Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар    2024/ДШМ/533

 

 

 

 

 

Л.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.А-д холбогдох 2311000001024 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.А .... тоотод түр оршин сууж байсан гэх, урьд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж шийтгэгдсэн;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед А дүүргийн .... дугаар хороо, .... худалдааны төвийн баруун талд байрлах сайжруулсан шахмал түлш худалдан борлуулдаг хашаан дотор хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж унаган, унасан байхад нь дахин нүүр хэсэгт нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-гаас оршуулгын зардалд 4,012,179 төгрөгийг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 82,500,000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Р.С-д гаргуулан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт 226 хоногийг түүний эдпэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би санаатай хүн алаагүй, надад хохирогчийг алах зорилго, шалтгаан холбоо байхгүй. Намайг хүн амины хэрэгт үндэслэлгүй буруутгаж байна. 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хэрэг болсон газар би 14 цаг өнгөрч байхад ...архи ууж байхад талийгаач хүн болгон руу үсчиж, дайраад, мөн Б руу дайраад байхаар нь боль гээд зүүн шанаанд нь баруун гараараа нэг удаа цохисон. Нээх айхтар зүйл болоогүй. Г бид хоёр гараад явсан. Тэр хавиар хэсэг явж байгаад С ахын ороод унтаад өгсөн. Сэрэхэд харанхуй болсон байсан. ...Мөрдөгч Д чи хүн зодсон, мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгөх үү гэхэд нь би өмгөөлөгчтэй өгнө гэтэл намайг хорих 461-р ангид хорьсон. Хэд хоногийн дараа мөрдөгч нэг хүний хамт мэдүүлэг авахаар ирсэн бөгөөд нөгөө хүн нь намайг өмгөөлөгч Б гэдэг гэж танилцуулсан. Тэгээд мэдүүлэг авахад хажуунаас өмгөөлөгч Б “Би камерын бичлэг үзсэн, чи хүн цохиж алсан, хохирлоо төл” гэж хэлсэн. ...мөрдөгч талийгч чамайг гараад явахад ямар байдалтай үлдсэн бэ гэхэд нь би суугаад тэдэнтэй хамт үлдсэн гэхэд заавал унасан болгох гээд байсан. Хажуунаас өмгөөлөгч Б хүний аминд хүрсэнээ хэзээ мэдсэн бэ гэж асуусан. Би бүр цочролд орж, санахгүй байна гэтэл цохисныхоо дараа санахгүй байна гээд мэдүүлэгт хавсаргасныг би сүүлд харсан. С.Б нь намайг 16 цагт гарч явснаас хойш 23 цаг хүртэл юу хийж явсан нь тодорхойгүй, тэд нартай байж байгаад эмнэлгийн тусламж авсан гэсэн. Хаана байсан нь тодорхойгүй гэрч А тухайн үйл явдал болсноос 20 минутын дараа эмнэлэг дуудсан гэдэг Б нь өдрийн цагаар гэж мэдүүлсэн зэрэг нь зөрүүтэй. Шүүх хуралдааны явцад иргэдийн төлөөлөгч 2 ч удаа эсэргүүцэж байсны даргалагч шүүгч авч хэлэлцээгүй. Шинжээч эмчийн 1923 дугаартай дүгнэлтэд олон тооны “тархи дарагдал, тархины эдийн иврэлт, дотор эрхтэний цус эргэлтийн алдагдал, тархи уушигны хаван, тархи шаантаглах хам шинж” зэрэг гэмтлүүдийг хэдийд хэн учруулсан, амь нас алдахад хүргэсэн гэмтлүүд мөн эсэх, эсхүл эмчилгээ, сувилгаа хийхэд согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан нь үхэлд хүргэсэн  эсэх талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдаагүй орхисон тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Мөн хохирогчийн биед учирсан “зүүн чихний няцарсан шарх, зулай, дагз, суурь, зүүн чамархай, хөхлөг сэртэнгийн үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух, баруун чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зулай, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт” зэрэг гэмтлийг хэн хэдийд, яаж учруулсныг шалгаж, нотлоогүй. Мөн хохирогчийн цээжинд цус хуралт болон гавал тархины битүү гэмтэлд нөлөөлсөн гэмтлийг хэн учруулсан, эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй зэрэг нь хүний эрх болон хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хохирогчийн зүүн шанаанд баруун гараараа нэг удаа цохисон. Энэ үйлдлийн улмаас энэ олон тооны гэмтэл үүссэн гэхэд итгэл үнэмшилгүй байна. Хавтаст хэргийг 84 дүгээр талд байх фото зурагт хохирогчийн нүүрэнд гэмтэл, шарх байхгүй байна. Хашаанд хохирогчтой хамт үлдсэн хүмүүс бүгд зохих хэмжээний согтолттой байсан. Дараа нь дахин уусан, хэрэлдэж зодолдсон эсэх нь тодорхойгүй. Бидний орж, гарч байгаа бичлэг, түргэний машин хэрхэн авч явсан гэх камерын бичлэг байхгүй, цаг минут тодорхой бус. Бүх гэрчүүд өдрийн цагаар энэ үйл явдал болсныг нотолж байгаа хэдий ч эмнэлгийн тусламж авсан цаг нь 23 цагт буюу шөнийн цагаар байгаа нь гэрчүүд бүгдсэн үгсэн ямар нэг гэмт үйлдлийг нуун дарагдуулж намайг гүтгэж байгаа нь илт харагдаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг нэн даруй суллаж өгнө үү. ...” гэв.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд: Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг зөрчин шүүгдэгч Л.А-гийн гэм буруу нь нотлогдоогүй үндэслэлээр хүн алах зүйл заалтаар ял шийтгэл оногдуулсан нь, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс ,шударга ёс,эрх чөлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, мөн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 13, 14-т заасан хүний эрхийн бүх заалтуудыг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Шүүгдэгч Л.А-г улсын өмгөөлөгч авна гэж амаар болон бичгээр хүсэлт гаргаагүй, ам бүл тавуулаа гэж мэдүүлсэн мэдүүлгийг мөрдөгч Д чи хотод ганцаараа амьдардаг гэж тулган, улсын өмгөөлөгч Б-д үг зааж, бичлэг үзүүлсэн юм уу, өмгөөлөгч Б “Би сая камерийн бичлэг үзээд ирлээ, чи хүн цохиод алчихсан байна, чи хэргээ хүлээ, хохиролоо төл гэж шаардаж хорих 461 дүгээр ангид шүүгдэгч А-г сэтгэл санааны дарамт, хямралд оруулж эрүүдэн шүүсний улмаас талийгчийг нэг удаа цохьсон, түүнээс хойш юу болсныг санахгүй байна гэдэг мэдүүлэг гаргуулж хилс хэрэгт гүтгэж шийтгүүлэх нөхцөл бүрдүүлснийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед улсын яллагч Б.О “Чи нэг удаа цохьсон түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэж мэдүүлсэн гэж өөрийнхөн эсрэг мэдүүлгийн эргүүлж шүүгдэгч А-гийн эрх зүйн байдлын дордуулж, дорд үзэн ялгарварлан гадуурхаж Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг ноцтой зөрчсөн.

2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч А нь 19 цагийн үед Ч дүүргийн ... дугаар хороо, .... захын баруун талд байрлах түлээний хашаанд талийгч С.Б-гийн нүүр хэсэгт гараараа цохиж унаган, унасан байхад нь дахин нүүр хэсэгт нь цохиж алсан гэх 606 дугаартай яллах дүгнэлтэнд 19 цагийн үед гэдгийг хавтас хэрэгт нотлосон баримт байхгүй, 2 удаа нүүр хэсэгт нь цохиж алсан гэдэг баримт нотолгоо, гэрчийн мэдүүлэг, камерийн бичлэгт ч байхгүй байсныг 19 цаг гэдгийг, мөн 2 удаа нүүрэнд цохьсон гэдгийг хяналтын прокурор Ц.М өөрөө санаасаа зохиож бичсэнийг хэлэлцүүлэгт, хуралд оролцогчид болон яллагч прокурор өөрөө 19 цагийн үед, 2 удаа цохьсон гэдгээ баримтаар нотлож чадаагүй, гүтгэсэн гэдэг нь батлагдсан юм.

Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Б.Э шүүгдэгч Л.А-г хүн алсан гэдэг үйлдэл нь тогтоогдохгүй, камерийн бичлэг ч нотлохгүй байна гэдгээр 2 удаагийн шүүх хуралд дүгнэлт гаргасан баримт байгаа.

Хэлэлцүүлгийн үед хэргийн газрын камерийн бичлэгт дүрслэгдсэн хүмүүс хэн болох нь ялгаж танигдах боломжгүй, шүүгдэгч А-г талийгчийг цохиж унагасан гэх баримт бичлэггүй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 0395 тоот дүгнэлтэнд “шинжилгээнд ирүүлсэн камерийн бичлэг нь шинжилгээнд тэнцэхгүй хуулбар хувь байна” гэж дүгнэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан камерийн бичлэгийг хэрэг гарсны дараа нөхөж хийсэн гэх үндэслэл тогтоогдож байгаа.

Учир нь, тэр өдөр талийгч С.Б хэдэн цагийн үед хашаанд ирсэн, түүнээс хойш ямар, ямар үйлдлүүд болсон, 16 цагийн үед шүүгдэгч А гэрч Г-гийн хамт хашаанаас гарч явсан байдал, түргэн тусламжийн эмч ирсэн үеийн бичлэг, талийгч Б-г авч явсан зэрэг бичлэг яагаад бичигдэж үлдээгүй, устгасан юм уу, яасан нь тодорхойгүй ,зөвхөн А-г цохьсон гэх хэн болох нь мэдэхгүй бичлэг хийсэн байгааг нөхөн хийсэн гэж үзэх үндэслэл байгаа юм. Энэ бичлэг үнэн бодитой эсэхийг эхээр олж тогтоох шаардлагатай

Энэ байдал нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын алагчиллахгүй гэсэн үгийг зөрчсөн байдал тогтоогдож байна .

Хүн алах гэмт хэрэг нь талийгч С.Б-г ална гээд алсан бол хүн алах гэмт хэрэг болно. Гэтэл хүн алах, санаа зорилго ,шалтгаант холбоо шүүгдэгч А-гийн үйлдэлд байхгүй тогтоогдоогүй байдал нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын алагчилахгүй гэсэн үгийг зөрчсөн үйлдэл мөн.

Гэрч А.А, Д.Г. С.Н, Ш.С, Д.Б, Т.Б нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн, эргэлзээтэй мэдүүлгийг шүүх үндэслэж шийтгэл оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хавтас хэргийн 40 дүгээр тал: прокурор Ц.М-ын 19 цагийн үед цохиж алсан гэх цагийг үгүйсгэсэн гэрч Д.Б-ын нотлох баримт байхад шүүх бүрэлдэхүүн тунхаглалыг зөрчиж ял шийтгэл оногдуулсан. Мөн талийгч 23 цаг 17 минутанд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн, шүүгдэгч А 15-16 цагийн хооронд талийгчийн зүүн шанаанд гараараа нэг удаа цохьсон гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй, амь хохирогч 16 цагаас хойш 22 цаг 24 минутанд түргэний эмч ирж, авч явах хүртэл 7 цаг орчим хаана, хэнтэй байсан нь тодорхойгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээг олон цагаар үзүүлсэн боловч мохоо зүйлийн олон удаагийн үйлчилээс үүсэн “дотор эрхтний цус эргэлтийн алдагдал, тархи, уушигны эрс илэрсэн хаван, тархи шаантаглах хам шинж, зүүн чихний няцарсан шарх, цээжний цус хуралт” зэрэг шүүх эмнэлгийн 1923 дугаар дүгнэлтэнд зориуд тусгалгүй нууж орхисон олон төрлийн гэмтлийн улмаас амь насаа алдсан гэдэг үндэслэл тогтоогдож байгаа, энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, нуун дарагдуулж тунхаглалыг зөрчсөн.

Хавтаст хэргийн 84 дүгээр тал: Талийгч С.Б-гийн нүүрний зураг болон шүүх эмнэлгийн нүцгэн биеийн үзлэгээр амь хохирогчийн биеийн нүүр, нүүрний гадна, дотор талын эд эс, арьс ,мах, ясанд ямар нэгэн цохилтоос учирсан гэмтлүүд илрээгүй, шүүгдэгч А нүүр хэсэгт цохиж алсан болох нь гэх үйл баримт нотлогдоогүй, шүүгдэгчийг талийгчийн зүүн шанаанд нэг удаа гараараа цохьсон гэдэг боловч үзлэгээр гэмтэл учраагүй, ул мөр илрээгүй нь гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэдгийг нотолж байхад хүн алсан гэж ял шийтгэл оногдуулсан нь тунхаглалыг зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсан үед 2024 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр гэрч Д Б, 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрч А.А нараас дахин мэдүүлэг авахдаа мөрдөгч Д: Танд тухайн өдрийн хяналтын камерийн бичлэг үзүүллээ тухайн бичлэгт гарч байгаа хүмүүсийг таньж байна уу гэж хөтөлж, тулгаж энгийн нүдээр хараад ч хэн болох нь танигдах боломжгүй камерийн бичлэгээр тулгаж А мөн гэж худал мэдүүлэг гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 7.2-д заасан мөрдөгчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн, мөн мэдүүлэг авах үед хөтөлж эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно гэсэн заалт зөрчин мэдүүлэг авч тунхаглалыг зөрчсөн алагчилсан үйлдэл.

Иймд НҮБ-ын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн Хуулийн хүний эрхийн заалтуудыг зөрчиж ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож ,шүүгдэгч Л.Аг 461 дүгээр хорих ангиас нэн даруй суллаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар энэ хэргийг Л.А үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Өмгөөлөгч Л.Энх-Амгалан болон шүүгдэгч Л.А-гын ярьж байгаа шиг эрүүдэн шүүсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэдүүлэг авсан тохиолдол байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч, яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ямар эрх эдлэх ёстой бүх эрхийг эдлүүлж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан. Анхан шатны шүүх 60 хоногийн завсарлага авч нэмэлт ажиллагаа хийлгүүлсэн. Уг ажиллагаагаар хяналтын камерт бичигдсэн хүн шүүгдэгч мөн гэдгийг гэрч шууд мэдүүлсэн байдаг. Хэрэг бүрэн нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед А дүүргийн .... дугаар хороо, .... худалдааны төвийн баруун талд байрлах сайжруулсан шахмал түлш худалдан борлуулдаг хашаан дотор хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн С.Б-той маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж унаган, унасан байхад нь дахин нүүр хэсэгт нь цохисон байх ба Л.Агийн үйлдлээс шалтгаантайгаар нас барсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С-гийн: “...2023 оны 7 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед миний гар утас руу цагдаагаас ярьж байна гээд, Б-г Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй байдалтай байна гэж мэдэгдсэн. Өнөөдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт очиж хүү С.Б-г харахад, ухаангүй, эмнэлгийн хүчилтөрөгчийн аппаратаар амьсгаласан байдалтай байсан ба эмчтэй нь уулзахад биеийн байдал маш хүнд, ойлгомжтой гэдэг хариулт хэлсэн. Тэгээд хүү С.Б-г ар дагзны цууралт, баруун талаасаа хоёр газраа цөмрөлттэй, духнаасаа дагз хүртлээ цус хуралттай биеийн байдал маш хүнд байдалтай байна гэсэн онош хэлсэн юм. ... залуухан насандаа явж байсан хүүг маань зодож, гэмтлээс болж нас барсан асуудалд их гомдолтой байна. ...” /1-р хх-ийн 13-17/,

гэрч А.А-ын: “...Миний санахаар бол А, Б, Ж, Ч, Г ах нар ирсэн байсан. Тэгээд ууж байгаад А, У 2 муудалцаад байсан. Намайг хүмүүстэй тамхи татаад байж байхад А У-гийн нүүр орчим 1 удаа цохисон. Энэ нь камер дээр харагдаж байгаа байх. Тэгсэн чинь У сэрэхгүй газар хэвтээд байгаад байсан. Хурхираад хэвтэж байх шиг байсан. Нэг нь ахиад 1 шил архи авч орж ирээд 20 гаран минут болж байхад сэрэхгүй байхаар нь би 103-т залгаж түргэн дуудсан. Түргэн ирээд намайг хамт аваад явсан. Гэмтэл дээр очиход тэр цагдаа нь дуудлага өгсөн юм шиг байсан. Гэмтэл дээр очиход Уг цаашаа аваад орсон. Яг ямар асуудлаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Нээх хэрүүл уруул болоогүй байхад тэр А гэх хүн Уг цохиод авсан. ...Агийн бүтэн нэрийг А гэдэг. ...Угийн бүтэн нэрийг мэдэхгүй...” /1-р хх-ийн 20-21/,

гэрч А.А-аас дахин авсан: “...Тухайн өдөр А нь Б-г нэг удаа цохиж унагаахад Б газарт ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тухайн үед би яг хажуу талд нь байсан ба хяналтын камерын бичлэгт бичигдсэн байгаа байх. Тэгээд Б нь газарт ухаангүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-72/,

гэрч С.Я-гийн: “...Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж уулзахад дүүг гавал тархины хүнд гэмтэл авсан. Цаашид эмчилгээ болон тархи дахин сэргэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байсан бөгөөд хагалгаанд орсон эмч нь ямар нэгэн гадна нөлөөгөөр тус гэмтлүүд нь учирна гэсэн тул төрсөн дүүг маань ийм байдалд хүргэсэн этгээдэд зохих ёсны хуулийн хариуцлагыг хүлээлгүүлэх хүсэлтэй...” /1-р хх-ийн 24/,

гэрч Д.Г-ийн: “...Н нь Ч, Б, Б, А, А, Ч нарын хамт түлээ нүүрс зардаг хашаан дотор архи уугаад сууцгааж байсан ба У хажууд нь дээшээ хараад хурхираад унтаж байсан. Би тэд нартай 1 шил архи хувааж уучхаад яваад өгсөн...” /1-р хх-ийн 27-28/,

гэрч С.Нн: “...Хүчит шонхор захын ойролцоо Сайн ломбардын урд байрладаг нүүрс, түлээ зардаг хашаанд ирэхэд Б, Ч, Б, А, С, А нар архи уугаад сууж байсан ба тэд нарын хажууд У дээшээ хараад хурхираад унтаж байсан. Би юу болсон талаар асуухад А, У хоёрыг хоорондоо муудалцсан гэж хэлсэн ба түүнээс өөр юм хэлээгүй...” /1-р хх-ийн 31-32/,

гэрч Ш.С-ын “...Б нь надад хэлэхдээ өчигдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр А, У хоёрыг түлээний зах дээр хоорондоо зодолдсон гэж хэлсэн. ...У манай гэрт хоёр хоногийн өмнө ирсэн. Тухайн үед ирэхдээ биед нь ил харагдах гэмтэл шахгүй, зүгээр хэвийн байсан...” /1-р хх-ийн 36-38/,

гэрч Д.Б-ын: “...2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн таньдаг хүмүүс болох С, Б, Ч, Ч, А, С, А нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй, ямар ч байсан өдрийн цагаар бид нар Нарантуул-2 худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын түлээний захын хашаан дотор байсан. Бид нар байж байхад У гаднаас Хүчит шонхор захаас ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд А, У хоёр хоорондоо юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь А Уг гараараа цохиод газарт унагаачихсан. Тэгээд У газарт уначихаад сэрэхгүй, ухаангүй байдалтай байгаад байсан ба түргэн дуудаж үзүүлэхэд аваад явчихсан. ...А цохиж унагаасан ба өөр хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй...” /1-р хх-ийн 40/,

гэрч Д.Б-аас дахин авсан: “...тухайн цохиж байгаа хүн бол А, харин цохиулж унаж байгаа нь У буюу Б байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74/

гэрч Т.Б-ын “...А, У хоёр хоорондоо маргалдсан юм уу, яасныг нь мэдэхгүй байна А Уг цохиод газарт унагаачихсан ба У газарт уначихаад ерөөс сэрэхгүй ухаангүй, хурхираад хэвтээд байсан. Тэгээд бид нар болохоо байлаа гэж бодоод, Б түргэн тусламж дуудаад, түргэний эмч ирж үзээд эмнэлэг авч явна гээд бид нар ачиж өгөөд явуулсан...” /1-р хх-ийн 43/ гэх мэдүүлгүүд,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...тухайн эрэгтэй хүнийг хар өнгийн богино өмдтэй, хар эрээн өнгийн цамцтай эрэгтэй хүн гараараа цохиж газарт унагааж байгаа нь харагдана. ...Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд газарт унасан гэх эрэгтэйг анх цохиж унагаасан гэх эрэгтэй нь ойролцоогоор 3 орчим минутын дараагаар гараараа толгой хэсэгт хүчтэй цохиж байгаа нь харагдана...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 46-49/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...тус хоёр давхар байшингийн буланд хяналтын камер суурьлуулсан байх бөгөөд тус хяналын камерын бичлэгийг эрүүгийн мөрдөгч шүүхээр болов. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд дуудлага мэдээлэл өгсөн иргэн А.А нь хэрэг үйлдэгдсэн гэх хэсэг газрыг заах ба ...гэрчийн зааж байгаа хэсэг буюу хохирогчийн хэвтэж байсан газарт ирэхэд газрын гадаргуу хэсэг нь хатуурч дагтаршсан цул шороон зам бүхий хэсэг байв...”, гэрэл зургууд /1-р хх-ийн 5-7/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1923 дугаартай “...Талийгаач С.Б-гийн цогцост зулай, дагз, суурь, зүүн чамархай, хөхлөг сэртэнгийн үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух, баруун чамархай, дагзны дэлбэнгийн хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зулай, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зүүн чихэнд няцарсан шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-88/,

шинжээч Э.Б-ын “...Талийгаач нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношилгоог авсан хэдий ч сэргэхгүй байсаар нас баржээ. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба ...дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйл хөдлөл хийх боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 608 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Л.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэг өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна...” /1-р хх-ийн 72-73/,

яллагдагч Л.А-гийн мэдүүлэг: “...тухайн үед У буюу Б ах хүн болгон руу “үзэх үү, зодолдох уу” гээд байхаар нь би У ахад хандаж “яагаад маяглаад байгаа юм бэ” гээд уурлаад баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход газарт суух шиг болсон. ... Ж ах надад хандаж “У ахыгаа нааш нь авчираад суулгачих” гэхээр би У ах дээр очиход газарт дугуйнуудын урд талд дээшээ харсан байдалтай хухираад унтаад байсан. ...сэрээх гэхэд сэрэхгүй байсан..., нэг удаа цохисон гэдгээ санаж байна. цохисноос хойш яасан гэдгээ сайн санахгүй байна. ...” /1-р хх-ийн 147-150/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Л.А-гийн иргэн С.Б-той маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж газарт унагасан, унасан байхад нь дахин нүүр хэсэгт нь цохиж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг алсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.  

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан ба анхан шатны шүүх Л.А-д 10 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Л.А-гийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.       

Тус эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед Л.А-гаас хүч хэрэглэн мэдүүлэг авсан нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул “...Олон улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан сэжигтэн, яллагдагчийн эрхийг зөрчсөн...” гэсэн агуулга бүхий гомдлоо эрх бүхий этгээдэд гаргах эрх нь шүүгдэгч Л.А болон түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хувьд нээлттэй болохыг дурдаж байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна. Тодруулбал, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий гэж шүүхийн үнэлсэн гэрч нарын мэдүүлгүүд нь хоорондоо харилцан зөрүүгүй төдийгүй тухайн хэрэг болсон цаг хугацааны камерийн бичлэгээс зөрүүгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын гаргасан “...гэмт хэргийг үйлдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

          Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ амь хохирогчийн оршуулгын зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

Харин амь хохирогч С.Б-гийн 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс нас барсан 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв /1-р хх-ийн 54-66/-өөс эмчилгээ, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 4,978,000 төгрөг/1-р хх-ийн 192-194/-ийн төлбөрийг зарцуулсанг нөхөн төлүүлэх талаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 заалтад “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” гэж зааснаар шүүгдэгч Л.А-гаас гаргуулсан нэмэлт заалтыг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Л.А нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.А-гаас 4,978,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-гийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ