Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар    2024/ДШМ/526

 

 

 

 

Ч.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Уранчимэг,

цагаатгагдсан этгээд Ч.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

хохирогч Д.Э-д,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Уранчимэг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Ч.Б-од холбогдох 2309012531966 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Б-д .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;  

Холбогдсон хэргийн талаар:

А дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” караокены гадна 2023 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Д.Э-дтой үл ялих зүйлээс болж маргалдан харилцан цохиж Д.Э-дын биед нь дагз, зүүн шанаа, хацар, дээд, доод зовхинд цус хуралт, доод баруун 2-р шүдний булгаралт, баруун 1-р шүдний сулрал, буйл, доод уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Уранчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүх “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э-од хууль сануулан хохирогчоор тогтоож удаа дараа мэдүүлэг авахад эрс зөрүүтэй мэдүүлжээ. Тухайлбал ...Б над руу хандаж “чи надтай чи гэж харьцдаг. Би чамаас насаар ах” гэж өөрийгөө ахлах албан тушаалтай болсон зэргээр над руу дайраад байсан. Тэгээд Б байж байгаад 20-30 минутын дараагаар гараад ир гэж намайг дуудсан. Б над руу дайрч удаа дараа ингэж байгаа шүү. Аятайхан байгаарай бацаан минь гэх зэргээр над руу уурлаж байсан. Тэгж байгаад надтай зууралдаж аваад нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон. Тэгсэн миний доод 1 шүд хугарчихсан. Шүд хугарчихлаа гэж хэлээд нүүрээ дарж доошоо суутал толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би шүдээ дараад толгойгоо хамгаалж суутал дээрээс өшиглөсөн үү, цохисон уу нилээд олон удаа намайг цохиж зодсон...” /хх 28/, “...Б гараараа нүүр хэсэгт шүдийг цохисон. Тэгээд би нүүрээ дараад хэвтсэн. Тэгэхэд дээрээс гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн...” /хх 30/ гэж, “...Би Быг 2-3 удаа л оновчтой цохисон. Бусдад нь дандаа хий цохих буюу оноогүй байна лээ. Б нь намайг өшиглөж цохиж байгаа нь хуулагдаагүй байна лээ. Караокений зөөгч залуу нь ирж салгасан...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ...” гэж дүгнэсэн байна. Гэтэл хохирогчийн дээрх мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй байгаагаас гадна шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн бие махбодид халдаж, цохиж зодсон үйлдлийг тодорхой мэдүүлсэн байна.

Мөн уг мэдүүлгүүд нь хэрэгт хавсаргагдсан хяналтын камерын бичлэг, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон байхад шүүх “...Хохирогч мэдүүлэгтээ шүүгдэгч түүнийг өшиглөсөн болохыг тодорхой мэдүүлээгүй, өшиглөсөн болох нь бүрэн нотлогдоогүйн гадна шинжээчийн дүгнэлт, дүрслэл оношилгооны хариу зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Б уг гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг бус харин хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, шалтгааныг тогтоосон баримт юм...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь Ч.Б түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас гэмтэл учирсан талаар шууд зааж, удаа дараа мэдүүлсэн байхад хохирогчийг “...шүүгдэгч түүний өшиглөсөн болохыг тодорхой мэдүүлээгүй, өшиглөсөн болох нь бүрэн нотлогдоогүй...” гэж буруутган дүгнэсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Шүүх “...Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан хэргийн газрын бичлэгээр хохирогч Д.Э-д нь эхэлж шүүгдэгчийг 7-8 удаа цохиж, газар унасан үедээ шүүгдэгчийг цохих, хөлөөрөө ороох зэргээр үйлдэл нь үргэлжилсээр байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон байхад хохирогчийн зүй бус, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын эрүүл мэндэд аюултай аргаар довтлох болсноос үүдэн энэ хэрэг гарсан гэснийг хүлээж авахгүй байх үндэслэлгүй байна” гэж дүгнээд шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тэдний маргаан харилцан зодоон болж үргэлжилсэн нөхцөл байдал тогтоогддог бөгөөд хяналтын камерын бичлэгээр тодорхой харагддаг.

Хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, маргаан хийсэн зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэвэл энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах хөнгөрүүлэх нөхцөл байдал юм.

Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаагаас гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив. ...” гэв.

Хохирогч Д.Э-д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Ч.Б нь манай хэлтсийн ахлах байцаагч юм. Тухайн өдөр бид хоёул согтуу байсан. Тухайн караокед хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа намайг хэл амаар доромжилж, өдөөн хатгаж байсан. Үүнийг нь би тоохгүй, өөр хүмүүстэй юм яриад сууж байхад намайг “гараад ир” гэж дуудсан. Намайг дуудахад нь би надтай юм ярих гэж байна гэж бодсон. Гарахад “би чамаас ах, чи муу бацаан, би ахлах албан тушаалтан” гэх мэтээр намайг өдөөн хатгасан тул би түрүүлж цохисон. Би Ч.Б-ыг 2-3 удаа цохисон, бусад цохилтууд нь түүнийг оноогүй. Анхан шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж үзээд би анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Би Ч.Б-ын биед халдсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээсэн. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах гэж байсан боловч прокурор эсэргүүцэл бичсэн байсан тул гомдол гаргахаа больсон. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Прокурор хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоосны дараа хүнийг яллах ёстой. Миний үйлчлүүлэгч тухайн хүний биед гэмтэл учруулсан гэдэгтэй маргадаггүй. Прокурор гэмтэл учруулахаас өөр аргагүй болсон нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын шатанд энэ талаарх гомдлыг удаа дараа гаргаж байсан. Анхан шатны шүүхээс аргагүй хамгаалалт гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээд Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Ч.Б-ыг “...А дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” караокены гадна 2023 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Д.Э-той үл ялих зүйлээс болж маргалдан харилцан цохиж, Д.Э-ын биед нь дагз, зүүн шанаа, хацар, дээд, доод зовхинд цус хуралт, доод баруун 2-р шүдний булгаралт, баруун 1-р шүдний сулрал, буйл, доод уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох “Аргагүй хамгаалалт”-ыг өөрийн эрүүл мэндийг эсрэг хийсэн Д.Э-ын хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг Ч.Б хийсэн гэж дүгнэж, Ч.Б-ын “...Д.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Д.Э-ын хэрэгт хохирогчоор мэдүүлсэн “...Караокены гадна үүдэнд ...надтай зууралдаж аваад нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон. Тэгтэл миний доод 1 шүд хугарчихсан шүд хугарчихлаа гэж хэлээд нүүрээ дарж доошоо суутал толгой руу нэлээн хэдэн удаа цохисон би шүдээ дараад толгойгоо хамгаалж суутал дээрээс өшиглөсөн үү цохисон нэлээн олон удаа намайг цохиж зодсон...” /хх 28/, “...хамт ажилладаг Б нь гараараа нүүр хэсэгт, шүдийг цохисон. Тэгээд би нүүрээ дараад хэвтсэн. Тэгэхэд дээрээс гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн...” /хх 30/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь:

тухайн үеийн үйл явдлыг харуулж буй “...Д.Э-д /саравчтай малгайтай/, Ч.Б /костюмтай/ ярилцаж байгаад /бичлэгийн 1:10-2:27 хугацаанд буюу 1 минут 17 сэкунд/

Д.Э-д нь Ч.Б-ын нүүр хэсэгт цохиж /бичлэгийн 2:27/,

Ч.Б нь Д.Э-ын өөрийг нь барих гэсэн зүүн гарыг холдуулж, цаашаа харж Д.Э-оос холдох хөдөлгөөн хийнэ, Д.Э-д араас нь баруун гараараа цохих хөдөлгөөн хийж давшлана /бичлэгийн 2:27-2:37/,

Ч.Б нүүрээ Д.Э-ын баруун гарын цохилтоос холдуулан цаашаа харангаа Д.Э-дын энгэрээс нь заамдсан зүүн гараараа татаж, баруун гараараа шилэн хүзүүн дээр нь дарж газарт Д.Э-ыг хажуу тийшээ харсан байдалтай байрлалд унагаана /2:37-2:40/,

Д.Э-д газарт Ч.Бын зүүн гараар заамдуулсан чигтээ хажуугаасаа эргэн дээшээ хараад дээрээс нь дарах хөдөлгөөн хийж буй Ч.Б-ын хүзүүгээр хоёр гараараа татаж, Ч.Б-ыг цээжээр нь тэврэн өөр рүүгээ татаж, Ч.Б-ын толгойг хоёр хөлөөрөө 2 удаа уургалах мэт хөдөлгөөн хийнэ /2:40-2:46/,

Ч.Б нь дээр байрлалтайгаар хэвтэн өөдөөс нь гараараа Д.Э-ыг өөр рүүгээ татах хөдөлгөөн хийж буй Д.Э-ын биеэс заамдсан зүүн гар дээрээ тулан холдож, баруун гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохино /2:46-2:48/,

Д.Э-д энэ үеэр Ч.Б-ын хүзүүг баруун гараараа, зүүн гараараа суган доогуур нь оруулан өөр рүүгээ татаж ойртуулан хажуу тийш харж хөдөлгөөнийг нь хориглон өөр рүүгээ наалдуулан татна /2:50- бичлэг дуусах 3:02  хугацаанд/...” гэсэн камерийн бичлэгээс зөрүүтэй байна.

Энэхүү камерийн бичлэгээр Д.Э-д нь Ч.Б-ын эрүүл мэндийн эсрэг хууль бус буюу бие рүү нь чиглүүлэн цохисон үйлдлийг эхэлсэн, улмаар үргэлжлүүлэн /2:27-2:37 буюу 10 сэкунд/ довтолж цохих үйлдлийг хийж байсан болох нь, улмаар өөрийн бие рүү нь чиглэсэн довтолгооныг үргэлжлүүлж буй Д.Э-ын эсрэг Ч.Б нь Д.Э-ын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “...дагз, зүүн шанаа, хацар, дээд, доод зовхинд цус хуралт, доод баруун 2-р шүдний булгаралт, баруун 1-р шүдний сулрал, буйл, доод уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад шарх гэмтэл...” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэлд тооцогдох хөнгөн хохирлыг учруулсан болох нь тогтоогдож байна.   

Түүнчлэн, Д.Э-д нь камерийн бичлэгийг үзсэнийхээ дараа хохирогчоор “...бид хоёр хоорондоо бие биенийгээ чи, би гэж дуудсан. Энэ үедээ би Быг түрүүлж хэд хэдэн удаа цохисон. Хяналтын камерийн бичлэгийг дараа нь харахад би Б-г 2-3 удаа л оновчтой цохисон, бусдад дандаа хий цохих буюу оноогүй байна лээ. ...” гэж довтолгооныг эхлүүлсэн, үргэлжилсэн үйлдэл хийж байснаа мэдүүлжээ /хх 32/.

Өөрийн эрүүл мэндийн эсрэг хийж буй Д.Э-ын довтолгооны эсрэг хийсэн Ч.Б-ын “...Д.Э-ын биед хөнгөн хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн эсрэг, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан аргагүй хамгаалалт байна гэж үзнэ.

Ч.Б нь аргагүй хамгаалалтаа Д.Э-ын довтолгоон эхэлсэн үед хийсэн, довтолгоон төгссөн үед хийгээгүй болох нь камерийн бичлэгт бэхжүүлэгдсэн дүрс бичлэгээр тогтоогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох “Аргагүй хамгаалалт” хийгдсэн үндэслэлээр Ч.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Уранчимэгийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Уранчимэгийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ