Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 501

 

Ц.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 599 дүгээр магадлалтай, Ц.Нд холбогдох 201725021045 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй,

1996 оны 2 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1997 оны 3 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ял,

1998 оны 4 дүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял,

1999 оны 2 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сар хорих ял,

2001 оны 7 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ял,

2010 оны 12 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

2013 оны 10 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж суллагдсан, Д овогт Ц.Н нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц.Нд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Ц.Нг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг давтан орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ц.Нг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Нгийн нийт эдлэх ялыг 11 жил 6 сарын хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 676 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Нгээс нийт 4.960.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ч.Нт 740.000 төгрөг, хохирогч Л.Эд 3.300.000 төгрөг, хохирогч П.Лд 920.000 төгрөгийг тус тус олгуулах,

амь хохирогч Ж.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чийн 6.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Н гаргасан гомдолдоо:

“1.Прокурор, мөрдөн байцаагч нар нь нотлох баримтыг сайн нягталж шалгалгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсныг буруутгах гол шалтгаан болгож, олон зүйлийг дутуу бүрдүүлж тулган тасалж олон жилийн ял оноосонд гомдолтой байх тул шүүгч та бүхэн үнэнийг олж, хэргийн үнэн мөнийг олж өгнө гэдэгт итгэлтэй байна.

2.Гэрч Мийн мэдүүлэгт /Данхар Б/ Б өвгөн, Н, өөр нэг үл таних хүний тухай яригддаг. Энэ 3 хүн Атай архи уусан, зодоон хийсэн, үл таних хүний тухай мэдүүлэг өгсөн, талийгаачийн хувцаснаас хэрэгт холбоогүй хүний цусны “ДНК” илэрсэн. Мөрдөн байцаагч нь энэ хүнийг олж байцаалт авах, цусны шинжилгээ хийх зэрэг олон зүйлд хайнга хандсан.

3.Тухайн хэрэг гарсан байранд 3 ширхэг тоосгоны 2 ширхэг тоосгыг шинжээч нар эд мөрийн баримтаар авч явсан. 3 дахь тоосго алга болж байцаагч Нямбаяр зам шалгалтаар намайг авч явж хэрэг баримтжуулах үед цусны толботой тоосгыг цонхны доороос гаднаас олсон. Энэ тоосгыг эд мөрийн баримтаар хурааж, дараа нь алга болсон. Битүүмжилсэн байрыг онгойлгож, дотор нь хүмүүс архи ууж, дотор нь байх эд мөрийн баримт болох шалны хулдаас дээрх цус, өмнө нь хүмүүс хоорондоо зодолдсон бүх зүйлийн ул мөрийг балласан байдаг.

4.Гэрч С нь Аын хамаатан юм. Талийгаачийг цонхоор харсан гэж худал хэлдэг. Учир нь байшин, хашаа хоорондох завсар 40 см нарийн. С нь махлаг тарган учир багтах боломж үгүй юм. Тухайн хэрэг болох, намайг явсны дараах үед, С нь Аын гэрт орсон. Өмнө нь энэ айлд архи ууж байсан хүмүүсийг хөөж тууж зодож нүддэг байсан, талийгаачийг мөн хөөж зодох магадлалтай. Энэ хүн гол үнэнийг нуусаар буй тул энэ хүнийг хуулийн дагуу дахин шалгана уу.

5.Талийгаач Б нь миний найз хүүхэн байсан. Тухайн хэрэг гарах өдөр үл ялих зүйлээс болж маргаж би талийгаачийн хацарт алгадаж, хөл рүү нь 2 өшиглөсөн, тэгээд шууд гараад явсан. Эргэж би ороогүй. Гэрч Ж, А, талийгаач бид дөрөв л цуг архи ууж байсан юм. Гэрч Ж нь хэргийн тухай үнэнийг хэлсэн байдаг. А бол хэргийн гол хүн юм. Олон хүнд болон байцаалт зэргийг өөр өөрөөр ярьсан. Ж байгаагүй, талийгаач, Н, бид гурав л байсан юм. Гэрч О орж ирэхэд А, Н нар хоорондоо арай алгадсанаас болж үхэхгүй байлгүй гэж ярьж байснаа бүх гэрч нар Аын үгээр худалч бай, үнэн ч бай явсан байдаг.

6.Талийгаачийн хувцас урагдаж цус болсон байсан. Сүүлд хавтаст хэрэг дээрх зургийг би харсан, нүүр нь нил хөхөрч хавдсан, толгой тархи нь цус урсаж, хувцас нь урагдаж, битүү цус болсон байсан. Энэ гэмтэл 2 удаа алгадахад гарах гэмтэл ямар ч хүний нүдээр харсан биш байдаг. Сүүлийн хавтаст хэрэгтэй уншуулж, танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, тулгаж тасдсан. Н миний бие хохирогчийг алгадсан нь үнэн, маш их гэмшиж байна, харин үхэлд хүргэх шалтгаан биш болов уу. Эрхэм шүүгч та бүхэн үнэн зөвийг ялгаж, дээр шалгуулахыг хүссэн 5 зүйлийг минь нягталж хэргийн үнэн зөвийг ялган олж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ хэлсэн саналдаа: “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчийн биед тархины битүү гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь тархины зүүн талд учирсан гэдэг нь тогтоогдсоноос гадна амь хохирогчийн биед тархины зүүн талд цус хуралт, дээд уруулын салстад язралт байгаа нь тогтоогдсон. Мөн талийгаачийн өмсөж явсан ногоон өнгийн цамц нь 80 мм болон 105 мм хэмжээтэй урагдалтай, өөрийн цусаар бохирлогдсон байдалтай байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ хэрэг нь анхан шатны шүүхээс хоёр удаа мөрдөн байцаалтад буцсан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг баталсан магадлалыг тус тус гаргасан. Гэрчүүд мэдүүлэхдээ “Ц.Н амь хохирогчийг алгадаад гарахад цус гараагүй, хувцас нь урагдаагүй, хана мөргөөгүй, газар саваагүй, ухаан алдаж унаагүй” гэсэн. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан тоосго цус мэт зүйлээр бохирлогдсон гэж тэмдэглэгдсэн боловч тоосгон дээр байгаа цус нь хохирогчийн цус эсэх нь эргэлзээтэй байсан учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд уг эргэлзээтэй байдлыг арилгасан ямар нэгэн нотлох баримтыг бэхжүүлж хавтаст хэрэгт тусгаагүй. 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Ц.Аын гэрт амь хохирогч, С.Ж, Ц.Н, Ц.А гэх дөрвөн хүн байсан. Шууд харсан гэрч Ц.А, С.Ж нар байгаа. С.Ж нь гэрчийн мэдүүлэгтээ “Ц.Н нь хохирогчийг нэг алгадаж, хоёр удаа өшиглөсөн. Хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл гараагүй. Хохирогч газар савж унаагүй, хувцаснаас нь урагдаагүй, хувцас нь цусаар бохирлогдоогүй” гэдэг. Ц.А нь гэрчийн мэдүүлэгтээ “Хохирогчийг дөрөв таван удаа алгадсан, өшиглөсөн, гэхдээ хохирогч шууд газар унасан. Мөн хохирогч шөнө босоод хоёр ширхэг бэлэн гоймон, хиам идсэн, үлдсэн архиа уусан” гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр анх гэмтлийг авснаас хойш дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох мэдрэмжүүд төрнө, дараагийн шатанд хурхирах, унтах, орон зайн баримжаа алдах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хохирогч гэмтэл авсан даруйдаа нас бараагүй, тодорхой цаг хугацааны дараа нас барсан. Эхний үедээ бага хэмжээний идэвхтэй үйлдэл хийх боломжтой гэсэн. С.Ж нь “амь хохирогчийг Ц.Н алгадахад ямар нэгэн гэмтэл авсан нь ажиглагдаагүй, үргэлжлүүлээд хэвийн байдлаар архиа уугаад үлдсэн” гэж мэдүүлдэг. Хохирогч хоол идсэн нь шинжээчийн дүгнэлтээр няцаагдах боломжтой харагдаж байна. Эдгээр эргэлзээтэй нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Прокуророос мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, шүүх нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан гэж дүгнэсэн. Гэтэл эргэлзээтэй байдал арилаагүй бөгөөд нотолж чадах хэмжээндээ л шалгасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ц.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 2-42 тоотод байрлах нийтийн байрны 1 тоотод хамт архи ууж байсан Ж.Бг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнтэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжлийн голомт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан, мөн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан байна. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан 11 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч түүний өмгөөлөгчийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж дүгнэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч нь “Тухайн хэрэг гардаг өдөр үл ялих зүйлээс болж маргаж, би талийгаачийг хацарт нь 2 удаа алгадаж, хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, талийгаачид учирсан гэмтэл 2 удаа алгадахад гарах гэмтэл биш тул хэргийн үнэн зөвийг олж өгнө үү” гэсэн гомдол гаргасан боловч гэрч Ц.А нь “Намайг харж байхад Н талийгаачийг хаалганы хажуу талын хана руу шахаж нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадаж байх шиг байсан” гэж, С.Ж нь “Н талийгаачийн хөл рүү 2 удаа өшиглөөд, 1 удаа алгадаад авахаар нь би салгаж Нг гаргасан” гэж мэдүүлсэн байдаг.

Шүүгдэгч талийгаачийг зодож шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг учруулснаас хүний амь нас хохирсон, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Нгийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод хамт архи ууж байсан хохирогч Ч.Бтэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжилийн голомт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан,

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3-83 тоотод оршин суух Ч.Нын орон байранд нэвтэрч 740.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл,

2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 5-43 тоотод оршин суух иргэн Л.Эийн орон байранд нэвтэрч 3.300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл,

2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-42 тоотод оршин суух иргэн П.Лийн орон байранд нэвтэрч 920.000 үнэ бүхий эд зүйл тус тус хулгайлж, бусдад нийт 4.960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц.Нд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүх Ц.Нд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 11 жил 6 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Нгийн амь хохирогч Ч.Бг зодож, түүнийг үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан үйл баримтыг гэрч Ц.А, С.Ж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар сэргээн тогтоосныг буруутгах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал, мөн энэ хэрэгт шүүгдэгч Ц.Нгээс өөр хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох эрхгүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Нгийн “...хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулаагүй тул хэргийн үнэн зөвийг олж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 599 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Нгийн гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                                                    

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН