Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар   2024/ДШМ/525

 

 

 

А.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтөр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нгийн өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч А.М,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/190 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305036200031 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

А.М .... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1442 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

Холбогдсон хэргийн талаар:  

А.М нь 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр А дүүргийн 00 дугаар хороо, Ц хотхоны сагсан бөмбөгийн талбайд насанд хүрээгүй хохирогч У.Ө-тай “бохир тоглолоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөж биед нь хамар ясны хугарал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохойнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нийт 5,720,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Н-д олгож, насанд хүрээгүй хохирогч У.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн бодит хохирол болох 170,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 51ххххххххх тоот данснаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн ХААН банкны 5029817683 тоот дансруу 2024 оны 3 дугаар сарын 11-ний өглөө шүүх хурлаас өмнө шилжүүлсэн гэж мэдүүлсэн юм. Гэтэл шийтгэх тогтоолд намайг насанд хүрээгүй хохирогч У.Ө-т 170,000 төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулаагүй гэж дүгнэж, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх хэмжээг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосонд гомдолтой байна.

Иймд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх хэмжээг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Н.Энхтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч А.М-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч А.М нь 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр А дүүргийн 00 дугаар хороо, Ц хотхоны сагсан бөмбөгийн талбайд насанд хүрээгүй хохирогч У.Ө-тай бохир тоглолоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөж биед нь хамар ясны хугарал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохойнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч У.Ө-ын: “...Тоглож байхад манай эсрэг багт тоглож байсан 20 орчим насны, надаас ах, халимаг үстэй, цагаан пудволк, хар шорттой ах намайг түлхээд байхаар нь би зөрүүлээд яагаад байгаа юм бэ гэхэд “юу гэнээ бацаан минь” гэж хэлсэн. Тэгээд миний пудволкноос зуураад боогоод газарт нуруугаар унагаагаад дээр гарч суучихаад нүүр хамар хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд 7-8 удаа цохиод байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд цээж хэсэг рүү нь нэг удаа жийхэд найз нь гэмээр нэг ах ирснээ тухайн хүнийг салгасан. Намайг газарт хэвтэж байхад намайг зодсон ах дахин миний нуруу руу 2-3 удаа жийсэн. Би босоод өлгөсөн байсан цамцаа авах гэж байхад араас ирээд толгой руу дахин 1-2 удаа цохисон. Тэгээд цамцаа аваад гэр рүүгээ харьж ээжид болсон зүйлийн талаар хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх 45-46/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11425 дугаар шинжээчийн дүгнэлт: “...У.Ө-ын биед хамар ясны хугарал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохойнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 21-22/,

дуудлагын лавлагааны хуудас /хх 9/,

насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл “15 нас 6 сар 8 хоног” /хх 36-37/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч А.М-ын насанд хүрээгүй хохирогч У.Ө-тай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөж биед нь “...хамар ясны хугарал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохойнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл...” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.  

Анхан шатны шүүхийн А.М-ын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх А.М-д торгох ялыг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч А.М нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч У.Ө-т баримтаар тогтоогдсон хохирол болох 170,000 төгрөгийг төлсөн /хх 113/ байна.

Харин, Шүүхийн шинжилгээний байгууллага[1] нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай” гэмт хэргийн хохирогч У.Ө-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоогоогүй, сэтгэцэд учирсан гэм хорын талаар баримтгүй байхад түүний бие махбодид сэтгэцийн хор уршиг учирсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Монгол Улсын Дээд шүүх  “...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.[2], “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.[3]...” гэж  тайлбарлажээ.

Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг энэ талаарх тусгай мэдлэг бүхий, мэргэшсэн этгээд тогтоох нь зүйтэй.

Иймд хохирогч У.Ө-ын сэтгэцэд хор уршиг учирсан гэж дүгнэж, хор уршигт 5,550,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн заалтыг шийтгэх тогтоолоос хүчингүй болгож, хохирогч нь энэхүү эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлээгүй сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/190 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас хавтаст хэрэгт баримтаар авагдсан 170,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5,550,000 төгрөг, нийт 5,720,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Нд олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас 170,000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Н-д олгосугай. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн 170,000 төгрөгийг А.М төлсөн болохыг дурьдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

 

[1] Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журам” тушаалын 2.1 дэх хэсэг

[2] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн  25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.1 дэх хэсэг.

[3] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн  25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.2 дахь хэсэг.