| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00148/И |
| Дугаар | 157/ШШ2025/00254 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2025/00254
2025 08 11 157/ШШ2025/00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаймгийн Б сум, 5 дугаар баг, Х багт оршин суух Ү Ц овогт Н Г-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хаймгийн Д сум, Ж ХХК-ийн захирал Б овогт Б Ч-д холбогдох
“Нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчН.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.НэхэмжлэгчН.Г нь хариуцагч Б.Ч-д холбогдуулан “нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие Б сум 5 дугаар багт мал маллаж амьдардаг малчин иргэн. 2024 онд манай нутагт тээвэрлэлт явуулдаг Ж ХХК нь тээвэрлэлт явуулдаг зам нь аюулгүй байдал стандарт бус, эргэн тойрны айл мал амьтанд хортой нөхцөл үүсгэж, дуртай газраа шинэ зам үүсгэж байсан, мөн тоосжилт үүсгэсэн учир би иргэний үүргээ биелүүлж иргэдийн хамт сум захиргаандаа өргөдөл гаргасан билээ. Энэ үеэс хойш тус компани нь удаа дараа надад дарамт үзүүлж эхэлсэн.
Үүнд: Намайг болон малчин өрх бүрийг уул уурхай хөгжинө мал аж ахуй хөгжихгүй, уурхай бараад хэмээн гарал үүсэл ажил хөдөлмөрөөр минь доромжилсон. Мөн тус компаний инженер М нь чи энэ хэдтэй заргалдах хэрэггүй эд нар тээврээ явуулахын тулд юу ч хийж магадгүй, чи ямар ч хэрэгт унаж магад гэж сүрдүүлсэн. Мөн тус компанийн захиралЧнь улс төрийн том албан тушаалтны нэр барин айлгах гэж оролдсон болно.Чнь би ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүх нарт 1 тэрбум төгрөг өгсөн, надад өргөмжлөл нь байна хэмээн сайрхаж дуу хоолойг минь хорих оролдлого хийсэн. Энэ үгийг Б сумын Байгаль орчины байцагч, цагдаа нар гэрчлэх болно. 2025 оны 4 дүгээр сарын 14-нд дахин захиргаанд өргөдөл өгсөн 2024 оноос өдийг хүртэл замаа янзлаагүй байсан учир 2025 оны 05 дугаар сарын 09-нд сумын захиргаа өргөдөл гомдол саналын дагуу надтай хамт Засаг даргын орлогч Г даргатай хамт шаардлага хүргэхээр очтол намайг хэл амаар доромжилж чамайг цагдаад өгнө шүүхэд дуудуулна гэж айлган сүрдүүлсэн. Үүнийг Орлогч дарга Г нотолно.
Үүнд:Чнь намайг “хулгайч, уул уурхай шантаачилж мөнгө авдаг” инженер Мөнхбаяр надад хэлсэн “надад мөнгө хэрэгтэй байна. Энэ уурхайг дарамталж мөнгө авна” гэж хэлсэн хэмээж худал ташаа мэдээлэл тараасан. Мөн хулгайч, энэ хулгайн төмөр авчирч зарсан гэж гүтгэж төрийн албан хаагчийн өмнө худал мэдүүлэг өгсөн.
2024 оны зун тус компаний инженер болох М-эй ярилцаж 8 ширхэг шивлээр төмөр наймаа хийсэн. Тэр төмөр нь 3 жилийн өмнө зам анги татан буугдаж байхад харилцан тохиролцож хууль ёсоор мөнгийг нь өгч авсан болно.
Мөн энэ хэрэгтээ миний гэр бүл болох хадам аавыг минь татан оролцуулах гэж оролдсон. Г таны хүргэн мөн үү? та хүргэндээ хэлээд өгөөч намайг дарамтлаад байна, боль гэж хэлээд өг гэж хүчилсэн энэ үйлдлээс болж хадам аав маань тус компанид ажиллах боломжгүй болж ажлаасаа гарсан болно.
Гүтгэсэн, доромжилсон, айлгаж сүрдүүлсэн, үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх, үүднээс төрийн байгуулага олон нийтийн өмнө хэлсэн гүтгэлэг худал мэдүүлгээ няцаах, уучлалт гуйлгах хүсэлтэй байна.” гэжээ.
1.1. НэхэмжлэгчН.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Би тэр хүнээр уучлалт гуйлгамаар байна. Намайг мөнгө авах зорилготой байна гэж буруу ойлгоод намайг доромжлоод байна. Компани замаа 2 урсгалтай зам болгоод усалгаатай болгомоор байгаа юм. Тээвэр хийхдээ замаа услаад байвал болно...” гэв.
2.Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ЖХХК нь Хаймгийн Д сумын нутагт орших, Д төмрийн хүдрийг ил аргаар олборлон, хуурай аргаар баяжуулдаг компани болно. Энэ уурхай нь МУ-ын хэмжээнд анхны төмрийн хүдрийн ашиглалтанд орсон онцлогтой юм.
Тус компани нь баялаг бүтээгч, татвар төлөгч юм. Хорь орчим жил үйл ажиллагаа явуулахдаа ойр хавийн нутагшин суудаг малчин түмэнтэй эв найртай харьцсаар ирсэн. Малчид туслалцаа хүссэн үед бид нийгмийн хариуцлагын хүрээнд цаг тухайд нь асуудлыг шийдэж өгсөөр ирсэн. Саяхан болсон борооны улмаас 5-р багийн малчин Г Далан түрүү явдаг зам эвдэрсэн, хоёр хэсэг газар үерийн усанд эргэлсэн байсан. Энэ замыг засуулмаар байна гэхэд нь тэр даруй ковш гарган засаж өгсөн. Та нар дуудах болгонд ирж туслалцаа үзүүлдэг. Мөн Б явдаг тээврийн замаа байнга засдаг гэж сайшаасан. /Гандулам малчны утас0/
2024 оноос Н.Г малчин компани дээр ирсэн. Урд өмнө нь энэ хүн ирж байгаагүй. Дараа нь ойлгоход Д сумаас Б суманд шилжиж ирсэн гэдэг. Эхнэр нь Д сумын харьяат юм билээ. Б сумын 5-р багт ахынхаа өвөлжөөнд байдаг гэдгийг багийн даргаас нь сонссон.
2024 оноос эхэлж Н.Г нь манай уурхай дээр ирж мөнгө нэхэж эхэлсэн. Манай уурхайд ажиллаж байсан өвөр монгол тогоочоор дамжуулж хөрөнгө оруулагчаас 50 сая /тавин сая/ төгрөг нэхсэн. Энэ оролдлого нь бүтээгүй учраас уурлаж уурхайн тээврийг машинаараа хааж зогсоох, зөвшөөрөлгүй дураараа уурхай руу удаа нэвтэрч орж, үйл ажиллагааг нь зогсооно гэж сүрдүүлдэг нь хэвийн зүйл болсон. Эцсийн зорилго нь дарамталж байж биднээс мөнгө авах зорилготой юм.
Бид асуудлыг зөөлрүүлж, эвтэй байхыг эрмэлзсэн. Хүрээд ирэхэд нь бэлэг сэлт хоол ундаар дайлж байсан. Бид төрийн бодлогын талаар ойлгуулах гэж хэлж ярьсан боловч хүлээж авах чадамжгүй нөхөр байна лээ. Манай уурхайн инженер, Монгол Улс хууль дүрэмтэй, чи ингэж дарамталж байгаад хэрэг төвөгт орооцолдов оо гэж удаа дараа сануулж байсан. МУ-ын ерөнхий сайдтай бид нар уулзаж байгаагүй таньж мэдэхгүй. Намайг нэг тэрбум төгрөгний авилгал өгсөн гэдгийг хоёр хүн гэрчилнэ гэсэн тэр хоёр хүнээс нь мэдүүлэг авч үнэн худлыг нь тодруулах хэрэгтэй.
2024 ондН.Г дунд нь олон нүхэлсэн өргөн 20см, урт нь 4 метртэй найман ширхэг хуучин шивлерийг бидэнд хүчээр тулгаж зарсан. Би л харилцаагаа бодож нэг ширхэгийг нь 200,000 /хоёр зуун/ мянгаар тооцож авсан. Энэ нь дэлхийд байхгүй үнэ. Эдгээр төмрийн гарал үүслийг тодруулах хэрэгтэй. Бид хулгайн бараа гэж хардаж байна.Н.Г нь айлган сүрдүүлж мөнгө авч чадаагүй учраас сүүлийн үед бидний тээврийн замаар оролдож эхэлсэн. Бид энэ замыг өөрсдийн хүчээр байнга засаж тээврээ явуулдаг.Н.Г нь замаа 2 урсгалтай болгож замаа янзал гэж ойр ойрхон дарамталж эхэлсэн. Энэ мэтээр сүүлийн 2 жил дарамталж сэтгэл зүйн дарамт учруулж байна. Бидэнд Н.Г-н увайгүй үйлдлийн талаар нотлох баримт хангалттай байгаа. Бид нотлох баримтаа бүрдүүлж шүүх рүү хандан сэтгэл санааны хохирол 100 сая төгрөг нэхэмжлэхэд бэлэн байна...” гэжээ.
3.НэхэмжлэгчН.Г нь: “Иргэний үнэмлэхний лавлагаа”, Хаймгийн Б сумын Засаг даргын албан бичиг, Н.Г-н Б сумын Засаг даргын тамгын газарт гаргаж байсан хүсэлт, гэрэл зураг зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.НэхэмжлэгчН.Г нь Ж ХХК-ийн захирал Б.Ч-д холбогдуулан “Нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэл гаргасан ба шаардах эрхийн үндэслэлээ “намайг гүтгэсэн, доромжилсон, айлгаж сүрдүүлсэн үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх үүднээс төрийн байгуулага олон нийтийн өмнө хэлсэн гүтгэлэг, худал мэдүүлгээ няцаах, уучлалт гуйлгах хүсэлтэй байна гэж тодорхойлов.
3.Хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...Н.Г нь 2024 оноос эхэлж манай уурхай дээр ирж мөнгө нэхэж эхэлсэн. Манай уурхайд ажиллаж байсан өвөр монгол тогоочоор дамжуулж хөрөнгө оруулагчаас 50 сая /тавин сая/ төгрөг нэхсэн. Энэ оролдлого нь бүтээгүй учраас уурлаж уурхайн тээврийг машинаараа хааж зогсоох, зөвшөөрөлгүй дураараа уурхай руу удаа нэвтэрч орж, үйл ажиллагааг нь зогсооно гэж сүрдүүлдэг нь хэвийн зүйл болсон. Эцсийн зорилго нь дарамталж байж биднээс мөнгө авах зорилготой юм. ...Н.Г нь замаа 2 урсгалтай болгож замаа янзал гэж ойр ойрхон дарамталж эхэлсэн. Энэ мэтээр сүүлийн 2 жил дарамталж сэтгэл зүйн дарамт учруулж байна. Бидэнд Н.Г-н увайгүй үйлдлийн талаар нотлох баримт хангалттай байгаа. Бид нотлох баримтаа бүрдүүлж шүүх рүү хандан сэтгэл санааны хохирол 100 сая төгрөг нэхэмжлэхэд бэлэн байна...” гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1.Мал бүхий иргэнН.Г нь Ж ХХК-ийг тээврийн үйл ажиллагаа явуулахдаа замаа засах, услах, тоосжилт бага байлгахаар удаа дараа шаардлага тавьж байсан, уг асуудлаар Б сумын Засаг даргын Тамгын газарт мал бүхий иргэдийн хамт хүсэлт гаргаж байсан, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Ж ХХК-д тавьсан иргэдийн шаардлагыг биелүүлж ажиллахыг үүрэг болгож байсан гэх,
4.2.Хаймгийн Д сумын нутагт орших, Д төмрийн хүдрийг ил аргаар олборлон, хуурай аргаар баяжуулдаг Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Б.Ч нь иргэнН.Гоос 8 ширхэг шивлер төмрийг 1 ширхэгийг нь 200,000 төгрөгөөр бодож худалдаж авч байсан гэх,
4.3.ИргэнН.Г болон Б.Ч нар нь 2024 оноос эхлэн замын асуудлаар маргаантай байгаа гэх үйл баримтууд тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Н.Г-н шүүхэд ирүүлсэн Хаймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлт, Эрх бүхий албан тушаалтаны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол, Б сумын Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 606 дугаартай албан бичиг /хх-ийн 3, 34, 41 хуу/ зэргээр Ж ХХК-д замаа засах, услах, тоосжилт бага байлгах талаар шаардлага тавьж байсан гэх үйл баримт тогтоогдож байх ба түүнийг гүтгэсэн, доромжилсон, айлган сүрдүүлсэн буюу түүний нэр төрийг гутаан доромжилсон үйл баримт тогтоогдохгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.
Гэвч иргэнН.Г нь нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “гүтгэсэн, доромжилсон, айлган сүрдүүлсэн” гэх үйлдлүүдийг бичгийн нотлох баримтаар нотлоогүй, энэ талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Г-н “нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
7.Хариуцагч Б.Ч нь 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулан 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хянан шийдвэрлэхээр товлосон.
Хариуцагч Б.Ч нь өмгөөлөгчтэйгөө хөлс тохиролцохгүй байна гэх үндэслэлээр дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг цахимаар ирүүлснийг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзан шийдвэрлэж, түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ч-д холбогдох “Нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, оролцоогүй хариуцагчид шүүх гардуулах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ