Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт Б.Б холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,553,603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

Хариуцагч Б.Бэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийвэрлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Б.Бээс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 11,597,442 төгрөг, зээлийн хүү 2,817,717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,444 төгрөг, нийт 14,553,603 төгрөг шаарджээ.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суудаг гэх Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг Гүнбүрд хаягаар хүргүүлэхэд Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолтоор Б.Б нь Дэн-3 309 тоотод оршин суудаг, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй боловч ойрын хэдэн жил оршин суугаа хаяг дээрээ ирэхгүй байгаа болно гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ, 754.2 дахь хэсэгт Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ гэж заажээ.

Шүүхээс хариуцагч Б.Бийн албан ёсны хаягийг тодруулахад Хур төрийн мэдээлэл солилцооны системээс татсан лавлагаагаар Б.Б нь Увс аймаг, Наранбулаг сум, 1 дүгээр багт бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бийн үндэсний цахим шуудангийн *******хаягаар мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2 дахь хэсэгт Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заасан.

Хариуцагч Б.Бэд шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, үүргийн тайлбарыг хүргүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хариуцагч Б.Б нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг өөрийн үндэсний цахим шуудангийн хаягаар хүлээн авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******** дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулж, зээлийн гэрээгээр талууд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12,654,833.24 төгрөгийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүг 20 хувиар тооцохоор тохиролцож, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч талаас 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12,654,833.24 төгрөгийг хариуцагчийн Х банк дахь ************ тоот дансанд бэлэн бусаар олгосон олох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **********дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулсан байх ба Иргэний хуулийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэх заалтад нийцсэн байна..

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ мөн хуулийн 451.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12,654,833.24 төгрөгийг шилжүүлэн авснаас хойш үндсэн зээл 1,057,390 төгрөг, зээлийн хүү 399,112 төгрөг, хүү 1,320 төгрөг төлсөн ба үлдэх төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 11,597,442 төгрөг, зээлийн хүү 2,817,717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,444 төгрөг, нийт 14,553,603 төгрөгийг хариуцагч Б.Бээс шаардах эрхтэй.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 230,719 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 14,553,603 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,719 /хоёр зуун гучин мянга долоон зуун арван ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 230,719 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА