нотлох баримт ирүүлээгүй. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь шинжээчийн дүгнэлтээр тухайн газар нь давхцалтай гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Хэрвээ давхцалтай байгаа бол хариуцагч талд тухайн газрын хэмжээ, байршлыг өөрчлөх эрх байна. Тухайн захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгосныг тодруулахад, газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхцуулан олгосон гэх үндэслэлийг дурдсан. Хэрэв үнэхээр төлөвлөгөөтэй давхацсан асуудал байгаа бол уг хууль бус байдлыг таслан зогсоох нэг боломж нь тухайн газрын байршил, хэмжээ, хил заагийг өөрчлөх, төлөвлөгөөтэй нийцүүлэх арга хэмжээ авах явдал юм. Ү.Э-д газар олгох бол газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцүүлэн тухайн газрыг нь өөрчлөх эсхүл ямар газрыг Ү.Э-д олговол хууль зөрчихгүй байх боломжтой эсэхийг хариуцагч хэрэгжүүлэх боломжтой. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр олгогдсон газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох боломжтой. Үүнээс бусад үндэслэлээр иргэний газрыг хүчингүй болгох, эрхэд нь халдах нь хууль бус юм. Хэрэв алдаа, зөрчил гарсан бол түүнийг таслан зогсоох, засварлах эрх хэмжээг Засаг дарга хэрэгжүүлэх боломжтой байсан ч ийм ажиллагаа хийгдээгүй. Дээрх үндэслэлүүдийг харгалзан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 569 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар байг, Булганхангай хорооллын ... м.кв газрыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн өөр газраар сольж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн газар авахын тулд хуульд заасан журмын дагуу бичгээр өргөдөл гаргаж, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсарган, гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй газар олгох хүсэлтээ гаргадаг. Тухайн үед газар олгогдсон 50 иргэний газар хүссэн өргөдөл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад болон аймгийн Засаг даргад ирээгүй, нэрс нь ч бүртгэлд байхгүй. Иргэд огт хүсэлт гаргаагүй байхад автоматаар Засаг даргын захирамжаар газар эзэмшигч болсон байна. Энэ нь засаг даргын хууль зөрчиж байгаа нь тогтоогдож байна. Газрын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хууль зөрчсөн үндэслэлийг тодруулбал, тухайн газар дээр ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдаж, хот байгуулалтын төлөвлөлт хийгдсэн байсан. Төлөвлөлтөд багтсан инженерийн шугам сүлжээ бүхий газарт иргэн, гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар олгох асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх эрхгүй. Энэ бол зөвхөн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын дагуу шийдвэрлэгддэг асуудал. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох субъект нь Эрдэнэбулган сумын Засаг дарга юм. 2022 онд аймгийн Засаг дарга өөрийн эрхийн хүрээнээс давж, төлөвлөлтийн бүсэд хамаарах газар дээр иргэдэд газар эзэмших эрх олгосон нь хууль тогтоомжийг илт зөрчсөн үйлдэл болсон. Үүний улмаас дараагийн Засаг дарга уг алдааг засаж, 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар тухайн төлөвлөгөөг хянаж шалгаж оруулах ёстой гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргаж байна. Хот байгуулалтын төлөвлөгөөг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн засаг даргад танилцуулах, батлуулах ажлыг аймгийн засаг даргын томилдог ерөнхий архитектор хариуцдаг. Гэтэл тухайн үед ерөнхий архитектор 50 иргэнд хамаарах зураглалыг оруулсан учраас мэргэжлийн байгууллага аль нэг нь тухайн үед хот байгуулалтыг тухай хуулийг зөрчсөн асуудлыг мэдээгүй өнгөрсөн асуудал үүссэн байдаг. Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитектор болон Архангай аймгийн Засаг дарга хурлаар оруулж батлуулсан асуудал дээр хууль зөрчигдсөн байдаг. Нэхэмжлэгч талаас газрын байршлыг өөрчлөх хүсэлт гаргаж байгаа боловч миний зүгээс тухайн газрын байршлыг өөрчлөх боломж байхгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн газрыг солиод өөр газар олгох эрх Засаг даргад Газрын тухай хуульд болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд  заагдсан эрх хэмжээ байхгүй. Йймгийн Засаг дарга нь зөвхөн иргэдээс ирсэн маргааныг шийдвэрлэдэг. Инженерийн шугам сүлжээ бүхий газар болон төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зориулалтаар газар олгох асуудлыг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай. Гэр бүлийн хэрэгцээний газрыг олгох эрх бүхий субъект нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын засаг дарга учраас Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэгч талын гаргасан саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талаас нэг жилийн дараа газраа хүчингүй болсныг мэдсэн, архиваас шүүлгэж холбогдох баримтуудаа авсан гэж тайлбарлаж байна. Захирамж гарсны дараа улсын байцаагч иргэд рүү холбогдсон байсан. Зарим иргэдийнх нь утас болохгүй байсан учраас холбогдож чадаагүй байсан. Тухайн үед ярьсан тэмдэглэлд бүртгэгдсэн утасны дугаар ашиглагдахгүй болсон байсан тул бид тухайн иргэнтэй холбогдож, нэмэлт тайлбар авч боловсруулах боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор маргаан нь бүтэн жилийн дараа үүссэн байна. Одоо уг маргаан шүүхээр шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гардаж авсан хугацаатай холбоотойгоор маргах зүйлгүй. Харин тухайн үед хуульд заасан мэдэгдэх ажиллагааг хийсэн гэдгээ онцлон хэлж байна. Хот байгуулалтын тухай хуулийн дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж, ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичгийг үл харгалзан, өмнөх хоёр удаагийн Иргэдийн хурлын тогтоолыг зөрчин газар олголт хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Хэрэв 2022 онд тухайн үеийн Засаг дарга төлөвлөлт батлагдсан талаар мэдэж байсан, эсхүл дараа нь мэдсэн тохиолдолд ч уг газар олголтыг хэрэгжүүлэхгүй байх, эсвэл хэрэгжүүлсэн байсан ч хүчингүй болгох боломжтой байсан гэж үзэж байна. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний А/569 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Газрын тухай хуульд зааснаар тухайн жилд батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь зөвхөн тухайн жилийн хэрэгжилтэд үйлчлэх баримт бичиг байдаг. Иймд 2021 онд батлагдсан 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь 2022 онд хэрэгжээгүй бол дахин ашиглагдах боломжгүй бөгөөд уг төлөвлөгөө автоматаар хүчингүй болсон гэж үзнэ. Шинэ төлөвлөлт батлагдаагүй тохиолдолд өмнөх жилийн төлөвлөгөөг дахин хэрэгжүүлэх боломжгүй гэв.

 

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018–2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Мөн тус ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төлөвлөгөөнүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх үүргийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар аймгийн Засаг дарга нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн эрхтэй. 2022 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга нь ерөнхий төлөвлөгөөгөөр төлөвлөлт хийгдсэн газартай давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Газрын тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг дарга нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Энэхүү захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан боломжит хэлбэрээр зохион байгуулсан. Тодруулбал, аймагт үйл ажиллагаа явуулдаг хоёр телевиз болон “Амьдрал” сониныг ашиглан олон нийтэд мэдээллийг хүргэж, иргэдийг сонсох ажиллагаанд оролцохыг уриалсан. Эхний зарлалын үеэр 3 иргэн ирсэн бол дахин зар түгээхэд хоёр телевиз болон хэвлэлээр дамжуулсан боловч нэг ч иргэн ирээгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ү.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь,

 

Нэг. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын талаар

 

1.1. Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дугаартай захирамжуудаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж, газар олгосон байх тул тус 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсэг хүчингүй болсноор Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон байна. Уг захирамжийн хавсралт 22-т Ү.Энхтөрд холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

 

1.2. Иргэн Ү.Энхтөрийн газар эзэмших эрхийн тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг үндэслэн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Булганхангай болон Шинэ наран хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсний 46-д Ү.Энхтөр багтжээ. (Хавтаст хэргийн 48-49 дэх тал)

 

1.3. Ийнхүү иргэн Иргэн Ү.Э-д ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан (Хавтаст хэргийн 13-16 дахь тал)

 

1.4. Ийнхүү маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшиж буй иргэн болох Ү.Э-с “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ү.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжийг гаргахдаа надад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу хийлгүй шийдвэр гаргасан. Түүнчлэн аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байхад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож хууль бус шийдвэр гаргаж. миний эзэмших эрхэд халдсан.” гэх үндэслэлийг дурдаж маргасан байна.

 

1.5. Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... Аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2022 оны №22 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, Архангай аймгийн “Тамир” телевизээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны зарыг нийтлүүлсэн боловч 3 иргэн ирсэн. Иймээс дахин сонсох ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт зохион байгуулахаар “Архангай амьдрал сонин”, “АВ” телевизээр зарыг нийтлүүлсэн боловч сонсох ажиллагаанд нэг ч иргэн оролцоогүй болно. Тухайн маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.5 дахь заалт “газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх" гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж заасныг зөрчсөн” гэж тус тус тайлбарлажээ.

 

Хоёр. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

 

2.1. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн хавсралтаар нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг цуцалсны дотор захирамжийн хавсралтын нэрсийн жагсаалтын 22-т Ү.Э-д холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (хавтаст хэргийн 23-25 дахь тал)

 

2.2. Тус захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн байх бөгөөд нэхэмжлэгчид иргэдэд газар эзэмших эрх олгосон болон эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсэг хүчингүй болсноор Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцжээ.

 

2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 02/1082 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн давхцалын зургаас үзэхэд, иргэн Ү.Э-н 300 м.кв талбай бүхий газар нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Булган хангай хорооллын засмал зам болон явган хүний замын  төлөвлөлттэй тус тус давхацсан болох нь тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал)

 

Гурав. Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх үндэслэлийн тухайд

 

3.1. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр гарахаас өмнө Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал)

 

3.2. Мөн тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал)

 

3.3. Тодруулбал, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байх бөгөөд уг ерөнхий болон хэсэгчилсэн /ерөнхий/ төлөвлөгөөнд нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх учиртай.

 

3.4. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3. дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.”, 25.4. дэх хэсэгт “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.” гэж заасны дагуу Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал)

 

3.5. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэг Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно: 24.1.1.-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэж тус тус заажээ.

 

3.6. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, аливаа хот, тосгон, суурины газар нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх зохицуулалттай, энэхүү хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь урт хугацаанд /12-16 жил/ хэрэгжиж, улмаар тухайн бүс нутгийн хөгжил, хүн амын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжлийн бодлого, зорилттой уялджээ.

 

3.7. Гэтэл маргаан бүхий энэ нөхцөлд, дээрх ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3.8. Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/100 дугаар албан бичигт “Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит долоодугаар хуралдаанаар “Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г 12 дугаартай тогтоол, “Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг” 13 дугаартай тогтоолоор тус тус баталсан. Дээрх тогтоолуудад нэмэлт, өөрчлөлт ороогүй, 2038 он хүртэл хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан байна” гэж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 918 дугаар албан бичгээр “Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолоор батлагдсан Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт ороогүй” гэж тус тус дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дөрөв. Хариуцагч маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ү.Э-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй эсэх, ийнхүү шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд

 

4.1. Хариуцагчаас маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., мөн зүйлийн 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэн урьд газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгожээ.

 

4.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу Засаг дарга урьд гаргасан захирамжийнхаа хууль тогтоомжид нийцээгүй хэсгийг эсхүл захирамжаа бүхэлд нь хүчингүй болгох эрхийг тухайн Засаг даргад хуулиар олгогдсон гэж үзнэ. Гагцхүү ийнхүү өмнө гаргасан захирамжаа Засаг дарга өөрөө хүчингүй болгох гол үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд хэрэгжихээр байна.

 

4.3. Хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, … хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид олгогдсон гэж үзнэ.

 

4.4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэг Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасан.

 

4.5. Өөрөөр хэлбэл хариуцагч аймгийн Засаг дарга нь урьд гаргасан эерэг нөлөөл бүхий шийдвэр буюу иргэдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ /захирамж/ хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд л хэрэгжихээр байна.

 

4.6. Энэ хэргийн тухайд хариуцагч нь маргаан бүхий актадаа Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэг “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.” Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар аймгийн Засаг даргаас урьд гаргасан захирамж нь дээрх байдлаар Газрын тухай хууль, Хот байгуулалтын хуулийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байх тул эл үндэслэлээр хүчингүй болгох эрх хариуцагч аймгийн Засаг даргад олгогдсон гэж үзнэ.

 

4.7. Дээрхээс дүгнэхэд, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5.-д заасан зарчимд нийцжээ.

 

4.8. Ийнхүү нэхэмжлэгч Ү.Э-н эзэмшиж байсан газар нь Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зураг төсөлтэй нийцээгүй, уг иргэдийн эзэмшиж байсан газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1., Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч аймгийн Засаг даргын гаргасан захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Тав. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ... м.кв газрын байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн адил чанарын өөр газраар сольж өөрчлөлт оруулахыг даалгах шаардлагын тухайд

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “... захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” хүрээнд тодорхойлсон.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын агуулгыг тайлбарлавал, аливаа захиргааны байгууллагын хууль бус татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол нэхэмжлэгч этгээд шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах талаар нэхэмжлэлээ тодорхойлох боломжтой. Нэхэмжлэгч Ү.Энхтөр нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ... газрын байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн адил чанарын өөр газраар сольж өөрчлөлт оруулахыг даалгах” агуулгаар тодорхойлсон нь дээрх хуулийн уг зохицуулалтад нийцэхээргүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5.3. Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь тус 300 м.кв газрын байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн адил чанарын өөр газраар сольж өөрчлөлт оруулах талаар бичгээр хүсэлтийг Засаг дарга бусад эрх бүхий этгээдэд гаргаагүй байх бөгөөд Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан уулзхад ийнхүү өөрчлөлт оруулах боломжгүй гэж амаар хэлж татгалзсан талаар шүүх хуралдаанд тайлбарладаг.

5.4. Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын хууль бус идэвхгүй эс үйлдэхүйн эсрэг чиглэдэг бөгөөд зорилго нь захиргааны акт гаргуулахад оршдог.

5.5. Энэ маргааны тухайд Нэхэмжлэгч Ү.Э-д газар эзэмших эрх олгосон Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжийг энэ шийдвэрийн өмнөх хэсэгт дүгнэснээр хууль бус гэж хүчингүй болгосон захиргааны актыг үндэслэлтэй гэж шүүхээс үзсэн тохиолдолд дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох даалгах шаардлага хангагдах боломжгүй болно.

 

5.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн дээрх ихэсгэсэн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10, 29.10.5-д зааснаар шийдвэрлэх боломжтой тул эл шаардлагыг гаргасан гэж тайлбарладаг.

5.7. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-т “Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно:, 29.10.5.-т “газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх;”

5.8. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл эрх бүхий этгээд нь бусдын хууль ёсоор эзэмшиж буй газрын хэмжээ, байршлийг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр өөрчилж болох эрх олгосон зохицуулалт бөгөөд энэ нь зөвхөн газар эзэмшигчийн эрх нь хууль ёсны дагуу хэрэгжиж буй тохиолдолд л хэрэгжихээр байна.

 

5.9. Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл хариуцагч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын дагуу шийдвэрлэх хууль зүйн боломж үгүйсгэгдэж байна.

 

5.10. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;” гэж зохицуулжээ.

 

5.11. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аймгийн Засаг дарга нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу төлөвлөлтөд тусгасан газраас өөрийн бүрэн эрхэд хамаарах газарт л газар эзэмшүүлэх шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргах боломжтой байдаг.

 

5.12. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын дагуу иргэний эзэмшиж байсан газартай дүйцүүлэн адил чанарын өөр газраар сольж өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

 

5.13. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж буй хариуцагчийн үндэслэл бодитой гэж үзэж нэхэмжлэлийн эл шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

Зургаа. Захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд

 

6.1. Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгээгүй гэх боловч, иргэдэд хамаарах газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлаар (нийт 50 иргэнд хамаарна) 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт сонсох ажиллагаа явуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2.-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан зохицуулалтын дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “АВ”, “Тамир” телевиз болон “Архангай амьдрал” сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн үйл баримт тогтоогдож байна. (хавтаст хэргийн 172-174 дэх тал)

 

6.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс  шүүх хуралдаан дээр надад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг мэдэгдээгүй. Би өөрөө сая 2025 оны 5 дугаар сарын 29-ны өдөр л захирамжийн хуулбарыг архиваас авсан гэж тайлбарладаг. (хавтаст хэргийн 53 дахь тал)

 

6.3. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6.-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно.,” 43.7.-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно.,” 43.8.-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй.” гэж зохицуулжээ. 

 

6.4. Маргаан бүхий энэ хэргийн тухайд захиргааны байгууллага мэдэгдэх ажиллагааг хуульд заасан арга, хэлбэрээр хийгээгүй байх боловч иргэдэд хамаарах газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлаар (нийт 50 иргэнд хамаарна) тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “АВ”, “Тамир” телевиз болон “Архангай амьдрал” сониноор дамжуулан нийтэд мэдээллэж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

6.5. Энэ маргааны тухайд сонсох болон мэдэгдэх ажиллагааг хуульд заасан арга, хэлбэрээр явуулсан ч нэхэмжлэгчид олгосон газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэх уг үйл баримтад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, зөрчлийг арилгах, сонсох ажиллагааны үр дүн болон хэзээ мэдсэн эсэхээс хамаарч нөхцөл байдал өөрчлөгдөхүйц үр нөлөөгүй байх бөгөөд сонсох болон мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй үндэслэлээр маргаан бүхий актыг шууд хүчинүй болгох хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

 

Иймд дээрх үндэслэлээр иргэн Ү.Энхтөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10, 29.10.5,  33 дугаар зүйлийн 33.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5., 48 дугаар зүйлийн 48.2.1. дэх заалтыг заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ү.Энхтөрийн Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ү.Э-рд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ... м.кв газрын байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн адил чанарын өөр газраар сольж өөрчлөлт оруулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ТҮВШИНТУЛГА