| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0107/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/109 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н-д холбогдох эрүүгийн 1838003130135 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Н.
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоот хашааны гаднаас иргэн М.Б-ийн Супер Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж хохирогч М.Б-ийн эд хөрөнгөд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоот хашааны гаднаас иргэн М.Б-ийн Супер Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж хохирогч М.Б-ийн эд хөрөнгөд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд нэг ухаан орсон чинь хөх өнгийн мотоцикль уначихсан 7 дугаар хорооноос хойшоо өгсдөг засмал замаар явж байсан. Би унаж яваад сумдын тээврийн товчооны хажууд байдаг үзүүрийн хашаанд байдаг манай сумын гаралтай ахад мотоциклио зарна гээд мөнгө аваад байсан. Яг хэдэн төгрөг авснаа тодорхой санахгүй байна. Авсан мөнгөөрөө архи аваад гудамжинд явж байсан танихгүй хүмүүстэй архи уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн үед Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод байх М.Б ахынд мотоцикльтой ирсэн юм. Тэгээд ахынд хоол идээд сууж байтал нэг залуу орж ирээд ус байна уу гэж хэлсэн. Тэгэхэд би тэр залууд шанагаар аяганд ус хийж өгөхөд уучихаад гараад явсан. ...би яваад удаагүй буцаад 15 цаг өнгөрч байхад ирээд мотоциклио хашааны үүдэнд тавиад байшинд орсон. Байшинд ороод удаа ч үгүй би дээлээ сольж өмсөөд байшингаас хашааны гадаа байх мотоцикль руугаа гарч явсан чинь миний мотоцикль дээр нөгөө хар өнгийн куртиктэй орж ирж ус асуусан залуу гараад суучихсан байхаар нь хөөе мотоцикль орхи гээд хашгирсан чинь миний мотоциклийг унаад алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө намайг ажил дээрээ байж байсан чинь 17 цагийн үед над дээр хөх өнгийн мотоцикльтой залуу ирээд өөрийнхөө унаж байгаа мотоциклийг зарна гээд ирсэн. Тэгээд тэр залуугаас мотоциклийнх нь түлхүүрийн талаар асуухад тэр залуу манай эгч надад мотоциклийн түлхүүр, гаалийн бичгийг нь өгөхгүй байхаар нь би өөрийнхөө мотоциклийг унаад ирсэн юм. Надад мотоциклио зарах хэрэг байна яагаад гэвэл би урд Өмнөговь руу ажил руугаа явах гэсэн чинь надад мөнгөний хэрэг болоод мотоциклио зарах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тийм бол мотоциклийг чинь авъя гэсэн. Надад тэр залуу 800.000 төгрөгөөр зарна гэхээр нь би тэр залууд мотоциклийнхоо бичиг баримтыг аваад ир гэсэн чинь урьдчилгаа мөнгө өг гэсэн. Тэгэхээр нь 100.000 төгрөг урьдчилгаа болгож өгсөн. Тэгээд тэр залуу дахиад тэр өдрөө ирээгүй. Тэгсэн маргааш нь нэлээд согтуу байдалтай нэг найзын хамт ирээд надаас мөнгө гуйж байгаад 140.000 төгрөг аваад явсан. Дараа нь орой намайг ажил дээрээ байхгүй байхад ирээд 60.000 төгрөг нэмж аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Н нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч М.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838003130135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Н-ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн 1838003130135 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН