Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01433

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01579 дугаар шийдвэртэй, Л.Дгийн нэхэмжлэлтэй, Нгазарт холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичгийн 10А байрны 49 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Дг “Л” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 146 дугаар бүхий Орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөн өдөр 17/07 тоот тусгайлан хийсэн болзолт гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймаг Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 10А блокийн 2 дугаар орцын 4 давхрын 49 тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр тооцож нийт 62 700 000 төгрөгөөр худалдан авч 18 538 700 төгрөг төлсөн ба орон сууцны үнийг 100 хувь төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр талууд тохиролцсон байсан.

“Л” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын байдлаар “Д” ТӨХК-д 65 000 000 төгрөгийн дулааны төлбөр үүссэн байсан тул өөрийн барьж, ашиглалтад оруулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр хороо 13-р хороололд байрлалтай Ласти таун нэртэй 144 айлын орон сууцнаас Д ТӨХК-ийн 4 ажилтанд хөнгөлөлттэй үнээр буюу 1 м.кв талбайн үнийг 1 000 000 төгрөгөөр тооцож, 5 жилийн хугацаатай хүүгүй лизингээр орон сууц олгож, үүссэн дулааны өр, төлбөр болон цаашид гарах төлбөрийг Д ТӨХК-ийн 4 ажилтан сар бүр төлөх байдлаар орон сууцны үнийг төлж дуусгах байсан.

Л.Дг нь гэрээ байгуулсны дараа 10А байрны 49 тоотын дутуу гүйцэтгэлтэй байсан шал, хаалга, дотор сантехникийн ажлуудыг өөрийн зардлаар хийлгүүлж, 2017 оны 10 дугаар сараас эхлэн оршин сууж, цахилгаан, кабель, сууц өмчлөгчдийн холбоонд байр ашиглалтын төлбөрөө төлөхийн зэрэгцээ “Л” ХХК-ийн өмнөөс “Д” ТӨХК-нд сар бүр 900 000 төгрөг төлсөөр ирсэн.

Гэтэл “Л” ХХК нь 10А байрны 49 тоот орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Багийн өмчлөлд шилжүүлсэн болохыг сүүлд мэдсэн. Өөрөөр хэлбэл Д.Ба нь “Л” ХХК-тай 2 500 000 000 төгрөгийг хэмжээнд эвлэсэн, уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан, Нгазар нь дээрх шүүгчийн захирамжид гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба уг ажиллагааны явцад Д.Ба нь “Л” ХХК-тай тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот эрх шилжүүлэх тухай албан бичгээр 10А байрны 49 тоот 62.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Д.Багийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нгазрын уг ажиллагаа нь хууль бус буюу гуравдагч этгээд надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр надад худалдсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Л.Дг нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу хамгийн эхэнд гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 13 хороололд байрлах 144 айлын орон сууц бүхий 10А блокийн 2 дугаар орцын 4 давхрын 49 тоот орон сууцыг эзэмшилдээ авсан.

Иймд Нгазрын 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар тогтоол, мөн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичгийн 10А байрны 49 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны сарын 30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар “Л” ХХК-иас 2 500 000 000 төгрөгийг гаргуулж Д.Бад олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн ба 2018 оны 03 дугаар сарын 28-ны “Л” ХХК-ийн өмчлөлийн 10а байрны 58 айлын орон сууц,10б байрны 66 айлын орон сууцыг битүүмжилж, мөн өдрөө хурааж авсан. Хөрөнгө хураах ажиллагаа явагдсаны дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Д.Ба нь авсан орон сууцнуудыг дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй гэсэн хүсэлтийг гаргасан.

“Л” ХХК-аас Нгазарт 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10а байрнаас 44 ширхэг орон сууцыг Д.Бад 1 м.кв талбайг 972,850 төгрөгөөр тооцон өгөх, уг хүсэлтийг Д.Ба хүлээн авч 2,5 тэрбум төгрөгийн авлагад тооцон авахаар харилцан тохиролцсон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох агуулга бүхий хүсэлт гаргаж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрх шилжүүлэх тухай албан бичгийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, албан бичгүүд зөрүүтэй байх тул Д.Багийн өмчлөлд бүртгэх боломжгүй тухай хариу ирсэн. 

Д.Ба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгөөр хангуулсан тул дуусгавар болгох хүсэлтийг гаргасан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Ба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх “Л” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авахаар харилцан тохиролцсон.

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба мөн өдөр барьцааны гэрээг байгуулсан. Түүнчлэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба мөн барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 хорооллын Ласти таун хотхон-ы 10А блокийн 49 тоотын 2 өрөө орон сууц нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Ба миний барьцаанд бүртгэгдсэн.

Гэтэл “Л” ХХК нь надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Л.Дгт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тусгайлан хийсэн болзолт гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр миний барьцаанд бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 хорооллын Ласти таун хотхоны 10А блокийн 49 тоотын 2 өрөө орон сууцыг Л.Дгт худалдахаар тохиролцсон бөгөөд уг үйлдэл нь хууль бус болсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар “Л” ХХК-аас 2 500 000 000 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн уг захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ажиллагааны явцад “Л” ХХК-иас миний өмчлөлд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10А блокийн 49 тоотын 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх санал гаргасан, би саналыг хүлээн зөвшөөрч төлбөрт тооцон авахаар болсон.

Дээрх орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ надад  олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Л” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ба нь “Ласти интернешнл” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар манай байгууллагаас 2,5 тэрбум төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба уг захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба уг ажиллагааг нэхэмжлэгч буруу ойлгож байна. Зөвхөн барьцааны гэрээг үндэслэж явуулаагүй.

Ажиллагаа явагдсан 144 айлын орон сууц нь хоёр хэсэг блок байртай 10а байр 58 айлын орон сууц, 10в 56 айлын орон сууцанд нийт 144 айлын орон сууцанд ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нар хооронд харилцан тохиролцож, барьцааны дагуу 46 айлын орон сууцнаас 44 айлын орон сууцыг Д.Багийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцоогүй, эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Маргаан бүхий орон сууц нь 50 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, улсын комисс хүлээж авсны дараа “Ласти интернешнл” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Нгазар эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж гүйцэтгэсэн тул уг ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байна. 144 айлын 124 айлд ажиллагаа явуулж, орон сууцанд амьдарч буй суугчидтай биечлэн уулзсан төдийгүй 36 айлын орон сууц давхцалтай болохыг олж мэдсэн.

Л.Дг нь н.Лхагвасүрэн захиралтай гэрээ байгуулсан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй боловч тус орон сууцанд амьдарч байсан. Одоогийн байдлаар “Ласти интернешнл” ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал н.Лхагвасүрэнг 3 жил эрэн сурвалжилж байгаа. “Ласти интернешнл” ХХК-ийн эд хөрөнгөд хориг тавьсан түдгэлзүүлсэн олон ажиллагаа байгаа гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нгазарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн хийгдсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцох тухай 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар тогтоол, мөн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичгийн 10А байрны 49 тоот 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Л.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Л" ХХК нь "Дархан дулааны сүлжээ" ТӨХК-д 2017 оны 5 дугаар сарын байдлаар 65,000,000 төгрөгийн дулааны өртэй байсан. "Л" ХХК 2016 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 13-р хороололд "Ласти таун" нэртэй 10А, 10Б блок бүхий нийт 144 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан ба уг 65,000,000 төгрөгийн өр төлбөрт 4 орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор "Дархан дулааны сүлжээ" ТӨХК-тай харилцан тохиролцсоны дагуу миний бие 10А байрны 49 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тусгай нөхцөлөөр худалдан авахаар шалгарч, "Ласти интернешнл" ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 146 дугаар бүхий гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт 10,500,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг сар бүр 900,000 төгрөгөөр "Ласти интернешнл" ХХК-ийн хуримтлагдсан өр төлбөрт төлж байхаар харилцан тохиролцсон. Гэтэл "Ласти интернешнл" ХХК нь дээрх орон сууцыг оролцуулан нийт 46 айлын орон сууцыг Д.Бад шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан нь хууль бус болсон.

Нгазар нь гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй ажиллагааг хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-"Барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно" гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т "Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно" гэж тус тус заасан.

Гэтэл "Ласти интернешнл" ХХК болон Д.Ба нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 01/14 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Д.Ба нь "Ласти интернешнл" ХХК-нд 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 2667,22 мкв талбай бүхий нийт 46 айлын орон сууцыг барьцаанд авсан байдаг.

Энэхүү барьцааны гэрээгээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасанчлан барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангах талаарх тохиролцоо тусгагдаагүй байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлээгүй байхад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж буюу барьцаанд тавигдсан 46 орон сууцнаас 44 орон сууцыг "Ласти интернешнл" ХХК-иас Д.Бад олгуулж шийдвэрлэсэн байдаг.

Мөн хэргийн 75-77-р хуудсанд авагдсан тогтоолууд нь "Ласти интернешнл" ХХК-аас 2,9 тэрбум төгрөгийг гаргуулан төлбөр авагч Б.Дөлгөөнд олгохоор заасан гүйцэтгэх хуудсыг үндэслэн хийгдсэн ажиллагаанууд байдаг бөгөөд төлбөр авагч Д.Бад холбогдох гүйцэтгэх баримт бичгийг биелүүлэх зорилгоор хийгдсэн ажиллагаанууд биш байдаг. Өөрөөр хэлбэл Нгазар нь төлбөр авагч Д.Бад холбогдох гүйцэтгэх баримт бичгийг биелүүлэх зорилгоор "Ласти нтернешнл" ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан гэх боловч энэ ажиллагаа нь бодитоор хийгдээгүй байдаг. Мөн шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан үүргээ биелүүлж эд хөрөнгө хураасан жагсаалтын хувийг эзэмшигч надад гардуулж өгсөн бол "Ласти интернешнл" ХХК болон Д.Ба нарын хооронд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 49 тоот орон сууцтай холбоотой эрхийн доголдол бүхий маргааны талаар тухайн үед мэдэж, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах байсан.

Л.Дг “Ласти интернешнл" ХХК-тай гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашигласаар ирсэн бөгөөд Л.Дгийн орон сууц эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан, орон сууц чөлөөлүүлэх, мэдэгдэл өгөх, үзлэг хийх зэрэг арга хэмжээг огт аваагүй, мэдэгдээгүй болно.

Мөн Л.Дг болон "Ласти интернешнл" ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байдаг тул өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрх нээгдээгүй байсан болно.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарын тохиролцооноос өмнө дээр дурдсан орон сууцны маргаантай холбоотой асуудлыг мэдсээр байж, маргаантай оршин суугч иргэдэд ажиллагааны талаар мэдэгдэлгүйгээр талуудын тохиролцоог баталж, ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Дг нь хариуцагч Нгазарт холбогдуулан 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцох тухай тогтоол, мөн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичгийн 10А байрны 49 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар “Л” ХХК 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор Д.Бад төлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгаагүй байна. /хх145-146/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн дээрх шүүгчийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжид Нгазар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх46, 197/

 

 “Ласти интернешнл” ХХК болон Д.Ба нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ, /хх52-54/, мөн 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, уг барьцааны гэрээгээр "Ласти интернешнл" ХХК нь Дархан-Уул аймаг Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 1500 м.кв талбай бүхий газарт барьж дууссан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтттай барилгаас 2667,22 м.кв талбай бүхий, 46 айлын орон сууцыг барьцаалагч Д.Бад барьцаалахаар тохиролцсон /хх117/, барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ. Энэ барьцааны гэрээний зүйлд маргааны зүйл болсон 49 тоот орон сууц багтсан байна.

 

Нгазар нь 183/ШЗ2017/08942 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч "Ласти интернешнл" ХХК-ийн мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгөд хуульд заасан дарааллын дагуу ажиллагаа явуулсан байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21655 дугаар шийдвэрээр "Ласти интернешнл" ХХК-аас 2,900,000,000 төгрөгийг гаргуулж Б.Дөлгөөнд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явцад “Л” ХХК-ийн өмчлөлийн дээрх 144 айлын орон сууцны барилгаас 10а байрнаас 58 айлын, 10б байрнаас 66 айлын орон сууцыг 18260123/03 тоот тогтоолоор битүүмжилж /хх75/, 1826128/05, 1826128/6 тоот тогтоолуудаар орон сууцнуудыг хураажээ. /хх76-77/ Энэ ажиллагаанд маргааны зүйл болох 49 тоот орон сууц байжээ.

 

“Л” ХХК-ийн хөрөнгүүдийг хурааж, битүүмжилж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд хамаарах тул “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 21655 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хураагдсан эд хөрөнгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагаанд хамааруулах нь буруу” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Төлбөр төлөгч “Л” ХХК 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нгазарт хүсэлт гаргасан ба уг хүсэлтэд барьцааны зүйл болсон 44 айлын орон сууцыг Д.Багийн төлбөрт тооцон өгөхөөр, төлбөр авагч Д.Ба нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр уг 44 айлын орон сууцыг төлбөртөө тооцон авахаар талууд тохиролцсон гэх тайлбарыг тус тус гаргасан байх ба талуудын уг хүсэл зоригийг үндэслэн хариуцагч байгууллагаас Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 44 айлын орон сууцны өмчлөх эрхийг Д.Бад шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлжээ. /хх31/

 

 Улмаар Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар арын 21-ний өдөр Д.Ба Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, 36, 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот 1423.42 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэж, түүнд 00691004 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх147/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно” гэж заасан бөгөөд барьцаалагч,  барьцаалуулагч талууд барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах талаар тухайлан тохиролцох эрхийг олгосон байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаалагч болон барьцаалуулагч нар тохиролцож, хүсэл зоригийг илэрхийлж гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх нь хууль зөрчихгүй юм. Энэ тохиолдолд заавал шүүхийн шийдвэр гарах шаардлагагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх орон сууцнуудыг Д.Багийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө “Л” ХХК-ийн өмчлөлд байх үед Д.Ба болон “Л” ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул гуравдагч этгээд “Л” ХХК-тай 49 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж буй нэхэмжлэгч Л.Дг нь улсын бүртгэлээс лавлагаа авах боломжтой байсан бөгөөд уг лавлагааг аваагүй. Иймд уг орон сууц нь бусдын барьцаанд байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй юм.

 

Нгазар нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/1105 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр 18290056 тоот тогтоолын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон нь зөв /хх106/, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Л.Дг нь “Л” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 146 дугаар бүхий Орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөн өдөр 17/07 дугаар бүхий тусгайлан хийсэн болзолт гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээнүүдийн дагуу 10А блокийн 2 дугаар орцны 4 давхрын 49 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрт шилжүүлсэн төлбөр, учирсан хохирлоо “Л” ХХК-иас шаардах эрх нээлттэй бөгөөд энэ магадлал саад болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА