Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Ж.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Жадамбаагийн Бд холбогдох 1829000690058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

   Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХК-ийн кемпийн амрах байранд байхдаа шунахай зорилгоор иргэн Б.Батсүхийн интернет банкны нууц кодыг ашиглан, түүний эзэмшдэг Голомт банкны 1719187122 дугаарын данснаас 800,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/

Хохирогч Б.Батсүхийн өгсөн: “...Би Голомт банкны 1719187122 тоот данс эзэмшдэг юм. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой би сайт дээр ажлаас буугаад 22 цаг 20 минутад амрах байрандаа эхнэртэй утсаар ярьж байсан юм. Тэгээд би 20 орчим минут утсаар ярьж дуусаад нэг өрөөнд байдаг залуугийн хамт 00 өрөөнд орсон юм. Тэгээд 00-д байж байтал миний утсанд мессеж ирэхээр нь харсан чинь миний данснаас 800,000 төгрөгийн гүйлгээ хийсэн зарлага гарсан. Тэгээд би гайхаад хамт байсан залуудаа хэлээд Голомт банкны лавлах утас руу залгаж мэдээллээ өгсөн. Тэгэхэд ХААН банкны данстай Отгонсүрэн гэдэг хүний дансанд мөнгө шилжиж орсон байсан. Тэгээд би ХААН банкны лавлах руу нь залгаад танай харилцагч ийм хүний дансанд миний данснаас мөнгө орсон байна. Та мэдээллийг нь өгөөч гэхэд бид харилцагчийн мэдээлэл өгөхгүй, та Голомт банк болон хуулийн байгууллагад ханд гэсэн. Тэгээд би түүнээс хойш Голомт банкны салбарууд болон Хаан банкны салбар Улаанбаатар хотын салбаруудаар явж шалгуулсан боловч ямар нэг мэдээлэл гаргахгүй гэсэн. Тэгээд би ажлын зав болохгүй байсаар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл гаргасан.. ...” /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч Б.Отгонсүрэнгийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой би ажлаасаа тараад гэртээ ирээд цайгаа уугаад унтах гэж байсан юм. Тэр үед 00:00 цаг болж байсан байх тэгтэл танил Бямбаа гэдэг хүн 88780341 дугаарын утсаар яриад мэнд мэдэж ойр зуур юм ярьсан. Тэгээд би тусламж гуйх гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би яасан бэ гэхэд надад дансны дугаараа өгчхөөч гэсэн. Тэгээд би түүнийг миний дансаар яаж гэж байгаа юм бэ? гэсэн чинь би хүнээс хэдэн төгрөг авах гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би дансны дугаараа өгчихсөн юм. Тэгээд маргааш өглөө ньо 11:00 цагийн орчим Бямбаа дахин залгаад дансанд чинь мөнгө орчихлоо наашаа явуулчих гэсэн. Тэгээд надад өөрийн дансаа мессежээр явуулсан. Тэгээд би дансанд орсон 800,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр үедээ би “энэ юун мөнгө юм бэ? дараа нь янз бүрийн юм болох юм биш биз дээ” гэсэн чинь зүгээрээ би хүнээс авах ёстой байсан юм. Тэгээд мөн элдэв зүйл болох юм бол утсаа салгачхаарай гэж байсан. Тэгээд л би мөнгийг нь хамт ажилладаг хүүхдийг гуйж өөрийн картаас шууд данс руу нь шилжүүлсэн... /хх-ийн 14-15-р хуудас/

Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: ”...Миний ажиллаж байгаа “NBIK” ХХК-нь “Оюутолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээт компани юм. Ажилчид нь 35 хоног ажиллаж 15 хоног амрах ба ажилтай байх хугацаанд кемп дээр буюу ажилчдын амрах байранд бүгдээрээ амардаг юм. Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 18 цагт ажлаасаа буугаад хамт ажилладаг инженер Батсүх, сантехинкч Алтангэрэл бид гурав сайт дотор байдаг бааранд орж хүн тус бүр 4 лааз пиво уучхаад амрахаар тэндээс гарсан. Би буцаж баар руу ороод бие засчихаад баарнаас гарч явах үед бид гурвын сууж байсан ширээн дээрээс Батсүх инженер өөрийн дансныхаа нууц кодоо бичиж байгаад орхисон цаас байсныг авч халаасандаа хийгээд байрандаа ирсэн. Тэгээд нөгөө нууц кодыг нь ашиглан интернет банкаар Батсүхийн Голомт банкны данснаас 800,000 төгрөгийг Отгонсүрэнгийн 5071127745 тоот данс руу нь шилжүүлсэн түүнийгээ маргааш нь Отгонсүрэнгийн данснаас өөрийн 5601083285 тоот данс рууд шилжүүлэн авч өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 40, 48, 78, 108-р хуудас/

Гар утасны холболт /орсон гарсан дуудлагыг / шалгасан лавлагаа /хх-ийн 57-р хуудас/

Шүүгдэгч Ж.Бгийн хувийн байдлын талаар:  

Шүүгдэгч Ж.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,  /хх-ийн 34, 35-р хуудас/,

Шүүгдэгч  Ж.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/,   

Шүүгдэгч  Ж.Бг гурван талаас нь харуулсан фото зураг, гарын хуруун дардас /хх-ийн 36-37-р хуудас/,   

Хохирогч Б.Батсүхийн хүсэлт “...Ж.Бтэй Б.Батсүх миний бие харилцан ярьж тохиролцсон учраас миний хохирлыг барагдуулж өгөхөөр болсон тул миний бие гомдолгүй байна. Хохирлыг 6 сар, 7 сард барагдуулж өгөхөөр болсон...” гэх /хх-ийн 118-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХК-ийн кемпийн амрах байранд байхдаа шунахай зорилгоор иргэн Б.Батсүхийн интернет банкны нууц кодыг ашиглан, түүний эзэмшдэг Голомт банкны 1719187122 дугаарын данснаас 800,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Б.Батсүхийн өгсөн: “...Тэгээд 00-д байж байтал миний утсанд мессеж ирэхээр нь харсан чинь миний данснаас 800,000 төгрөгийн гүйлгээ хийсэн зарлага гарсан....” /хх-ийн 12-13-р хуудас/, гэрч Б.Отгонсүрэнгийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой би ажлаасаа тараад гэртээ ирээд цайгаа уугаад унтах гэж байсан юм. Тэр үед 00:00 цаг болж байсан байх тэгтэл танил Бямбаа гэдэг хүн 88780341 дугаарын утсаар яриад мэнд мэдэж ойр зуур юм ярьсан. Тэгээд би тусламж гуйх гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би яасан бэ гэхэд надад дансны дугаараа өгчихөөч гэсэн. Тэгээд би түүнийг миний дансаар яаж гэж байгаа юм бэ? гэсэн чинь би хүнээс хэдэн төгрөг авах гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би дансны дугаараа өгчихсөн юм. Тэгээд маргааш өглөө ньо 11:00 цагийн орчим Бямбаа дахин залгаад дансанд чинь мөнгө орчихлоо наашаа явуулчих гэсэн. Тэгээд надад өөрийн дансаа мессежээр явуулсан. Тэгээд би дансанд орсон 800,000 төгрөгийг шилжүүлсэн... /хх-ийн 14-15-р хуудас/, Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: ”... Тэгээд нөгөө нууц кодыг нь ашиглан интернет банкаар Батсүхийн Голомт банкны данснаас 800,000 төгрөгийг Отгонсүрэнгийн 5071127745 тоот данс руу нь шилжүүлсэн түүнийгээ маргааш нь Отгонсүрэнгийн данснаас өөрийн 5601083285 тоот данс рууд шилжүүлэн авч өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаас илэрхийлсэн, хохирогч Б.Батсүх миний бие харилцан ярьж тохиролцсон учраас миний хохирлыг барагдуулж өгөхөөр болсон тул миний бие гомдолгүй гэсэн байх тул хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж тохиролцсон гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Жадамбаагийн Бг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 5, 6, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Ж.Бд тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ж.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА