Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар   2024/ДШМ/524

 

 

 

 

 

Б.Б, А.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

өсвөр насны шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,  

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, А.М нарт холбогдох 2309000002449 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б.Б, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй;

2. А.М ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.  

Холбогдосон хэргийн талаар:

Б.Б, А.М нар нь бүлэглэн:

2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С дүүргийн 00 дугаар хороо, 0-00 тоотод байрлах Ш.Д-ийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн орж бэлэн мөнгө 122,000 төгрөг, Хаан банкны карт зэрэг эд зүйлийг,

2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд С дүүргийн 19 дүгээр хороо, 22-2299 тоотод байрлах С.Баясгалангийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж нэвтрэн орж 513,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр С дүүргийн ... дүгээр хороо, ... зуслангийн задгай тоотод байрлах Д.С-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж нэвтрэн орж, 250,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг дунд гарын мөнгөн аягыг,

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” цайны газрын цонхыг түлхэн нэвтрэн орж хохирогч Б.Б-ийн 62,600 төгрөгийн эд зүйлийг,  

2023 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд С дүүргийн 00 дүгээр хороо, ... дугаар автобусны буудлын ... задтай тоотод байрлах Д.Н-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж 365,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” цайны газрын вакум цонхыг хөшиж орж 58.300 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Д дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн хажуу талд байрлах хохирогч Ш.М-ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Т-д 813,500 төгрөгийн эд зүйлийг,

2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Ө дүүргийн 00 дүгээр хороо, Хүнсний ... дүгээр дэлгүүрийн автобусны буудлын хажууд байрлах Т-д нэвтэрч 415,230 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор С дүүргийн 00 дүгээр хороо, ... задгай тоотод байрлах Д.У-ын эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрсэн,

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А дүүргийн 00 дүгээр хороо, Н задгай тоотод байрлах иргэн Д.Д-ийн зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хулгайлах санаа зорилготойгоор хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг эвдэж, гэмтээсний улмаас 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

С дүүргийн прокурорын газраас: Б.Б, А.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг оногдуулсан ялууыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 1  сар 10 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 130 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 1,563,915 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д 256,500 төгрөг, Д.С-д 125,000 төгрөг, Б.Б-т 23,800 төгрөг, Д.Н-д 182,500 төгрөг, М.С-д 29,150 төгрөг, Ш.М-д 356,350 төгрөг, Е.Г-д 207,615 төгрөг, Д.Д-д 320,000 төгрөгийг олгохоор,

өсвөр насны шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 10 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жил 20 хоног хорих ялыг эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 1,563,915 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д 256,500 төгрөг, Д.С-д 125,000 төгрөг, Б.Б-т 23,800 төгрөг, Д.Н-д 182,500 төгрөг, М.С-д 29,150 төгрөг, Ш.М-д 356,350 төгрөг, Е.Г-д 207,615 төгрөг, Д.Д-д 320,000 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджав гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно” гэж,

            Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж тус тус заасан.

            Өсвөр насны шүүгдэгч А.М нь 15 настай боловч биеийн эрүүл мэндийн байдал сул дорой, бичиг үсэг мэдэхгүй, оюуны хомсдолтой, сэтгэцийн эмгэгтэй, оюуны хөгжил нь 9-11 насны хүүхдийн хөгжилтэй ижил /2-р хх-ийн 176-177/, төлбөрийн чадваргүй хүн билээ.

            Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас, биед тохирсон, ёс суртахуун, сэтгэцийн онцлог буюу оюуны хөгжлийн түвшинг харгалзаж, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэх зорилготой эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй байж өгнө үү.

            Хэрэв давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэвэл мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. …” гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ээж, дүүгээ маш их санаж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно” гэж заасан. Энэ заалт нь зөвшөөрсөн хэм хэмжээ буюу заавал хэрэглэхээр заасан хуулийн зохицуулалт биш юм. Мөн шинжээчийн дүгнэлтэд А.М нь 9-11 насны хүүхдийн оюун ухааны хөгжилтэй, хэрэг хариуцах чадвартай гэсэн байдаг. Өмгөөлөгч А.М-ийг сэтгэцийн өвчтэй гэж тайлбарлалаа. Ийм дүгнэлт гараагүй. Энэ дагуу шинжээч эмчээс мэдүүлэг авахад А.М нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, учрах хор уршгийг ухамсарлах чадвартай гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд давж заалдах гомдолд дурдсанаар тэнсэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

  1. Б.Б, А.М нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэн хохирогч Ш.Д- 122,000 төгрөг, хохирогч С.Б-д 513,000 төгрөг, хохирогч Д.С-д 250,000 төгрөг, хохирогч Б.Б-т 47,600 төгрөг, хохирогч Д.Н-д 365,000 төгрөг, хохирогч М.С-д 58,300 төгрөг, хохирогч Ш.М-д 813,500, хохирогч Е.Г-д 415,230 төгрөг буюу нийт 8 хохирогчид 2,584,630 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

эд зүйлс нь орон байрнаас нь хулгайлагдсан болохыг мэдүүлсэн хохирогч Ш.Д /1-р хх-ийн 57/, С.Б /1-р хх-ийн 142-144/, Д.С /1-р хх-ийн 199-200/, Б.Б /2-р хх-ийн 4-5/, Д.Н /2-р хх-ийн 53-55/, М.С /2-р хх-ийн 136-139/, Ш.М /2-р хх-ийн 219/, Д.У /2-р хх-ийн 94/, Е.Г- /3-р хх-ийн 48/ нарын мэдүүлгүүд,

гэрч Ц.А /1-р хх-ийн 57/, Н.Т /2 хх 58/, О.Б /2-р хх-ийн 141/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-22, 133-136, 181-185, 247-250, 2-р хх-ийн 39-42, 116-119, 87-90, 210-216, 3-р хх-ийн 42-45/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 146-149, 203-206, 2-р хх-ийн 14-17, 61-64, 142-145, 242-243, 3-р хх 72-77/,

мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн “...хохирогч Д.С-тай ярилцахад 23 цагийн үед зуслангийн байшин дээрээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Тухайн хулгайч нь манай гэрт урт отвёртка мартаад явсан гэж ярьсан болно.” гэх илтгэх хуудас /1-р хх-ийн 186/,

мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газарт ажилласан талаарх тэмдэглэл /2-р хх-ийн 10/,

хяналтын камерын бичлэг бүхий сидид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 126-129, 3-р хх-ийн 92-94/,

С дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерын илтгэх хуудас /2-р хх-ийн 251/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-36, 191-194/,

Б.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 96-101/,

Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 06/164 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “2, 4, 8, 6 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж байгаа “8” дугаартай гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд МИ000810009169 дугаараар бүртгэлтэй А.М-ийн баруун гарын ядам хурууны дардастай тохирно.” гэх дүгнэлт /3-р хх-ийн 56-65/ зэрэг,

2. Б.Б, А.М нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А дүүргийн 24 дүгээр хороо, ... ын амны задгай тоотод байрлах иргэн Д.Д-ийн зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хулгайлах санаа зорилготойгоор хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг эвдэж, гэмтээсний улмаас 640,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 хохирогч Д.Д-ийн /3-р хх-ийн 140/ мэдүүлэг, гэрч А.У-ын /3-р хх-ийн 142/ мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 130-136/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 23/0006 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 153-154/, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04/359 дугаартай “...2. ...№4,7 дугаарын гарын мөрүүд нь санд ...2 удаа бүртгэлтэй Б.Б-ын зүүн гарын дунд хурууны хээтэй тохирно. Харин №1,10 дугаарын гарын мөрүүд нь санд ...2 удаа бүртгэлтэй А.М-ийн баруун гарын дунд хурууны хээтэй тохирно...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 157-170/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Б, А.М нарын бүлэглэн:

2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, хохирогч нарт нийт 2,584,630 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” шинжийг хангасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч...” гэсэн хүндрүүлэх шинжийг,

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Д-ийн зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг эвдэж, гэмтээсний улмаас 640,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэсэн шинжийг тус тус хангасан байна.

Анхан шатны шүүхийн Б.Б, А.М нарын үйлдсэн гэмт хэргүүдийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж тэдний үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч А.М нарт оногдуулсан хорих ялын хэмжээ нь тэдний үйлдсэн “Хулгайлах”, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт, гэмт хэргийн үйлдэх болсон сэдэлт, хувийн байдалд нь тохирсноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч А.М нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнээд өсвөр насны шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан “...А.Мд ял оногдуулахгүйгээр, эсвэл тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт нийт 3,224,630 төгрөгийн хохирол учруулсанаас мөрдөн шалгах ажиллагааны үед нөхөн төлөгдсөн болон буцаан олгогдсон 222,800 төгрөгийг хасаж үлдэх 3,001,830 төгрөгийг шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч А.М нараас хувь тэнцүүлэн гаргуулах байжээ.

Гэтэл шүүх шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох хохирлыг зөв шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч нарын тус тус төлөх нийт хохирлын хэмжээг тооцохдоо 1,563,915 төгрөг гэж буруу шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтад зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч А.М нар нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дахь заалтад

“...шүүгдэгч Б.Б-аас нийт 1,563,915 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Б.Б-аас нийт 1,500,915 /нэг сая таван зуун мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулж...” гэж,

“ ...өсвөр насны шүүгдэгч А.М-ээс нийт 1,563,915 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулж...” гэснийг “......өсвөр насны шүүгдэгч А.М-ээс нийт 1,500,915 /нэг сая таван зуун мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч А.М нарын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ