Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01479

 

 

 

 

 

 

 

 

 

О.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/01762 дугаар шийдвэртэй, О.Дгийн нэхэмжлэлтэй Ж.Эрт холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Дг би Д.Болдбаатартай 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчдын А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 531.33 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Төлбөр төлсөн даруй өмчлөх эрхийг улсын бүртгэлийн газарт хууль ёсоор бүртгүүлж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000559840 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан.

Тус газарт Д.Болдбаатарын хамаатан Ж.Эр гэх хүн өнөөдрийг хүртэл амьдарч газрыг чөлөөлөхгүй байна. Иймд Ж.Эрын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болдбаатар, О.Дг нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргаан байхгүй.

Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчдын А-7 гудамж, 131 тоот хаягт Д.Болдбаатарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202009074 дугаарт бүртгэлтэй, 000366231 дугаартай гэрчилгээтэй, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байсан. Д.Болдбаатар нь өөрийн өмчлөлийн газраа худалдахдаа хувийн орон сууцаа тусгаарлан хашаа барьж, орц гарцаа шийдэж, өөрийн ах Ж.Эрыг уг байшинд байрлах талаар ярилцаж тохиролцсон. Ж.Эр нь тус хашаанд 1972 оноос хойш, хувийн сууцад 2014 оноос хойш амьдарч байгаа.

Д.Болдбаатар нь О.Дгт зөвхөн газраа худалдсан болохоос хувийн сууцыг худалдаагүй. О.Дг нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлийн Г-2202001115 дугаарт бүртгэлтэй, 000559840 дугаар газар өмчлөх гэрчилгээгээр 531.33 м.кв талбай бүхий газрын өмчлөгч болох нь тогтоогдож байгаа.

Иймд хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эрын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчдын А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай 18641312544978 нэгж талбарын дугаар бүхий 531.33 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч О.Дгт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эроос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Дгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлсэн бөгөөд газар нь О.Дгийнх тул чөлөөлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Эр нь тус хашаанд 1972 оноос хойш, хувийн сууцад 2014 оноос хойш амьдарч байгаа.

Тус газрын өмчлөгч нь солигдсон ч О.Дг нь Ж.Эрын үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж аваагүй, Ж.Эр 2-3 жилийн дараа нүүнэ гэж хэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбараас Ж.Эр тус газар дээр өөрийн хувийн сууцандаа амьдарч, улмаар хашаагаа тусгаарласан болох нь нотлогдохоор байна.

Ж.Эрын амьдардаг байшин нь О.Дг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө байсан бөгөөд 2014 оноос хойш Ж.Эр өөрийн амьдарч байгаа хувийн сууцийг эзэмшиж, ашиглаж байгаа. О.Дг нь өөрийн өмчлөлийн газар дээрээ амьдарч байгаа, түүний эрх ашиг, өмчлөх эрхэнд хэн ч халдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Дг нь хариуцагч Ж.Эрт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7 гудамж, 131 тоот хаягт байрлах 531.33 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Болдбаатар, О.Дг нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Д.Болдбаатар нь өөрийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7 гудамж, 131 тоот хаягт байрлах, 531,33 м.кв талбай бүхий газрыг О.Дгийн өмчлөлд шилжүүлсэн, О.Тэгшжаргал, О.Дг нарыг уг газрын хууль ёсны өмчлөгч болохыг Нийслэлийн улсын бүртгэлийн газар улсын бүртгэлийн Г-2202001115 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгосон байна. /хх36/

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7 гудамж, 131 тоот хаягт байрших газарт 3 ширхэг хувийн сууц оршин байна. Үүнээс аль хувийн сууцыг Ж.Эр эзэмшиж байгааг тодруулах, түүний эзэмшил хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх учиртай. /хх5/

                                                                                                            

Нэхэмжлэгч О.Дг нь “Д.Болдбаатартай худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Ж.Эрыг уг газарт хагас жил амьдруулаад нүүлгэнэ гэж амаар тохиролцсон боловч одоог хүртэл Ж.Эр нь газрыг чөлөөлж өгөөгүй” гэж, хариуцагч Ж.Эр нь “маргаан бүхий газарт 1972 оноос хойш амьдарч байгаа, хувийн сууцад 2014 оноос хойш амьдарч байгаа, Д.Болдбаатар орц, гарц гаргаж өгнө гэсэн боловч гаргаагүй, О.Дг нь өөрийн өмчлөлийн газарт амьдарч байгаа тул түүний эрх ашиг, өмчлөх эрхийг зөрчөөгүй” гэж тус тус тайлбар гаргаж маргажээ. /хх46/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж буй тохиолдолд шүүх хариуцагчийн эзэмшил хууль бус болох талаар дүгнэх учиртай.

 

Иймд Ж.Эр нь маргаж буй хувийн сууцыг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоох нь зүйтэй. Ж.Эр нь маргаан бүхий газарт байрлах 3 хувийн сууцны алийг нь эзэмших эрхтэй эсхүл эзэмших эрхгүй эсэх нь тодорхой бус байна.

 

Д.Болдбаатар уг газрыг худалдахдаа уг газарт оршин байх Ү-2202009074 дугаарт бүртгэлтэй 80 м.кв талбай бүхий хувийн сууцыг О.Дгт худалдсан байх боловч уг хувийн сууц нь маргаантай зүйлд хамаарах эсэх тодорхойгүй байна. /хх36-37/

 

Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Д.Болдбаатар орц, гарц гаргаж өгөх үүрэг хүлээсэн эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Уг нөхцөл байдлыг тодруулснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болоод хариуцагчийн татгалзал тодорхой болох учиртай.

 

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/01762 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                        ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА