Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ү.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Үржинхандын Эд холбогдох 1829000320040 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг Гашуун сухайт хилийн боомтоор 24 ширхэг чонын ходоодыг биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Эд мөрийн баримт шийдвэрлэсэн тухай тус шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 21 дугаар хуудас/

Хохирогч Х.Нурланы өгсөн: ”...Би тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Гашуунсухайт дахь гаалийн газарт зорчигчийн гарах чиглэлд хяналт тавьж ажиллах явцад Монгол улсын иргэн Үржинханд овогтой Э гэх хүний биед гаалийн үзлэг шалгалт хийсэн. Тухайн хүн биеийнхээ хэвлий, нуруу, гуя шилбэндээ нийт 24 ширхэг чонын ходоод гэх зүйлийг ороож гадуур нь наалдамхай туузаар ороож гадуур хувцсаараа далдалсан байдалтай нуусан, мөн зүүн гутлынхаа дотор нэг ширхэг чонын хэл гэх зүйлийг нуусан байсныг би илрүүлсэн. Тэгээд холбогдох журмын дагуу зөрчлийн байцаагч Жамбалдоржийг дуудуулж ирүүлээд түүний хамт үзлэгийн тэмдэглэл хөтөлж эд зүйлийг хурааж авсан. Уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй байсан тул материалыг холбогдох хүний хамт цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/

Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн

Асуулт 1-ийн хариулт: Шинжилгээнд дээж материал болгон ирүүлсэн 6 ширхэг амьтны эд эрхтэн нь Махчдын баг Нохдын овгийн Нохойн төрөлд хамаарах Саарал чоно /Canis lupus Linnaeus., 1758/ 5 ширхэг ходоод, 1 ширхэг хэл мөн байна.

Асуулт 2-ийн хариулт: Шинжилгээнд дээж материал болгон ирүүлсэн 6 дугаараар дугаарласан зүйл нь саарал чонын /Canis lupus Linnaeus., 1758/ 1 ширхэг хэл мөн байна.

Асуулт 3-ийн хариулт: Шинжилгээнд дээж материал болгон ирүүлсэн 6 ширхэг эд зүйлүүд нь саарал чонын эд эрхтэн мөн болно. гэх дүгнэлт  /хх-ийн 39-р хуудас/

Ү.Эын яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Гашуунсухайт боомтоор Хятад улс руу нэвтрэх гэж явахдаа 24 ширхэг чонын ходоодыг биендээ нууж, нэг ширхэг чонын хэлийг гутлынхаа түрийнд хийж яваад гаалийн ажилтанд баригдаж тэр асуудлаараа өнөөг хүртэл шалгагдаж байна. Би Улаанбаатар хотын эмээлтэд грүүшик хийж байтал нэг залуу ирж уулзаад “чонын ходоод хямдхан зарна та авах уу” гэсэн. Нэг ширхэг ходоодыг 5000 төгрөгөөр өгнө гэхээр нь би тэр залуугаас чонын 24 ширхэг ходоод болон нэг ширхэг хэлийг нийтэд нь 125,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэдгээрийг хөлдөөгчид хийж хөлдөөсөн.Тэгээд цагаан сар дөхөөд мөнгөний хэрэг гарсан тул тэдгээрийг Хятад руу оруулж зарах бодолтой явж байгаад хил дээр баригдсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/

Гэрч Б.Санжиддоржийн өгсөн: “... “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхийг эдийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар зохих зөвшөөрлийн дагуу амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх ёстой байдаг. /хх-ийн 77-р хуудас/

Шүүгдэгч Ү.Эын хувийн байдлын талаар:  

Шүүгдэгч Ү.Эын иргэний үнэмлэхийн, лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,  /хх-ийн 50-р хуудас/,

Шүүгдэгч  Ү.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/,    

Шүүгдэгч  Ү.Эын гурван талаас нь харуулсан зураг, товч танилцуулга /хх-ийн 65-66-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ү.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг Гашуун сухайт хилийн боомтоор 24 ширхэг чонын ходоодыг биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Хохирогч Х.Нурланы өгсөн: ”...Би тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Гашуунсухайт дахь гаалийн газарт зорчигчийн гарах чиглэлд хяналт тавьж ажиллах явцад Монгол улсын иргэн Үржинханд овогтой Э гэх хүний биед гаалийн үзлэг шалгалт хийсэн. Тухайн хүн биеийнхээ хэвлий, нуруу, гуя шилбэндээ нийт 24 ширхэг чонын ходоод гэх зүйлийг ороож гадуур нь наалдамхай туузаар ороож гадуур хувцсаараа далдалсан байдалтай нуусан, мөн зүүн гутлынхаа дотор нэг ширхэг чонын хэл гэх зүйлийг нуусан байсныг би илрүүлсэн. Тэгээд холбогдох журмын дагуу зөрчлийн байцаагч Жамбалдоржийг дуудуулж ирүүлээд түүний хамт үзлэгийн тэмдэглэл хөтөлж эд зүйлийг хурааж авсан. Уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй байсан тул материалыг холбогдох хүний хамт цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/, Ү.Эын яллагдагчаар өгсөн: “...Би Улаанбаатар хотын эмээлтэд грүүшик хийж байтал нэг залуу ирж уулзаад “чонын ходоод хямдхан зарна та авах уу” гэсэн. Нэг ширхэг ходоодыг 5000 төгрөгөөр өгнө гэхээр нь би тэр залуугаас чонын 24 ширхэг ходоод болон нэг ширхэг хэлийг нийтэд нь 125,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэдгээрийг хөлдөөгчид хийж хөлдөөсөн.Тэгээд цагаан сар дөхөөд мөнгөний хэрэг гарсан тул тэдгээрийг Хятад руу оруулж зарах бодолтой явж байгаад хил дээр баригдсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ү.Эыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ү.Э нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Үржинхандын Эыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Эыг 900 /есөн зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000  /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Эд 900 /есөн зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000  /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр / сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ү.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Ү.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ү.Эыг иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 ширхэг чонын ходоодыг тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЗ/59 дугаартай шүүгчийн захирамжаар устгагдсан болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ү.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА