| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00392/И |
| Дугаар | 318/ШШ2025/00478 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 318/ШШ2025/00478
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х Х З Хны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ЦХХК-д холбогдох,
Тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж,
Хариуцагч Б ЦХХК-ийн захирал Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Х Х З Х нь хариуцагч Б ЦХХК-с *****,****** дугаартай Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрлийн төлбөр 1,800,000 төгрөг шаарджээ.
3. Хариуцагч нь ...дээрх тусгай зөвшөөрлүүдийг миний найз тендер шалгаруулалтад орох зорилгоор манай компанийн нэр дээр авсан. Манай компани дээрх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийг ашиглахгүй бол мэдэгдэх талаар болон жил бүр төлбөр төлөх талаар мэдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчид **********,********** дугаартай Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулж, гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Уг гэрээний дагуу Х Х З Хноос Б ЦХХК-д 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх буюу гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар болон цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, засварын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгожээ.
Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Зохигчдын хооронд байгуулагдсан *****, ****** дугаартай Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний 6.1 дэх заалтад Зөвшөөрөл эзэмшигч нь шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд эхний жилийн зөвшөөрлийн төлбөрийг Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-нд зааснаар тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ байгуулж, Зохицуулах хорооны Голомт банк дахь ******* тоот дансанд нэхэмжлэхийн дагуу төлнө, 6.2 дахь заалтад Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс /жил бүрийн 03 дугаар сарын 31-ний өдөр/ нэг сарын өмнө Зохицуулах хорооны Голомт банк дахь *******тоот дансанд төлнө гэж тус тус заажээ.
Х Х З Хны 2017оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолын хавсралтаар Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-г баталсан бөгөөд гадна холбооны кабель шугамын угсралтын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлсний хэмжээг 1,000,000 төгрөг, Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралтын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлсний хэмжээг 800,000 төгрөгөөр тус тус тогтоосон байжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Б ЦХХК нь гэрээний дагуу 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны гадна холбооны кабель, шугамын угсралт суурилуулалт, засварын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр 1,000,000 төгрөг, цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралтын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр 800,000 төгрөгийг тус тус төлсөн боловч 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих төлбөр нийт 1,800,000 төгрөгийг төлөөгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан *****,****** дугаартай Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний 7.5 дахь заалтад зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлөөр олгогдсон үйлчилгээгээ эрхлэх боломжгүй болж, үйл ажиллагааг зогсоох бол Зохицуулах хороонд 3 сарын өмнөөс урьдчилан бичгээр мэдэгдэнэ гэж заасан байх ба хариуцагч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйлчилгээг эрхлэх боломжгүй тухай нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зүгээс дээрх тусгай зөвшөөрлийг манай компани ашиглаагүй, компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл авч бусдад ашиглуулсан ба Х Х З Хтой байгуулсан гэрээний талаар мэдэхгүй байна гэх тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б ЦХХК нь өөрийн нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцож, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.М холбогдох гэрээнд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулжээ.
Иймд хариуцагч Б ЦХХК нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны гадна холбооны кабель, шугамын угсралт суурилуулалт, засварын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр 1,000,000 төгрөг, цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралтын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр 800,000 төгрөгийг нэхэмжлэгч Х Х З Хнд төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Х Х З Х нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ЦХХК-с улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ЦХХК-иас 1,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х Х З Хнд олгосугай.
2. Нэхэмжлэгч Харилцааны холбооны зохицуулах хорооны нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ЦХХК-иас 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА