Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2025/00251

 

2025         08          11                                       157/ШШ2024/00251  

 

                             

 

Зохигчийн эвлэрлийг батлаж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум 3 дугаар баг, Д 8-818 тоотод оршин суух, М овогт О С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Хангайн 11-1101 тоотод оршин суух, О овогт Э-н Т, Б овогт Н-н О нарт холбогдох

“Гэм хорын хохирол 4,391,110 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цр, хариуцагч Э.Т, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Э.Т, Н.О нарт холбогдуулан “гэм хорын хохирол 4,391,110 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов.

1.1.Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.С миний бие нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 52 минутын орчимд Х аймгийн Б сумын төмөр замын гармаар гарахаар өөрийн өмчлөлийн      95-73 ХЭҮ улсын дугаартай автомашинаа жолоодон явж байтал гэрлэн дохио ассан тул миний урд талын болон бидний машин бүгд хүлээж зогссон байдалтай байж байтал О гэх эмэгтэй нь өөрийнхөө нөхрийн эзэмшлийн 94-16 УЕН улсын дугаартай приус 30 маркийн автомашин жолоодож явахдаа миний машины араас ирж мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан.

Тэр даруйд миний бие 99774453 утасны дугаараас Цагдаагийн хэлтсийн 70567102 утас руу залгаж дуудлага өгсөн. Энэ дуудлагаар цагдаагийн хэлтсийн байцаагч Х, бас нэг цагдаагийн хамт ирээд 94-16 УЕН улсын дугаартай приус 30 маркийн автомашин жолоодож явсан жолоочийн 100 хувь буруу гэж хэлсэн. Цагдаа нар зураг авах гэсэн боловч О нь машиндаа орж суучихаад гарч ирэхгүй нөхөр Т нь бид тохиролцъё, өнөө орой гэхэд мөнгө олж, хот авч явж засуулж өгнө гэж гуйсан. Мөн би ажлаасаа халагдмааргүй байна ш дээ, эгч ээ гээд гуйгаад байсан тул би хүн чанар гаргаад мөн түүний үгэнд итгээд явуулсан боловч машин засуулж өгөх нь битгий хэл сүүлдээ утсаа авахаа больсон....Тэгээд миний бие Улаанбаатар хот руу 6 сарын 06-ны орой гарч хотод шөнө очоод Алтан цайз нэртэй буудалд хоносон. Тэгээд маргааш нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хажууд байрлах “Вендо” ХХК гэх үнэлгээний байгууллагад хандаж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийлгэх гээд хариуцагч Ттэй ярихад эгчийгээ явуулна гээд эгчийнхээ 88166363 дугаарыг явуулсан тул эгчтэй нь яриад үнэлгээ хийлгэхэд тэр эгч нь ирж оролцсон. Үнэлгээ гаргасаны дараа шаардлагатай материалыг аваад засварын газарт машинаа засуулахаар өгсөн. Машинаа засварт өгөөд гарах хүртэл нь буудалд хүлээж байгаад машинаа засвараас аваад 2025 оны 6 сарын 09-ний өглөө Б гарсан. Ирээд Э.Т, Н.О нар луу залгасан боловч тэд утсаа аваагүй. Цалин буух үед нь бас залгасан боловч тэд огт утсаа аваагүй. Өөрийн буруутай үйлдлийн улмаас хүний эд хөрөнгөд хохирол учруулчихаад эс тоож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул шүүхэд хандаж хохирол, төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч нь орчин тойрондоо аюултай эд зүйлийн өмчлөгчийн хувьд гэм буруутай эсэхээс үл хамаарч бусдад учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй байдаг ба тэрээр өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, эсвэл тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон аль ч тохиолдолд өмчлөгч бусдад учирсан гэм хорыг хариуцахаар заасан тул тухайн машины өмчлөгч, эзэмшигч болох Э.Т, тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Н.О нараас дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:

1. Үнэлгээний төлбөр 308,000 төгрөг,

2.Сэлбэг 3,130,000 төгрөг,

3.Засварын ажлын хөлс 500,000 төгрөг,

4.Буудал хөлс 300,000 төгрөг,

5. Шатахууны зардал 153,110 төгрөг, нийт 4,391,110 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цр, хариуцагч Э.Т, Н.О нар  шүүх хуралдаанд эвлэрч, Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах байдлаар эвлэрэв.

Үүнд: Хариуцагч Э.Т, Н.О нар 4,391,110 төгрөгийг хүлээн зөвшөөрч 5 хуваан О.Сд төлөх, О.С эвдэрсэн эд ангийг хариуцагч нарт буцааж өгөх. 4,391,110 төгрөгийг хариуцагч нар нь О.Сд

2025 оны 9 дүгээр сарын 20-нд 878,223 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-нд 878,223 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 20-нд 878,223 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 20-нд 878,223 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 20-нд 878,218 төгрөгийг О.С-н ХААН банкин дахь 5018101390 дансанд шилжүүлэх, нэхэмжлэгч О.С нь сүүлийн төлбөр төлөгдсөн үед эвдэрсэн эд ангийг хариуцагч нарт өгөхөөр тохиролцов. Мөн эхний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахаар эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч  О.С нь хариуцагч Э.Т, Н.О нараас “гэм хорын хохиролд  4,391,110 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Нэхэмжлэгч О.С, түүний өмгөөлөгч Э.Цр, хариуцагч Э.Т, Н.О нар нь 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурсан байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай,  мөн хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй.

 

4.Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт  “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.” гэж заажээ.

 

5.Хариуцагч Э.Т, Н.О нар 4,391,110 төгрөгийг хүлээн зөвшөөрч 5 хуваан О.Сд төлөх, О.С эвдэрсэн эд ангийг хариуцагч нарт буцааж өгөх. 4,391,110 төгрөгийг хариуцагч нар нь О.Сд

2025 оны 9 дүгээр сарын 20-нд 878,223 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-нд 878,223 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 20-нд 878,223 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 20-нд 878,223 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 20-нд 878,218 төгрөгийг О.С-н ХААН банкин дахь 5018101390 дансанд шилжүүлэх, нэхэмжлэгч О.С нь сүүлийн төлбөр төлөгдсөн үед эвдэрсэн эд ангийг хариуцагч нарт өгөхөөр тохиролцов. Мөн эхний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахаар эвлэрсэн болох нь  шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-гээр нотлогдож байна.

 

6.Хуульд заасны дагуу зохигч талууд эвлэрлийн гэрээний агуулгыг бичгээр гарган нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигч талуудын хооронд байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ” нь  хүчин төгөлдөр бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

7.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,208 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Т, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 85,208 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Сд олгох нь хуульд нийцнэ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.” болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.С-н нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т, Н.О нарт холбогдох “гэм хорын хохиролд 4,391,110 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч О.С-н улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 85,208 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Т, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 85,208 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч              нар нь заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг нэхэмжлэгчид тайлбарласугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ