Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 318/ШШ2025/00439

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Г ТХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т овогт М.Схолбогдох,

Хариуцагч: Увс аймаг, Зүүнгговь сум, 3 дугаар баг, 3 тоотод оршин суух, регистрийн дугаар ОД89120102, Хасагууд овогт Тогтохын От холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,167,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ТХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.С, Т.О нар нь 2024.03.07-ны өдөр ЗГ/02875 тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 3,5% хүүтэй 5,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд адуу-12, үхэр-25, хонь-120, ямаа-130 нийт 287 толгой мал барьцаалсан. 2025.01.13-ны өдрөөс хойш зээл төлөлтөө бүрэн хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 94979734, 85114624 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд М.С, Т.О нар нь байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3,038,159.34 /гурван сая гучин найман мянга нэг зуун тавин есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 90,978.66 /ерэн мянга есөн зуун далан найман төгрөг жаран зургаан мөнгө төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17,362 /арван долоон мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг, нотариатын хураамж 20,500 /хорин мянга таван зуун/ төгрөг нийт 3,167,000 /гурван сая нэг зуун жаран долоон мянган төгрөгийг хариуцагч нараас гаргуулж "Г ТХЗХ-г хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие  Мын С нь Т.Отэй эхнэр нөхөр юм. Т.О нь эрүүл мэндийн улмаас ирэх боломжгүй тул би энэ зээлийг бүхэлд нь хариуцан төлнө. Нэхэмлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 3,167,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. би энэ мөнгийг 2025.07.04-ний гэхэд бүрэн төлж барагуулна. Хэрвээ 2025.07.04-ний өдөр төлөх боломжгүй болох юм бол барьцаа буюу малаар төлнө. Ийм хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г ТХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллагаас М.С, Т.О нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Т.О эмчилгээтэй очих боломжгүй байгаа тул хариуцагчаас татгалзаж байна. М.Сын гаргасан тайлбартай танилцлаа. Зээлийн төлбөрийг 2025.07.04 хүртэл төлж дуусгахыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч М.С нь нэхэмжлэгч Г ТХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3,167,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч М.С нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ТХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,622 төгрөгийн тавин хувь болох 32,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн ******** тоот данснаас 32,811 төгрөг, хариуцагч М.Саас 32,811 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ТХЗХ-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ТХЗХ-ны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,167,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.С 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ТХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,622 төгрөгийн тавин хувь болох 32,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн ******* тоот данснаас 32,811 төгрөг, хариуцагч М.Саас 32,811 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ТХЗХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.С нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Я.УРНАА