Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор: Д.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй,

Шүүгдэгч Т.Тий хууль ёсны төлөөлөгч С.Тогоосүрэн,

Шүүгдэгч: Б.М, Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.М, Т.Т нарт холбогдох 1829000620041 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Ч.Ууганцэцэгийн Самсунг Жи-5 маркийн гар утсыг, мөн Т.Ттэй бүлэглэн “Далай” дэлгүүрийн гадна Б.Түмэнцэцэгийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ууганбаярын өгсөн: “...Би цагаан сарын шинийн нэгний өдөр буюу 2018 оны 02 сарын 16-ны өдөр 09 цагийн үед ажлаасаа буугаад гэр рүүгээ явж байсан юм. Намайг хуучин тээврийн товчооны ойролцоо явж байтал зүс танихгүй 14-15 орчим насны нэг хүү өөдөөс хүрч ирээд “эгч утсаа өгөөч найзтайгаа ярьчихаад өгье” гэсэн. Би юм бодолгүй хувцасны халаасанд байсан гар утсаа гаргаж цоожийг нь тайлаад хүүд өгсөн. Тэр хүү миний утсыг аваад нэг дугаар руу залгах гэснээ цаашаа үг дуугүй зугтаачихсан. Би араас нь гүйсэн, тэр хүү ертөнцийн зүгээр зүүн тийш гүйж байгаад айлын хашаа даваад зугтсан, би гүйцээгүй болохоор цагдаад мэдэгдсэн. Миний утас “Samsung j5” маркийн гар утас байсан. ...Миний зүгээс санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хохирогч Б.Түмэнцэцэгийн өгсөн: “...Өнгөрсөн цагаан сарын  шинийн нэгний өдөр буюу 2018 оны 02 сарын 16-ны өдөр би Цогтцэций сумын төвөөр айл хэсэж, бэлэг цуглуулаад явж байсан. Өдөр 12 цагийн үед үед шиг санаж байна “Далай” дэлгүүрийн урд талын гудамжинд явж байхад тэр гудамжинд 2 танихгүй ах явж байснаа над руу хүрч ирээд “ахын дүү утсаа өгөөч хүнтэй ярих гэсэн юм” гэж хэлэхээр нь би “миний утас нэгжгүй ш дээ” гэхэд нөгөө ах “би нэгж хийж байгаад ярина аа” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн утсаа тортой бэлгэн дотроосоо гаргаж тэр хоёр ахад өгсөн. Нэг нь миний утсыг аваад “код нь юу юм бэ” гэхээр нь би кодыг нь гаргаж өгсөн. Тэр ах миний утсыг аваад шууд зугтчихсан. Би хойноос нь гүйж байгаад гүйцэхгүй болохоор нь гэртээ ирж ээждээ болсон явдлын талаар ярьсан, ээж цагдаад мэдэгдсэн. “Ногоон өнгийн кэйстэй Samsung s3 маркийн хөх, цэнхэр өнгийн гадаргуутай гар утастай явж байгаад дээрэмдүүлсэн. Одоо санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Тэмүүжингийн өгсөн: “...2018 оны 02 сарын 16-нд буюу цагаан сарын шинийн нэгэнд хөдөө манай гэрт Самсунг галакси эс-3 загварын хар хөх өнгийн гар утас авчирч үзүүлээд кодыг нь мартчихлаа та форматлаад өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би таньдаг юм чинь гээд үзэж байгаад тэр утсыг нь базаад форматлаад өгөхөд баярлалаа гээд аваад явсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 11-12, 16-17-р хуудас/,

- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн №01/29 дугаартай дүгнэлтэнд: “2017 оноос шинээр хэрэглэж байгаа Samsung j5 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 380 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн №01/30 дугаартай дүгнэлтэнд: “2016 оноос шинээр хэрэглэж байгаа Samsung s3 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 100 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/,

- Шүүх сэтгэц, гэм судлалын № 05/18 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/,

- Шүүх сэтгэц, гэм судлалын № 06/18 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Засаг даргын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Засаг даргын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/,

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтэсийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн №134/0000002 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85-р хуудас/,

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтэсийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн №134/0000051 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/,

- Шүүгдэгч Т.Тгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 87-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Мын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 88-р хуудас/,

-  Ангийн багш Б.Мөнхцэцэгийн Т.Тгийн зан байдлын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 89-р хуудас/,

-  Ангийн багш Б.Мөнхцэцэгийн Б.Мын зан байдлын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 90-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн захирал А.Түвшинбаярын Т.Тгийн суралцдаг талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 93-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн захирал А.Түвшинбаярын Б.Мын суралцдаг талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 94-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн багш Н.Булганы Б.Мын зан байдлын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 95-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн багш Н.Булганы Т.Тгийн зан байдлын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 96-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Мын сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 97-107-р хуудас/,

- Шүүгдэгч Т.Тгийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 108-118-р хуудас/,

- Шүүгдэгч Т.Тг гурван талаас харуулсан зураг, гарын дардас /хх-ийн 119-120-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Мыг гурван талаас харуулсан зураг, гарын дардас /хх-ийн 121-122-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-р хуудас/,

- Шүүгдэгч Т.Тгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ууганбаярын өгсөн: “...Миний зүгээс санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 Мөрдөн байцаалтын шатанд насанд хохирогч Б.Түмэнцэцэгийн өгсөн: “...Одоо санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.М, Т.Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Т.Тд 6 сар хорих ял, Б.Мт 10 сар хорих ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Ч.Ууганцэцэгийн Самсунг Жи-5 маркийн гар утсыг, мөн Т.Ттэй бүлэглэн “Далай” дэлгүүрийн гадна Б.Түмэнцэцэгийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ууганбаярын өгсөн: “...Би цагаан сарын шинийн нэгний өдөр буюу 2018 оны 02 сарын 16-ны өдөр 09 цагийн үед ажлаасаа буугаад гэр рүүгээ явж байсан юм. Намайг хуучин тээврийн товчооны ойролцоо явж байтал зүс танихгүй 14-15 орчим насны нэг хүү өөдөөс хүрч ирээд “эгч утсаа өгөөч найзтайгаа ярьчихаад өгье” гэсэн. Би юм бодолгүй хувцасны халаасанд байсан гар утсаа гаргаж цоожийг нь тайлаад хүүд өгсөн. Тэр хүү миний утсыг аваад нэг дугаар руу залгах гэснээ цаашаа үг дуугүй зугтаачихсан. Би араас нь гүйсэн, тэр хүү ертөнцийн зүгээр зүүн тийш гүйж байгаад айлын хашаа даваад зугтсан, би гүйцээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хохирогч Б.Түмэнцэцэгийн өгсөн: “...Өнгөрсөн цагаан сарын  шинийн нэгний өдөр буюу 2018 оны 02 сарын 16-ны өдөр би Цогтцэций сумын төвөөр айл хэсэж, бэлэг цуглуулаад явж байсан. Өдөр 12 цагийн үед үед шиг санаж байна “Далай” дэлгүүрийн урд талын гудамжинд явж байхад тэр гудамжинд 2 танихгүй ах явж байснаа над руу хүрч ирээд “ахын дүү утсаа өгөөч хүнтэй ярих гэсэн юм” гэж хэлэхээр нь би “миний утас нэгжгүй ш дээ” гэхэд нөгөө ах “би нэгж хийж байгаад ярина аа” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн утсаа тортой бэлгэн дотроосоо гаргаж тэр хоёр ахад өгсөн. Нэг нь миний утсыг аваад “код нь юу юм бэ” гэхээр нь би кодыг нь гаргаж өгсөн. Тэр ах миний утсыг аваад шууд зугтчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- Шүүгдэгч Б.М, Т.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ууганбаярын: “...Миний зүгээс санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 22-23-р хуудас/, мөрдөн байцаалтын шатанд насанд хохирогч Б.Түмэнцэцэгийн: “...Одоо санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 31-32-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Б.М, Т.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

 Шүүгдэгч Б.М, Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.М, Т.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал /шүүгдэгч Б.М 2 үйлдэлд оролцсон тул хариуцлагыг ялгамжтай оногдуулсан/, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын сургалтад хамрагдаж, нийгэмд идэвх зүтгэлтэй амьдардаг, эцэг эхийн зүгээс хараа хяналт муугүй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал тохирч байна гэж үзлээ.

Хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Б.М нь 15 нас 8 сартай, Т.Т нь 15 нас 7 сартай байхдаа буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасан тэдний нас биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахууны, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, мөн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь хуульд нийцнэ.

  Шүүгдэгч Б.М, Т.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хохирогч нарын буюу эзэмшигчийн эрх ашгийн үүднээс эд мөрийн баримтаар хураагдсан Samsung J5 маркийн гар утсыг хохирогч Ч.Ууганбаярт, Samsung S3 маркийн гар утсыг Б.Түмэнцэцэгт буцаан олгох зүйтэй.

Шүүгдэгч Б.М, Т.Т нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлбэл зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэндэн овогт Баяржаргалын М, Яндаг овогт Тогоосүрэнгийн Т нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 10 /арав/-н сар, шүүгдэгч Т.Тийг 6 /зургаа/-н сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар ялтан Б.Мт 10 сар, Т.Тд 6 сар тус тус хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдэнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Т.Т нарт шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.М, Т.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлүүдэд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Samsung J5 маркийн гар утсыг хохирогч Ч.Ууганбаярт, Samsung S3 маркийн гар утсыг хохирогч Б.Түмэнцэцэг нарт тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М, Т.Т нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА