| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00320/И |
| Дугаар | 318/ШШ2025/00522 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 318/ШШ2025/00522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Н-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э. А-д холбогдох,
Гэм хорын хохирол 3,821,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч Л.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Э.Ааас, түүний гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 3,821,119 төгрөг шаардсан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Ц.Нид 1,020,332 төгрөгийн бодит хохирол учирсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,800,787 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
4. Хариуцагч Э.А нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа нэхэмжлэгч Ц.Нийг мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хариуцагч Э.А нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 2,600,000 төгрөг төлсөн байх ба шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Нийн эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хариуцагчийн зүгээс татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/1998 дугаартай шийтгэвэр, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгч Ц.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эсэхийг нотлох шинжээчийн дүгнэлт авагдаагүй боловч нэхэмжлэгч талаас хөнгөн хохирол учирсан гэх тайлбар гаргасан ба үүнийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүйг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Ц.Ннь хариуцагч Э.Аын гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч талаас эм тарианы төлбөр 527,980 төгрөг, шинжилгээ, оношилгооны төлбөр 3,293,139 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилсэн бөгөөд өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор эм худалдан авсан төлбөрийн баримтууд, нэхэмжлэгч Ц.Н болон түүний нөхөр З.Н нарын орон нутгийн зорчих тээврийн тасалбар болон эмчийн үзлэгийн баримтууд, төлбөрийн баримт зэргийг хавсарган ирүүлсэн.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалбал, эм тарианы төлбөрт хамаарах 539,480 төгрөгийн баримт, оношилгоо, шинжилгээтэй холбоотой 3,281,639 төгрөгийн баримт байх бөгөөд энэхүү баримтуудын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,433,132 төгрөгийг хангаж, үлдэх 2,387,987 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Ннь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тархины голомтот гэмтэл S06.30 оношоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус эмчийн үзлэгээр эмийн эмчилгээ бичиж, толгойн КТГ буюу толгойн компьютер томографи хийлгэхийг зөвлөжээ.
Иймд хавтаст хэргийн 11,12,13,14,16,17,18,19,20 дугаар талд авагдсан төлбөрийн баримтад үндэслэн нэхэмжлэгч Ц.Нийн эм худалдан авахад зарцуулсан 508,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан 14,300 төгрөг, 21 дүгээр талд авагдсан 16,800 төгрөгийн үнэ бүхий эм худалдан авсан гэх баримтууд нь бараа гэх гүйлгээний утгатай байх бөгөөд ямар эм худалдан авсан нь тодорхойгүй байх тул дээрх 31,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
6. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Аын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг гэмтлийн улмаас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн, Улаанбаатар хот руу болон Өвөрмонголын өөртөө засах оронд зорчиж шинжилгээ оношилгоонд орсон болох нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон эмчийн үзлэгийн хуудсууд, орон нутгийн зорчигч тээврийн тасалбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Нийн Өвөрмонголын өөртөө засах орны олон улсын Монгол анагаах ухааны эмнэлэгт хийлгэсэн MRI of brain буюу тархины соронзон резонанст томограф шинжилгээний төлбөр 472,392 төгрөг, тархины өвчний тасагт үзүүлсэн үзлэгийн төлбөр 15,560 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаангомоос Улаанбаатар чиглэлд зорчсон тасалбарын үнэ 105,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатараас Улаангом чиглэлд зорчсон тасалбарын үнэ 161,800 төгрөг, Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчсон тасалбарын үнэ нийт 170,000 төгрөг, нийт 924,752 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түүний нөхөр З.Н-н замын зардал 444,000 төгрөг, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн үзлэгийн төлбөр 15,560 төгрөг, зарцуулалт тодорхой бус 1,165,792 (691,407 болон 474,385) төгрөг, албан ёсны орчуулгыг хавсаргаагүй 95, 95 нийт 190 юань гаргуулах тухай хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал, хариуцагч Э.Аын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ц.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэрэгт авагдсан эмчийн үзлэгийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгчийн гавал, тархины мэдрэлүүд хэвийн, халуурах, бөөлжүүлэх зэрэг шинж тэмдэг илрээгүй, мөчдөд саа саажилтгүй, хөдөлгөөн хязгаарлагдаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Нийн нөхөр З.Н-н замын зардал 444,000 төгрөг, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн 15,560 төгрөгийн зардал нь хариуцагч Э.Аын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулбал зохих зайлшгүй зардал гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс нийт 1,165,792 (691,407 болон 474,385) төгрөгийн зарлагын гүйлгээний баримтын хятад хэл дээрх эх хувийг албан ёсны орчуулгын хамт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс дээрх баримтуудын талаар тодруулахад, дээр мөнгийг өөрийн юнион пэй зээлийн картнаас бэлнээр гаргаж авсан бөгөөд эмчийн бичиж өгсөн эм болон бусад шаардлагатай зүйлсийг худалдан авахад зарцуулсан гэх тайлбар гаргасан.
Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь дээрх 1,165,792 төгрөгийг эм худалдан авах, бусад шаардлагатай оношилгоо, шинжилгээнд зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эм худалдан авахад зарцуулсан 508,380 төгрөг, оношилгоо, шинжилгээтэй холбоотой зардалд 924,752 төгрөг, нийт 1,433,132 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,387,987 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,088 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ааас 43,750 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Ааас 1,433,132 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,387,987 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Нийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 76,088 /далан зургаан мянга наян найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ааас 37,880 / гучин долоон мянга найман зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нид олгосугай.
Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА