| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00359/И |
| Дугаар | 318/ШШ2025/00417 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/00417
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Схолбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 18,438,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Амарболд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т,/цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭХХК-ийн захирал Б.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Увс аймгийн С Э Мтэй дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулж тус байгууллагыг дулаан эрчим хүчээр хангаж ажиллаж ирсэн бөгөөд одоо ч хангаж ажилласаар байна. Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор ЭХХК-ийн Сагил сумын хэрэгчдэд борлуулах дулааны тарифыг баталж уг тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг манай байгууллагад даалгасан байдаг. Үүний дагуу бид Стариф хэрэгжилтийн талаар албан тоот хүргүүлж төлбөрийг шинэчилсэн тарифаар нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл, 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр саруудын төлбөрийг төлөөгүй байна. Хэрэглэгч төлбөрөө хугацаанд нь төлөх бидний үйл ажиллагаагаа тогтвортой явуулах үндсэн суурь билээ. Манай байгууллага нь хариуцагчид 3002,60 мЗ талбайд 1мЗ талбайг нь 2,186.80 төгрөгөөр нийлүүлдэг бөгөөд 2023 оны 9 дүгээр сард 1,466,469.84 төгрөг, 10 дугаар сард 2,932,939.68 төгрөг, 11 дүгээр сард 2,932,939.68 төгрөг, 12 дугаар сард 2,932,939.68 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 2,027,141.73 төгрөг, нийт 12,292,430.61 төгрөг болох юм. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан бөгөөд алдангийг хуульд нийцүүлэн 50 хүртэл хуваар тооцож алдангид 6,146,213 төгрөг, нийт 18,438,643,61 төгрөг болж байна. Иймд хариуцагч байгууллагаас нийт 18,438,640 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь ЭХХК-ийн Увс аймгийн Схолбогдуулан гаргасан 18,438,140 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 дугаар улирал буюу 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Хариуцагч Увс аймгийн С Э М нь нэхэмжлэгч ЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,438,140 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 дугаар улирал буюу 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Зохигчид Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Увс аймгийн С Э М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,143 төгрөгийн улсын орлогод хэвээр үлээж, хариуцагч Увс аймгийн С Э Мөөс 250,143 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Увс аймгийн С Э М нь нэхэмжлэгч ЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,438,140 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар улирал буюу 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,143 /хоёр зуун тавин мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийн улсын орлогод хэвээр үлээж, хариуцагч Увс аймгийн С Э Мөөс 250,143 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА