Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 318/ШШ2025/00396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д овогт Х.Э

И.Цтой хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1975 онд төрсөн 50 настай. Би 1991 оноос Давст сумын Алдар нэгдэлд аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1995 оны 7 дугаар сарын 09-ний өдөр И.Ц гэр бүл болж 4 хүү 1 охин төрүүлсэн. Бид 2 суугаад 30 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд тус сумандаа мал маллаж амьдарч ирсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир намайг И.Цтой 1995 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Эгийн зөв, бид 1995 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон. Гэрлэлтийн батлах байсан ч бороонд нороод бүдгэрсэн байсан. Хүүхдүүдээ төрсний бүртгэлд бүртгүүлэхэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байна гэж хэлдэггүй байсан гэв.

Хүсэлт гаргагч шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, И.Ц, Х.Э нарын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 871 дугаартай тодорхойлолт, Ц.Л, Ц.Г, Ц.О, Ц.Б, Ц.О нарын төрсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, И.Цын иргэний үнэмлэхийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Х.Эгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Х.Э нь шүүхэд хандаж 1995 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл И.Цтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Х.Эгийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Х.Э нь И.Цтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

И.Цтой 1995 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 5 хүүхэд төрүүлж, өсгөн амьдарч байна. Миний бие нөхөр И.Цын хамтаар Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг.

2025 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд И.Цтой гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас нөхрийн хамт мал малласан хугацааг тооцуулж, малчнаар тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна.

Иймд намайг И.Цтой 1995 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хэрэгт авагдсан 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар хүсэлт гаргагч Х.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этдээг И.Ц нар нь иргэний гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

4.2. Хүсэлт гаргагч Х.Эгаас нотлох баримтаар гаргаж өгсөн Ц.Л, Ц.Г, Ц.О, Ц.Б, Ц.О нарын төрсний бүртгэлийн лавлагаанаас үзвэл Х.Э, И.Ц нарын дундаас 1996 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ц.Л, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ц.О, 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ц.О, 2007 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Г, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Б нар төржээ.

4.3. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 871 дугаартай тодорхойлолтоор Х.Э нь Давст сумын нэгдүгээр багт нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг болохыг тодорхойлжээ.

5. Иймд дээрх үйл баримтад үндэслэн Х.Эг 1995 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл И.Цтой хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан До овогт Х.Э 1995 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Г овогт И. Ц хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА