| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/05406/И |
| Дугаар | 210/МА2021/01457 |
| Огноо | 2021-09-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2021/01457
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01386 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Эл, Х.Ан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 307,004,146 төгрөг, хохиролд 14,000 төгрөгийг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-тай А.Эл, Х.Ан нар 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 250,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Г.Тамирын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204028573 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Их Монгол улсын гудамж 801 дүгээр байрны 805 тоот хаяг байрлах, 99,84 м.кв тайлбай бүхий орон сууц, мөн Э.Онийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206014348 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Гандигийн гудамж 65 дугаар байрны зоорийн давхрын 801 тоот хаягт байрлах 21 м.кв талбай бүхий авто зогсоолыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 6,687,722 төгрөг, хүү 14,727,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,323 төгрөг нийт 21,424,087 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд банкнаас зээлдэгч нарт мэдэгдэл өгсөн боловч үлдэх зээлийн төлбөрийг төлөөгүй.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 243,312,277 төгрөг, хүү 62,376,641, нэмэгдүүлсэн хүү 1,315,228 төгрөг, нийт 307,004,146 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөгийг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: А.Эл, Х.Ан нар 250,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. А.Элийн эрхэлдэг автотээврийн бизнес нь 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Корона вирус гарсантай холбогдуулж Монгол Улс хилээ хааж, нүүрс тээвэрлэлт хязгаарлагдсан тул ямар ч орлогогүй болсон. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж зээлээ хугацаандаа төлж чадаагүй болно. 2021 оны 07 дугаар сараас цар тахал намжиж, бизнес хэвийн болвол уг зээлийг гэрээнд заасан хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 307,004,146 төгрөгийг төлөх бүрэн боломжтой.
Шүүхэд хандаж хүсэхэд бидний дээр дурдсан асуудлыг хүндэтгэн үзэж учир шалтгааныг минт ойлгож боломжит байдлаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Тамир, Э.Онэ нар шүүхэд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Баярааг гуйсны дагуу 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр “Х” ХХК-тай Д.Тамир, Э.Онэ нар нь барьцааны гэрээ байгуулж, Д.Тамир нь өөрийн улсын бүртгэлийн Ү-2204028573 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Кристал таун, Их Монгол улс гудамж 801 байр, 805 тоот, 99,84 м.кв талбай бүхий орон сууц, Э.Онэ өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206014348 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, М.Ганди гудамж 65 дугаар байрны зоорийн давхар 801 тоот, 21 м.кв талбай бүхий авто зогсоолыг тус тус “Х” ХХК болон Л.Энхжил, Н.Анужин нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.
Г.Баяраа хэлэхдээ би “Х” ХХК-аас зээл авч байгаа, барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөд явах болохоор санаа зоволтгүй, барьцааны гэрээ байгуулаад болоо гэж хэлсэн. Гэтэл тэрээр зээлийн төлбөрөө төлөхгүй, шүүхэд маргаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгааг зөвшөөрөхгүй.
Анхнаасаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гэрээ байгуулаагүй, Г.Баяраа ямар ч асуудалгүй зээлийг төлнө гэсэн учраас барьцааны гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч А.Эл, Х.Ан нараас зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 307,018,146.44 төгрөг гаргуулж “Х” ХХК /РД:2693321-д олгож,
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Д.Тамирын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028573 дугаартай Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Кристал таун /13311/ Их Монгол улс гудамж 801 байрны 805 тоот 99,84 м/кв орон сууцыг, мөн Э.Онийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014348 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, М.Ганди гудамж 65 дугаар байрны зоорийн давхар 801 тоот 21 м/кв авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Эл, Х.Ан нараас 1,763,240 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1,763,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Барьцаа хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө биш, Д.Тамир, Э.Онэ нарын өмчлөлийн хөрөнгө тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй.
Гэтэл шүүх дээрх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, эрх ашиг нь зөрчигдөх этгээдийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Гуравдагч этгээд буюу барьцаа хөрөнгийн өмчлөгч нар шүүхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэх тайлбарыг гаргасан байхад тэдгээрийн эрх ашгийг хөндөж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч А.Эл, Х.Ан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 307,004,146 төгрөгийг, хохиролд 14,000 төгрөгийг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 307,004,146 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
“Х” ХХК нь А.Эл, Х.Ан нартай 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 250,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
Хариуцагч А.Эл, Х.Ан нар зээлийн гэрээний 1.2.5-д зааснаар зээлийг хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс зөрчсөн, зээлийн төлбөрт зээл 6,687,722, хүү 14,727,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,323 төгрөг төлсөнд талууд маргаагүй байна.
“Х” ХХК нь А.Эл, Х.Ан, Д.Тамир нарт 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар урьдчилан сануулсан гэж дүгнэнэ. /хх27/
Зээлдүүлэгч нь зээлдэгч нарт урьдчилан сануулсаар байтал гэрээний үүргийн зөрчлийг хариуцагч нар арилгаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар цуцалж мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн үлдэгдлийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд зээл 243,312,277 төгрөг, хүү 62,376,641 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,315,228 төгрөг, нийт 307,004,146 төгрөгийг шаардсан, зээлдэгч нар нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй.
Нэхэмжлэгчийн нотариатын зардалд төлсөн 14,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардсан ба шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй боловч шүүхийн энэ шийдэлд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээв.
“Х” ХХК нь А.Эл, Х.Ан нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Тамир, Э.Онэ нартай 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр барьцааны гэрээ байгуулжээ. Уг барьцааны гэрээгээр “Х” ХХК нь Д.Тамирын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204028573 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Кристал таун, Их Монгол улс гудамж 801 байр, 805 тоот, 99,84 м.кв талбай бүхий орон сууц, Э.Онийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206014348 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, М.Ганди гудамж 65 дугаар байрны зоорийн давхар 801 тоот, 21 м.кв талбай бүхий авто зогсоолыг тус тус барьцаалсан, талууд гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-16-18/
Иймд “Х” ХХК нь А.Эл, Х.Ан нарын зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалж, мөнгөн хөрөнгийг шаардсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм. Анхан шатны шүүх барьцааны зүйл болох орон сууц, авто зогсоолыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хуульд нийцжээ. Энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Д.Тамир, Э.Онэ нар давж заалдах гомдол гаргаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь гуравдагч этгээд Д.Тамир, Э.Онэ нар давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд тэдгээрийн өмнөөс хариуцагч давж заалдах гомдол гаргах эрхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Э.ЗОЛЗАЯА