Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 318/ШШ2025/00519

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Т овогт Ч.Я-гийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Я шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Я нь 1974 онд төрсөн, 51 настай. 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 54 тоот тушаалаар автомашины жолооч нэршилтэйгээр ажилд орсон болно. Тухайн үед ажилд орсон тушаал Нийгмийн даатгал төлж байсан бичиг баримт байгаа боловч хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэхээр шатахуун тээврийн жолооч байсан гэдгийг нотлох шаардлага гарч ирсэн. Иймд 1994-2003 оны хооронд шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан гэдгийг тогтоож өгнө үү. Тухайн үед Ч.Ятай хамт ажиллаж байсан Х.О, Н.Б нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Я нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг тул намайг итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцуулсан. Ч.Я нь хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөл нь бүрдэж байгаа гээд Нийгмийн даатгалын газар очиход шатахуун тээврийн баазад ажиллаж байсан хэдий ч даргын жолооч байсан юм уу? үйлчилгээний жолооч байсан юм уу? тээврийн жолооч байсан юм уу? гэдэг нь шаардлагатай болсон. Одоо шатахуун тээврийн жолооч байсан гэдгийг нотлох гэж шүүхэд хандсан. Иймд 1994-2003 оны хооронд шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан гэдгийг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаартай зөвлөмжийн хуудас, итгэмжлэл, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 444 дугаартай тодорхойлолт, Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай тодорхойлолт, Ч.Ягийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 293446 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нефть импорт концернийн Увс аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай тушаал, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай тушаал, хавсралтын хамт, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай тушаал, 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 91 дугаартай тушаал, НИК ХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1997 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тушаал, 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай тушаал, 1999 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай тушаал, гэрч Х.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 006153 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 239491 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 082382 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 293401 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагч Ч.Ягийн хүсэлтээр Х.О, Ч.Б  нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Ягийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ч.Ягийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Ч.Я нь шүүхэд хандаж 1994 оноос 2003 оныг дуустал хугацаанд НИК Хувьцаат компани, Увс аймаг дахь нефть хангамжийн газарт шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Иймд хүсэлт гаргагч Ч.Ягийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П нь Ч.Ягийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Ч.Я нь 1974 онд төрсөн. 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Увс аймгийн Нефть хангамжийн газарт шатахуун тээврийн жолоочоор ажилд орж 2003 оныг дуустал ажилласан.

Ажиллаж байсан хугацааны буюу 1995-2003 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн боловч ажилд томилогдсон тушаалд шатахуун тээврийн жолооч гэж тодорхой бичээгүй, жолооч гэж бичсэний улмаас дээрх хугацаанд шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа.

Үүний улмаас дээрх хугацааны ажилласан жилийг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хүсэлт гаргагч Ч.Яд 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Шатахуун тээврийн баазаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт ШТБ-ын даргын 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар тушаалаар жолоочоор авч ажиллуулав гэж бүртгэсэн байх бөгөөд Шатахуун тээврийн бааз гэх тамга даржээ. Түүнчлэн уг хөдөлмөрийн дэвтрээр улсад 6 сар ажилласнаар тооцов гэх бичилт хийж, Увс аймгийн Улаангом сумын Нийгмийн даатгалын байцаагч тэмдэг дарж баталгаажуулжээ.

Дээрх үйл баримт нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Нефть импорт концернийн Увс аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай тушаалаар давхар нотлогдож байна.

Тодруулбал, дээрх тушаалаар хүсэлт гаргагч Ч.Яг 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 82-26 дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор томилж, тушаалын 2 дахь заалтаар Ч.Яг ажилласан өдрөөс нь эхлэн хийснээр нь тн/км-ийн тарифт цалин бодож олгохоор заажээ.

Иймд хүсэлт гаргагч Ч.Яг 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Нефть импорт концернийн Увс аймаг дахь шатахуун тээврийн баазад шатахуун тээврийн машины жолоочоор ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.2. Улмаар хэрэгт авагдсан Нефть импорт концернийн Увс аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай тушаалаар 1994 оны 4 дүгээр улиралд төлөвлөгөөг биелүүлсэн жолооч нарт урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэж, тус тушаалын хавсралтын 13 дугаарт Ч.Я, машины номер 8134, ачаа 123,0, ачаа эргэлт 126,1 гэж тэмдэглэсэн бол 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай тушаалаар 1995 оны 1-3 дугаар улиралд ажилласан ажилтнуудын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд тус тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дугаарт Ч.Я, тээсэн ачаа 177,0, ачаа эргэлт 124,0 гэж,

Нефть импорт концернийн Увс аймаг дахь шатахуун тээврийн баазын даргын 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 91 дугаартай тушаалаар Шатахуун тээврийн бааз татан буугдаж, Нефть хангамжийн газарт шилжих болсон тул нэр бүхий ажилтнуудыг 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, Нефть хангамжийн газарт шилжүүлсэн байх бөгөөд тус тушаалын хавсралтын 57 дугаарт Ч.Я, жолооч гэж,

НИК ХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1997 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тушаалын 1 дэх заалтаар 1996 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөө биелүүлсэн жолооч нарын шагналыг 2 дугаар хавсралтаар баталж, 192 дугаарт Ч.Я, жолооч гэж,

НИК ХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1997 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай тушаалын б заалтаар 1997 онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий 13 хүнийг 30,000 төгрөгөөр шагнахаар шийдвэрлэж, Ч.Я жолооч гэж,

НИК ХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1999 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай тушаалаар нефтьчдийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг шийдвэрлэж, тус тушаалын 3 дугаар хавсралт Ч.Я, Увс, гар бөмбөг 1 дүгээр байр гэж тус тус бичигджээ.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Ч.Ягийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд хүсэлт гаргагч Ч.Яг Шатахуун түгээх баазад жолооч ажилтай гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 532 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаагаар Увс аймгийн Нефть хангамжийн газраас хүсэлт гаргагч Ч.Ягийн 1995 оны 01 дүгээр сараас 1999 оны 6 дугаар дуустал, 2000 оны 4 дүгээр сараас 2004 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Мөн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай тодорхойлолтоор ...Автомашины жолоочийн ажил үүрэг нь одоогийн шатахуун тээврийн жолоочийн албан тушаалын ажил үүрэгтэй ижил болохыг тодорхойлов гэжээ.

4.4. Гэрч Х.О Би Ч.Ятай 1994-2004 он хүртэл хамт ажиллаж байсан. Ч.Я 1994 онд Шатахуун тээврийн баазад хэсгийн даргаар ажилд орж, дараа нь жолоочоор ажиллаж байгаад ажлаас гарсан. Тэрээр ажилдаа сайн, байгууллагын аварга болж байсан билээ гэж мэдүүлсэн бол,

гэрч Ч.Б  Ч.Я нь 1994-1997 оны хооронд Шатахуун тээврийн баазад хэсгийн даргаар ажиллаж байсан. Дараа нь 1997-2003 он хүртэл жолоочоор надтай хамт ажиллаж байгаад ажлаас гарсан. Ч.Я аавынхаа машиныг авч анх ажилд ажилд орж байсан. Ажилдаа сайн, идэвх зүтгэлтэй, боловсон, мэргэжлийн жолооч хүн байсан. Элдэв төрлийн хэрэгт орж алдаа зөрчил гаргаж байгаагүй. Шатахуун тээврийн автоцистерн жолоочоор дагнан ажиллаж байсан гэж мэдүүлжээ.

5. Хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгийг тал бүрээс нь харьцуулан үнэлээд хүсэлт гаргагч Ч.Ягийн 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Нефть импорт концернийн Увс аймаг дахь шатахуун тээврийн баазад шатахуун тээврийн жолоочоор, 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2003 оныг дуустал хугацаанд НИК Хувьцаат компанийн Увс аймаг дахь нефть хангамжийн газарт шатахуун тээврийн жолоочоор байсан гэж дүгнэлээ.

6. Хүсэлт гаргагч Ч.Ягийн хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Т овогт Ч.Ягийн 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Нефть импорт концернийн Увс аймаг дахь шатахуун тээврийн баазад шатахуун тээврийн жолоочоор, 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2003 оныг дуустал хугацаанд НИК Хувьцаат компанийн Увс аймаг дахь нефть хангамжийн газарт шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан байдлыг ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА