| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0018/З |
| Дугаар | 109/ШШ2025/0046 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 109/ШШ2025/0046
109/ШШ2025/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Б
Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нарын хоорондын ““Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсны нөхөх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Б
Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Ч.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У
Хариуцагчийн өмгөөлөгч О.Б
Гэрч Т.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Улмаар иргэн Э.Б нь дээрх Б/02 дугаар захирамжийг эс зөвшөөрч “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсны нөхөх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж шүүх хуралдаан дээр тодруулсан болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч Э.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “ажилд томилох тухай” 139 дүгээр захирамжаар 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)
2.2. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар “Э.Б-г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад удаа дараа давуу байдал үүсгэн Засаг даргын Тамгын газрын нярав Т.М-д холбогдох хууль журмыг зөрчин 6 сарын цалинтай чөлөө олгосон, 2023 онд сумын давсан орлогоор 20,000,000 төгрөг, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19,950,000 төгрөгийг хаягжуулалд хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн албан шаардлагуудыг биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан” гэх үндэслэлээр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал)
2.3. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 29/АО371159 АРА-2025/001/НА-СТА-ТШЗ албан шаардлагад “Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2024 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын бараа материал эд хөрөнгийн тайлан тооцоог бүрэн гаргаагүй, анхан шатны баримт бүрдэл дутуу байгааг дурдаж, 1 дэх заалтаар байгууллагын 2024 оны бараа материал, эд хөрөнгийн тайлан тооцоог гаргаагүй зөрчлийг арилгаж биелэлтийг 2025 оны 1 дүгээр сарын 25-ны дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, 2 дахь заалтаар цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б, нягтлан бодогч Э.Ц нарт даалгасан байна” (2 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал)
2.4. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 57/АО371159 АРА-2025/001/НА-СТА-ТШЗ дугаар албан шаардлагад “Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас өгсөн 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 29/АО0371159 дүгээр албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Бо-гт хууль заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Засаг дарга Ч.Б-д даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал)
2.5. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Далх хангай ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай” А/99 дүгээр захирамжаар “тус сумын гудамж, хорооллын хаягийн тэмдгийг стандартын дагуу байршуулах ажлыг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгэх ажлын гэрээг Д ХХК-тай байгуулахыг зөвшөөрч, гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б, Байгаль орчны мэргэжилтэн Н.И нарт даалгажээ.”, мөн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/123 дугаар захирамжаар “сумын гудамж хорооллын хаягжуулалтын ажлын зардал 20,000,000 төгрөг, урьдчилгаа 30 хувь болох 6,000,000 төгрөг, үлдэгдэл санхүүжилтийг гүйцэтгэлээр Засаг даргын Тамгын газрын их засварын зардлаас зарцуулахыг Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б-т зөвшөөрсөн байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 2, 8 дахь тал)
2.6. Улмаар “Д” ХХК-иас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газарт хандаж гаргасан “Санхүүжилт хүсэх тухай” хүсэлтийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газар 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг “Д” ХХК-ийн Төрийн банкны 340702072080 тоот данс руу шилжүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 1, 10, 14 дэх тал)
2.7. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Сумын төвд хаягжуулалт хийсэн ажлыг хүлээн авах ажлын хэсэг томилох тухай” А/198 дугаар захирамжаар Сумын төвд хаягжуулалт хийсэн ажлыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар акт, тэмдэглэл үйлдэж ажлыг хүлээн авчээ. (2 дугаар хавтаст хэргийн 17-33 дахь тал)
2.8. Мөн Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2023-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийх тухай” 04 дүгээр хяналт шалгалтын удирдамж гаргасан байна. (2 дугаар хавтаст хэргийн 173-174 дэх тал)
2.9. Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Цэнхэр сумын “Д” ХХК-тай холбоотой асуудлаар шалгасан тухай” 04 дүгээр танилцуулгад “Д” ХХК нь Цэнхэр сумын гудамж хороололд хаягжуулалтын ажлыг 2023 онд сумын давсан орлогоос Цэнхэр сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.7-д заасныг хэрэгжүүлэн 20,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бол, 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэхдээ багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 онд төсөвт төлөвлөж, санхүүжүүлсэн, сумын төвийн айл өрхийн гудамж, хашааны тоог үндэслэлгүй нэмэгдүүлж төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй зориулалт бусаар зарцуулснаас 19,900,000 төгрөгийн төлбөр илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6, 16 дугаар зүйлийн 16.5.5, 16.5.2, Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.3.2, 11.1-т тус тус заасныг зөрчсөнөөс тогтоогдсон төлбөрийг ...” гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 179-182 дахь тал)
2.10. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Төсөвт төлүүлэх тухай” 17/02/17/03/05 дугаар актаар “төлбөр хариуцагч Д ХХК-р 19,950,000 төгрөгийг төлүүлж эс чадваас Цэнхэр сумын орлогч дарга асан Ж.Ал-р 9,975,000 төгрөг, нягтлан бодогч Э.Ц-р 9,975,000 төгрөг, бүгд 19,950,000 төгрөгийг төлүүлэн авч аймгийн төсвийн орлогын Төрийн сангийн 100010000955 тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төвлөрүүлэхийг Цэнхэр сумын Засаг дарга Ч.Б, нягтлан бодогч Э.Ц нарт хариуцуулсан байна”. (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал)
Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.Б миний бие Архангай Цэнхэр сумын Соёлын төвд 15 жил ажиллаж байгаад 2008 оны 12 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон 17 дахь жилдээ ажиллаж байгаад Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаад байна. Маргаан бүхийн захирамжийн үндэслэлд: 1. Засаг даргын тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэн Засаг даргын тамгын газрын нярав Т.М-д холбогдох хууль журмыг зөрчин зургаан сарын цалинтай чөлөө олгосон гэжээ. Т.М-н хүсэлтийг үндэслэн түүний эрүүл мэндийн болон ар гэрийн, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу чөлөө олгохоор шийдвэрлэсэн нь түүнд ямар нэгэн давуу байдал бий болгоогүй, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй болно. 2. “2023 онд сумын давсан орлогоор 20.000.000 /хорин сая төгрөг/, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19,950, 000 төгрөгийг хаягжуулалд хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээ нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон” гэсэн нь үндэслэлгүй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай акт нь хүчин төгөлдөр болоогүй. 3. “Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн албан шаардлагуудыг биелүүлээгүй” гэсний тухайд: Тухайн акт нь байгууллагын нярав, нягтлангийн гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотой акт байсан бөгөөд уг албан шаардлагын биелэлтийг хугацаанд нь хүргүүлэх үүргийг холбогдох доод шатны албан хаагчдад миний бие үүрэг болгосон байсан. Уг албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй нь намайг ажлаас халах хэмжээний сахилгын арга хэмжээ авах үндэслэл болоогүй байхад төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулж, гаргасан гэх зөрчлүүдийг шалган тогтгоогүй, нотлоогүй, мөн надад хамааралтай эсэхэд дүгнэлт хийгээгүйгээр Б/02 дугаартай захирамжийг гаргаж миний хуулиар олгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа алдагдаж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчлөө. Э.Болорцэцэг миний бие Монгол Улсын Хууль зүйн сайдын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/170 дугаартай тушаалаар Архангай аймгийн Цэнхэр суманд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа, мөн төрийн нууцыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд намайг ажлаас халахдаа Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь нууц хамгаалах ажилтныг чөлөөлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх бол тагнуулын байгууллагын саналыг авсан байна гэснийг зөрчиж, төрийн болон сумын иргэдийн эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байна гэв.
3.2. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад удаа дараа давуу байдал үүсгэн Засаг даргын тамгын газрын нярав Т.М-д хууль журам зөрчин 6 /зургаан/ сарын цалинтай чөлөө олгосон, мөн 2023 онд сумын давсан орлогоор 20 000 000 /хорин сая/ төгрөг, 2024 оны сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19 950 000 /арван есөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг хаягжуулалд хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон зэрэг зөрчлүүдийг гаргасан байна. Миний бие дээрх зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37,дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болох Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүргийг зөрчсөн, мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргах зэрэг төрийн албан хаагчийн хориглосон үйл ажиллагааг явуулсан гэж үзэж ажлаас халах шийдвэр гаргасан. Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 57/А0371159 дугаартай сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагаар нэхэмжлэгч Э.Б-гт хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг сумын Засаг дарга надад даалгасан болно. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэн түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Түүнчлэн нэхэмжлэгч Э.Б нь ажлаас халагдсаны дараагаар албан ажил, тамга, тэмдэг хүлээлгэн өгөхгүй байгаагаас шалтгаалан өнөөдрийг хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид цалингаа авч чадахгүй, сумын иргэдэд нотариатын үйлчилгээ үзүүлэхгүй. Сумын төвд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд болон хийгдсэн ажлуудын гүйцэтгэлийн санхүүжилт олгогдохгүйн улмаас ажил зогсох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож байгаа, 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, төрийн байгууллагын холбогдох тайлан тооцоо хугацаандаа хийгдэх боломжгүй зэрэг хүндрэлүүд үүсэж байна. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь түүнийг төрийн албыг тасалдуулахгүй байх үүргээ ухамсарлахгүй, дан ганц өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ажлаа хийж буйг нотлон харуулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.3. Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие төрийн албанд 34 жил ажилласан. Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 139 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч. 2024 оны аймаг, орон нутгийн сонгуулийн үр дүнд Цэнхэр суманд нам, улс төрийн өөрчлөлтөөр томилогдон ажиллаж байгаа сумын Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас халах шийдвэр гаргасан нь төрийн жинхэнэ албан хаагч миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг илт хөндөж хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа бөгөөд төрийн алба, түүний дотор жилийн турш үүрэг хүлээж ирсэн ажил, албанаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Дээрх захирамжид заасан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад удаа дараа давуу байдал үүсгэн нярав Т.Мө-д 6 сарын цалинтай чөлөө олгосон талаар Төрийн албан хаагч өөрөө өвдөх, эсвэл ар гэр, амьдрал ахуйд нь хүнд гарз тохиолдоход байгууллагын дотоод журмаар чөлөө олгож болох бөгөөд эрх мэдлээ ашигласан гэх үндэслэлгүй юм. 6 сар чөлөө олгосон гэж баримт гуйвуулж байна. Албан хаагч маань хорт хавдраар өвчилсөн нь гэмт хэрэг биш, мөн ажил олгогч эрхээ хэрэгжүүлсний төлөө хариуцлага хүлээж, өвчтэй албан хаагчид хуульд заасан нөхцөлийн дагуу эмчлүүлэх боломж олгож, хэрэгжүүлсэн үйлдэл халагдах үндэслэл биш, өвчний байдлаар нь ялгаварлан гадуурхах, эсрэгээр шийтгэх нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Миний хувьд хувийн ашиг сонирхол байгаагүй, өөртөө мөнгө, эд зүйл аваагүй, харин төрийн албан хаагчид хуульд заасны дагуу хүнд хэцүү өвчнөө эмчлүүлэх чөлөөг зөвшөөрсөн нь гэмт хэргийн шинж байхгүй. Тус албан хаагчийн хувьд эрүүл мэндийн онцгой нөхцөл үүссэн. Эрүүгийн хуульд албан тушаалын давуу байдал гэдэг нь өөртөө буюу бусдад хууль бус ашиг гаргах зорилготой үйлдэл гэж заасан. Тодруулбал яг ямар хууль зөрчсөнийг хэт ерөнхий байдлаар захирамжид дурдсан нь хууль бус. 2023, 2024 онд сумын Засаг даргатай “Д” ХХК нь сумын хаягжуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд санхүүжилтийг тусгуулсан санаачилга гаргаж, шийдвэр гаргасан гэх үндэслэл нь миний эрх мэдлээс давсан асуудал байна. Хэргийн материалд хавсрагдсан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсөвт төлүүлэх тухай” 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/1703/05 дугаартай актад миний нэр байхгүй бөгөөд намайг хууль бус үйл ажиллагаа хийсэн мэтээр дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний хүү хийсэн гэдгээр ялгаварлан гадуурхаж байна. Архангай аймагт ажиллаж байгаа Авлигатай тэмцэх газрын албан хаагчтай энэ талаар уулзаж асуухад та оролцогч биш гэсэн хариулт өгсөн. Албан шаардлагын хариуг Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03/48 дугаар албан бичгийг хавсралт баримтуудын хамт байгууллагын нягтлан бодогч Э.Ц хүргэсэн. Архангай аймгийн Төрийн аудитын газрын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн албан шаардлага хүргэснийг буруугаар ашиглаж, намайг төрийн албанаас халсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 49.1, 49.1.2, мөн хуулийн 62.1.2, 62.1.3-д заасныг ноцтой зөрчсөн /Төрийн захиргааны албан хаагчийг хууль бусаар халахгүй байхаар тусгасан./ Архангай аймаг дахь аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 347 дугаартай албан бичигт ажлаас халах үндэслэл болохгүй талаар тодорхой дурдсан. Сумын Засаг дарга намайг ажлаас халсан шийдвэр нь албан тушаалаас халах болсон шалтгаан хууль бус, албан тушаалын онцлог нөхцөл байдлыг судалж тогтоогоогүй, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй нэр төдий хийсэн, зөрчил гаргасан гэж байгаа боловч зөрчлийг нотлоогүй сахилгын шийтгэлийн хамгийн сүүлийн хэлбэр сонгосон нь зөрчлийн нөхцөл, хэлбэрт тохироогүй маргаан бүхий захирамж бөгөөд зорилго нь шууд халахыг урьтал болгож шийдсэн. Төрийн байгууллагын тамгыг ажлын хэсэгт хүлээлгэн өгөх эрх зүйн чадамжгүй шийдвэр гаргаж төрийн албаны нэр хүнд, ажил албанд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасан. Өнөөдөр ч сумын иргэдэд хүргэх нотариатын үйлчилгээг хүргэж чадахгүй байгаа бөгөөд төрийн үйлчилгээ доголдож, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, найман сар болоод байна. Миний бие төрийн захиргааны удирдах албан тушаалыг хууль ёсоор эрхэлж байх хугацаандаа хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Харин улс төрийн шалтгаанаар хуульд заасан үндэслэлгүйгээр нотлох баримтгүйгээр ажлаас халагдсан. Ажлаас халагдсан шийдвэр нь хууль дээдлэх, шударга ёс, хүний эрхийн үндсийг зөрчсөн миний амьдралын баталгаа байсан төрийн албанаас халж тэтгэвэрт гарах богино хугацаа төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж авах эрхэд бүдүүлгээр халдаж сэтгэл зүйн болон эдийн засгийн бодит хохирол амссан. Сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож, албан тушаалд эргүүлэн томилуулах, миний 2025 оны 5 дугаар сарын 19-нд ажлаас халагдсан өдрөөс эгүүлэн томилогдох хугацааны албан тушаалын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн олговрыг хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б-г Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан. Дээрх маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон эрх зүйн хэм хэмжээ болон бодит үйл баримт хоорондоо зөрчилддөг хууль бус байна. Төрийн жинхэнэ албанд хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу ажиллагаа хийгдээгүй, Э.Б сахилгын зөрчил гаргасан болох нь хангалттай тогтоогдоогүй. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийн нэг үндэслэл болсон Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн албан шаардлагын дагуу нярвын тайлан, анхан шатны баримтыг 2025 оны 1 дүгээр сарын 25-ны дотор гаргаж өгсөн болох нь гэрчийн мэдүүлэг, бичгийн баримтаар тогтоогддог. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Э.Бо-г ажлаас халах сахилгын арга хэмжээ авах үндэслэлгүй гэж үзэж байна. Маргаан бүхий захирамжид Э.Б нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад удаа дараа давуу байдал үүсгэн Засаг даргын Тамгын газрын нярав Т.М-д холбогдох хууль журмыг зөрчин 6 сарын цалинтай чөлөө олгосон гэх үйл баримтыг дурдсан байдаг. Гэтэл Т.М-д дээрх хугацаанд цалинтай чөлөөг нэг л удаа олгосон байна. Хэрэгт авагдсан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журамд “ажлын 10 хоногийн чөлөөг Засаг дарга олгоно” гэж зохицуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд ажилтанд чөлөө олгох хүсэлтийг ажил олгогч шийдвэрлэхээр зохицуулснаас үзвэл уг хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна. Мөн маргаан бүхий актад чөлөө олгох холбогдох журмыг зөрчсөн гэж дурдсан байдаг. Гэтэл холбогдох ямар журам, заалтыг зөрчсөн талаар тодорхой зүйл байдаггүй. Э.Б-г ажлаас халсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамж хуульд үндэслэх, ойлгомжтой байх, бодит байдалд нийцсэн байх гэсэн зарчмыг зөрчиж гарсан. Маргаан бүхий актын дараагийн үндэслэл болох 2023 онд сумын давсан орлогоор 20,000,000 төгрөг, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19,950,000 төгрөгийг хаягжуулалд хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон гэх тухайд. Өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр хэн нэмсэн гэдэг үйл баримт тогтоогдоогүй. Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газраас “Далх хангай” ХХК-д холбогдуулан гаргасан акт хүчин төгөлдөр болоогүй. Санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргасан гэдэг нь ямар байдлаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй. Э.Б-г хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах шийдвэр гаргалтад оролцсон гэж буруутгаж сахилгын хариуцлага хүлээлгэсэн байдаг. “Далх хангай” ХХК нь сумын Засаг даргатай гэрээ байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 19,500,000 төгрөг, 20,000,000 төгрөг авсан байдаг. Энэ талаар тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Г гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.5. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б-г Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад удаа дараа давуу байдал үүсгэн тус сумын Засаг даргын тамгын газрын нярав Т.М-д хууль журам зөрчин цалинтай чөлөө олгосон, мөн 2023 онд сумын давсан орлогоор 20,000,000 төгрөг, 2024 онд орон нутгийн хөгжлийн сангаар 19,500,000 төгрөгийг хаягжуулалт хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон, Архангай аймгийн төрийн аудитын газрын албан шаардлагуудыг биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн шийдвэр гаргасан учраас түүнийг төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 57/А0371159 дугаартай сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагаар нэхэмжлэгч Э.Б-т хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг сумын Засаг даргад даалгасан болно. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэн түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно.” гэж, 100.2. дахь хэсэгт “Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.” гэж заасан. Сумын Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдад чөлөө олгох журамд ажлын 4-10 хоногийн чөлөөг сумын Засаг дарга олгохоор зохицуулсан. Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь хөдөлмөрийн дотоод журам зөрчиж тус сумын нярав Т.М-д 6 сарын хугацаатай цалин чөлөө олгосон байдаг. Т.М нь цалинтай чөлөө олгох хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 1-нд гаргасан байхад Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Б/05 дугаар тушаал гаргасан буюу хүсэлт гаргахаас өмнө 6 сарын цалинтай чөлөө олгосон. Түүнчлэн нэхэмжлэгч Э.Б нь ажлаас халагдсаны дараагаар албан ажил, тамга, тэмдэг хүлээлгэн өгөхгүй байгаагаас шалтгаалан өнөөдрийг хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид цалингаа авч чадахгүй, сумын иргэдэд нотариатын үйлчилгээ үзүүлэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.6. Хариуцагчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар гурван үндэслэлээр Э.Б-г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газарт нярав ажилтай Т.М-д 6 сарын цалинтай чөлөө олгосон тухайд тус сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр баталсан. Уг хөдөлмөрийн дотоод журмын хавсралтаар баталсан чөлөө олгох журамд 4-10 хоногийн чөлөөг сумын Засаг дарга олгохоор зохицуулсан. Гэтэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.М-д 6 сарын цалинтай чөлөө олгосон. Т.М нь цалинтай чөлөө авах хүсэлтээ 2024 оны 7 дугаар сарын 1-нд гаргасан байхад Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2024 оны 6 дугаар сарын 3-нд өдөр олгосон нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Энэ үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдсан байдаг. 2023 онд сумын давсан орлогоор 20,000,000 төгрөг, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19,950,000 төгрөгийг хаягжуулалд хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон тухайд гэрээ байгуулж, санхүүжилт олгосон, захирамжийн төсөл танилцуулагдахад Э.Б өөрөө гарын үсэг зурсан байдаг. “Д” ХХК-ийн захирал О.Б нь Э.Бо-йн төрсөн хүү гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Э.Б нь “Д” ХХК-д ашигтай байдал бий болгосон. Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 57/АО371159 дугаар албан шаардлагаар Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас өгсөн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 29/АО0371159 дүгээр албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б-т хууль заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Засаг дарга Ч.Бармидад даалгасан байдаг. Уг албан шаардлагын дагуу Э.Б-т ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 29 дугаар зүйлийн 29.2.4 дэх хэсэг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4,7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Учир нь:
Нэг. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлийн тухайд
1.1. Нэхэмжлэгч Э.Б-г Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар “Э.Б нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад удаа дараа давуу байдал үүсгэн Засаг даргын Тамгын газрын нярав Т.М-д холбогдох хууль журмыг зөрчин 6 сарын цалинтай чөлөө олгосон, 2023 онд сумын давсан орлогоор 20,000,000 төгрөг, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19,950,000 төгрөгийг хаягжуулалд хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн албан шаардлагуудыг биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан” гэх үндэслэлээр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халжээ.
1.2. Маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар захирамжид Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 29 дугаар зүйлийн 29.2.4 дэх хэсэг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4,7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3 дах заалт, Архангай аймаг дах Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 57/А0371159 дугаар “сахилгын хариуцлага тооцуулах тухай”, Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 актыг тус тус үндэслэн Э.Б-г Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал)
1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг гурван сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Тодруулбал:
2. Нэхэмжлэгч Э.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа тус газрын нярав Т.М-д холбогдох хууль журмыг зөрчиж 6 сарын цалинтай чөлөө олгосон гэх үндэслэлийн тухайд:
2.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын нярав Т.М 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “... 2024 оны 3 дугаар сараас хөхний хавдрын онош тогтоогдож яаралтай ХСҮТ-д хяналтад орж эмчлүүлэх болсон. Иймд хууль тогтоомжийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалинтай чөлөө олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б-т хандаж гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал)
2.2. Гэрч Т.М шүүх хуралдаан /цахимаар/-д өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 6 сард шинжилгээ хийлгэхээр 7 хоногийн чөлөө авсан. 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан. Миний ээлжийн амралт ажлын 20 хоног учраас 2024 оны 8 дугаар сарын 14-нд ажилдаа орох байсан. Би 8 сарын 20-ын үеэр ажилдаа очиж Засаг даргын Тамгын газрын даргатай уулзаж “Би ирэн очин ажлаа хийх шаардлагатай байна” гэж хэлсэн. Намайг 3 сар 15 хоногийн хугацаанд цалин аваад цагаа бүртгүүлээгүй гэж үзэж байгаа. Тухайн үед Цэнхэр сумын Засаг дарга Галхүү, Засаг даргын Тамгын газрын даргатай уулзаж миний бие эрүүл мэндийн шалтгаантай байна, чөлөө өгөөч гэсэн хүсэлт гаргаж дотоод журмын дагуу би чөлөө авсан. 8 дугаар сарын 15-ны өдрөөс миний чөлөө эхэлж байгаа гэж ойлгосон. Би чөлөөтэй байх хугацаандаа анхан шатны материалд гарын үсэг зурах, хагас жилийн тайлангаа гаргах зэргээр ажлаа хийсэн. Дээрх хугацааны чөлөө авах хүсэлтээ гаргахдаа би эхлээд Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргад болон сумын Засаг даргатай уулзсан. Сумын Засаг дарга “Өргөдлөө бичээд Тамгын даргад өгчих гэж” хэлсэн учраас би хүсэлтээ Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргад өгсөн. Дотоод журамд цалинтай чөлөө олгож болно гэж байсан учраас цалинтай чөлөө олгох хүсэлт гаргаж, цалинтай чөлөө авсан. Би Эхлээд цалинтай жилийн чөлөө хүссэн. Хийх юм аа хийж цэгцэлчхээд чөлөө авсан гэж бодож байгаа. 7 сарын 1-нд чөлөө авах хүсэлт гаргасан. Дараа нь нягтлантай ярьж байгаад 7 дугаар сарын 1-нд чөлөө авахаа болиод ээлжийн амралтаа авсан” гэж мэдүүлж байна.
2.3. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн “Нярав албан тушаалтай Т.М-д цалинтай чөлөө олгох тухай” Б/05 дугаар тушаалаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэг, байгууллагын дотоод журмын 1, 2 /чөлөө олгохтой холбоотой/ дахь заалтыг тус тус үндэслэн Засаг даргын Тамгын газрын нярав албан тушаалтай Т.М-д эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нотлогдох баримтуудыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 сарын цалинтай чөлөө олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал)
2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно.” гэж, 100.2. дахь хэсэгт “Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.” гэж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын хамт олны 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар баталсан “Чөлөө олгох журам”-ын 1-д. Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно, 4-т. Ажлын 1 өдрөөс дээш хугацаагаар чөлөө авахыг хүсвэл өргөдөл бичиж холбогдох албан тушаалтнаар шийдвэр гаргуулан”, 8-д. Ажлын 1-3 хоногийн чөлөөг сумын Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэрлэнэ, 9-т. Ажлын 4-10 хоногийн чөлөөг сумын Засаг дарга шийдвэрлэнэ., 11-т. Эрүүл мэндийн шалтгаанаас эмнэлэгт эмчлүүлэхэд 10 хоногийн чөлөөнд хамрагдахгүй” гэж тус тус заажээ.
2.5. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна.” гэж заажээ.
2.6. Нэхэмжлэгч Э.Болорцэцэгийн тухайд Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн дотоод журманд заагаагүй үндэслэлээр ажилтанд цалинтай чөлөө олгосон нөхцөл байдал тогтоогдож байх боловч хэрэгт авагдсан тухайн чөлөө олгосон ажилтны биеийн байдал, бодит байдал зэрэгээс харахад эл үндэслэлийг үндэслэл болгож нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалтай нийцээгүй байна гэж шүүхээс үзлээ.
3. Нэхэмжлэгч Э.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа 2023 онд сумын давсан орлогоор 20,000,000 төгрөг, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19,950,000 төгрөгийн хаягжуулалт хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон гэх үндэслэлийн тухайд
3.1. Хэрэгт авагдсан үйл баримтын тухайд, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Д ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай” А/99 дугаар захирамжаар “Сумын гудамж хорооллын хаягжуулалтын ажлын зардал 20,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, зардлын 20,000,000 төгрөг, урьдчилгаа, 30 хувь 6,000,000 төгрөгийг, үлдэгдэл санхүүжилтийг гүйцэтгэлээр Засаг даргын Тамгын газрын их засварын зардлаас зарцуулахыг Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б-т зөвшөөрсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал)
3.2. Нэхэмжлэгч Э.Б нь нийтийн албан тушаал болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Д” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай А/99 дугаар захирамжийн дагуу гүйцэтгэгч байгууллага болох “Д” ХХК-ийн Төрийн банкны 340702072080 тоот данс руу гудамж хороо хаягжуулах ажлын урьдчилгаа утгаар 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 6,000,000 төгрөг, хаягжуулалтын гүйцэтгэл утгаар 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, гудамж хорооны хаягжуулалтын ажил 100 хувь утгаар 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт баримтаар тогтоогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 1, 10, 14 дэх тал)
3.3. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5-д зааснаар тус сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байх бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д заасан эрх хэмжээний хүрээнд 2023 онд “Д “ХХК-ийн данс руу холбогдох ажлын хөлсийг шилжүүлсэн байна.
3.4. Хариуцагчаас маргаан бүхий актад үндэслэл болгосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах.” гэж,
3.5. Маргаан бүхий актад үндэслэл болгосон хуулийн дээрх хэм хэмжээг тогтоогдсон хэргийн үйл баримттай дүйцүүлэн бодит байдалтай нийцсэн эсэхэд дүгнэлт хийж үзвэл,
3.6. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан зөрчлийн урьдач нөхцөлөөс харахад маргаан бүхий энэ тохиолдолд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.” гэж заасныг бодит байдалд нэхэмжлэгч Сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байхдаа зөрчсөн эсэх асуудал болно.
3.7. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Д ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай А/99 дугаар захирамжийн дагуу тус ажил 2023 онд хийгдсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Далх хангай” ХХК-д санхүүжилт олгох тухай захирамжийн дагуу гүйцэтгэгч компанид зардлыг шилжүүлсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/198 дугаартай ажлын хэсэгт орж, ажлыг хүлээн авч, үнэлээгүй, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19,950,000 төгрөгийн хаягжуулалт хийх ажилтай холбоотойгоор Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/78 дугаартай захирамжаар гэрээг хамаарал бүхий этгээдтэй байгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээг тухайн үед Засаг дарга болон Засаг даргын орлогч байгуулсан, мөн хэрэгт авагдсан гэрч Т.Г-н мэдүүлэг зэрэг үйл баримтаас харахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан зөрчил бүхий нөхцөл байдлыг гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
3.8. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38.-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.20.-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн.”, гэж 16 дугаар зүйлийн 16.4.5-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;” гэж, 16 дугаар зүйлийн 16.5. дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж, 16.5.2.-т “Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;” 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах; гэж зохицуулжээ.
3.9. Төсвийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан тодорхой чиг үүргийн ажилд төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах эрх хэмжээтэй байна.
3.10. Мөн хэрэгт авагдсан Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалын зорилго хэсэгт ... тамгын газрын үйл ажиллагаа удирдан зохион байгуулж гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын өмнө хариуцна.” гэж, зорилт хэсгийн 4-т. Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, хяналт тавих” гэж, 4 дүгээр зорилтын хүрээнд төсвийн шууд захирагчийн хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, төсвийн төсөл, төлөвлөлтийг боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, хяналт тавих, үр дүнг дээшлүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах” гэж тус тус заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 24-31 дэх тал)
3.11. Нэхэмжлэгч Э.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/99 дугаар захирамжийн дагуу гүйцэтгэгч байгууллага болох “Д” ХХК-ийн холбогдох данс руу ажлын хөлсийг шилжүүлсэн үйл ажиллагааг нь төсвийн шууд захирагчийн чиг үүрэгт хамаарахын зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13.-т зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн буюу төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
3.12. Хэрэгт авагдсан дээрх баримтаас дүгнэхэд өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэргээр шийдвэр гаргалтад оролцсон, өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж буй хариуцагчийн үндэслэл тогтоогдохгүй байна.
3.13. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шийдвэрийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулж холбогдох санхүүжилтийн зардлыг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн суманд хийх хаягжуулалтын ажлыг хийх гүйцэтгэгчтэй нь гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийгээгүй, ажлын гүйцэтгэлийг дүгнэж хүлээж аваагүй байх тул шийдвэр гаргалтад шууд оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.14. Эндээс үзвэл хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцэхгүй байх тул тухайн шийдвэрийн үндэслэлийг шүүхээс зөвтгөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
3.15. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, Монгол Улсын Сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Дугаар 36, 32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.2-т сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх; 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
3.16. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7.-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж заажээ.
3.17. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг зөрчсөн гэж үзэн “нийтийн албанаас халах” шийтгэл хүлээлгэсэн нь бодит нөхцөл, зөрчлийн шинж байдалтай нийцэхгүй, сонгох боломжийг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж, хэрэглэсний улмаас зөрчилтэй захиргааны актыг гаргажээ гэж үзэх үндэстэй.
3.18. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Т.Г-н шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд маргаан бүхий актын үндэслэлд дурдаад буй тус суманд хаягжуулалтын ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн гэх “Д” ХХК-ын захирал О.Б нь нэхэмжлэгч Э.Б-н төрсөн хүү болох нь тогтоогддог. Энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.
3.19. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;” гэж, 6 дугаар зүйлийн 6.5.-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.” гэж заасан.
3.20. Нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Т.Г-н шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд маргаан бүхий актын үндэслэлд дурьдаад буй тус суманд хаягжуулалтын ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн гэх “Д” ХХК-ын захирал О.Б нь нэхэмжлэгч Э.Бо-йн төрсөн хүү болох нь тогтоодож буй нөхцөлд нэхэмжлэгч нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсны хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 8 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан эсэх нөхцөл байдлыг тогтоох, уулмаар зохих шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэйгээр гаргах эрх хэмжээ хариуцагчид олгогдсон бөгөөд эл нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай.
3.21. Дээрх нөхцөлөөс дүгнэвэл хариуцагч нь сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн байх ба энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх, энэ тохиолдолд шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзлээ.
3.22. Мөн маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар захирамжид Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэж, 7.1.4-т “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;” гэж, 7.1.6-д “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.3-т “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;” гэж заасныг үндэслэжээ.
3.23. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн өмнөх хэсэгт дүгнэсэнчлэн эрх бүхий этгээдээс баталсан төсвийг зохих зөвшөөрөл, шийдвэр, баримтын дагуу төсвийн хөрөнгийг зарцуулж холбогдох санхүүжилтийн зардлыг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа нөхцөлд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон эсхүл эдгээр зөрчлийг удаа дараа гаргасан гэх нөхцөл байдал нь тогтоогдохгүй, хариуцагчийн эл хууль зүйн үндэслэл бодит байдалтай нийцэхгүй байна.
4. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн албан шаардлагуудыг биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд
4.1. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 29/АО371159 АРА-2025/001/НА-СТА-ТШЗ албан шаардлагаар “Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2024 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын бараа материал эд хөрөнгийн тайлан тооцоог бүрэн гаргаагүй, анхан шатны баримт бүрдэл дутуу байгааг дурдаж, 1 дэх заалтаар байгууллагын 2024 оны бараа материал, эд хөрөнгийн тайлан тооцоог гаргаагүй зөрчлийг арилгаж биелэлтийг 2025 оны 1 дүгээр сарын 25-ны дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, 2 дахь заалтаар цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б, нягтлан бодогч Э.Ц нарт даалгасан байна” (2 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал)
4.2. Гэрч Э.Ц шүүхэд мэдүүлэхдээ: “2024 оны 12 дугаар сард Тамгын газрын бүхий л санхүүгийн үйл ажиллагаанд завсарын аудит гэж хийсэн. Ингээд аудитын хяналт шалгалтын дагуу манай сумын Засаг даргын Тамгын газарт албан шаардлага ирсэн. Эдгээр албан шаардлагууд нь төсвийн зориулалт бус зарцуулалттай холбоотой, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл дутуу иймэрхүү агуулгатай шаардлагууд ирсэн. Албан шаардлагад тусгагдсан зөрчлийг арилгасан, анхан шатны баримтын зөрчил зэргээ арилгаж холбогдох тайлбар, албан бичиг, нотлох баримтын хамтаар Архангай аймгийн аудитын газар 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлж байсан. Энэ албан шаардлагад дурдсан зөрчлийн асуудал нь няравын тайлан үйл ажиллагаатай холбоотой байсан. Байгууллагын зүгээс албан шаардлагад дурдсан хугацаанд нь хариу тайлан баримтыг хүргүүлсэн. 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нь Баасан гараг байсан. 2025 оны 1 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын газар санхүүгийн тайланг анхан шатны баримтын хамт хүргэх хуулийн хугацаатай байдаг. Тийм учраас 24-ний өдөр анхан шатны баримтаа хүргэж өгсөн байсан. Ингээд албан шаардлагын хариуг заавал албан бичгээр хүргэж өгөх ёстой учраас 27-ны өдөр буюу Даваа гарагт албан тоотоор хүргэж өгсөн. Би 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн биеэр аймгийн Төрийн аудитын газар санхүүгийн тайлан болон анхан шатны баримтаа хүргэж өгсөн. Аймгийн Төрийн аудитын газрын аудитор А.П гэдэг хүнд өөрөө биечлэн хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч А.Пү-н “... хуулийн хугацаандаа баримт нь ирсэн байсан. Яг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн эсэхийг нь би санахгүй байна. Баримтыг нь үзвэл өгсөн өдөр нь тодорхой байгаа. Сумдад завсрын аудит хийгдсэн. Цэнхэр суманд очиж шалгахад анхан шатны баримт нь байхгүй, нярвын тайлан гараагүй, аудит хийх боломжгүй байсан учраас Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 29/А0371159 дугаар “зөрчил арилгуулах тухай” албан шаардлага гарсан. Би ажлын шугамаар Цэнхэр сумын нягтлан бодогчийг таньдаг. Нягтлан бодогч н.Ц тайлбар, баримтаа өгсөн. Албан бичгийн хамт тайлбар нь ирэх ёстой. Цэнхэр сумын хувьд баримтаа ирүүлчхээд дараа нь албан бичгээ ирүүлсэн. Хэрвээ хугацаа хэтэрсэн тохиолдолд дараагийн шатны шийдвэрийг хүргүүлдэг. Хугацаа хэтрүүлсэн асуудал үүсээгүй...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна. (3 дугаар хавтаст хэргийн 40-42, 88-91 дэх тал)
4.3. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 03/48 дугаар албан бичгээр “2024 оны санхүүгийн няравын тайлангийн анхан шатны баримтын бүрдлийг бүрэн гаргаж хавсралтаар хүргүүлэв” гэсэн хариуг Архангай аймгийн Төрийн аудитын газарт хүргүүлжээ. (3 дугаар хавтаст хэргийн 97-98 дахь тал)
4.4. Хэрэгт авагдсан гэрч Э.Ц, А.П нарын мэдүүлэг болон Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 03/48 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаас үзвэл Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 29/АО371159 АРА-2025/001/НА-СТА-ТШЗ албан шаардлагад “... байгууллагын 2024 оны бараа материал, эд хөрөнгийн тайлан тооцоог гаргаагүй зөрчлийг арилгаж биелэлтийг 2025 оны 1 дүгээр сарын 25-ны дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх” гэж заасан хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны санхүүгийн няравын тайлангийн анхан шатны баримтын бүрдлийг бүрэн гаргаж хавсралтаар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
4.5. Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд хариуцагчийн маргаан бүхий актад нэг үндэслэл болгосон Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн албан шаардлагуудыг биелүүлээгүй гэх үндэслэл нь бодит нөхцөлтэй тохирохгүй, үндэслэл бүхий болж чадаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмын агуулгатай нийцэхгүй байна.
5. Маргаан бүхий актад Архангай аймаг дах Төрийн аудитын газрын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 57/А0371159 дугаар “сахилгын хариуцлага тооцуулах тухай”, Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 актыг тус тус үндэслэсэн тухайд:
5.1. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 57/АО371159 АРА-2025/001/НА-СТА-ТШЗ дугаар албан шаардлагад “Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас өгсөн 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 29/АО0371159 дүгээр албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б-т хууль заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Засаг дарга Ч.Б-д даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал)
5.2. Хариуцагчаас маргаан бүхий захирамжид Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-дэх хэсгийг үндэслэн, эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахыг шаардсан, албан шаардлага ирсэн учраас ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарладаг.
5.3. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, 42.2.-т “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, 42.3.-т “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ.” гэж зохицуулжээ.
5.4. Хуулийн дээрх хэм хэмжээг маргааны үйл баримттай уялдуулан хэрэглэвэл, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 57/АО371159 АРА-2025/001/НА-СТА-ТШЗ дугаар албан шаардлагыг хариуцагчид Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-дэх хэсэгт заасныг үндэслэн гаргаж хүргүүлсэн байх бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох талаар дурьдаж хүргүүлсэн, харин Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан бол энэ нь ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох талаар заасан байхад ажлаас шууд халах сахилгын шийтгэл ногдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь захиргаа сонгох боломжийг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж, хэрэглэсний улмаас зөрчилтэй захиргааны актыг гаргажээ гэж үзэх үндэстэй.
5.5. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б-г ажлаас халах тухай” Б/02 дугаар захирамж гаргахдаа Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актыг үндэслэсэн бөгөөд “... 2023 онд сумын давсан орлогоор 20,000,000 төгрөг, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар 19,950,000 төгрөгийг хаягжуулалд хийх нэрээр өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон ...” гэх тайлбарыг гаргадаг.
5.6. Маргаан бүхий актад үндэслэл болгосон Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Төсөвт төлүүлэх тухай” 17/02/17/03/05 дугаар актад “... “Д” ХХК нь Цэнхэр сумын гудамж хороололд хаягжуулалтын ажлыг сумын 2023 онд сумын давсан орлогоос Цэнхэр сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.7-д “сумын төвийн гудамж хороолол, зам, эд хөрөнгө, хашааг стандартын дагуу хаягжуулна” гэж заасныг хэрэгжүүлэн 20,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бол, 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэхдээ багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн, сумын төвийн айл өрхийн гудамж, хашааны тоог үндэслэлгүй нэмэгдүүлж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулснаас 19,950,000 төгрөгийн төлбөр илэрлээ...” гэж тэмдэглэгдсэн байна.
5.7. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.
5.8. Гэтэл Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
5.9. Тодруулбал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2025/0670 дугаар магадлалаар “... хариуцагч улсын байцаагч нар нь хяналт, шалгалт хийж акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн буюу “Д” ХХК-ийг сумын төвийн айл өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх нөхцөл байдалд талуудын гаргаж өгсөн тоо зөрүүтэй, 2023 онд болон 2024 онд тус тус ямар ажил хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгч компанийг хууль бусаар орлого олсон гэх зөрчил гаргасан үндэслэл тодорхойгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэмээн ажил гүйцэтгэгч “Д” ХХК-ийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Ямар зөрчилд ямар орлогыг хууль бусаар олсон гэж үзэж улсын орлого болгож байгаа нь тодорхой биш, өөрөөр хэлбэл ямар зөрчилд хэнийг буруутгаж, хэнд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. (3 дугаар хавтаст хэргийн 248-253 дахь тал)
5.10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2025/0670 дугаар магадлал энэ хэргийг шийдвэрлэх цаг хугацаанд хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх бөгөөд хэрэв магадлал хүчин төгөлдөр болсон тохиолдолд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2025/0670 дугаар магадлалын хянавал хэсэгт дурдсан нөхцөл байдлыг дахин тодруулж шинээр захиргааны акт гаргасан тохиолдолд тухайн акт нь энэ хэргийн маргаан бүхий акт болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар захирамжийн үндэслэл болох эсэх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарч байна гэж үзлээ.
5.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан.
5.12. Иймд хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаатайгаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.13. Шүүхээс тогтоосон гурван сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.
5.14. Шүүх энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсны нөхөх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагуудыг хариуцагч дахин шинэ акт гаргахдаа хамтад нь шийдвэрлэх үүрэгтэй.
5.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт заасан тодруулах ажиллагаануудыг хийж, дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамж хүчингүй болох бөгөөд түүнтэй дагалдах нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсны нөхөх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагууд хангагдах болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.7, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.Б-н гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт заасан тодруулах ажиллагааг хийж, шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд тийнхүү дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамж хүчингүй болж, нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагууд хангагдахыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА