Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/567

 

 

 

Б.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөпөгч А.Энхтүвшин,

хохирогч Д.Б, Д.Д, П.Д нарын өмгөөлөгч А.Энхбуйр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311005671551 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б ...  тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:  

Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цахим орчинд “...Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө ерөнхийлөгч ...-ийн бөгс долоогч, СЕХ-ны дарга Д, ерөнхийлөгч асан Б-ын шоронгийн манаач СЕХ-ны нарийн бичгийн дарга Д, СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн Б нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой...” гэсэн худал мэдээ тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-р зүйлийн “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь “нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан” байхыг шаардах бөгөөд иргэн Б.Б-ы хийсэн үйлдэл нь хохирогч нарын нэр төрд халдсан илт худал мэдээлэл байсан эсэх эргэлзээтэй, бүрэн тогтоогдоогүй байхад шүүх иргэн Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял оногдуулсан үйлдэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь цахим орчинд “Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. 2024 оны УИХ-н сонгуулиас өмнө ерөнхийлөгч ...-ийн бөгс долоогч СЕХ-ны дарга Д, ерөнхийлөгч асан Б-ын шоронгийн манаач СЕХ-н нарийн бичгийн дарга Д, СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн Б нарыг зайлуулж байж ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой гэсэн” агуулга бүхий худал мэдээ тарааж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна...” хэмээн дүгнэсэн байна. Гэвч дээрх иргэн Б.Б-ы хэлсэн зүйлүүд хохирогч нарын “нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан” гэж үзэх боломжгүй байна. Үүнд:

1. “...Нам дагаж хоолоо олж иддэг...” гэж хэлсний тухайд СЕХ-ны дарга П.Д нь 1995 оноос 1997 оны хооронд Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх хийж байсан нь намтраас харагддаг бөгөөд аль нэг намын харьяалалтай байсан нь үйл баримтаар тогтоогддог тул дээрх хэлсэн үгийг илт худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм.

2. “...Эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг...” гэж хэлсний тухайд хохирогч болох СЕХ-ны дарга П.Д, СЕХ-н нарийн бичгийн дарга Д.Д, СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн Д.Б нар нь өөрсдөөс нь дээд албан тушаалтай хүмүүсийн өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг утгаар ярьсан бөгөөд үүнийг илт худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм.

3. “...тавиул гөлөгнүүд...” гэж миний бие хохирогч нарыг эмзэглүүлэх үг хэлсэндээ гэмшиж байгаа бөгөөд хохирогч нараас уучлалт хүсэж байгаагаа өмнөх хурал дээр илэрхийлсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь илт худал мэдээлэл тараахыг шаардах бөгөөд дээрх үг нь илт худал мэдээлэл гэж үзэх боломжгүй, гэмт бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна.

4. “...эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ...” гэсний тухайд сайн, муу зүйл алийг хийх гэж байгаа талаар тодорхой зүйл яриагүй байхад хохирогч нарын нэр хүндэд халдсан гэж үзэх боломжгүй буюу хэрхэн яаж нэр хүндэд халдаад байгаа талаар шүүх, прокурор дүгнэж үзээгүй.

5. “...Ерөнхийлөгч ....-ийн бөгс долоогч СЕХ-ны дарга Д...” гэсний тухайд СЕХ-ны дарга П.Д-г ерөнхийлөгч .... санал болгосон байдаг бөгөөд “бөгс долоогч” гэсэн талаар үнэхээр илт худал мэдээлэл мөн эсэх талаар шүүх, прокурор тогтоогоогүй.

6. “...Х.Б-ын шоронгийн манаач СЕХ-н нарийн бичгийн дарга Д...” гэсний тухайд СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Д нь өмнө нь 461-р хорих ангийн дарга байсан. Тэр утгаар нь шоронгийн манаач хэмээн хэлсэн бөгөөд үүнийг мөн адил илт худал мэдээлэл тараасан гэж үзэж боломжгүй юм.

7. “...Хохирогч нарыг зайлуулж байж ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой...” гэсний тухайд ардчилсан оронд амьдарч байгаа иргэн Б.Б миний сонгуулийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн үйлдлийг минь гэмт хэрэг хэмээн үзэж байгаа нь өөрөө Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 16-д заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд минь ноцтой халдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинж болох “...нэр төр, алдар хүндэд халдсан..., илт худал мэдээлэл тараасан” болохыг шүүх, прокурор тогтоогоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж хангагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ы өмгөөпөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Нам дагаж хоолоо олж иддэг, бөгс долоогч, шоронгийн манаач” гэсэн үгүүдийг хүн яаж ойлгох нь тухайн хүний эрх боловч ямар нэгэн байдлаар эмзэглэл төрүүлсэн бол уучлаарай гэдгийг миний үйлчлүүлэгч албан ёсоор хэлдэг. Гэхдээ миний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн буюу илт худал мэдээлэл тараах гэсэн үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өмнөх хуулиар доромжлох, нэр хүндэд халдах, тараасан мэдээлэл нь бодит байдалд нийцэх эсэхээс үл хамаарч доромжилсон бол тухайн зүйл, заалтыг хэрэглэдэг байсан. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн үндсэн шаардлага нь илт худал мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл, тухайн мэдээлэл өөрөө илт худал болохыг улсын яллагч, хохирогчийн зүгээс нотлох ёстой. Ингэснээрээ тухайн хүнийг үзэл бодлоо илэрхийлсэн үү, эсхүл худал мэдээлэл тараасан уу гэдгийг тогтоосны дараа энэ нь ажил хэргийн нэр хүндэд яаж нөлөөлсөн болохыг тогтоох ёстой байхад аль аль нь хийгдээгүй. Миний үйлчлүүлэгч яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдагдсан үгээр задалж гомдолдоо дурдсан.

“Нам дагаж хоолоо олж иддэг” гэсэн мэдээлэл бодит байдал дээр үнэн бөгөөд хэрэгт үйл баримтууд тодорхой авагдсан. Жишээлбэл, тухайн хүмүүсийн намтар, Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст 1999 оны парламентад Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн ажилтнаар ажиллаж байсан талаар бичсэн байдаг. Намд ажиллаагүй байсан бол худал мэдээлэл байж болно. Гэтэл намын бүтцэд ажиллаж, цалин авч байсан нь үнэн тул шүүгдэгч худал мэдээ тараагаагүй.

“Эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг” гэсэн үгийн тухайд, төрийн байгууллагад ажилладаг, захирах, захирагдах зарчмын дагуу ажиллаж, тангараг өргөн, удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэн хууль дээдэлж ажиллаж байгаа тул энэ агуулгыг илэрхийлсэн.

 “Тавиул гөлөгнүүд” гэсэн үгэндээ уучлалт гуйсан. Энэ нь доромж үг гэхээс илүү залуу хүний бардамнасан, басамжилсан агуулгаар илэрхийлж байгаа үг. Гөлөг биш хүн байхад биологийн хувьд нохойтой зүйрлэсэн нь илт худал мэдээлэл гэсэн шаардлагыг хангадаг. Доромжлох зүйл анги биш худал мэдээлэл тараах гэмт хэрэг тул эдгээр тайлбарлаж байгаа үг, шинжийг нэг бүрчлэн анхаарч үзнэ үү.

“Ерөнхийлөгч ...-ийн бөгс долоогч” гэж хэлсэн тухайд, гэмт хэргийн бүрэлдэхүүний хэлбэр буюу илт худал мэдээлэл тараасан гэж үзвэл бөгс долоогоогүй болохыг нь нотлох ёстой шаардлага үүснэ. Гэтэл долоосон, долоогоогүй гэсэн асуудал хэрэгт яригдаагүй. Бөгс долоогоогүй байхад нь долоосон мэтээр илт худал мэдээлэл бичээгүй гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нөхцөл байдлыг харахад уурласан, бухимдсан үедээ үзэл бодлоо илэрхийлэхдээ зүй бус үг хэллэг ашигласан болохоос биш Х-тэй хамтарч ажиллаж байсан зураг хөрөг, намтар, намын бүтцэд нь орж ажиллаж байсан, ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хуульд олгогдсон эрхийнхээ хүрээнд санал болгож Сонгуулийн ерөнхий хорооны удирдах албан тушаалтнаар томилогдсон гэсэн үйл баримтууд хамааралгүй байхад нь хамааралтай мэтээр бичсэн, илт худал мэдээлэл тараасан гэдгийг үгүйсгэнэ. “Б-ын шоронгийн манаач” гэдэг үгийн тухайд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдах албан тушаалтнаар насаараа ажилласан талаарх баримтууд байдаг тул илт худал баримт биш юм. “Энэ хүмүүсийг зайлуулж байж ардчилсан сонгууль зохион байгуулах боломжтой” гэсэн нь иргэн Б.Б-ы хувийн бодол байсан. Ажлаас халагдсан гэх хүмүүстэй тодорхой хугацаанд хамт ажиллаж нөхцөл байдлыг ойлгосон, бухимдсан үедээ олон нийтэд илэрхий баримт, мэдээллийн хүрээнд бичсэн. Сонгуулийн ерөнхий хороог удирдах, сонгуулийг зохион байгуулах чадваргүй гэсэн өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзэж байна.

Үүнтэй уялдаж Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүгийн хуульд хүний үзэл бодлыг яллаж болохгүй. Үзэл бодол зөв, буруу эсэхийг хэн нэгэн албан тушаалтан, прокурор шийдвэрлэж, эрүүжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яллаж болохгүй. Хэн нэгэн хүний ардчилсан сонгууль явуулах, явуулахгүй, хүмүүс албан тушаалдаа тэнцэх, тэнцэхгүй гэдэг агуулгаар яллавал ийм асуудал үүснэ. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ардчилсан намаас сонгуульд оролцож байгаа хүмүүс “Сонгуулийн өмнөх жил 270.000 царцааны нүүдэл хийлээ, энэ нь сонгуульд нөлөөлж байгаа үйл баримт” гэсэн агуулгаар мэдээлэл хийснийг Сонгуулийн ерөнхий хорооноос “Тийм байна, сонгогчдын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн байна, гэхдээ энэ бол царцаа биш” гэсэн үгүйсгэл хийгээгүй. Царцаа нүүгээгүй байхад царцаа нүүсэн мэтээр мэдээлэл тарааж байгаа нь илт худал мэдээлэл гэх нөхцөл байдлыг үүсгэнэ. Тиймээс энэ хэргийн хувьд хүн үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэр бөгөөд үзэл бодлоо илэрхийлэхдээ эрх бүхий албан тушаалтнууд хүндээр хүлээж авах үг хэллэг ашигласан хэлбэр. Уг үйлдэлдээ уучлал хүсэж, хэлж байгаа өгүүлбэр бүрийн ард илт хууль бус мэдээ мөн, бишийг нотлох ёстой гэж үзэж байна. Илт худал мэдээлэл нь доромжлох гэдгээс ямар ялгаатай талаар хууль хэрэглээний дүгнэлт хийж, анхаарч үзэхийг хүсэж байна. Энэ нь цаашид хувь хүний үзэл бодлыг яллах нөхцөл байдлыг бий болгож байна. Хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Миний үйлчлүүлэгчийн хувьд үүнийг ойлгож ухамсарласан гэдгээ давхар илэрхийлж байгаа болно. Иймд гомдлыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

Хохирогч Д.Б, Д.Д, П.Д нарын өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Б.Б нь одоог хүртэл өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийн үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх нь Үндсэн хуульд заасан хүн бүрийн эрх боловч бусдын нэр төрд халдаж илт худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг болно гэдгийг ялгах хэрэгтэй. Шүүгдэгч нь энэ агуулгаар гэмт хэрэгт холбогдож, дээд албан тушаалтан бүхий Д.Б, Д.Д, П.Д нарыг сонгуулийг зохион байгуулах, ардчилсан сонгууль явуулах чадваргүй мэтээр илтэд худал мэдээлэл тараасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.Б өөрийн фейсбүүк хаягаар одоо хүртэл лайв бичлэг хийж, шүүхийн шийдвэрийг илтэд худал мэдээлж, доромжилсон. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос намайг ажилдаа эргэж орооч гэсэн санал тавьсан гэх зэргээр худал мэдээлэл тарааж, гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэж байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл асар хүчтэй бөгөөд эргэж хэзээ ч засаж залруулж болшгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:       

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Тус эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цахим орчинд “...Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө ерөнхийлөгч ...-ийн бөгс долоогч, СЕХ-ны дарга Д, ерөнхийлөгч асан Б-ын шоронгийн манаач СЕХ-ны нарийн бичгийн дарга Д, СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн Б нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой...” гэсэн худал мэдээ тараасан болох нь:

хохирогч Д.Б-гийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Туг.мн гэсэн сайтад тавигдсан Б.Бы бичлэгт Б.Б нь “Сонгуулийн еренхий хороонд сүүлд томилогдсон удирдлагуудтай хамтарч ажиллах боломжгүй, энэ хүмүүс 2024 оны Ардчилсан сонгуулийг зохион байгуулах чадваргүй, Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийн төвийн ажилтнуудыг дарамталж хууль бусаар ажлаас халж байна. Б нь түр орлон гүйцэтгэгч учраас хүмүүсийг ажлаас халах эрхгүй” гэсэн агуулгатай бичлэг, мөн олон нийтийн сүлжээнд Б.Б өөрийнхөө фейсбүүк хаягт тавьсан байсан. Тэгээд энэ бичлэгийн талаар гомдол гаргасан. Сонгуулийн ерөнхий хорооны хэлтэс, газрын дарга, ажилчдын дунд ажлын хурал 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан. Энэ хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны веб сайтыг шинээр хийх ажлын явц байдлын талаар хуралдсан. Тухайн үед энэ ажлыг Б.Б хариуцаж байсан. Тэгээд Сонгуулийн еренхий хорооны удирдлагуудаас энэ веб сайтыг шинэчлэх ажил удаашралтай байна, хариуцлагатай хандах хэрэгтэй гэж ярилцаж байсан. Тэгэхэд Б.Б нь би мэргэжлийн хүн биш учраас энэ веб сайтыг хийж чадахгүй гэж бухимдалтай хэлээд босоод гарч явахдаа эргэж хараад та нарыг гаднаас чинь шараад өгнө гэж хэлээд гараад явсан. Тэгээд бид нар хурлаа үргэлжлүүлээд ярилцаж байхад Б.Б нь хурлын дундуур ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ миний нэр дээр бичээд надад өгсөн. Тухайн үед Мэдээлэл технологийн төвийн захирал нь чөлөөлөгдсөн би захиралын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан учраас надад хүсэлтээ гаргаж өгсөн. Ингээд Сонгуулийн еренхий хорооны Мэдээлэл технологийн төвийн захиралын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар Б.Б-ыг хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн байгаа...” /1-р хх-ийн 132-142/, 

 хохирогч Д.Д-ын “...нэр бүхий Мэдээлэл технологийн төвд ажиллаж байгаа А, Б, ажиллаж байсан Б нар нь зохион байгуулалтанд орж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг гүтгэх, Сонгуулийн ерөнхий хорооны талаар худал мэдээлэл тараах, намайг төрийн эсрэг гэмт хэрэгт гүтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 2 удаагийн бичлэг, 2 удаагийн постыг, сонин хэвлэл, олон нийтэд тараасан байгаа. Энэ асуудал зохион байгуулалттай, шантааж хийж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна.  ...Б-ы бичлэгт гарсан шиг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагын зүгээс дарамт шахалт үзүүлж ажлаас нь гарахад нөлөөлсөн асуудал огт байхгүй. ...” /1-р хх-ийн 143-155/,

хохирогч П.Д-гийн “...Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албанаас гомдол, хүсэлт гаргасан. ... Тухайн бичлэг Б.Б нь манай албаны нэр хүндэд халдсан, мөн намайг хууль зөрчдөг, урьд нь 2 удаа АТГ-д шалгагдаж байсан. Х нь авч үлдсэн талаар ярьсан байсан. Энэ нь бодит байдалд нийцэхгүй худал ташаа мэдээлэл байсан. Мөн нарийн бичгийн дарга Дын талаар бас янз бүрийн асуудал ярьсан байсан. бодит байдалд нийцэхгүй худал ташаа мэдээлэл байсан.  ... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны ажлын зөвлөгөөнөөр байгууллагын веб сайтыг хөгжүүлэх талаар ярилцсан. Тухайн веб сайтын гүйцэтгэл муу байсан ба уг асуудлыг хэлтсийн дарга Б.Б болон мэргэжилтэн Б.Б нар хариуцаж байсан. Тэгээд уг сайтыг гүйцэтгэл хангалтгүй, бүтэн жил хувийн компанитай хамтраад ажиллахад хариуцлагагүй хандсан байна гэж хурал дээр хэлсэн. Тэгэхэд хэлтсийн дарга Б.Б гэнэт уурлаж босч ирж “би ийм удирдлагуудыг үзээгүй, намайг дарамталж, шахаж байна, би ажиллахгүй” гэж хэлээд хурал хаяад гарсан. Тэгээд зөвлөгөөн дуусаагүй байхад Б.Б ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичээд буцаж орж ирээд “би та нартаа ажиллахгүй, сонгуулийг чинь сонгууль биш болгоно, гаднаас чинь шарна” гэж хэлээд өргөдлөө ажлын албаны дарга Д.Б-д өгөөд гараад явсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Дараа нь ажлын албаны дарга Д.Б надаас тухайн Б.Б-ы өгсөн өргөдлийг яах талаар асуухад би хууль журмын дагуу шийдээ гэж хэлсэн...”...” /1-р хх-ийн 156-167/, 

гэрч Д.М-ын “...Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсыг шинэчлэх хурал дээр Б энэ ажлыг хийх ёсгүй байсан, тэр үед хүнгүй байсан болохоор надад хариуцуулсан гэж бухимдаж маргалдсан. Тэгээд Д дарга “Б энэ ажлыг хариуцахгүй, мэдэхгүй гэж байна чи тэгвэл гарч болно” гэж хэлэхэд Б босоод үүд  рүү явж байснаа эргэж хараад би ийм муу сайн дарга нартай ажиллаж үзээгүй юм байна. Би та нарыг гаднаас чинь шарнаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд хурал дуусаагүй байхад Б.Б буцаж орж ирээд Б даргад ажлаас гарах өргөдлөө бичиж өгөөд гараад явсан...” /1-р хх-ийн 168-173/,  

гэрч Х.Б-гийн “...Тиймээ би Б.Б-ы фейсбүүк дээр тавьсан байсан бичлэгий үзсэн. Тухайн бичлэгт Б.Б нь нотолгоотой бодит зүйлийн талаар ярьсан болов уу гэж бодож байна. Миний бодлоор Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д, тус хорооны дарга Д ажлын албаны дарга Б нартай үл ойлголцол үүсээд ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсч ажлаасаа гарсан байх. Энэ талаар надтай өмнө нь 2020 оны 12 сард намайг Мэдээлэл технологийн төвийн захирлаар ажиллаж байхад Б.Б надад ажлаасаа гарах хүсэлт өгч байсан. Ийм удирдлагуудтай ажиллавал би өөрөө хэрэгт орох юм байна, хамтарч ажиллахад төвөгтэй байна гэж хэлж, ярьж байсан. Тухайн үед би Б-тай ярилцаад, ятгаад ажлаас гарах асуудлыг нь болиулж байсан...” /1-р хх-ийн 174-180/, 

гэрч Э.Г-ийн “...Би Бтай 5 жил орчим хамт ажилласан. Би Б-ы өөрийнх нь Youtube сувгийг дагадаг, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тавьсан байсан өөрийнх нь хийсэн бичлэгийг олж үзсэн. Тэгээд тэр бичлэг дээр ажлаасаа гарсанг мэдсэн.  ...” /1-р хх-ийн 186-191/,  

гэрч С.М-ын “...Тиймээ би бичлэгийг Б-ы өөрийнх нь фейсбүүк дээр тавьсан байхаар нь үзсэн. Яагаад ийм бичлэг хийж олон нийтэд тараасан талаар мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 192-196/,

гэрч Ш.Н-ын: “....би Баас яагаад ийм олон жил ажилчихаад ажлаасаа гарах гээд байгаа юм гэхэд би ажлаасаа гарна, 2 хүүхдээ холоос 1-р хороолол руу зөөхөд хэцүү байна. Хувийн амьдралаа цэгцэлж хүүхдүүдээ анхаарахгүй бол хүүхдүүд хаягдаад хэцүү байна гэж хэлж байсан. Өөр юм яриагүй. Тиймээ би бичлэгийг үзсэн. Тухайн бичлэгт дурдсан шиг удирдлагын зүгээс бид нар ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэг асуудал байхгүй. Шаардлага тавьсныг нь Б тэгэж боддог байх. ...” /1-р хх-ийн 197-202/ гэх мэдүүлгүүд,  

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн төвийн захирлын тушаал, хурлын тэмдэглэл, эд мөрийг баримтаар хураагдсан 4 ширхэг компакт диск /1-р хх 129, 2-р хх-ийн 55,152/,

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 83-94/,

2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Фейсбүүкэд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 95-108/,

П.Д, Д.Д, Д.Б нарын ажилласан байдлыг тогтоосон баримтууд /3-р хх-ийн 42, 44, 45/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Б-ы “2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цахим орчинд “Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө ерөнхийлөгч ...-ийн бөгс долоогч, СЕХ-ны дарга Д, ерөнхийлөгч асан Б-ын шоронгийн манаач СЕХ-ны нарийн бичгийн дарга Д, СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн Б нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой...” гэсэн

иргэн П.Д-гийн талаарх “...Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. ...ерөнхийлөгч ...-ийн бөгс долоогч, СЕХ-ны дарга Д...”,

иргэн Д.Д-ын талаарх “...Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. ерөнхийлөгч асан Б-ын шоронгийн манаач СЕХ-ны нарийн бичгийн дарга Д...”,

иргэн Д.Б-гийн талаарх “...Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. ... СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн Б...” гэсэн тэдний нэр хүнд, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний нэр төр, алдар хүндэд ... халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-аас Б.Б торгох ялын төрлийг сонгож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн хэр хэмжээнд болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ. 

Шүүгдэгч Б.Б нь “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан бөгөөд энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын  шинжээр нь тодорхойлогдсон, “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод зарим тохиолдолд тодорхой үйл баримт, болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой үндэслэл бүхий боловч ингэх явцдаа нэр хүндийг гутаасан, түүнд халдсан, бодит баримтыг бүрэн гүйцэд бус, алдаатай мэдээлэл тараасныг хамруулан ойлгоно.

Монгол хэлний их тайлбар бичигт “мэдээлэл” гэдэг үгийг “ямар нэгэн үйл хэргийн тухай амаар болон бичгээр дэлгэрэнгүй мэдээллэх явц, мэдээ дамжуулах, “худал” гэдгийг /бодит байдлыг гуйвуулсан үг, бодит байдлыг зориуд гуйвуулах, үнэн бус яриа/, “илт” гэдгийг /ил бүхий, юмны тодорхой, нууц биш, илэрхий мэдэх, мэдэж буй нь тодорхой байх/ гэснээр тус тус тайлбарлажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн “...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” үндсэн эрхтэй, “...хөдөлмөрлөх...” журамт үүрэгтэй. Иргэн П.Д, Д.Д, Д.Б нарын ажиллаж байсан газраар нь тэдний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж “...Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ...” гэж ажил үүргийн хувьд хийж байгаа үйл ажиллагааг нь худлаар мэдээлэн “...илт худал мэдээллийг олон нийтэд тараасан...” Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.      

Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч энэхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ ямар хүрээнд хэрхэн эдлэх нь бусдын эрхээр хязгаарлагддаг.

Иймд шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ