| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00152/И |
| Дугаар | 157/ШШ2025/00256 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2025/00256
2025 08 12 157/ШШ2025/00256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн Г сумын 2 дугаар багт оршин суух Х овогт Ч-н М-н “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцан, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Ч.М 1968 онд Х аймгийн Г суманд төрсөн. Аав Чүнсриймятав Ээж Баясгалан нарын хамт мал маллаж 1987 оны цэргийн албанд татагдсан боловч ЗХЖШ-ын 5/4694 дүгээр албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан. 1998 онд эхнэр хүүхдийн хамт тусдаа гарч өөрийн нэр дээр мал тоолуулж үүнээс хойш нийгмийн даатгалыг сайн дурын үндсэн дээр тасралтгүй төлж мал маллаж амьдарсан. Мөн ял эдлэх, өөр ажил хийж байгаагүй бөгөөд зөвхөн мал маллаж байсан. 1993-1998 оны хүн амын тооллогод аав болох Ч-н гэр бүлийн хүн амын тооллогод бүртгэгдээгүй байна. Иймд 1993 оноос 1998 он хүртэл хугацаанд мал маллаж байсныг тогтоож өгнө үү..” гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын байцаагчаас сайтар лавлаад ирсэн, 1993-1998 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тул шүүхээр тогтоолгохгүй юм байна. Иймд Ч.Мийг 1984 оноос 1990 он хүртэл Х аймгийн Г сумын Б нэгдлийн О бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
3.Хүсэлт гаргагчаас:
-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 дугаар хуудас/
-Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08/181 дугаартай тодорхойлолт /хх-ийн 4 дүгээр хуудас/
-Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08/93 дугаартай Ч.М-н цалингийн түүвэр /хх-ийн 5 дугаар хуудас/
-Х аймгийн Г сумын О багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 6 дугаар тал/
-Х овогт Ч-н М-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 7 дугаар хуудас/
-Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-ийн 8 дугаар тал/
-Үндэсний архивын сан хөмрөгийн архивын лавлагаа /хх-ийн 9 дүгээр тал/,
-Нийгмийн даатгалын ерөнхий газар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 1-11 дүгээр тал/
-Ч.М-н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 12-14 дүгээр тал/
-Х аймгийн Г сумын Бнэгдлийн даргын 1989 оны 50 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт /хх-ийн 15-17 дугаар тал/
-Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08/266 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлсэн байна.
Шүүхээс: Хүсэлтийн дагуу А.Б, Ц.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч Х овогт Ч-н М нь 1993-1998 онд Х аймгийн Г сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үндэслэлээр “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй бөгөөд 1984-1990 оны 9 сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1. Х овогт Ч-н М нь 1968 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн гэх,
4.2. Ч.М нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид алба хааж байгаад Цэргийн госпиталийн эмч нарын комиссын магадлагаагаар 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цэргээс халагдсан гэх,
4.3. Цэргээс халагдаж ирээд Х аймгийн Г сумын Б нэгдэлд ажиллаж эхлэн 1990 оны 9 дүгээр сарыг дуустал ажилласан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
5.Хүсэлт гаргагч Ч.М нь 1984 оноос эхлэн цэргийн албанд татагдан явсан хугацаа буюу 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Харин 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цэргээс халагдан ирж, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Х аймгийн Г сумын Б нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байжээ гэж шүүх үзэв.
6.Хүсэлт гаргагч Ч.М-н хүсэлтээр хамт ажиллаж байсан гэх А.Б, Ц.Б нараас шүүх хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан ба А.Б “...Би 1975 онд цэргээс халагдаж ирээд намар нь бригадын даргын курст сураад Баянбадрал багт 4 жил 6 сар, Жаргалант багт 1980-1988 оны 3 сар хүртэл бригадын дарга хийж байгаад 1988 оны 3 сард О бригадад бригадын даргаар ирэхэд Ч.М малчин байсан...” гэж, Ц.Б “...Цэргээс халагдаж ирээд л аав, ээжтэйгээ мал маллаж байсан. Тэгээд эхнэртэй болоод мал тасралтгүй л маллаж байна. Одоог хүртэл мал малладаг...” гэж мэдүүлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болохоор, гэрчээр шүүхэд дуудагдсан этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Гэрч А.Б, Ц.Б нарт шүүхээс эрх үүрэг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулан баримтад гарын үсэг зуруулан гэрчийн мэдүүлэг авсан тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.
8. Ч.М-н ажилласан байдал нь хэрэгт авагдсан Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 08/93 дугаартай Ч.М-н 1988 оны 11, 12 дугаар сар, 1990 оны 9 дүгээр сар хүртэл авч байсан цалингийн түүвэр бүхий албан бичиг, Х аймгийн Г сумын Бнэгдлийн даргын 1989 оны 50 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч А.Б, Ц.Б нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал: Шүүх Ч.Мийг “О” бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн гэж тогтоосон нь “...1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цэргээс халагдсан” гэх архивын лавлагаа, гэрч А.Бийн “...намайг 1988 оны 3 сард О бригадад бригадын даргаар ирэхэд Ч.М малчин байсан...” гэх мэдүүлэг зэрэгт үндэслэсэн болно.
Харин 1988, 1989 онуудад тасралтгүй, бүтэн ажилласан болохыг гэрч А.Бийн мэдүүлэг, Ч.Мд 1988 оны 11, 12 дугаар сард цалин олгосон гэх тодорхойлолт, Нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, түүний хавсралт, гэрч Ц.Бын “...Цэргээс халагдаж ирээд л аав, ээжтэйгээ мал маллаж байсан. Тэгээд эхнэртэй болоод тасралтгүй л мал маллаж байна. Одоог хүртэл мал малладаг...” гэх мэдүүлэг зэрэгт үндэслэсэн.
Түүний 1990 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан болох нь түүнд Г сумын Бнэгдлээс 1990 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал олгосон цалингийн түүврээр хангалттай нотлогдож байна.
9.Иймд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Х овогт Ч-н Мийг Х аймгийн Г сумын Б нэгдлийн “О” бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Ч-н Мийг Х аймгийн Г сумын Б нэгдлийн “О” бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Ч.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ