| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00463/И |
| Дугаар | 318/ШШ2025/00416 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/00416
Хүсэлт гаргагч: Ш овогт Ц.Бийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1970 онд төрсөн 55 настай. Би 1990 онд Архангай аймаг дахь багшийн сургуулийг цэцэрлэгийн хүмүүжүүлэгч мэргэжлээр төгсөж тэр үеийн Увс аймгийн АБ-ын хэлтсийн томилолтоор Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажилласнаас 2025 оны 04-р сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй 35 жил энэ цэцэрлэгтээ бүлгийн багшаар ажиллаж байгаа билээ. Би 2025 оны 04-р сарын 01-ээс тэтгэврээ тогтоолгохоор материалаа бүрдүүлсэн юм. Тэтгэвэртээ гарахад материалаа эртнээс бэлэн болгох зорилгоор 2022 онд би нийгмийн даатгалаар ирж материалаа хянуулсан юм. Тэр үед миний 1995 оны шимтгэл төлсөн баримт олдоогүй тул О дарга таны анхны тушаал хөдөлмөрийн дэвтэр хоёр байгаа тул ганц 1995 он л хасагдаад бусад нь орно гэхээр нь ганц жилээ хасуулахыг зөвшөөрөөд хөөцөлдөлгүй явсан юм. Гэтэл сая тэтгэврээ тогтоолгох болтол \1990-1995\ он 5 жил хасагдахаар болсон байна. Миний анх ажилд орсон тушаал эх хувиараа, тэр үеийн НД-ын байцаагч Д.Сын гарын үсэг, тамга бүхий 4 жил 5 сар ажилласныг тодорхойлон бичсэн баримт бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр байгаа болно. Аймаг болон сумын архивд цэцэрлэгийн ямар ч баримт байхгүй ганцхан 1993 онд сургуулийн захирлын жирэмсний чөлөө олгосон тушаал л олдсон болно. Иймд миний ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Миний ажиллаж байсан жилийг тодорхойлон гэрчилж чадах гэрч болох С овогтой Ц тэр үед пионерын удирдагч түүхийн багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажил эрхэлж байсан Цагаанхайрхан сумын Арбулаг багт одоо, оршин суугч, утасны дугаар *****, мөн З овогтой Н тэр үед Бага ангийн багшаар ажиллаж байсан одоо Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суугч Утас: ******бүхий энэ хоёр хүнийг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэн. 1978 оноос 1988 он хүртэл Ц.Б бид хоёр Цагаанхайрхан сумын сургуульд нэг ангид байсан. 10 жилээ төгсөөд Ц.Б нь цэцэрлэгийн багшийн техникумыг төгсөж, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын цэцэрлэгт ажиллаж байгаа. Ц.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах болоход 1990 оноос 1995 оны хооронд нь шилжилтийн жилүүд байсан учраас бичиг баримтуудын хувьд дутагдалтай асуудал буюу тушаалууд нь байгаа боловч зарим баримтууд байхгүй болсон. Мөн Ц.Бийн гэр нь шатахад холбогдох баримтууд устсан. Мөн тухайн үеийн нийгмийн тогтолцооны өөрчлөлт орсонтой холбоотой асуудал байгаа. Тухайн үед сургууль болон цэцэрлэг хамт байсан ч сүүлд цэцэрлэг тусдаа болсон. 1990 оны үед сургууль болон цэцэрлэг хамт байсан ч сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөрийн дэвтэрт холбогдох мэдээлэл бичигдсэн. Одоо өндөр тэтгэвэр тогтоолгох болоход дээр хугацааны ажилласан жилүүдийг тогтоох шаардлага гарсан тул шүүхэд хандсан гэв.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 194 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 158 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаал, Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тушаал, Ё.Цгийн ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, С.Цгийн 274848 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, З.Нын 001738 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, С.Цгийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 364 дугаартай шийдвэрийн хуулбар, З.Нын 283304 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, З.Нын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Бийг ажлаас чөлөөлөх тухай Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаал, Ц.Бийн боловсролын их сургуулийн 200613400 дугаартай бакалаврын дипломын хавсралт, мөн дипломын хуулбар, 4182 дугаартай цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн мэргэжлийн дипломын хуулбар, тус дипломын хавсралт, Ц.Бийн 304143 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, Р.Мын 283385 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Р.Мын 434034 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Р.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Ц.Бийн хүсэлтээр Хөөрхөн үрсийн хөгжлийн өргөө номонд үзлэг хийж, Р.М, З.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Бийн ХААТР-1 маягт, Увс аймгийн Төрийн архивын хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд хандаж 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд тухайн үеийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ц.Бийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Миний бие 1970 онд төрсөн 55 настай. Би 1990 онд Архангай аймаг дахь багшийн сургуулийг цэцэрлэгийн хүмүүжүүлэгч мэргэжлээр төгсөж тэр үеийн Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн томилолтоор Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажилласнаас 2025 оны 04-р сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй 35 жил энэ цэцэрлэгтээ бүлгийн багшаар ажиллаж байгаа.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд миний 1990-1995 оны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсныг нотлох тушаалын болон цалингийн баримт байхгүй байгаа тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Шүүхээс хүсэлт гаргагч Ц.Бээс нотлох баримтаар гаргаж өгсөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн 60 жилийн ойд зориулан гаргасан Хөөрхөн үрсийн хөгжлийн өргөө номонд үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр хүсэлт гаргагч Ц.Б нь 1990-1995 оны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4.2. Мөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тушаал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар хүсэлт гаргагч Ц.Бийн 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр томилогдон ажилласан болон 1993-1994 оны хооронд тэтгэмжтэй чөлөөтэй байсан үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчаас Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тушаалыг эх хувиар гаргаж өгсөн бол Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаал нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажжээ.
Иймд дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх ба хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлэв.
4.3. Хүсэлт гаргагч Ц.Бээс нотлох баримтаар гаргаж өгсөн 304143 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймаг дахь Багшийн сургуулиас нээж олгосон байх бөгөөд тухай сургуулийн тамга дарж баталгаажуулжээ. Тус дэвтэрт хүсэлт гаргагч Ц.Бийг 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь Багшийн сургуульд элссэн тухай, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төгссөн тухай тэмдэглэж, тамга дарж баталгаажуулсан бол 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 тоот тушаалаар тус цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар томилсон тухай бичилт хийж баталгаажуулжээ.
Хүсэлт гаргагч Ц.Б нь түүний 304143 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг шүүхэд эх хувиар өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.4. Гэрч З.Н нь 1983 оны 08 дугаар сарын сарын 20-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн бага ангийн багш, 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь түүний 001738 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ***** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч З.Нын ...Ц.Б нь 1990 онд Архангай аймгийн цэцэрлэгийн сургуулийг төгсөж ирээд Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар томилогдон ажилд орсон. Одоог хүртэл цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаа юм... гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.5. Гэрч Р. М нь 1990 оны 08 дугаар сарын сарын 16-ны өдрөөс 1995 дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын цэцэрлэгт галч, сахиулаар ажиллаж байсан болох нь түүний 434034 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 283385 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч Р. Мын ...Ц.Б нь 1990 оны 8 сард анх багш нар сургууль төгсөж ирээд багшаар анх ажилд орсон. 1990 оны намар хичээл ороход бид 2 зэрэг анх ажилд орж байсан. Ц.Б одоог хүртэл Цагаанхайрхан сумын цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаа юм... гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ц.Бийн 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Хүсэлт гаргагч Ц.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт Ц.Бийн 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА