Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:   Ш овогт Б.Нгийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баатарсан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1965 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Миний бие 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилчнаар томилогдон ажиллаж байгаад өөр ажилд шилжин ажиллаар 1986 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 1986 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын АДХГЗ-ны санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1987 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр чөлөөлөгдсөн. 1987 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах нягтлан бодогчоор томилогдон 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Мөн 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс Увс аймгийн Зүүнговь сумын тооцооны тасгийн кассын эрхлэгч, нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 1990 оны 8 дугаар 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн. 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон тул холбогдох баримт бичиг бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн захирамж, тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1983-1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед ажиллаж байсан Р.Э, З.Цнарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Б.Н нь өндөр насны тэтгэвэрт гарах болж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэхэд дээрх хугацаанд ажилд орсон тушаал, шийдвэр нь олдоогүй тул шүүхэд хандаж байна гэв.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 153 дугаартай тодорхойлолт, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 135 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Б.Нгийн 107112 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Р.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч З.Цын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 191589 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 198 дугаартай зөвлөмжийн хуудас, Б.Нгийн 24511 дугаартай дипломын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс Б.Нгийн хүсэлтээр Р.Э, З.Цнарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Нгийн ХААТР-1 маягт, Увс аймгийн Архивын хэлтсээс Хөдөө аж ахуйн банкны 1989-1990 оны баримтаас Б.Нд холбогдох баримтыг шүүлгэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.Нгийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Б.Н нь шүүхэд хандаж 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах ажилчин, 1986 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор, 1987 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 8 дугаар 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын тооцооны тасгийн кассын эрхлэгч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Б.Нгийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Б.Н нь 1983 онд 10 дугаар анги төгсөөд 1983 оны 10 дугаар сард Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд ажилд орж, 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говийн хөгжил нэгдэл, Зүүнговь сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Хөдөө аж ахуйн банкны салбарт туслах нягтлан бодогч, нягтлан бодогч, кассын эрхлэгч зэрэг ажил эрхэлж байсан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1983-1990 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хүсэлт гаргагч Б.Нгаас нотлох баримтаар гаргаж өгсөн ***** дугаартай хөдөлмөрийн дэвтрийг 1983 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлээс нээж олгосон байх бөгөөд тухай нэгдлийн тамга дарж баталгаажуулжээ. 1986 оны 02 дугаар сарын 29-ний Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах ажилтны ажлаас чөлөөлсөн. 1986 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор, 1987 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 8 дугаар 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын тооцооны тасгийн кассын эрхлэгч, нягтлан бодогчоор ажиллаж байсан тухай бичилт хийж баталгаажуулжээ.

Хүсэлт гаргагч Ц.Бнь түүний 304143 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг шүүхэд нотариатаар баталгаажуулж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 135 дугаартай цалингийн тодорхойлолтоор хүсэлт гаргагч Б.Нгийн Увс аймгийн Зүүнговь сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор 1987 оны 01 сараас 08 сар хүртэлх цалингийн баримт болон Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 134 дугаартай тодорхойлолтоор Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах нягтлан бодогчоор 1988 оны 01 сараас 4 дүгээр сар болон 7 дугаар сараас 11 дүгээр сал хүртэлх цалингийн баримтаар хүсэлт гаргагч Б.Нг Увс аймгийн Зүүнговь сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор, Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл баримтыг нотолж байна.

Түүнчлэн, гэрч Р.Э, З.Цнар нь хүсэлт гаргагч Б.Нг ...Говийн хөгжил нэгдэлд 1982-1983 оны хавьцаа ажилд орсон. Дараа нь сумын тамгын газар, санхүү тасагт нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас гарсан. Яг хэдийн тамгын газарт ажилд орж, хэзээ гарсныг санахгүй байгаа ч Б.Н Говийн хөгжил нэгдэлд болон сумын тамгын газарт санхүү, нягтлангийн чиглэлээр ажиллаж байсан нь үнэн. Би тухайн үед хамт ажиллаж байсан учраас сайн санаж байна гэж мэдүүлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Тодруулбал, хэрэгт авагдсан Б.Нд холбогдох ХААТР-1 маягтыг 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад Б.Нг Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах нягтлан бодогч ажилтай гэж тэмдэглэжээ.

Улмаар хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн 107112 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 153 дугаартай тодорхойлолт, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 135 дугаартай цалингийн тодорхойлолт, Б.Нгийн 24511 дугаартай дипломын хуулбар, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч Б.Нгийн 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах ажилчин, 1986 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор, 1987 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 8 дугаар 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын тооцооны тасгийн кассын эрхлэгч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

5. Хүсэлт гаргагч Б.Нгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Ш овогт Б.Нгийн 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 022 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Говийн хөгжил нэгдэлд ажилчнаар, 1986 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 3 дугаар 20-ны өдрийг хүртэл хугацаанд Говийн хөгжил нэгдэл болон Увс аймгийн Зүүнговь сумын ардын депатитутын хурлын гүйцэтгэх захиргаанд нягтлан бодогчоор, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Хөдөө аж ахуйн банкны Зүүнговь салбарт кассын эрхлэгч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА