Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар   2024/ДШМ/513

 

 

 

 

Л.Т, Б.Г

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

иргэний нэхэмжлэгч Р.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазар,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Б.Н,

цагаатгагдсан этгээд Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, 

цагаатгагдсан этгээд Л.Тийн өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1255 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Болорзулын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч Р.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Т, Б.Г нарт холбогдох 1809000000423 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Л.Т,  ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй;

2. Б.Г, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Л.Т нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг бүхий ажилтнаар ажиллах хугацаандаа үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэрэгт, Б.Г нь Л.Т-ийг тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Л.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Г, Л.Т нарыг цагаатгаж, Л.Т, Б.Г нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох гэрч Г.А-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 156-157 дугаар хуудас/, гэрч Д.О-н мэдүүлэг/1-р хх-ийн 10-11, 161-р хуудас/, гэрч Д.М-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 165-166-р хуудас/, гэрч Ц.З- мэдүүлэг /1-р хх-ийн 167-168-р хуудас/, гэрч Э.Х-ын мэдүүлэг /1-р хх-ийн 169-р хуудас/, гэрч С.Ц-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 89-91-р хуудас/, Б.Э-ийн 50хххххххх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 193-р хуудас/ Б.Э-ийн 50хххххххх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 194-р хуудас/, Б.Бы 50ххххххххх /USD/ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 1-р хавтас 195-р хуудас/, Б.Б-ны 50ххххххххх /МNТ/ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 196-р хуудас, Хаан банкны 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 29/7051 тоот албан бичиг /хх-ийн 1-р хавтас 35-р хуудас/, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 007 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /хх-ийн 1-р хавтас 158-159-р хуудас/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 58-59-р хуудас/, хавтаст хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хавтас 221-222-р хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн ахмад Ц.Б-ийн үйлдсэн “Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол” /5-р хх-ийн 7, 12-р хуудас/, Хаан банкны хууль эрх зүйн газрын хуулийн мэргэжилтэн Ч.Баасансүрэнгийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29/4930 дугаартай албан тоот /5-р хх-ийн 16-17-р хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 29/9420 дугаар Хаан банкны албан тоот /хх-ийн 5-р хавтас 17-р хуудас/, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ө.Т-ны “Хаан банкинд мөрдөгдөж байгаа журам, зааварт тулгуурлаж гаргасан шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 48-54-р хуудас/, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны шинжээч хянан шалгагч, улсын байцаагч О.Л, Б.Х, Э.Г нарын хамтран гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 68-72-р хуудас/, дансны барилтыг чөлөөлөх тухай мэйл явуулсан мэйлийн хуулбар /гэрч Д.М-ээс явуулсан/ 1-р хх-ийн 160-р хуудас/, Хаан банкны 2016.01.27-ны өдөр 29/680 дугаартай албан тоот “Депозит бүтээгдэхүүний бодлого, журам, “Банкс праграм ашиглах технологи журам”-ын хуулбар /1-р хх-ийн 177-р хуудас/ иргэний хариуцагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 2-р хуудас/, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон прокурорын тогтоол /5-р хх-ийн 190-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлтийг эрх зүйн оновчтой хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Хэрэгт прокуророос яллах талын бичгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, тэдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн бодитой дүгнэсэн атлаа тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой ямар гэмт хэргийн шинжийг агуулсан болохыг хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй байна. Тодруулбал, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлийн дагуу мөрдөн байцаалтын шатанд чөлөөлөх эрх хэмжээ нь зөвхөн прокурорт байх ба энэ талаарх хууль ёсны үндэслэлийг тусгасан албан ёсны шийдвэрийг чөлөөлөх тухай албан бичгийн хамт битүүмжлэлийг гүйцэтгэсэн газарт хүргүүлэх байдлаар хэрэгждэг хууль зүйн ойлголт юм. Энэхүү журмыг зөрчиж битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлэх, хөдөлгөх, захиран зарцуулах нь эд хөрөнгийн өмчлөлөөс үл хамааран бүх этгээдийн хувьд гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн шийдвэрээр эд хөрөнгийг битүүмжлэх нь хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг мөн хязгаарлан хөнддөг тул битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө Б.Б, Б.Э, Р.Б нар болон өөр бусдын алиных нь өмч байсан нь шүүн таслах ажиллагааны эсрэг уг гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар дүгнэлт хийхэд саад болохгүй үндэслэл болно гэж хяналтын шатны шүүхээс дүгнэсэн. Гэтэл шүүхээс...уг өвлөх гэрчилгээг олгоход тухайн өвлөгдөх эд хөрөнгүүдэд эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн байсныг тухайн үед нотариатч Б.Г нь мэдэх боломжгүй байжээ... гэсэн нь хууль зүйн хувьд илт алдаатай дүгнэлт хийсэн бөгөөд аливаа этгээд нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэх байдлаар эрх шилжүүлэх явцтай холбоотой үйл ажиллагаанд оролцож баталгаажуулахдаа бусад байгууллагаас хязгаарласан эсэх түүнийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах нөхцөл үүссэн эсэхийг заавал хянах, шилжүүлэх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай бол энэ талаар мэдээлэл авах үүрэгтэй бөгөөд энэ байдлыг мэдэх боломжгүй гэж дүгнэсэн нь тухайн этгээдэд ял завшуулах боломжийг олгосон гэж үзнэ.

Түүнчлэн, ... шүүгдэгч нас барсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй бөгөөд талийгаач Б.Бы дээрх мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн валют, мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар ямар нэгэн хүн, хуулийн этгээд маргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Д.Э-ийн  гаргасан хүсэлт болон холбогдох баримтуудыг үндэслэн түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Б.Гг болон уг өвлөх эрхийн гэрчилгээ болон Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэргийг үндэслэн талийгаач Б.Бы “ХААН” банкны 50ххххххххх тоот дансан дахь 312,000 ам.доллар, 50ххххххххх тоот дансан дахь 1,440,931,950 төгрөгийн битүүмжлэл /барилт/-ийг чөлөөлсөн ХААН банкны ажилтан Л.Т нарыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэсэн нь мөн учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлийн дагуу мөрдөн байцаалтын шатанд чөлөөлөх эрх хэмжээ нь зөвхөн прокурорт байх бөгөөд хууль мэдэхгүй нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн нөхцөлөөс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй юм.

Дээрх журмыг зөрчиж битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлэх, хөдөлгөх түүнчлэн захиран зарцуулах нь эд хөрөнгийн хэний өмчлөлөөс үл хамааран бүхий л хүний хувьд гэмт хэрэгт тооцогдох хууль зүйн хувьд үндэслэлтэй байх тул яллагдагч Л.Т, Б.Г нарын хувьд битүүмжлэгдсэн эд хөрөнгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн шийдвэрээр битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгийг үрэгдүүлсэн нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжид хамаарах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Л.Т, Б.Г нарт холбогдох эрүүгийн 1809000000423 дугаартай хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1255 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.Бгийн өмгөөлөгч Т.Пүрэвбазар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Битүүмжлэлтэй хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Б.Ггийн үйлдлийн тухайд: Б.Г нь 2015 оны 7 дугаар сард ажил хэргийн танил Б.Э гэгчтэй уулзаж түүний талийгч нөхрийн нэр дээрх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ингэхдээ тэрээр 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн хуулийн хүчин төгөлдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол бүхий мөнгөн хөрөнгөд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 007 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгож Нотариатын тухай хуулийн 43.7-д “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн.

Б.Г нь Нотариатын тухай хуулийн хориглосон хэм хэмжээ бүхий заалтыг мэдсээр байж боломжит бөгөөд зайлшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүйгээр битүүмж тавигдсан мөнгөн хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг тус хуулийн 2.3 дугаар зүйлд заасан санаатай эсхүл болгоомжгүйн аль нэг хэлбэрээр үйлдсэн болох нь илтэд тодорхой байна.

Жич: 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 007 тоот өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэхэд мөнгөн хөрөнгөд битүүмжлэх тогтоол бүхий Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж байсныг энд цохон тэмдэглэж байна.

2. Прокурорын шийдвэр дагалдах албан бичиггүйгээр битүүмжлэлтэй мөнгөн хөрөнгийг чөлөөлсөн Л.Тийн үйлдлийн тухайд:

2а. Битүүмжлэлээс хууль бусаар чөлөөлөгдсөн мөнгөн хөрөнгөд холбогдох иргэн Р.Бгийн гомдол бүхий маргаантай холбоотойгоор дараах баримтууд хэрэгт авагдсаар байхад шүүхээс “мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар хэн нэгэн ... маргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.

Б.Быг 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл /5-р хх-ийн 2/,

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл /5-р хх-ийн 4/

Б.Б нь ... татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэрэгт иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор...ХААН банкинд хүссүгэй” гэх 2015 оны 6-р сарын 9-ний өдрийн мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжлэх тухай тогтоол /5-р хх-ийн 15/,

2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Р.Б-г хохирогчоор байцааж, мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хх-ийн 22/,

Сүхбаатар дүүргийн Прокурорын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /1-р хх-ийн 158-159/, хэрэгт цугларсан сэжигтнээр байцаасан тэмдэглэл, прокурорын 107 тоот тогтоол зэрэг баримтуудаар Б.Б нь Р.Б-гаас 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1,400,000 гаран ам.долларын бэлнээр хүлээн авсан буюу битүүмжлэлтэй мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь Р.Бгийнх болох нь нотлогддог. Цаашлаад сэжигтнээр байцаасан тэмдэглэлд Б.Б Р.Б-д 1,1 сая ам.долларыг буцааж өгөхөө илэрхийлсэн. Ингээд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр Б.Б нас барсан. Энэ нь Р.Б Б.Б-аас мөнгөө авах гэж байсан харилцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй учир прокуророос битүүмжлэлтэй эд хөрөнгийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээсэн байна.

Ингээд тус битүүмжлэлийг үрэгдүүлсэнтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл өмчлөлийн асуудлаар шүүхээр маргаж байгаа бөгөөд дээр дурдсан баримтууд хэрэгт авагдсан атал шүүхээс мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар хэн нэгэн маргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2б. Улсын дээд шүүхийн 583 дугаар тогтоолд “битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харьяалах ёстойг шийдвэрлээгүй байж иргэний өмчлөх эрхийг хамгаалсан зүйлээр Л.Т, Б.Г нарын үйлдлийг зүйлчилж ... дүгнэсэн нь алдаа болжээ ... 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлийн дагуу мөрдөн байцаалтын шатанд чөлөөлөх эрх хэмжээ нь зөвхөн прокурорт байх ба энэ талаарх шийдвэрийг чөлөөлөх тухай албан бичгийн хамт битүүмжлэлийг гүйцэтгэсэн газарт хүргүүлэх байдлаар хэрэгждэг ... энэхүү журмыг зөрчиж битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлэх, хөдөлгөх ... бүх этгээдийн хувьд гэмт хэрэг ... дансан дахь мөнгөн хөрөнгө алиных өмч байсан нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар дүгнэлт хийхэд саад болохгүй...” гэж заасан. /4-р хх-ийн 207/, УДШ-ийн дээрх дүгнэлтүүд нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

007 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тогтоол бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж байсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкинд хүргүүлсэн “...Б.Бы нэр дээрх дансны гүйлгээг битүүмжилсэн шийдвэрийг өөрчлөлт ороогүй хэвээр үлдээсэн болохыг онцгойлон анхаарна уу” гэх 5/60 дугаартай албан бичиг /6-р хх-ийн 65/ болон тус газрын прокурорын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 тоот тогтоолд “...битүүмжлэлтэй эд хөрөнгийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл...” хэвээр үлдээсэн байгаагаас үзвэл нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ нь прокурорын тогтоолд дурдсан өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гагцхүү прокурорын шийдвэр болон холбогдох албан бичгийг үндэслэн битүүмжийг гүйцэтгэсэн газар хөрөнгийг чөлөөлдөг. Уг журмыг зөрчиж хөрөнгийг чөлөөлсөн тохиолдолд тухайн хөрөнгө хэний өмч байхаас үл хамаараад гэмт хэрэг мөн гэх тухайд:

Л.Т нь шүүхэд “...Миний бие Б-ны дансыг битүүмжлэлээс чөлөөлөх талаар дүгнэлт гаргахдаа Прокурорын 2015.07.30-ны өдрийн 107 дугаар тогтоол, Энхтуяаг Б-ны дансан дахь мөнгөн хөрөнгийн өв залгамжлагч мөн болохыг тогтоосон Өвлөх эрхийн гэрчилгээ гэсэн хүчин төгөлдөр хоёр баримт бичгийг үндэслэн, энэ нь ямар нэг хууль, журмыг зөрчсөн үйлдэл байгаагүй” гэх тайлбар гаргасан /2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1255 тоот цагаатгах тогтоолын 4 дэх нүүр/. Дээр дурдсан баримтуудаас үзэхэд өвлөх эрхийн гэрчилгээ нь Прокурорын тогтоолд дурдсан өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул Л.Т-ийн дээрх тайлбар нь үндэслэлгүйгээс гадна тэрээр энэ талаарх банкны дүрэм журмыг зөрчсөн болох нь бусад баримтуудаар нотлогддог.

Эд хөрөнгийг битүүмжлэх нь гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилготой байдаг. Тэгэхээр битүүмжлэгдсэн эд хөрөнгө бүр өөрийн гэсэн зорилго, эрх зүйн дагаварт чиглэсэн байдаг битүүмжлэлийг зөвхөн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр цуцлах нь өмнө нь ч одоо ч хөдөлбөргүй ойлголт юм.

Нэгтгэн дүгнэвэл: прокурорын тогтоол бүхий битүүмжлэлээс хууль бусаар чөлөөлөгдсөн мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан болохыг энэхүү гомдлын 2.а-д дурдагдсан баримтууд шууд бөгөөд хангалттай нотолно. Иймд анхан шатны шүүх “мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар хэн нэгэн ... маргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм.

Түүнчлэн, Б.Г нь маргаан бүхий мөнгөн хөрөнгөд битүүмж тавигдсан эсэхийг мэдэх зорилгоор өөрөө шууд эсхүл Д.Э-аар дамжуулан Хаан банк болон прокурорын байгууллагаас битүүмжийн талаар лавлагаа, мэдээлэл гаргуулан авсан, авах оролдлого хийсэн эсхүл түүний энэхүү боломжийг хэн нэгэн хязгаарласан талаарх ямар ч баримт авагдаагүй байхад шүүхээс “өвлөгдөх эд хөрөнгүүдэд эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн байсныг тухайд үед нотариатч Б.Г мэдэх боломжгүй байж...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Битүүмжлэлтэй хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Б.Ггийн үйлдлийн тухайд: Б.Г нь 2015 оны 7 дугаар сард ажил хэргийн танил Б.Э гэгчтэй уулзаж түүний талийгч нөхрийн нэр дээрх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ингэхдээ тэрээр 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн хуулийн хүчин төгөлдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол бүхий мөнгөн хөрөнгөд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 007 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгож Нотариатын тухай хуулийн 43.7-д “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн.

Жич: 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 007 тоот өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэхэд мөнгөн хөрөнгөд битүүмжлэх тогтоол бүхий Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж байсныг энд цохон тэмдэглэж байна.

Прокурорын шийдвэр дагалдах албан бичиггүйгээр битүүмжлэлтэй мөнгөн хөрөнгийг чөлөөлсөн Л.Тийн үйлдлийн тухайд:

Улсын дээд шүүхийн 583 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар мөнгөн хөрөнгө хэнд харьяалагдах ёстойг шийдвэрлээгүй буюу өмчлөлийн асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдээгүй гэх тухайд:

Битүүмжлэлтэй байсан Хаан банкны дансан дах мөнгөн хөрөнгийн тухайд прокурорын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 тоот тогтоолд тусгасан байгаагаас үзвэл “Б.Б “Ш” ХХК-г Б гэгчид 1,500,000 ам.доллароор худалдан борлуулж татвар ногдох онц их хэмжээний орлогыг нуусан хэрэгт мөрдөн байцаалт явуулсан ... Р.Б талийгч Р.Б 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Болгар элчингийн байранд гэрээ хийгээд 1,449,660 ам.долларыг бэлнээр авсан ... эрх шилжүүлсний орлого 30 хувийн татвар авдаг учир 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тухай гэрээ байгуулж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдож байна ... Сэжигтэн Р.Б нь 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна ... хэргийг хэрэгсэхгүй болгосугай ... тоот дансанд тавьсан хориг зэргийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай... /1-р хх-ийн 158-159/ гэж тус тус дурдсан ба эндээс үзэхэд битүүмжлэлтэй мөнгөн хөрөнгө нь өмнөх эрүүгийн гэмт хэрэгтэй хамааралтайгаар өмчлөлийн маргаантай байсан болох нь харагдана.

Тус тогтоолын 3 дахь хэсэгт “...тоот дансанд тавьсан хориг зэргийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай /1-р хх-ийн 158-159/ гэж зааснаас үзвэл энэхүү тогтоол гарах өдрийн байдлаар буюу 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар өмчлөлийн асуудал шийдвэрлэгдээгүй ба бөгөөд уг маргааныг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэлх хугацаанд битүүмжийг хэвээр үлдээсэн нь тодорхой харагдаж байна.

Иймд тогтоолд дурдагдсан “өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай” гэх хэсэг нь гагцхүү өв залгамжлал асуудалтай хамааралтай мэтээр ярьсан прокурорын мэдүүлэг, шүүгдэгчийн тайлбар зэрэг нь Улсын дээд шүүхийн тогтоолд дурдагдсан битүүмж чөлөөлөх талаарх нийтлэг журамтай зөрчилдөж байгааг онцгойлон анхаарна уу...

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гагцхүү прокурорын шийдвэр болон холбогдох албан бичгийг үндэслэн битүүмжийг гүйцэтгэсэн газар хөрөнгийг чөлөөлдөг. Уг журмыг зөрчиж хөрөнгийг чөлөөлсөн тохиолдолд тухайн хөрөнгө хэний өмч байхаас үл хамаараад гэмт хэрэг мөн гэх тухайд:

Өвлөх эрхийн гэрчилгээ нь прокурорын тогтоолд дурдсан өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул Л.Тийн дээрх тайлбар нь үндэслэлгүйгээс гадна тэрээр энэ талаарх банкны дүрэм журмыг зөрчсөн болох нь бусад баримтуудаар нотлогддог.

Улсын дээд шүүхээс дүгнэснээр хөрөнгийг битүүмжээс чөлөөлөхөд энэ талаарх албан бичгийг холбогдох шийдвэрт хавсарган банкинд хүргүүлэх шаардлагатай.

Хэрэг гарах үед Хаан банкин дахь дансны битүүмжийг чөлөөлөх асуудлаар дотооддоо зөвшөөрөл өгөх эрхтэй цор ганц субъект нь ахлах хуульч байсан. Ингэхдээ шүүх, прокурор ...-ын байгууллага зэрэг эрх бүхий этгээдээс ирүүлсэн албан бичиг, шийдвэрийг үндэслэн дансны битүүмжийг чөлөөлдөг байсан байна.

Нэгтгэн дүгнэвэл: прокурорын тогтоол бүхий битүүмжлэлээс хууль бусаар чөлөөлөгдсөн мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан болохыг энэхүү гомдлын 2.а-д дурдагдсан баримтууд шууд бөгөөд хангалттай нотолно. Иймд анхан шатны шүүх “мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар хэн нэгэн ... маргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм.

Улсын дээд шүүхийн тогтоол болон дээр дурдсан баримтуудаас үзэхэд 007 тоот өвлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр прокурорын газраас Хаан банкинд хүргүүлсэн Б-ны дансанд дахь битүүмж хүчинтэй хэвээр болохыг онцгойлон анхааруулсан 5/60 тоот албан бичиг, “... тоот дансанд тавьсан хориг зэргийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай” гэх Сүхбаатар дүүргийн прокурорын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 тоот тогтоол тус тус үйлдэгдсэн. Эндээс үзэхэд Л.Т-ийн дансны битүүмжлэлийг чөлөөлөх үндэслэл болсон өвлөх эрхийн гэрчилгээ нь битүүмж хүчинтэй байх хугацаанд гарсан буюу хууль зөрчсөн болох нь, 107 тоот тогтоолд дурдсаныг үгийн шууд утгаар тайлбарлавал маргаан бүхий хөрөнгийн өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл битүүмжийг хэвээр үлдээсэн бөгөөд хожим энэ асуудал шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд энэ талаарх шийдвэр, албан бичгийг үндэслэн битүүмжээс чөлөөлөгдөх ёстой байсан байна. Гэтэл шүүхээс мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар хэн нэгэн ... маргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй ... өвлөх эрхийн гэрчилгээ болон Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэргийг үндэслэн ... төгрөгийн битүүмжлэлийг чөлөөлсөн Л.Т нарыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. …” гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Учир нь, иргэний нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.” гэсэн хуулийн заалтын хүрээнд гомдол гаргах хууль зүйн зохицуулалттай. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдлоо танилцуулахдаа шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хөндөж байна. Хэрэгт авагдсан баримт болон үйл явдалд банк болон банкны ажилтнуудын буруутай үйл ажиллагаа байхгүй. Прокуророос 2015 оны 7 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд Хаан банкинд “ямар ч тохиолдолд Б.Бы дансыг чөлөөлж болохгүй шүү” гэдэг тогтоол, мэдэгдлийг албан бичгээр хүргүүлсэн гэдэг. Үүнийг банк хүлээж аваад Б.Бы дансыг чөлөөлөөгүй. Гагцхүү татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хэргийг дээрх мэдэгдлийг ирүүлснээс хойш 7 хоногийн дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор өмчлөлийн асуудлыг шийдэгдвэл чөлөөл гэсэн байдаг. Банкнаас 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ирэхэд нь дансыг чөлөөлж, мөнгө гаргасан асуудал байхгүй.

2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолын дагуу өмчлөлийн асуудал өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон тул банкны ажилтнууд холбогдох заавар чиглэлийн дагуу дансыг чөлөөлсөн. 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр данс чөлөөлөгдөж, данснаас өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөгч Б.Эд Б.Бы дансанд байсан мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. 2015  оны 7 дугаар сарын 21, 23-ны өдрийн асуудал үүнд хамаагүй. Уг асуудлыг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн тул өмнөх үйл явдлууд хамааралгүй гэж үзэж байна.

Давж заалдах гомдолд Хаан банкны ажилтан Э-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг дурдсан байх боловч уг ажилтан нь 2015 онд Хаан банкинд ажиллаж байгаагүй, 2020 онд мэргэжилтнээр орсон. 2015 онд данс чөлөөлөх явдал яаж явагддаг байсан талаар Э- мэдэхгүй. Тухайн үед банк ямар дүрэм, журмаар, яаж зохицуулж байсныг мэдэхгүй хүнээс өнөөдрийн банкны дүрэм, журам, үйл явдлыг тодруулсан. Ийм зүйлийг хөдөлшгүй нотлох баримт гэж гомдолдоо дурдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн нотариатч С.Ц-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг дурдаж байгаа боловч уг хүн нь энэ хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй. Гэрч гэдэг нь гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл, шалтгааныг үзэж харсан, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдэж байгаа хүн. Тиймээс иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх баримтуудыг иш татаж цагаатгагдсан этгээдүүдийг буруутгах байдлаар гомдол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй учраас тэдгээрээс гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү.

Хэргийн талаарх үйл баримт хэрэгт авагдаж, энэ талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн учраас нэмж тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 583 дугаар тогтоолыг гомдолдоо нэлээдгүй дурддаг ч уг тогтоол нь хөдөлшгүй, хатуу тогтоосон зүйл биш бөгөөд ямар нэгэн чиглэл өгч шийдвэрлээгүй. Иргэний нэхэмжлэгчээс “Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу” гэж ярьж байгаа ч Улсын Дээд шүүх тогтоолоо тайлбарлахдаа “эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын шатанд чөлөөлөх эрх хэмжээ зөвхөн прокурорт байх ба энэ талаарх хууль ёсны үндэслэлийг тусгасан албан ёсны шийдвэрийг чөлөөлөх тухай албан бичгийн хамт битүүмжлэлийг гүйцэтгэсэн газарт хүргүүлэх байдлаар хэрэгжинэ” гэсэн.

Мөн Улсын Дээд шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугүй эсэх талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй харьцуулан дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн талаар шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн. Гэтэл хэрэг прокурорт буцаагдахад прокурор ямар ч харьцуулсан дүгнэлт хийгээгүй, яллагдагчаар татагдсан хоёр этгээдийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж ялах дүгнэлт үйлдсэн. Тийм учраас энэ хэрэгт Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу хийгдсэн арга хэмжээ байхгүй тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Хэргийн баримтуудаар шүүгдэгч нар нь гэм буруугүй гэж дүгнэсэн тул үүнээс цааш асуудлыг ярих шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болгарийн элчин сайдын яаманд “А Х” ХХК болон Б.Б нарын хооронд лиценз худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас энэ хэрэг үүсэлтэй. Уг лицензийг худалдан авч, ашиглах явцад тухайн орд газарт ямар ч алтны нөөц байгаагүй гэж иргэний нэхэмжлэгч ярьдаг боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “А Х” ХХК нь 5 кг алтыг авч ашигласан үйл баримт тогтоогддог. Гэрээний үүргээс үүсэлтэй маргаан гэж үзээд өгсөн, авснаа буцаах асуудал яригдвал дээр дурдсан 5 кг алтыг буцаан шилжүүлэх асуудал ч мөн адил яригдах ёстой.

Мөн Б.Э гэх хүнийг яллагдагчаар татаж шалгах явцад тэрээр Америк улс руу яваад буцаж ирээгүй биш ирсэн. Буцаж ирсэн болох нь Хил хамгаалах байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогддог. Авсан, өгсөн хүмүүс нь байж байхад тэднийг шалгаагүй байж прокурорын тогтоолд ямар ч салаа утгагүйгээр “өмчлөлийн асуудал шийдвэрлэгдмэгц битүүмжлэлийг цуцалсугай” гэж заасан. Монгол Улсад өмчлөлийн асуудлыг өв, гэрээслэл, шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх ёстой. Гэтэл өвлөгч нь албан ёсоор тогтоогдсон байхад банк өвлөх эрхийн гэрчилгээг албан ёсных гэж үзэж, өвлөгчийн эрхийг хангасны төлөө Хаан банкны ажилтныг 8 жилийн турш хэрэгт холбогдуулан шалгасан нь үндэслэлгүй.

Улсын Дээд шүүхийн тогтоолд “Хаан банкны битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харьяалагдах ёстойг шийдвэрлээгүй байж иргэний өмчлөх эрхийг хамгаалсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдээр зүйлчилж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан мэтээр дүгнэсэн нь алдаа болжээ.” гэж дүгнэсэн. Эндээс уг мөнгө Р.Б, Б.Э нарын хэний мөнгө болохыг тогтоож байж асуудлыг шийдвэрлэх ёстой гэх агуулга үүснэ. Гэтэл хэрэг прокурорт буцсанаас хойш хэрэгт ямар ч ажиллагаа хийгдээгүй. Яллагдагчаар татсан тогтоол, хэргийн материал танилцуулсан баримтууд л бий. Давж заалдах шатны шүүхээр 2 удаа орж, Улсын Дээд шүүхээс өмчлөлийн асуудлыг шийдвэрлэ гэсэн ч хэрэгт ямар ч ажиллагаа хийгээгүй.

Тиймээс нэгэнт нотлогдохгүй байгаа бол яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтын дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн. Уг мөнгө ямар нэгэн байдлаар урсаж алга болоогүй, банк аваагүй, зээлд төлүүлээгүй, Б.Э авсан. Гэтэл мөнгийг авсан хүнийг шалгаагүй, хилээр орж ирэхэд нь бариагүй байж ажлаа хийж байсан нотариатч, банкны ажилтныг буруутгасан нь үндэслэлгүй. Нэгэнт мөрдөгч, улсын яллагч нотолж чадаагүй тул шүүгдэгч нарыг хүчээр яллах ёсгүй. Иймд анхан шатны шүүх зөв дүгнэсэн учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

Цагаатгагдсан этгээд Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж оролцоно...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ггийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийнхээ хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэсэн ерөнхий агуулгаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх санал гаргаж байна. Тиймээс хэргийн зүйлчлэл зөв эсэх, хууль хэрэглээний хувьд ямар хуулийг, яаж хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эл зохицуулалтаар хуулийг буцаан хэрэглэх диспозици нөхцөлийг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн 3 үндсэн шинжээр хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй.  Б.Г-гийн хувьд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлтэйгээ холбогдон буруутгагдсан. Энэ үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан бөгөөд яллах дүгнэлтэд дээр дурдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх 3 диспозици нөхцөлийн алийг үндэслэж 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн талаараа огт тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Б.Гг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нотариатын үйлдлийг хийсэн цаг хугацаанд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлд заасан дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, нуух гэсэн гэмт хэргээр зүйлчилж, торгох, эсхүл баривчлах ял шийтгэхээр хуульчилсан. Харин яллах дүгнэлтээр буруутгасан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар хуульчилсан буюу оногдуулах ял шийтгэлийн хувьд хүндрүүлсэн. Тийм учраас энэ хуулийг буцаан хэрэглэхгүй байх хууль зүйн нөхцөл байсныг анхаарч үзээгүй. Прокурор Б.Гд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэхдээ тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тусгай субъект байхаар хуульчилсан.

Тухайлбал, дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гээд тусгайлсан субъект байхаар заасан. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектийн шинжийг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан гэж хуульчилсан. Хоёр хуулийн алинаар ч байсан субъектэд тавигдах шаардлага Б.Гд хамааралгүй. Түүнийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан хориглосон заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Уг хориглосон заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид хамаарах зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн аль аль нь урьдчилж ямар нэгэн байдлаар үүрэг хүлээлгэсэн байх агуулгыг илэрхийлнэ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт нь тусгайлан үүрэг хүлээлгэнэ гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын процесс ажиллагаанд хамаарахгүй зохицуулалт юм. Практикт Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсгийг хэрхэн, яаж хэрэгжүүлж байгаа нь нэн ойлгомжгүй. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд нотариатчид үүрэг хүлээлгэж, хариуцлага тооцохын тулд нотариатчид урьдчилж ямар хэлбэрээр мэдэгдэх вэ гэдэг нь тодорхойгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд нотариатын байгууллагад мөрдөх байгууллага, прокуророос бусдын эд хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдэгдэж, анхааруулсан ямар ч үйлдлийг нэг ч удаа хийж байгаагүй ба энэ талаарх баримт хэрэгт байдаггүй. Тиймээс анхан шатны шүүхийн “Б.Г нь харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжилсэн байсныг мэдэх боломжгүй байсан байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй. Эд хөрөнгө битүүмжлэлтэй байсныг Б.Гг мэдэх боломжгүй байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Нотариатын танхимаас Хаан банкинд удаа дараа харилцагчийн мэдээлэл авахаар хандсан, ялангуяа өвлөх эрхийн гэрчилгээ олгогдох үед нотариатчид лавлагаа авах гэхээр “харилцагчийн нууц” гээд нууцалж, өгдөггүй байсан. Б.Гг буруутгаж байгаа нотариатын үйлдэл хийх үед ч дээрх явдал болж байсан. Тиймээс нотариатын байгууллага удаа дараа санал, хүсэлт тавьж, хамтран ажиллах санамж бичиг үйлдэж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, энэ хэрэг гарснаас хойш 2020 оноос эхлэн мэдээлэл солилцох боломжтой болсон.

Энэ байдал нь 3 дугаар хавтаст хэргийн 89-90 дэх талд авагдсан гэрч Ц-ийн мэдүүлэг, Нотариатын танхимаас Хаан банкинд хүргүүлж байсан албан бичгүүд, Хаан банкнаас хүргүүлж байсан хариу албан бичгүүдээр тогтоогддог. Гэрч Ц-ийн мэдүүлгээр нотариатч банкнаас лавлагаа авах үйлдлийг тодорхой тайлбарлаж, энэ нь Б.Гг буруутгах хангалттай үндэслэл, нотлох баримт болсон гэж иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Гэтэл гэрч Ц-ээс сүүлд бюу 2021 онд мэдүүлэг авсан бөгөөд тус гэрч нь мэдүүлэг өгөх үеийн нөхцөл байдлын талаар, асуудлыг яаж шийдвэрлэж байгаа талаар тайлбарласан. “Нотариатын практикт банкны удирдлагуудтай танхимын удирдлага, удирдах зөвлөлийн гишүүдээс удаа дараа хийсэн уулзалтаар банкнаас нас барсан иргэний тухайн банкинд эзэмшиж байгаа данс, дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг шалгах мэдээллийг нотариатчдын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу лавлагаагаар олгож байхаар тохиролцсоны дагуу нотариатч тухайн банкинд хүсэлт тавьсны эцэст лавлагаа авдаг болсон” гэдэг. Энэ нь хэрэг гарсан гэх цаг хугацаанаас бараг 3 жилийн дараа бий болсон үйл баримт юм.

Тиймээс шүүх энэхүү гэрчийн мэдүүлгийг бодитоор анхаарч үзнэ үү. Энэ хэрэг урьд нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Улсын Дээд шүүхийн 2020 оны 583 дугаар тогтоолын хянавал хэсгийн 13 дахь талд “Энэхүү мөнгөн хөрөнгө битүүмжлэлээс журмын дагуу чөлөөлөгдсөн эсэх, үүнд дээрх хоёр шүүгдэгчийн гэм буруу бий эсэх тал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт заасан хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй харьцуулан дүгнэлт хийсний эцэст хэргийн талаар шийдвэр гаргах нь зүйтэй” гэсэн. Энэ дүгнэлт нь хуулийн дагуу шалгаж, тус гэмт хэргийн шинжид хамаарч байгаа эсэхийг шалгаж, шийдвэрлүүл гэсэн ч прокурор шалгаж байснаа шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйл буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээ хязгаараар асуудлыг шийдвэрлэх ёстой тул дээр дурдсан гэмт хэргийн шинж Б.Г-гийн үйлдэлд байгаа эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийж чадсан гэж үзэж байна. Прокуророос миний үйлчлүүлэгчийг Хаан банкны мэргэжилтэн Л.Т-тэй гэмт хэргийг хамтран үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгасан.

Гэтэл хэрэгт Б.Г, Л.Т нар яаж хамтран үйлдсэн, Б.Г нь яаж хамжсан, хэрхэн урьдчилан тохиролцсон, үүнийг яаж тогтоосон гэдэг баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, таамгаар хамжигчаар оролцсон, урьдчилан үгсэж тохиролцсон гэдэг боловч тохирч үйлдсэн гэдгийг нь нотолсон нэг ч баримт байхгүй. Мөрдөх болон прокурорын байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу энэ үйл баримтыг тогтоож чадаагүй. Б.Ггийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, Хаан банк Б.Бы данснаас гүйлгээ хийсэн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох ёстой. Хаан банкнаас өвлөх эрхийн гэрчилгээтэй байсан учраас өвлөгчид олгосон гэж байгаа боловч прокурорын тогтоолыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх нь банкны эрх хэмжээний асуудал. Үүнийг зөв, эсхүл буруу хэрэгжүүлсэн гэж маргаж буй Хаан банкны төлөөлөгчид болон Л.Тийн өмгөөлөгч нарын тайлбар нэг талдаа үндэслэлтэй. Манай үйлчлүүлэгчийн хувьд уг үйлдлээс үл хамаарч байгаа.

Жишээлбэл, өвлөх эрхийн гэрчилгээ 7 дугаар сарын 21-ний өдөр гарсны дараа 7 дугаар сарын 23-ны өдөр битүүмжлэлтэй гэсэн тогтоол хэвээр байгаа шүү гэсэн албан бичиг банкинд очсон. Үүнийг Б.Г мэдэх боломжгүй байсан. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Прокуророос асуухгүй яасан юм бэ” гэж ярьсан. Гэтэл прокуророос хөрөнгийг битүүмжилсэн үгүйг мэдэхгүй байж, хаана, хэнд, ямар прокурорт хүсэлт гаргах вэ. Энэ мэтээр үндэслэлгүй тайлбар гаргасныг шүүх анхаарч үзнэ үү. Б.Г-гийн хувьд өв залгамжлалын эрхийн гэрчилгээ олгосон хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн. Нэгэнт хуульд эрх нь олгогдсон бол өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй гэж татгалзах нотариатч байхгүй. Бусад өвлөгчид бүгд татгалзсан бөгөөд ямар нэгэн маргаантай гэсэн үйл баримт тогтоогдоогүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Түүнчлэн, бид гомдол, тайлбар гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд ярих ёстой. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Улсын Дээд шүүхийн тогтоолд юу гэж заасан нь хамаагүй, шүүгч хэргийг шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө дүгнэлтээ хийж шийдвэрлэх ёстой” гэсэн байр сууринаас мэтгэлцсэн гэсэн агуулгатай тайлбар гаргаж байна. Ийм байдлаар нэгнийгээ гүтгэж болохгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Би өөрийнхөө хэлсэн тайлбарыг маш сайн мэдэж байгаа бөгөөд Л.Тийн өмгөөлөгчийн зүгээс ийм зүйл ярьсныг бас санахгүй байна. Ийм зүйл огт яригдаагүй, харин миний зүгээс Улсын Дээд шүүхийн тогтоолын агуулгыг тайлбарласан.

Иргэний нэхэмжлэгчийн хувьд иргэний эрх зүйн маргаан үүсгэх гээд явж байтал мөнгийг гаргаж явуулсан гэж байна. Гэтэл энэ хэрэгт яагаад иргэний нэхэмжлэгч гэх этгээд оролцож байгаа нь туйлын ойлгомжгүй. Эрүүгийн хэргийн үйл баримтад огт хамаагүй. Хохирогч байхгүй хэрэг байхад Р.Бгийн хохирсон гэж шаардаж байгаа шаардлагын хууль зүйн үндэслэл эрүүгийн журмаар шилжүүлсэн эрүүгийн хэргийн үйл баримтад огт хамааралгүй. Өмнө нь энэ хэргийг шийдвэрлэж байхад Р.Бг хохирогч мөн, биш гэсэн асуудал яригдаж байсан. Р.Б нь Б.Б гэх хүнтэй маргаантай байхыг үгүйсгэхгүй ч энэхүү эрүүгийн хэрэгт тийм баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, Б.Б гэх хүний нэр дээр бүртгэлтэй банкны дансанд байршсан мөнгийг Р.Б өөрөө “надаас авсан мөнгө” гэж тайлбарладаг боловч хууль зүйн агуулгынхаа хувьд Б.Б гэх хүний өмч юм. Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор өмчлөгчийн асуудал шийдвэрлэгдсэний дараа битүүмжлэлийг чөлөөл гэсэн заалтыг юу гэж ойлгож оруулсан болох талаараа энэ хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Өвийн асуудал шийдэгдсэний дараа битүүмжлэлийг чөлөөлөх гэсэн агуулгаар бичигдсэн гэдгээ тайлбарлаж мэдүүлсэн. Иймд давж заалдах шатны шүүх оролцогчдоос гаргасан гомдол, эсэргүүцлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Тийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд иргэний нэхэмжлэлийн гол зүйл нь битүүмжтэй байсан мөнгөн хөрөнгө болно гэж дурдсан ч хэргийн материал, шүүхийн шийдвэрт тухайн мөнгөн хөрөнгийг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж битүүмжилсэн бөгөөд энэ талаар талууд ямар ч маргаан байдаггүй. Тус хэрэгт сэжигтнээр татагдаж, нас барсан этгээдтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотой хэрэгт цаашид шалгах ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Р.Б гэх хүн залилуулсан, эсхүл өөр хэн нэгэн этгээд залилуулсан зэрэг өмчтэй холбоотой Улсын Дээд шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай гэсэн агуулгын хүрээнд ямар ч хэрэг үүсгэгдээгүй бас шалгагдаагүй. Мөн үүнтэй холбогдуулан миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татан шалгасан асуудал ч байхгүй. Тиймээс анхан шатны шүүхэд миний бие Р.Бгаас “Та татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргасан нь ямар учиртай вэ. Эсхүл өвийн маргаан юм уу. Хууль ёсны өмчлөгч, хамаатан садангийн холбоотой юу. Монгол Улсад нас барсан хүний дансан дахь мөнгийг хууль ёсны өв залгамжлагчаас өөр хүн авч болох эрх зүйн боломж байгаа юу” гэж асуусан. Гэтэл иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ огт тайлбарладаггүй бөгөөд давж заалдах гомдолдоо ч энэ талаар дурдаагүй байна. Мөнгөн хөрөнгө устаж, үрэгдсэн үйл баримт, шалтгаант нөхцөлийн талаар дүгнэлт хийдэггүй гэж байгаа боловч хууль ёсны өв залгамжлагч авсан мөнгө байхад яагаад устаж, алга болсон мэтээр ярьж байгааг ойлгохгүй байна.

Мөнгө үрэгдээгүй, Б.Э гэх хүн авч явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Төмөрцэцэг гэх хүн 1.5 сая ам.доллароор тусгай зөвшөөрөлтэй компани худалдан авч, эрх шилжүүлсэнтэй холбогдуулан 30 хувийн татварын асуудал яригдаж, тэр нь 100,000 ам.долларын гэрээ хийсэн зэрэг үйл баримтын талаар ямар ч маргаан байхгүй. Тухайн компани нь одоо хүртэл Төмөрцэцэгийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд тухайн хүн нь Р.Бгийн тайлбарлаж байгаагаар үеэл нь гэдэг. Компанийн эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах, лиценз шилжүүлэх гэрээ бүгд хүчин төгөлдөр, эдгээрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хэн ч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээнээс татгалзах, цуцлах, тусгай зөвшөөрөлтэй холбоотой Эрдэс баялгийн эрсдэлийн зөвлөлд хандаж нөөцийг буруу тогтоосон гэж гомдол гаргасан зүйл юу ч байхгүй. Б.Б гэх хүн ордын нөөцийг тогтоох эрхгүй бөгөөд холбогдох байгууллагаас тогтоож, улсад нөөц нь бүртгэгдсэн байдаг.

Шинжээчийн дүгнэлт нь энэ хэрэгт хамааралгүй ч нөөц нь тархмал байршилтай учраас олборлолт явуулахад төвөгтэй байдал үүсгэхийг үгүйсэхгүй. Гэлээ ч үүнд залилсан, эсхүл нас барсных нь дараа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан авах гэсэн зарга яагаад ч гарч ирэхгүй. Гэрээтэй холбоотой асуудлын талаар иргэний нэхэмжлэгч огт ярьдаггүй. Угтаа бол гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө яагаад авах гээд байгаа талаараа тайлбарлах нь хамгийн гол ярих ёстой зүйл байтал үүнийг тайлбарлахгүйгээр тойруулаад байдаг. Мөнгийг Б.Баас авах ёстой гэсэн эрх зүйн үндэслэлээ тайлбарласан нэхэмжлэл гаргаж байж хэлэлцэх үндэслэл үүснэ. Иргэний нэхэмжлэгчээс мөн өмчлөлийн асуудлаар өнөөдрийг хүртэл шүүхээр маргаж байгаа гэж байгаа боловч эрүүгийн шүүхэд “Би энэ өмчийг авах ёстой” гэж хэллээ гээд өмчийн маргаан болохгүй. Өмч, нас барсан бол өвийн асуудал, гэрээ бол гэрээнээс татгалзах, цуцлах, мөнгөө буцаан шаардах зэрэг нь иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад ямар ч нэхэмжлэл гаргадаггүй.

Давж заалдах гомдлын агуулга нь “нас барсан хүний мөнгийг хэний мөнгө байсныг тогтоогоогүй” гэж байгаа боловч уг мөнгө Б.Б гэх хүний хууль ёсны дансанд байсан мөнгө. Мөн Төмөрцэцэг, Батчулуун нарын хооронд байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд уг мөнгө ямар учраас Б.Бы данс руу шилжсэн гэдэг нь гэрээ, контрактаас харагдана. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын хүчин төгөлдөр тогтоолоор “Өмчлөлийн асуудлыг шийдвэрлэтэл хоригийг хэвээр үлдээсүгэй” гэсэн бөгөөд уг тогтоолыг банк руу хүргүүлж битүүмжлэл хэвээрээ гэдгийг мэдэгдсэн. Мөн энэхүү тогтоол нь шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоос өмнө гарсан.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлийн 209.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд эд мөрийн баримт, таслан сэргийлэх арга хэмжээ, битүүмжилсэн эд хөрөнгө хэрхэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэргийг хэрэгсэхгүй болгосон ч хүнийг цагдан хорих, битүүмжлэлтэй байсныг хадгалах зэрэг ажиллагаа явуулдаг прокурорын байгууллагын ажилтан, албан хаагч байхгүй. Прокурор М хоёр удаа мэдүүлэг өгөхдөө өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл өвийн асуудал гэж ойлгосон гэдэг. Өвийн асуудлыг 9 хоногийн өмнө шийдвэрлэгдсэнийг прокурорын байгууллагын ажилтан мэдэх ямар ч боломж байгаагүй бөгөөд “Өвийн асуудлыг шийдвэрлэсэн үү, би тогтоолоо гаргая” гээд ярилцах, хамтарч ажилладаг байгууллагууд биш. Нэгнийхээ хийж байгаа ажлыг харах нэгдсэн бүртгэл, систем ч байхгүй.

Тиймээс прокурор өвийн гэрчилгээ гарсан байсныг мэдээгүй. Хөөн хэлэлцэх хугацаагаар 1 жил хүлээгдэх байх гэж таамагласан байх. Гэтэл бусад бүх хууль ёсны өвлөгч нар татгалзаж, нэг хүн үлдэнгүүт нь нотариатч хуулийг зөв хэрэглэж, өвийн гэрчилгээ гаргаж өгсөн. Тиймээс нас барсан хүний дансанд байршиж байсан мөнгө хэний хөрөнгө болохыг тогтоогоогүй гэсэн зүйл байхгүй. Мөн иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч холбогдох журмыг зөрчсөн гэдэг ч миний үйлчлүүлэгч Л.Т журамд заасан шаардлагыг бүрэн хангасан байдаг. Журмыг харвал прокурорын байгууллагын шийдвэр, харилцагчийн хүсэлт гэж байгаа. Гэтэл харилцагчийн хүсэлт ирүүлсэн, прокурорын “өмчлөлийн асуудлыг шийдвэрлэтэл” гэсэн тогтоолын заалтын ард талд өвийн гэрчилгээ хавсаргагдсан байсан тул өвийн гэрчилгээнээс өөрөөр Монгол Улсад нас барсан асуудлыг шийдвэрлэх баримт байхгүй. Тиймээс дээрх баримтууд байхад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж харилцагчийн анхны шаардлагаар мөнгийг өгөхгүй “Байж бай” гээд буцаах эрх банкны ажилтанд байхгүй.

Л.Т нь Б.Г гэх хүнийг анх удаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт харсан байтал тэднийг хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Л.Тийн гаргасан үйлдлийг М, бусад гэрчүүд бүгд нотолдог. Б.Эгаас хүсэлт ирүүлснийг танилцаад хуулийн хэлтсийн дарга руу ярихад амралтаа авсан байсан тул “журам судлаад шийдвэрлэ” гэсэн. Төв салбарын захирал Ц руу М-тэй хамт очиж уулзсан. Дараа нь туслах ажилтан М-т “Чи үүнийг сайн судлаадах” гэж өгсөн. М “Би судалж үзээд хууль, манай журмын шаардлагыг хангаж байсан” гэж мэдүүлсэн. Холбогдох ажилтнууд судлаад хуулийн шаардлагыг хангасан гэж үзсэн байхад имэйл бичээгүй, шийдвэрлэчих гээд амаараа зөвлөгөө өгсөн хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буруутгасан нь үндэслэлгүй.

Олон жил шалгагдсанаар ажил төрөлгүй болж, нэлээдгүй тамлан зовоогдсон тул гомдолтой байна. Тиймээс битүүмжилсэн хөрөнгийг зорилго, эрх зүйн зориулалт, прокурорын бичсэн зорилгынх нь дагуу хэрэглэснийхээ төлөө эрүүгийн хэрэгт яллагдаж байгаад гомдолтой байна. Гомдлын 6 дахь хэсэгт, битүүмжилсэн хөрөнгө өөрийн зорилго, эрх зүйн үр дагаварт чиглэсэн байдаг гэжээ.

Битүүмжилсэн хөрөнгийн эрх зүйн үр дагавар нь хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр шалгагдаж тогтоогдвол битүүмжлэх зорилготой байсан. Түүнээс биш 2016 онд яаж хэрэг сэргээгдсэн, Р.Б гэх хүн залилуулсан гэж ирээдүйг тааж прокурор хөрөнгийг битүүмжилсэн зүйл огт байхгүй бөгөөд үүнийг урвуулж тайлбарлах ямар ч боломжгүй. Иргэний нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд миний асуусан “Та хэд яагаад гэрээтэй холбоотой асуудлаар иргэний журмаар шийдвэрлүүлж, компаниа буцааж өгөөд, хохирол төлбөрөө шаардаж болдоггүй юм бэ” гэсэн асуултад хариулахдаа “Энхтуяа чинь гараад явсан шүү дээ” гэсэн. Улсын Дээд шүүхийн тогтоолыг тасдаж аваад, холбогдсон этгээдүүдийг яллах гэсэн агуулгаар буруу ойлгож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Депозит бүтээгдэхүүний бодлого, журмыг зөрчсөн гэж гомдол гаргаж байгаа ч аль хэсгийг зөрчсөн талаар гомдолдоо тодорхой дурдахгүй, ямар нэг тайлбар гаргахгүй байна. Депозит бүтээгдэхүүний бодлого, журамд харилцагчийн хүсэлт болон эрх бүхий байгууллагын шийдвэр байхаар заасан.

Залилуулсан гэх асуудлыг шалгуулсан гэж байгаа боловч 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа нас барсан Б.Бы талаас нэг ч гомдол гаргаагүй байтал хэргийг сэргээсэн. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэн гомдол гаргасан нь мэдэгдээгүй. Хэрэг шалгах явцад үндэслэлгүйгээр сэргэсэн нь тодорхой болж, татвараас зайлсхийх гэмт хэрэгт Р.Б хохирогчоор тогтоогдсон байсан. Гэвч түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг болон тогтоол байгаагүй. Үүний дараа Улсын Дээд шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн, Б.Эг гадаадад байгааг мэдсээр байж залилангийн хэрэгт холбогдуулж Б.Г, Л.Т нартай нийлүүлж хамт яллагдагчаар татсан. Үүнээсээ хэрэг тусгаарласан гэдэг агуулгаар тогтоол гаргаж ирсэн. Б.Г, Л.Т нарын хувьд Б.Этай хамтарч залилан хийгээгүй болох нь хэргийн материалын аль ч хэсгээс тодорхой харагдана.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Л.Тийг “...битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг бүхий ажилтнаар ажиллах хугацаандаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт  эрх бүхий байгууллагаас Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэгдээгүй байхад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” буюу нотариатчийн шийдвэрийг үндэслэн Б.Б-ы Хаан банк дахь 50ххххххххх тоот дансанд байршсан 312,600 ам.доллар, 50ххххххххх тоот дансанд байршсан 1,440,931,950 төгрөгийг битүүмжилсэн хоригийг зөрчин чөлөөлж, иргэн Б.Э-д шилжүүлэн өгч, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас эд хөрөнгө үрэгдсэн...”  гэмт хэргийг,

Б.Г-г “...2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагаас Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэгдээгүй байхад Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 заалтыг зөрчиж Б-ны Хаан банкны ам.долларын 50ххххххххх дансанд байршсан 312,600 ам.доллар, Хаан банкны 50ххххххххх тоот дансанд байршсан 1,440,931,950 төгрөг, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны 6 тоотод байрлах орон сууц Ү-ХХХХХХХХХХХ, Сүхбаатар дүүргийн 000 дүгээр хороод байрлах нэгж талбарын 18641331898282 дугаартай газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зусланд байрлах нэгж талбарын хххххххххххххххх дугаартай газар зэргийг Б.Эд өвлөх эрхийн 07 дугаартай гэрчилгээ олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үрэгдсэн тухайн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон...” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж цагаатгажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнд:

1. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 583 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол нь шүүн таслах ажиллагааны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй” гэж зааснаар эцсийн шийдвэр болохынхоо хувьд заавал биелэгдэх шинжтэй шийдвэр учир энэхүү тогтоолд заасан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх нь хуульд нийцнэ. 

Тус Улсын Дээд шүүхийн тогтоол /4-р хх 195-207/-д:

“...Хаан банкны битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харъяалагдах ёстойг шийдвэрлээгүй, битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, өмчлөл-эзэмшил, энэ хэргийн хохирогч хэн болох,

- Л.Т, Б.Г нар нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд хүлээх үүргээ зөрчсөн эсэх, хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх...” гэж дүгнэсэн байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийгээгүй, прокурор хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Энэхүү битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх нь Б.Г, Л.Т нарын үйлдлийг зөв зүйлчлэх, тодруулбал тэдний үйлдэл ямар гэмт хэргийн шинжтэй болохыг, Д.Энхтуяатай хамтран ямар үйлдлийг хийсэн, хохирлыг хамтран хариуцах эсэх, эсхүл иргэний хариуцагчаар татагдсан Хаан банк хариуцах эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэх үндэслэл болох юм. 

2. Яллагдагч Б.Э нарт холбогдох 201525020779 дугаартай хэргээс “...Чингэлтэй дүүргийн тойргийн наториатч Б.Г, Хаан банкны хууль эрх зүйн газрын хуулийн ахлах зөвлөх Л.Т нартай бүлэглэн ...битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Б-ы Хаан банк дахь валютын 50ххххххххх тоот дансан дахь 312,600 ам.доллар, төгрөгийн 50ххххххххх тоот дансан дахь 1,440,931,950 төгрөгийг авч, хохирогч Р.Б-д хохирол учруулсан...” гэх хэргийг буюу Б.Г, Л.Т нарын үйлдлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор /1-р хх 1-3/ тусгаарласан нь үндэслэлгүй байна.

Б.Г, Л.Т, Б.Э нарын бүлэглэн хохирогч Р.Б-д хохирол учруулсан үйлдлийг тусгаарлах нь “...иргэн Р.Б нь хохирогч мөн эсэх, түүнд хохирол учирсан эсэх, учруулсан гэх хохирлыг хэрхэн шийдвэрлэх...” зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгожээ.

Б.Г, Л.Т нарын үйлдлийг тусгаарлан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргээр эцэслэн шийдвэрлэснээр тэдний “...Б.Э-тай бүлэглэн хохирол учруулсан...” эсэх асуудал тодорхойгүй болж байна.

Ийнхүү хэргийг бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохоор байхад хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” гэсэн нотолбол зохих байдалд хамаарна.  

Иймд “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Л.Т, Б.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан цагаатгах тогтоолыг дээрхи үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг тогтоох, эрүүгийн хэргийг буруу тусгаарласан гэсэн үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул иргэний нэхэмжлэгч Р.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазар нарын гаргасан “иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад давж заалдах шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1255 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Л.Т, Б.Г нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ