| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00433/И |
| Дугаар | 318/ШШ2025/00387 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 318/ШШ2025/00387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: З овогт Б.О-н,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие 1972 онд төрсөн. 53 настай. 1992 оны 06 дугаар сарын 5-нд Говь-Алтай аймаг дахь АУДу сургуулийг эх баригч бага эмч мэргэжлээр төгсөж, 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэдэлд ирсэн. 1992 оны 7 дугаар сарын 15-ны N67 тоот Эрүүл мэндийн гарзын даргын тушаалаар Увс аймгийн Өмнөговь суманд хүний бага эмээр томилогдсон. 1992 оны 8 дугаар сарын 01-ний Өмнөговь сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн N18 тоот тушаалаар Өмнөговь сумын Орлого багийн хүний бага эмчээр томилогдон ажиллаж байсан. Миний бие эрүүл мэндийн салбарт тасралтгүй 33 дахь жилдээ ажиллаж байна. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Эрүүл мэндийн газраас томилогдсон тушаал дахь нэрийн овгийн үсэг буруу бичигдсэн зөрчилтэй мөн Увс аймгийн Өмнөговь суманд ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд 1992 оны 8 дугаар сарын 01-ээс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан сувилагч О.О, Ж.Н нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 209 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181 дугаартай тодорхойлолт, тус архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, О.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, О.О-ийн 271798 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Н-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Н-ийн 147243 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Огийн 413931 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай тушаал, Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлгийн даргын 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тушаал, 1993 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай тушаал, 1994 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Огийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс Б.Огийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Б.О нь шүүхэд хандаж 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Б.Огийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Б.О нь О.О, Ж.Н нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болно.
4. Хүсэлт гаргагч Б.О нь 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Б.О нь 1972 онд төрсөн. 1992 оны 6 дугаар сард Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмч мэргэжлээр төгсөж ирээд 1992 оны 8 дугаар сараас Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт бага эмчээр ажилд орж, 1994 оныг дуустал ажилласан.
Гэвч тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон тушаал тодорхой бус байгаа тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Говь-Алтай, Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургууль төгсөж хуваарилагдан ирсэн бага эмч нарыг ажилд томилсон байх бөгөөд О.О-г Өмнөговь суманд гэжээ.
Хэдийгээр дээрх тушаалаар О.О-г Увс аймгийн Өмнөговь суманд бага эмчээр томилсон байх боловч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаартай цалингийн тодорхойлолтоор хүсэлт гаргагч Б.О нь 1992 оны 8 дугаар сараас 1994 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт бага эмчээр ажиллаж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдож байна.
5.2. Түүнчлэн хүсэлт гаргагч Б.О 1992 оны 8 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлгийн даргын 1993 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай тушаал,1994 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Б.О-гийн 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
7. Хүсэлт гаргагч Б.О-гаас нотлох баримтаар гаргаж өгсөн 413391 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалын огноо нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Б.О-г ажилд томилох тухай тушаалын огноотой тохирохгүй байхын зэрэгцээ засвартай байх тул тус дэвтрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
8. Шүүхээс хүсэлт гаргагч Б.О-гийн хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч З овогт Б. О-ийн 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА