| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00603/И |
| Дугаар | 318/ШШ2025/00569 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/00569
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Э М ХХК-ийн,
Хариуцагч: УЦ холбогдох,
Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 726,090.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Э М" ХХК нь Увс аймгийн Зүүнхангай сумын байгууллагуудыг дулаан эрчим хүчээр хангах буюу нэгдсэн халаалтын үйл ажиллагааг 2016 оноос хойш эрхлэн явуулж байгаа бөгөөд 2023 онд Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй Өндөрхангай сумын цаг уурын өртөөг дулааны эрчим хүчээр хангах тухай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шинэчлэн байгуулсан. Тус гэрээгээр хангагч байгууллага нь гэрээгээр тогтоосон хугацаанд хэрэглэгчийн 165.00 м.куб талбайг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч байгууллага нь гэрээгээр тохиролцсон дулааны төлбөрийг тухайн сар бүрийн эцэст гэрээгээр тогтоосон үнэ, тариф (1м.куб тутамд НӨАТ-тай 1,496 төгрөг)-ын дагуу тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Гэрээний хэрэгжилтийн явцад Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /УАЭХ33/-ийн 2023 оны 5 сарын 24-ний өдрийн №07 тогтоолоор Өндөрхангай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №16 тогтоолыг хүчингүй болсныг мэдэгдэж, 2023 оны 9 дүгээр сарын15-ны өдрөөс эхлэн дээрх тогтоолоор шинэчлэн батлагдсан үнэ, тариф (1 м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөг)- ыг мөрдөж ажиллахыг манай компанид үүрэг болгон даалгасан. (тус тогтоол нь Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280-т бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдсэн болно) Энэхүү дулааны үнэ тарифын асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн 27.5 болон 28.5-т заасны дагуу зохицуулагддаг бөгөөд энэ талаар талууд Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ, тарифыг мөрдлөг болгон ажиллахыг" мөн гэрээний 4.1-т тодорхой тусгасан байдаг. Ингэснээр хэрэглэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн буюу 2023 оны 9-12 дугаар саруудын дулааны төлбөрийг төлөхдөө дээр дурдсан шинэчлэн батлагдсан 1м.куб нь НӨАТ-тай 2,334.20 төгрөгийн үнэ тарифыг мөрдөж холбогдох төлбөр тооцоог хийх ёстой байсан боловч дээрх хуулийн болон гэрээний заалтад заасны дагуу шинэчилсэн үнэ тарифыг мөрдөж төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүйгээс гадна нийт 484,060.50 төгрөгийн дулааны төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд манай компанид төлж барагдуулаагүй хэвээр байна. Үүнд үндсэн төлбөр 484,060.50 төгрөг, алданги 242,030.25 төгрөг нийт 726,090.75 төгрөг нэхэмжилж байна. Түүнчлэн гэрээний 4.5-т заасны дагуу алданги тооцох нөхцөл бүрдсэн бөгөөд ийнхүү тооцохдоо Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан хэрэглэгчээс хугацаа хоцорсны алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох нийт 242,030.25 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд дулааны төлбөрийн үлдэгдэл 484,060.50 төгрөг, алданги 242,030.25 төгрөг, нийт 726,090.75 төгрөгийг хэрэглэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүхэд гаргасан хүсэлтдээ: Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу манай компани нь үндсэн нэхэмжлэлийн дагуу алдангаас татгалзаж, хариуцагч талаас үндсэн төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Э М ХХК нь хариуцагч холбогдох, дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 726,090.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги 242,030.25 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, хариуцагч нь үндсэн төлбөр 484,060.50 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрчээ.
3. Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод хариуцуулахаар шийдвэрлэв.
Иймд Э М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,976 төгрөгөөс 10,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ********** тоот данснаас 10,988 төгрөгийг, хариуцагч Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс зохигчдын эвлэрсэн дүн болох 484,060.50 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 7,586 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э М ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э М ХХК нь хариуцагч Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс алданги 242,030,25 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч УЦнь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 484,060.50 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,976 төгрөгөөс 10,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,988 төгрөгийг, хариуцагч Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс зохигчдын эвлэрсэн дүн болох 484,060.50 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 7,586 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э М ХХК-д олгосугай.
3. Хариуцагч УЦнь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА