Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 295

 

“О ш” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хүнс, хөдөө аж ахуй,

хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:        Ч.Тунгалаг

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                  Б.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Журмын заалт хүчингүй болгох тухай” А-01 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулсан өөрчлөлт хууль бус байсан болохыг тогтоолгох,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/76 дугаар тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.7-ын доор хийсэн “Дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй” гэх нэмэлт тайлбар заалт хууль бус байсан болохыг тогтоолгох”,           

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Э-О, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Журмын заалт хүчингүй болгох тухай” А-01 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулсан өөрчлөлт хууль бус байсан болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/76 тоот тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.7-ын доор хийсэн “Дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй” гэх нэмэлт тайлбар заалт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

        Гомдлын үндэслэл:

2.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

3. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Журам батлах тухай” А-76 дугаар тушаал уг журмыг баталсан байдаг.

4. Журам боловсруулах үеийн хэлэлцүүлэг, нөлөөллийн шинжилгээний тайлбар хэсэгт “Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор баталсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны хурлаас шалгарч дэмжигдсэн боловч санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүдэд тухайн төсөл сонгон шалгаруулалтад тавьсан нөхцөл болзлын дагуу зээлийн санхүүжилтийг нөхөн олгох зохицуулалтыг оруулсан ба энэ нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй, нэг удаагийн зохицуулалт юм” гэсэн тайлбарыг хүргүүлж уг тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж мөрдөж ажиллаж байсан.

5. Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодит өсөлт, мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална” гэж заасны дагуу 75 тэрбум төгрөгийг Жижиг, дундын сангийн санхүүжилтэд олгуулахаар төсвийн төсөлд тусгаж санал хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын чуулганаар тухайн жилийн төсөв хэлэлцэх явцад хасагдаж батлагдсан.

6. 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдсон зээлүүд нь өмнөх жилүүдэд олгогдож байсан зээлийн эргэн төлөлтөөс санхүүжигдэж байсан бөгөөд хэрэв төсөв, санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан бол уг нэр бүхий иргэдийн зээл бүрэн олгогдох боломжтой байсан. Иймд нэгэнт төсөв батлагдаагүй зээлийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй тохиолдолд шинээр зарласан төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй нэг удаагийн зохицуулалт байсныг нотлох баримтаар хүргүүлсэн байтал шүүх үнэлсэнгүй гэж үзэж байна.

7. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-ийг удирдлага болгосон байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох”-оор заасан байх тул хуулийн үндэслэл удирдлага болгосон заалтыг буруу хэрэглэж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

9. Иймд, хариуцагчийн зүгээс нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа тул нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний А/76 дугаар тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.7-д “3ахиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаас шалгарч дэмжигдсэн боловч санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүдэд тухайн төсөл сонгон шалгаруулалтад тавьсан нөхцөл, болзлын дагуу зээлийн санхүүжилтийг нөхөн олгож болно” гэж заахдаа “…дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй” гэх тайлбар хийсэн, мөн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А-01 дүгээр тушаалаар энэ заалтыг хүчингүй болгосон, түүнчлэн, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/119 дүгээр тушаалаар уг журмыг бүхэлд нь хүчингүй болгож, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталжээ.

11. Нэхэмжлэгч “О ш” НҮТББ-аас дээр дурдсан журмын 6.7 дахь заалтын “дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй” гэх нэмэлт тайлбар хууль бус байсан болохыг тогтоолгох, уг заалтыг хүчингүй болгосон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А-01 дүгээр тушаал буюу “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулсан өөрчлөлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагууд тус тус гаргаж, үндэслэлээ “...журмын дагуу явагдсан төсөл сонгон шалгаруулалтын дүнд дэмжигдсэн төсөл санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжилт авч чадаагүй бол нөхөн олгох үүргээс өөрийн байгууллагыг чөлөөлсөн шинжтэй зохицуулалт болсон, энэхүү тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах үүргээс өөрийн байгууллагыг хэм хэмжээний акт батлах замаар чөлөөлсөн, ... 2016, 2017 онд шалгарч дэмжигдсэн боловч санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүд санхүүжилтээ нөхөн авах боломжгүй болсон нь тэдгээрийн хууль ёсны итгэлийг эвдсэн, иргэд аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны итгэл хамгаалагдах, хангагдах боломжгүй болсон” гэх зэргээр маргасан байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “тусгай журмаар шийдвэрлэх маргаан”-ыг нэрлэн заасны дотор 112.1.1-д “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-ыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэхээр заасан, хуулийн энэ үндэслэлээр  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 193 дугаар захирамжаар дээр дурдсан хоёр шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэжээ.

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “О ш” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх  нэхэмжлэгчийн “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Журмын заалт хүчингүй болгох тухай” А-01 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулсан өөрчлөлт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актын шинжийг ялгамжтай тодорхойлсон материаллаг хуулийн заалтуудыг тайлбарлаж хэрэглээгүй, “... уг тушаалаар хэм хэмжээ тогтоогоогүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, маргаан бүхий “...журамд оруулсан өөрчлөлт”-ийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт” гэж давж заалдах шатны шүүх үзсэн тохиолдолд, ийм маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх эрх хэмжээ тус шүүхэд хуулиар олгогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хууль хэрэглээний алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох  нь зүйтэй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Э-О, түүний өмгөөлөгч Ж.Э нараас шүүх бүрэлдэхүүнд гаргасан “::: давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй. 

15. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “... журмын 6.7 дахь заалтын “дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй” гэх нэмэлт тайлбар заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актын хувьд гаргах боломжтой, харин хэм хэмжээний актын тухайд гаргах боломжгүй” гэх дүгнэлт хийсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлийг баримталсан нь мөн хууль хэрэглээний алдаа болно. 

-    ... хүчингүй болсон хэм хэмжээний актыг “хууль бус байсан болохыг тогтоох” шүүхийн эрх хэмжээний талаар:    

16. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, түүнчлэн захиргааны хэм хэмжээний акт нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэнээр “хүчин төгөлдөр” болохоор, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг ... /хуульд/ заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд, эрх бүхий этгээдээс баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам” нь дээрх шинжүүдийг агуулсан “захиргааны хэм хэмжээний акт” бөгөөд.түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэр нь дээрх хуулийн шаардлагыг хангаснаар мөн “хэм хэмжээний акт”-ын бүрдэл хэсэг болно.

17. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас хэм хэмжээ тогтоох бүрэн эрхийн хүрээнд, нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь “хууль тогтоомж”-ийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “хууль”-ийг аливаа шалгуураар хянах эрхийг ердийн шүүхэд Үндсэн хуулиар олгоогүй, харин хуульчилсан акт буюу хэм хэмжээний актыг хязгаартай хүрээнд хянах эрхийг захиргааны хэргийн шүүхэд олгосон, ингэхдээ, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд хэм хэмжээний актын хууль ёсны эсэхийг тодорхойлох шалгуурыг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн доорх заалтуудаар шүүхийн хяналтын хүрээ хязгаарыг тус тус нарийвчлан тогтоосон, хууль тогтоогчоос захиргааны хэргийн шүүхэд олгосон “хууль тогтоомжийг хянах” эрхийн хүрээг шүүхээс дэлгэрүүлэн тайлбарлах замаар нэмэгдүүлж болохгүй.

18. Харин хэм хэмжээний акт батлан гаргах хуулиар хүлээсэн үүрэгтэй этгээд уг үүргээ биелүүлэхгүй буюу хэм хэмжээний актыг батлан гаргахгүй байгаа, үүний улмаас нийтийн ашиг сонирхол, эсхүл сонирхогч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь шүүхийн журмаар тогтоогдсон тохиолдолд, тухайн эрх бүхий этгээдэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэм хэмжээний акт батлан гаргахыг даалгах боломжтой, энэ нь “хууль тогтоомжийг хянах эрх”-ийн агуулгад хамааралгүй юм.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд юуг хамааруулж үзэхийг, 106 дугаар зүйлийн 106.3-т захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийн төрлүүдийг нэрлэн заасны дотор 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл...” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус тусгайлан заасан байхад, нэхэмжлэгч “О ш” НҮТББ-аас гаргасан “... /хүчингүй болсон/ хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй.

20. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэсэн нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдвол түүнийг шүүхээс хүчингүй болгох боломжийг хуулиар тогтоосон, түүнчлэн, хэм хэмжээний акт хуульд нийцээгүй, тухайлбал, хуулиар тусгайлан заагаагүй асуудлаар хэм хэмжээ тогтоосон, эрх олгогдоогүй этгээд хэм хэмжээний актыг батлан гаргасан, зохих журмын дагуу бүртгүүлээгүй гэх зэрэг үндэслэлээр тухайн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоох боломжтой юм. Энэ тохиолдолд, нэхэмжлэгчээс дээрх үндэслэлүүдийн аль нэгийг дурдаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэм хэмжээний акттай маргаагүй байна.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй, нэхэмжлэгчийн “... 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу /хүчингүй болсон/ хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх өөрийн санаачлагаар залруулан тайлбарлах эрхгүй, түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлагаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан “захиргааны хэм хэмжээний акт ... хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шийдвэр гаргах боломжгүй.

22. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”-оор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны дотор, хуульд заасан үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч захиргааны актын эрх зүйн үйлчлэлийг ямар нэг байдлаар дуусгавар болгосон, эсхүл тодорхой нэг тохиолдол зохицуулагдаж эрх зүйн үр дагавар гарсан, нэг удаагийн үйлчлэл хэрэгжээд дууссан тохиолдолд, түүний хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа болох нь шүүхийн журмаар тогтоогдвол дээрх шийдвэрийг шүүх гаргах боломжтой байна.

 23. Гэтэл, нэхэмжлэгч “О ш” НҮТББ-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасныг баримтлан эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон хэм хэмжээний актуудыг “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шүүхээс шийдвэр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хүлээж авч шийдвэрлэх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ...  /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.

-    ... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн талаар:

24. Захиргааны хэргийн шүүх “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа” этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан заасан “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх”-д хамаарах асуудлууд, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь “нийтийн ашиг сонирхол”-д хэрхэн холбогдож байгаад дүгнэлт хийх ёстой, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.  

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар, 20 дугаар зүйлийн 20.3-т “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглох”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй /нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах/”-аар, 106 дугаар зүйлийн 106.3.10-т “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг /шүүх/ тогтоох”-оор тус тус хуульчилжээ.

26. Энэхүү зохицуулалт нь мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан тодорхой нэг төрлийн харилцаанд оролцогч олон тооны этгээдүүдээс шүүхэд хамтран нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг, эсхүл хэд хэдэн этгээдийг өөрсдийн ашиг сонирхлоо төлөөлүүлэхээр томилох, эсхүл урьдчилан томилогдсон этгээдээс тэдгээрийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах журмаас ялгаатай байна.

27. Нэхэмжлэгч “О ш” НҮТББ-аас “... нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхийн хүрээнд... нэхэмжлэлийн шаардлага гаргасан”, “... маргаан бүхий журмын 6.7 дахь заалтад хийсэн тайлбар болон, ... /журмын мөн заалт/-ыг хүчингүй болгосноор нэр бүхий 54 иргэн, аж ахуйн нэгжийн … /хөнгөлттэй зээл авах эрх зөрчигдсөн/”,  “... нийтийн өмчид хууль бусаар халдсан” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, “... нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хөнгөлттэй зээл авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжүүд буцаад зээл авах боломжтой болно, ... хохирлоо шаардах эрхтэй болно” гэжээ. 

28. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс “нийтийн өмчийг хамгаалах асуудлаар” шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл нь “нийтийн өмч дэх нийтийн ашиг сонирхол” хөндөгдөж зөрчигдсөн байх явдал бөгөөд түүнийг нийтийн ашиг сонирхлын өмнөөс хамгаалах шаардлага гарсан байх, уг харилцаанд нийтийн ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдол үүссэн  байх агуулгатай, харин эрх зүйн ерөнхий харилцаанд оролцогч этгээдүүдээс тодорхой этгээдийг нэрлэн зааж, түүний субьектив эрхийг хангуулах зорилгоор гаргасан нэхэмжлэл нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх” агуулгад хамааралгүй.

29. Өөрөөр хэлбэл, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөнөөс хэн нэг этгээд эсхүл хэсэг нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлттэй зээл олгоогүй, үүний улмаас тухайн этгээдүүд хохирсон, “хөнгөлттэй зээл авах” иргэн, хуулийн этгээдийн субьектив эрх зөрчигдсөн гэх асуудал нь “нийтийн өмч дэх нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн байх” агуулгад хамааралгүй, харин хөнгөлөлттэй зээл олгоогүйн улмаас хохирсон гэх нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж нь захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэх асуудал нь субьектив эрх зөрчигдсөнтэй холбогдох маргаан бөгөөд, уг асуудлаар тухайн этгээд хуулиар тогтоосон журмын дагуу шүүхэд хандаж, гомдол нэхэмжлэл гаргах, хохирол төлбөрөө тогтоолгох, буруутай этгээдээр төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдаар өөрийгөө төлөөлүүлэх эрхийг хуулиар хязгаарлаагүй байна.  

30. Иймд, “О ш” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлд  нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ тохиолдолд, нэхэмжлэгчийг “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нийтийн өмчийг хамгаалах асуудлаар” шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй. 

-    ... “хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим” хэрэгжих үндэслэлийн талаар:

31. Нэхэмжлэгчээс “захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим зөрчигдсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ “хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим”-ын агуулгыг тайлбарлаагүй, уг зарчмыг маргааны үйл баримтуудад холбогдуулж дүгнэлт хийсэнгүй.

32. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “... /захиргааны үйл ажиллагаанд/ хууль ёсны итгэлийг хамгаалах /зарчмыг баримтлах/”-аар заасан, ингэхдээ уг зарчмын агуулгыг “... Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” хэмээн тодорхойлжээ.

33. Үүнээс үзвэл, “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ын ерөнхий агуулга буюу хэрэглээ нь захиргааны үйл ажиллагаа буюу тодорхой актын улмаас тухайн чиглэсэн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавартай “итгэл” үүссэн тохиолдолд, уг актын “хууль бус” байдал хожим тогтоогдсон ч нэгэнт үүссэн итгэлийг “хууль ёсны” гэж үзэж хамгаалах, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан онцгой үндэслэлүүдээс бусад тохиолдолд, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байх, өөрөөр хэлбэл хууль бус байсан ч түүнийг хүчингүй болгохгүй, ингэснээр тухайн захиргааны актын хандсан этгээдийн итгэл хамгаалагдах ойлголт юм.

34. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “О ш” НҮТББ-аас иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэрлэн зааж, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын маргаан бүхий заалт, түүнийг хүчингүй болгосны улмаас “хууль ёсны итгэл нь хамгаалагдаагүй” гэх боловч, уг хэм хэмжээний актыг батлан гаргасан, түүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн нэрлэн заасан иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар шууд үүссэн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий журмын “... зээлийн санхүүжилтийг нөхөн олгож болно” гэх заалт батлагдсанаар  иргэн, аж ахуйн нэгжид  мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар шууд үүсэхгүй, харин хөнгөлттэй зээл олгох талаар тухайн этгээдэд “шууд чиглэсэн” захиргааны акт гарсан, эсхүл зээлийн гэрээ байгуулагдсанаар түүнд тухайн зээлийн хэмжээгээр буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх боломжтой гэж үзнэ.

35. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс батлан гаргасан “хууль тогтоомж” буюу тодруулбал, захиргааны хэм хэмжээний акт нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захиргааны актын адил аливаа нэг иргэн, хуулийн этгээдэд шууд чиглэж, түүнд хууль зүйн үр дагавар шууд үүсгэдэггүй тул “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” нь олон нийт, эсхүл тодорхой иргэн, хуулийн этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах, өөрчлөх, эсхүл түүнийг хүчингүй болгохыг шаардах эрхийн шууд үндэслэл болохгүй. 

36. Иймд, нэхэмжлэгчийн “... /журмын заалтыг/ хүчингүй болгосноор нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны итгэлийг эвдсэн, ... хууль ёсны итгэл хамгаалагдах, хангагдах боломжгүй болсон” зэрэг тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын агуулгад нийцэхгүй, уг зарчмыг тухайн тохиолдолд, нэхэмжлэгч буруу ойлгож маргажээ гэж дүгнэлээ.

37. Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлтэй, харин шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж байгаа тул “... нэгэнт төсөв батлагдаагүй зээлийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй тохиолдолд шинээр зарласан төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй нэг удаагийн зохицуулалт байсныг нотлох баримтаар хүргүүлсэн байтал шүүх үнэлсэнгүй” гэх зэрэг гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй.

38. Хяналтын шатны шүүхийн энэхүү шийдвэр, дүгнэлтүүд нь уг маргааны үйл баримтын талаар нэхэмжлэгчээс өөр бусад байдлаар шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдаж, “О ш” НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “О ш” НҮТББ-аас гаргасан “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Журмын заалт хүчингүй болгох тухай” А-01 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулсан өөрчлөлт хууль бус байсан болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний А/76 дугаар тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.7-ын доор хийсэн “Дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй” гэх нэмэлт тайлбар заалт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА