| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00432/И |
| Дугаар | 318/ШШ2025/00414 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/00414
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц овогт Х.Цгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Цшүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие цэргээс халагдаж ирээд 1987 оны 7 дугаар сарын 13-нд Увс аймгийн мал, мах бэлтгэлийн конторт жолоочоор ажилд орсон болно. 1990 оны 4 сард мах бэлтгэл татан буугдаж ХАА-н нэгдлийн холбоонд шилжив. 1991 оны 05 дугаар сарын 30-нд мал, мах бэлтгэлийн контор дахин байгуулагдахад УАЗ-469 машины жолоочоор 1998 он хүртэл ажиллаж байсан билээ. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримт бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг батлах хөдөлмөрийн дэвтэр шилжсэн тушаал байгаа боловч ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний 1987 оны 3 сарын 13-аас 1994 оны дуустал мал мах бэлтгэлийн конторт жолоочоор ажиллаж байсан 7 жил 6 сарын хугацаанд улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү, Тухайн үед надтай хамт ажиллаж байсан И.Т, Ц.Н нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас итгэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 229 дугаартай архивын лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 7509 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Х.Цгийн хүсэлтээр И.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Цгийн ХААТР-11 маягт, хаягийн хуудас №7, Архивын ерөнхий газрын үндэсний төв архиваас Х.Цд холбогдох тооллогын хуудсыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.Цгийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Х.Ц нь шүүхэд хандаж 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн конторт жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Иймд хүсэлт гаргагч Х.Цгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь Ц.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтээс татгалзсан болно.
4. Хүсэлт гаргагч Х.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Х.Ц нь 1965 онд төрсөн. 1987 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн конторт жолоочоор ажилд орсон. Тус байгууллага 1991 онд Мал, мах бэлтгэлийн контор татан буугдаж Увс аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөл болоход мөн жолоочоор үргэлжлүүлэн ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, холбогдох баримтыг бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 1987-1995 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын болон цалингийн баримт байхгүй тул дээрх хугацааг тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн.
Иймд 1987-1994 оныг дуустал хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байна гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 229 дугаартай тодорхойлолтоор Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн конторын 1987-1994 оны баримт тус архивт шилжиж ирээгүй тул Х.Цд холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй гэжээ.
Хэдийгээр хүсэлт гаргагч Х.Ц 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн конторт жолоочоор ажилд орсон эсэхийг шууд нотлох тушаалын болон цалингийн баримт хэрэгт авагдаагүй боловч Х.Цгийн 237372 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт цэргийн албанаас халагдсан ирсэн учраам Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн конторт жолоочоор авч ажилууллав гэж бичиж, тус конторын тамга дарсан байна.
Улмаар тус хөдөлмөрийн дэвтэрт 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн конторын даргын 04 тоот тушаалаар Мал, мах бэлтгэлийн контор татан буугдсан учраас жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн ХАА-н нэгдлийн холбооны зөвлөлийн мэдэлд шилжүүлэв, Увс аймгийн ХАА-н нэгдлийн холбооны зөвлөлийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тушаалаар Увс аймгийн ХАА-н нэгдлийн холбооны зөвлөлд жолоочоор авч ажилуулав гэж бичжээ.
Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай тушаал, 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай тушаалаар давхар нотлогдож байна.
Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас нотлох баримтаар гаргуулсан Х.Цд холбогдох, 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын хуудаст ХЦг Мал бэлтгэлийн конторт жолооч ажилтай гэж бүртгэжээ.
Түүнчлэн, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай тушаалын хавсралтад жолооч ажилтай УАЗ 452-ын жолооч Ц гэж бичигдсэн бол тус зөвлөлийн даргын 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай тушаалын хавсралтад ХЦ, жолооч гэж бичигджээ.
Мөн 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн Х.Цгийн гэрлэснийг бүртгэх анкетад Х.Цг Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд жолооч ажилтай гэж бүртгэжээ.
Иймд дээрх баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Х.Цг 1987-1992 оны байдлаар Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн контор болон Увс аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд жолоочоор ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.2. Гэрч И.Т 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн конторт ажилд орж, 1996 он хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд И.Тгийн ...Х.Ц 1980 хэдэн онд ажилд орж байсан байх, 1990 онд мал бэлтгэлийн контор нь бирж болоод 1995 онд татан буугдаж, бид бүгд ажлаасаа гарсан. Х.Ц бас 1995 онд мал бэлтгэлийн контороос гарсан гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Х.Цгийн 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн конторт жолоочоор, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд жолоочоор ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
7. Хүсэлт гаргагч Х.Цгийн хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц овогт Х.Цгийн 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Мал, мах бэлтгэлийн конторт жолоочоор, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА