Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Р.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуут овогт Рагчаагийн Жд холбогдох 1829000820048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

   Шүүгдэгч Р.Ж нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө согтуугаар иргэн Э.Наранбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/

Хохирогч Э.Наранбаатарын өгсөн: “...Би Цогтцэций сумын Өгөөмөр зочид буудалд галч ажилтай ба 2018 оны 03 дугаар сарын 19-ны шөнө тухайн газрыг галлах гээд гэрээсээ 22 цаг өнгөрч байх үед гараад ажлаа хийж дуусгаад буцаад харих гээд явж байтал миний таньдаг Ж гэх залуу над руу залгаад гэрт хүрээд ир гэсэн. Улмаар би Жын гэрт очиход тэнд Анжига согтоод унтсан. Түүний эхнэр хүүхэд болон Ж тэр хэд байсан. Тэр үед тэд нар 500 граммын Ерөөл нэртэй архи хувааж уугаад сууж байсан ба тухайн архинаас нь 2 удаа уусан. Гэтэл Анжига бид хоёрын өнгөрсөн өвөл маргалдсан асуудлыг дахин сөхөж яриад над руу хандан хэрүүл маргаан өдөж эхэлсэн. Тэгээд бид хоёр гэрт маргалдаж байгаад гадаа болсон ба тухайн гэрээс бид хоёр гараад маргаад зогсож байсан Ж над руу дайраад байхаар нь би баруун талын мөрөн тус газарт цохиж аваад нэг удаа мөргөсөн. Гэтэл Ж миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж миний үүдэн шүдийг унагаж гэмтэл учруулсан. Тэгээд би тэндээсээ шууд гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан ...” /хх-ийн 10-12-р хуудас/

Гэрч М.Отгондуламын өгсөн: “...Манай нөхөр болон Наранбаатар нь Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Өгөөмөр зочид буудалд галчаар ажилладаг ба 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад тус байгууллагын галыг түлэх гээд гэрээс  гарсан. Гэтэл шөнийн 01-02 цагийн үед манай төрсөн эгч Эрдэнэцэцэг рүү цагдаагаас утсаар залгасан ба эгч гарч яваад Наранбаатарыг дагуулаад ороод ирсэн байх шиг байсан. Тухайн үед би унтсан байсан. Тэгээд маргааш нь Наранбаатараас юу болсон талаар асуухад “Ж гэх хүнд зодуулсан” гэж надад хэлж байсан. ...Наранбаатарын дээд талын 2, доод талын 1 шүд унасан байсан... /хх-ийн 15-р хуудас/

Гэрч М.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...Миний санаж байгаагаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө намайг гэртээ унтаж байтал цагдаагийн дугаар миний утас руу залгаад “танай дүү энд ирсэн байна. Хүрч ирж ав” гэхээр нь би шөнийн 01 цагийн үед ирэхэд манай хүргэн дүү болох Наранбаатарын амнаас цус гоожсон байдалтай байсан. Улмаар би дүүгээ аваад гэртээ аваачиж амраасан... /хх-ийн 16-17-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн

  1. Э.Наранбаатарын зүүн хөмсөгний өнгөц язарсан шарх, дээд уруулын зулгаралт, салстын язрал, 4 шүд унасан гэмтэл үүсчээ.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой,
  3. Дөрвөн шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Зүүн хөмсөгний язарсан шарх, дээд уруулын зулгаралт, салстын язрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/

Р.Жын яллагдагчаар өгсөн: ”...2018 оны 03 дугаар сарын 09-ний орой Алинчбиш /Анжига/ гэх найзындаа орой 23 цагийн үед 500 граммын Ерөөл нэртэй архи аваад очсон. Удалгүй би өөрийн найз Наранбаатарыг утсаар дуудсан ба удалгүй ирсэн. Үүний дараа би нэлээн согтсон байсан бөгөөд миний санаж байгаагаар Наранбаатар бид хоёр гэрээс гартал Наранбаатар нь намайг толгойгоороо мөргөхөөр нь би зөрүүлээд нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Тэгтэл Наранбаатар шүд унчилаа гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

Шүүгдэгч Р.Жын хувийн байдлын талаар:   

Шүүгдэгч Р.Жын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,  /хх-ийн 30-31, 34-р хуудас/,

Шүүгдэгч  Р.Жын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/,    

Хохирогч Э.Наранбаатарын хүсэлт “...Эрдэнээ овогтой Наранбаатар миний бие өөрийн таньдаг хүн болох Ж гэх залууд 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Одоо Р.Ж бид хоёр эвлэрч хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон нь үнэн болно...” гэх /хх-ийн 39-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Р.Ж нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө согтуугаар иргэн Э.Наранбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Э.Наранбаатарын өгсөн: “...Тэгээд бид хоёр гэрт маргалдаж байгаад гадаа болсон ба тухайн гэрээс бид хоёр гараад маргаад зогсож байсан Ж над руу дайраад байхаар нь би баруун талын мөрөн тус газарт цохиж аваад нэг удаа мөргөсөн. Гэтэл Ж миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж миний үүдэн шүдийг унагаж гэмтэл учруулсан. Тэгээд би тэндээсээ шууд гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан ...” /хх-ийн 10-12-р хуудас/, гэрч М.Отгондуламын өгсөн: “...Тэгээд маргааш нь Наранбаатараас юу болсон талаар асуухад “Ж гэх хүнд зодуулсан” гэж надад хэлж байсан. ...Наранбаатарын дээд талын 2, доод талын 1 шүд унасан байсан... /хх-ийн 15-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/, Р.Жын яллагдагчаар өгсөн: ”...2018 оны 03 дугаар сарын 09-ний орой Алинчбиш /Анжига/ гэх найзындаа орой 23 цагийн үед 500 граммын Ерөөл нэртэй архи аваад очсон. Удалгүй би өөрийн найз Наранбаатарыг утсаар дуудсан ба удалгүй ирсэн. Үүний дараа би нэлээн согтсон байсан бөгөөд миний санаж байгаагаар Наранбаатар бид хоёр гэрээс гартал Наранбаатар нь намайг толгойгоороо мөргөхөөр нь би зөрүүлээд нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Тэгтэл Наранбаатар шүд унчилаа гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Р.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Наранбаатар нь хохирлын талаар ямар нэгэн маргаангүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Жд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуут овогт Рагчаагийн Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жыг 500 / таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жд оногдуулсан 500 / таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Р.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Р.Жын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА