Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0088

 

2017 оны 01 сарын 25 өдөр Дугаар 221/МА2017/0088 Улаанбаатар хот

А.О, Ж.Б, Э.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч А.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, нэхэмжлэгч А.О-ын өмгөөлөгч Ж.Т, нэхэмжлэгч Ж.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгч Ж.Б, Э.Б нарын өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, А.О, Ж.Б, Э.Б нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2, 103 дугаар зүйлийн 103.1, 103.5, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3, 161.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О-ын Хан-Уул дүүргийн орон нутгийн сонгуулийн 12 дугаар тойргийн 34 дүгээр хэсгийн санал хураалтын дүнг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг тус дүүргийн сонгуулийн хороонд даалгах, нэхэмжлэгч Ж.Б, Э.Б нарын Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 дугаар тойргийн 34 дүгээр хэсэг, 13 дугаар хорооны 35 дугаар хэсгийн санал хураалтыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар Сонгуулийн дүнг гаргах тухай тогтоолын 12, 13 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эдгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Сонгогчдын санал авах тоолох зорилгоор сум дүүргийн хурлын тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр төвийг зарлана" гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А/49 дугаар тогтоолоор Сонгуулийн хэсгийг байгуулсан байна. Ийнхүү сонгуулийн хэсгийг байгуулахдаа Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд ямарч цэргийн ангийг оруулаагүй баталсан. Учир нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 793 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2016 оны ээлжит сонгуулийн хэсэг, хэсгийн сонгогчдын тоо, хамрагдах нутаг дэвсгэр, хэсгийн төвийн саналыг хүргүүлсэн байгаа юм. Уг ирүүлсэн саналд 12 дугаар хорооны 34 дүгээр хэсэгт цэргийн анги, албан хаагчдыг мөн оруулалгүйгээр саналыг хүргүүлсэн байдаг. Гэтэл санал авах өдрөөс 14 хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс, санал авах өдрөөс 7 хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан А/49 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн байдаг.

Үүнд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 231 тоот албан бичгээр А/49 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүйг хариу мэдэгдсээр байтал Хан-Уул дүүргийн сонгуулийн Хороо А/49 дүгээр тогтоолд ороогүй цэргийн ангийг сонгуульд оролцуулж санал өгүүлсэн байдаг. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 болон 23.4-т заасан "нэгэнт байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг байгуулсан этгээд нь санал авах өдрөөс 14-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагын зөвшөөрлөөр шийдвэрлэж болно" гэснийг зөрчсөн байгаа юм. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны санал авах 34 дүгээр хэсэгт цэргийн ангийг нэмж нийлүүлэхэд Сонгуулийн төв байгууллагын зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд тухайн хэсгийг байгуулсан этгээд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонгуулийн хэсгийг өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан билээ.

Мөн түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.12-т "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг дүүргийн, сонгуулийн хороонд хүргүүлнэ", 61.13-т "Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна" гэж заасныг зөрчиж, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх журмыг ноцтой зөрчсөн байгаа юм. Энэ нь сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.16-т "Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно" гэснийг зөрчсөн үйлдэл болжээ. Нэгэнт сонгуульд санал өгөх хэсэгт ороогүй цэргийн анги, сонгогчдын нэрсийн жагсаалтад хууль зөрчин байж цэргийн ангийг сонгуульд оролцуулж саналын дүнг нэгтгэн зарлаж байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5-т "сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн" үйлдэл болсон байх бөгөөд энэ үйлдэл сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байгаа тул зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах нөхцөл байдал хангалттай бүрдсэн байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн 103.3-т зааснаар "сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөх гэдгийг санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно" гэсэн байх ба А.О нь 12 дугаар тойрогт 1013 хүний санал авсан бол түүний өмнө сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч О.Анхбаяр нь 1066 хүний санал авсан. А.О болон О.А нарын хооронд 53 хүний саналыг зөрүү байгаа нь цэргийн ангиас санал өгсөн 200 гаруй хүнээс бага байгаа юм. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 103.3-т заасан нөхцөлийг хангаж байна. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх бүх хуулийн зөрчлийг зөвтгөж хэрэглэсэн нь алдаатай байх бөгөөд шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 11.1-ийг гол үндэслэл болгон баримталсан бололтой байдаг. Бидний гаргаж буй нэхэмжлэл бол "цэргүүд санал өгсөндөө биш" гагцхүү хууль зөрчиж цэргийн ангийг санал өгүүлсэн Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны үйл ажиллагааг эс зөвшөөрч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 3.1.2 дахь хэсгийг мөн барьсан байх боловч Сонгуулийн тухай хуулийг зөрчин байж сонгогчдын нэрийн жагсаалтад орсон хүн бүрийг сонгогч гэж үзэх мэтээр хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь алдаатай болжээ. Нөгөө талаас нь авч үзвэл Сонгуулийн хуулийг зөрчиж цэргийн ангийг санал хураалтад оролцуулсан нь Хан-Уул дүүргийн 12 хорооны иргэдийн сонгох эрхийг зөрчсөн үйлдэл мөн билээ. Цэргийн ангийг эсэргүүцэж 12 дугаар хорооны 1000 гаруй иргэн гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ж.Б, Э.Б-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн хурлын тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан /"саналыг үндэслэн" гэж хууль тогтоогчоос тогтоогоогүй байгааг анхааран үзнэ үү/ тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана." гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А/49 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгүүдийн нутаг дэвсгэр. төвийг хавсралтаар баталсан.

Тус сонгуулийн хэсгийг байгуулахдаа Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд ямарч цэргийн ангийг оруулаагүй баталсан. Гэтэл санал авах өдрөөс 14 хоногийн өмнө Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс, санал авах өдрөөс 7 хоногийн өмнө Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооноос Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан А/49 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 231 тоот албан бичгээр А/49 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүйг хариу мэдэгдсээр байтал Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо энэхүү А/49 дүгээр тогтоолын 12-р хорооны 34-р хэсэг, 13-р хорооны 35-р хэсэгт багтаагүй Зэвсэгт хүчний 120, 326 дугаар цэргийн ангийн алба хаагчдыг сонгуульд оролцуулан санал өгүүлсэн юм.

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 болон 23.4-т заасан "нэгэнт байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг байгуулсан этгээд нь санал авах өдрөөс 14-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагын зөвшөөрлөөр шийдвэрлэж болно" гэснийг зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны санал авах 34 дүгээр хэсэг, 13-р хорооны 35-р хэсэгт цэргийн ангийг нэмж бүртгэхэд Сонгуулийн төв байгууллагын зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд тухайн хэсгийг байгуулсан этгээд болох Хан-Уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонгуулийн хэсгийг өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүхээс шийдвэрээ гаргахдаа А/49 дүгээр тогтоолын 12-р хорооны 34-р хэсэг, 13-р хорооны 35-р хэсэгт багтаагүй Зэвсэгт хүчний 120, 326 дугаар цэргийн ангийн алба хаагчдыг сонгуульд оролцуулан санал өгүүлсэн Дүүргийн сонгуулийн хорооны дээрх хууль зөрчсөн үйлдлийг үл харгалзан буюу сонгуулийн тухай хуулийн 23.1, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад гагцхүү Сонгуулийн тухай хуулийн 11.1 болон цэргийн алба хаагчдын сонгох эрхэд үндэслэн шийдвэрээ гаргасан нь учир дутагдалтай байна.

Мөн Зэвсэгт хүчний 120, 326 дугаар цэргийн ангийн алба хаагчдыг тэдгээрийн байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасахгүйгээр санал өгүүлсэн нь сонгуулийн тухай хуулийн 61.11, мөн хуулийн 61.12-т "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг дүүргийн, сонгуулийн хороонд хүргүүлнэ", 61.13-т "Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна" гэж заасныг зөрчиж, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх журмыг ноцтой зөрчсөн. Энэ нь сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.16-т "Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно" гэснийг зөрчсөн үйлдэл юм.

Гэтэл анхан шатны шүүхээс энэ хууль зөрчсөн асуудалд дүгнэлт хийхдээ мөн л цэргийн ангийн алба хаагчид сонгох эрхээ эдлэх эрхтэй болон сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар цэргийн алба хаагчдыг сонгогч хэмээн үзэж дүүргийн сонгуулийн хороо болон санал авах байрны ахлах зохион байгуулагч нарыг буруутгах боломжгүй гэж үзэж буй нь сонгуулийн тухай хуулийн 34.1.1 "сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээ авах", 34.1.2-т заасан дүүргийн сонгуулийн хорооны сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, сахин биелүүлэх явдлыг хангах үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч А.О нь ...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/49 дүгээр Сонгуулийн хэсэг байгуулах тухай тогтоолоор сонгуулийн хэсгүүдийн нутаг дэвсгэр, төвийг баталсан, ...12 дугаар тойргийн 33, 34 дүгээр хэсгүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар анги тусгагдаагүй, ...33 дугаар хэсэгт 1860, 34 дүгээр хэсэгт 2210 нийт 4072 сонгогч байхаар тоог нь заасан. Гэтэл сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчин цэргийн ангийн албан хаагчдыг нэмж 4230 сонгогч санал өгснөөр Сонгуулийн тухай хууль, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хэсэг байгуулах тухай 49 дүгээр тогтоолыг ноцтой зөрчсөн. Миний бие өмнөх хүнээсээ 53 хүний саналаар дутуу байсан бөгөөд байнга оршин суудаггүй цэргийн албан хаагчдыг хууль бусаар санал өгүүлснээр сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн... гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн орон нутгийн сонгуулийн 12 дугаар тойргийн 34 дүгээр хэсгийн санал хураалтын дүнг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг тус дүүргийн сонгуулийн хороонд даалгуулах гэж,

нэхэмжлэгч Ж.Б, Э.Б нар нь ...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хэсэг байгуулах тухай тогтоолд 12 дугаар тойргийн 33, 34 дүгээр хэсэг, 13 дугаар хорооны 35, 36 дугаар сонгуулийн хэсэгт багтаагүй Зэвсэгт хүчний 120, 326 дугаар цэргийн албан хаагчдыг сонгуульд оролцуулан санал өгүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтан нь дээрх батлагдсан сонгуулийн хэсэгт багтаагүй зэвсэгт хүчний 120, 326 дугаар цэргийн ангийн алба хаагчдыг сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэж хууль бус үйл ажиллагаа явуулсан. Мөн дээрх цэргийн ангийн алба хаагчдыг тэдгээрийн байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасахгүйгээр санал өгүүлж Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.11 дэх заалтыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон. Цэргийн албан хаагчдыг оролцуулан санал өгүүлснээр Ардчилсан намаас тус тойргуудад нэр дэвшигч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 12, 13 дугаар тойргийн хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцуулах, тус дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Сонгуулийн дүнг гаргах тухай 20 дугаар тогтоолын 12, 13 дугаар тойргийн хэсэгт явуулсан санал хураалтын дүнд холбогдох заалтыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Харин хариуцагчаас ... дүүргийн Сонгуулийн хороонд Сонгуулийн тухай хуулийн 23, 34, 61 дүгээр зүйлд зааснаар сонгуулийн хэсэг байгуулах, нэрсийн жагсаалт гаргах эрх хэмжээ олгогдоогүй ... сонгуулийн хэсэг байгуулах, нэрсийн жагсаалттай холбогдолтой асуудлаар ямар нэг шийдвэр гаргаагүй ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн сонгогчийн нэрийн жагсаалтыг өөрчилсөн үйлдэл үйл ажиллагаа байхгүй... гэж тайлбарлан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан ... ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,

Нэхэмжлэгч Ж.Б, Э.Б нараас дүүргийн Сонгуулийн хорооны 12, 13 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг... гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байх ба дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/49 дүгээр Сонгуулийн хэсэг байгуулах тухай тогтоолын хавсралтаас үзвэл 12, 13 дугаар хэсэгт 33, 34, 35, 36 дугаар хэсэг байхгүй, харин 12-р хороо нутаг дэвсгэр гэх хэсэгт 33, 34 дүгээр хэсэг, 13 дугаар хороо, нутаг дэвсгэр гэх хэсэгт 35, 36 дугаар хэсгүүд багтсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг болон дээрх нэхэмжлэгчдийн тухайд сонгогдсон нэр дэвшигчээс саналын хувьд хэрхэн зөрүүтэй байсныг, түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.11 дэх хэсэг зөрчигдсөн гэсэнтэй холбоотой үйл баримтыг тодруулаагүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэх талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн тухай хуулийн 23.1, 23.2 дахь хэсэг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016.08.05-ны өдрийн 11/8951 тоот албан бичиг-ийг үндэслэн тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар сонгуулийн 46 хэсгийг байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/49 дүгээр Сонгуулийн хэсэг байгуулах тухай тогтоолын Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төв гэх хавсралтын сонгогчдын хаяг байршлыг заасан Хэсгийн нутаг дэвсгэр гэх хүснэгтэд Зэвсэгт хүчний 120, 326 дугаар анги ороогүй болох нь,

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 1058 тоот Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан тоот ирүүлсэн байна... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/49 тогтоолын холбогдох хэсэгт тус дүүргийн 12,13 дугаар хороонд байрших зэвсэгт хүчний 120, 326 дугаар цэргийн ангийг нэмж оруулах арга хэмжээг авч өгнө үү гэх агуулга бүхий Хүсэлт гаргах тухай албан бичгээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандсан, харин тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 213 тоот албан бичгээр ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 11/8951 тоот албан бичиг, дүүргийн УБСХ-ийн ... 793 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг харгалзан Сонгуулийн хэсэг байгуулах тухай тогтоолыг батлан гаргасан тул ...А/49 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй... гэх хариу хүргүүлсэн болох нь тус тус тогтоогджээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ...тус газраас сонгогчдын нэрийн жагсаалтыг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. Мөн хуулийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтанд зохих журмын дагуу өөрчлөлт оруулан сонгогчдын нэрийн жагсаалтыг хэвлэж, 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах байранд хүргүүлсэн болно... гэх 6-1/11883 дугаар албан бичиг авагджээ.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хариуцагч дүүргийн Сонгуулийн хороонд тухайн үед Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 1058 тоот гэх ямар агуулгатай албан бичиг хүргэгдсэн, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалт ямар байдлаар үйлдэгдэж хүргэгдсэн, мөн тус газраас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус дүүргийн сонгуулийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалт өөрчлөгдөж хүргэгдсэн эсэх, хүргэгдсэн бол ямар шалтгааны улмаас хэрхэ н өөрчлөгдөж хүргэгдсэн талаарх үйл баримтууд тус тус тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн сонгуулийн маргаан бүхий хэсгүүдэд ямар байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад зэвсэгт хүчний , дугаар цэргийн ангийн албан хаагчдыг оролцуулах болсон, дүүргийн Сонгуулийн хорооноос ямар шалтгааны улмаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандаж дээрх цэргийн ангиудыг сонгуульд оролцуулахаар хүсэлт гаргаж байсантай холбоотой үйл баримтуудыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч нараас ...Хан-Уул дүүргийн Сонгуулийн 12 дугаар хорооны санал авах 33, 34 дүгээр хэсгүүдэд цэргийн ангийг нэмж санал өгүүлэхэд Сонгуулийн төв байгууллагын зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд тухайн хэсгийг байгуулсан этгээд болон Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонгуулийн хэсгийг өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан... Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.12, 61.13, 61.16-д заасныг зөрчиж сонгуульд санал өгөх хэсэгт ороогүй цэргийн ангийг сонгуульд оролцуулж саналын дүнг гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5-д заасан сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих, санал авах ажлын зохион байгуулах журмыг зөрчсөн үйлдэл нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж сонгуулийн хэсгийг байгуулсан байхад хууль бусаар цэргийн ангиудыг сонгуульд оролцуулсны улмаас ... гарсан зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн буюу Сонгуулийн тухай хуулийн 103.3-т заасан нөхцөл үүссэн... дүүргийн сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, сахин биелүүлэх явдлыг хангах үүргээ биелүүлээгүй... гэх зэргээр тайлбарлан маргасан байна.

Гэтэл шүүх ... зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангиудын тухайн сонгууль оролцох эрх бүхий иргэдийн нэрийн жагсаалт нь Нийслэлийн архивын газрын сан хөмрөгт хадгалагдаж буй Хан-Уул дүүргийн 2016 оны ээлжит сонгуулийн 12.13 дугаар хорооны холбогдох хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалттай таарч байгаагаас гадна холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй болох нь тогтоогдож байна... цэргийн албанаас өмнөх өдөр халагдсан цэргүүдийг хууль бусаар сонгуульд оролцуулсан гэх нэхэмжлэгчдийн тайлбар үндэслэлгүй... Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргадаг тул цэргийн албан хаагчид санал хураалтын дүнд хэрхэн, яаж нөлөөлснийг бодитоор тогтоох боломжгүй... гэж маргаж буй үндэслэлээс өөр үндэслэлээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүйн дээр нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэл тус бүртэй холбогдуулан маргааны үйл баримтад хамаарах холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж тэдгээрт үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх үүргээ хангалттай гүйцэтгээгүй нь учир дутагдалтай байна.

Иймд дээр дурдсан зөрчлүүд засагдаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ