Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Бд холбогдох 1829000000049 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян, 4-р баг Бага булгийн 4-4 тоот гэртээ Г.Цэдэнмсодномтой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б: 2018 оны 03 дугаар сарын 25-ны орой 10 цагийн үед эхнэр Чүлтэмсүрэн сургууль руу хүргүүлсэн. Олимпиадын хүүхдүүд бэлдээд шөнө 12 цаг өнгөрч байхад очиж аваад эргээд гэртээ ирэхэд хүү байхгүй байсан. Бидний араас хүү орж ирсэн. Гэхдээ халамцуу, хөнжил гудсаа бариад ороо засаад унтах санаатай байсан. Тэгээд унтах гэтэл утсаар яриад амраахгүй байсан тэгж байтал шөнийн 02 цаг болсон. Тэгээд би утсаар яриад амраахгүй байна гээд хэлсэн чинь миний өөдөөс хэрэлдэж эхэлсэн. Би мах хийсэн саваа гаргаж ирээд мах огтлон идэж байсан. Мах идэж байсан хутгаа бариад чичсэн чинь зүсэгдсэн байсан. Суга руу нь чичихэд хавчаад зүсэгдсэн байсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Цэдэнсодномын өгсөн: “...Би тэр орой 22 цаг өнгөрч байхад гэрт байсан 0.75 литрийн Ерөөл архийг аваад сумын баруун тал руу хээр гарч байгаад ганцаараа сууж байгаад уучихсан. Тэгээд нэлээд согтсон, гэртээ ороод л хойд аавтай маргалдсан юм уу яасан юм мэдэхгүй байна. Эмнэлэг дээр ирээд л цус алдаж байгааг мэдэж бага зэрэг ухаан орсон. Миний зүүн суганы доор 20 см орчим урт зүсэгдсэн, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Чүлтэмсүрэнгийн өгсөн: “...Миний хүү Цэдэнсодном нь 2018 оны 03 сарын 25-26-ны шөнө согтуу ирж хойд эцэг болох Бтай маргалдаж хэрэлдсэн нь үнэн. Тайлбарлж өгсөн ЭХХШТХ-д заасны дагуу би үр хүүхэд, хамтран амьдрагчийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.”гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 29-ний өдрийн №74 дугаартай шинжээчийн:

  1. Г.Цэдэнсодномын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- Эд мөрийн баримтыг хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас

- Хохирогч Г.Цэдэнсодномын амбулаториор эмчлүүлэгчийн карт, гэрэл зураг /хх-ийн 23-24-р хуудас/,

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Засаг даргын 2018 оны 04 сарын 11-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/

- Шүүгдэгч Ц.Бы иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 34-р хуудас/,

- Шүүгдэгч Ц.Бы арилжааны банкуудад харилцах болон хадгаламж, зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 28-33-р хуудас/

- Шүүгдэгч Ц.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 255-р хуудас/

- Шүүгдэгч Ц.Бы 3 талаас харуулсан зураг /хх-ийн 37-р хуудас/,

- Хохирогч Г.Цэдэнсодномын хүсэлт “Надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 9-10-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян, 4-р баг Бага булгийн 4-4 тоот гэртээ дагавар хүү Г.Цэдэнмсодномтой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Цэдэнсодномын өгсөн: “...Би тэр орой 22 цаг өнгөрч байхад гэрт байсан 0.75 литрийн Ерөөл архийг аваад сумын баруун тал руу хээр гарч байгаад ганцаараа сууж байгаад уучихсан. Тэгээд нэлээд согтсон, гэртээ ороод л хойд аавтай маргалдсан юм уу яасан юм мэдэхгүй байна. Эмнэлэг дээр ирээд л цус алдаж байгааг мэдэж бага зэрэг ухаан орсон.” Гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Чүлтэмсүрэнгийн өгсөн: “...Миний хүү Цэдэнсодном нь 2018 оны 03 сарын 25-26-ны шөнө согтуу ирж хойд эцэг болох Бтай маргалдаж хэрэлдсэн нь үнэн. Тайлбарлаж өгсөн ЭХХШТХ-д заасны дагуу би үр хүүхэд, хамтран амьдрагчийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

            - Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 29-ний өдрийн №74 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Цэдэнсодномын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Г.Цэдэнсодном нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн -р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Ц.Баярсайныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ц.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Мөн түүнчлэн тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч согтуу байсан бөгөөд түүний зүй бус үйлдлээс буюу агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэсэн үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасны дагуу хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна.

  Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх бөгөөд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзаад прокурорын санал болгосон торгох ялын хэмжээг багасган хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 Эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт нь 15 см, бариулын урт 14 см, цагаан өнгийн эмжээр бүхий улаан ягаан өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 Шүүгдэгч Ц.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаалзай үхэрдэй овогт Цэндэмийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 15 см, бариулын урт 14 см, цагаан өнгийн эмжээр бүхий улаан ягаан өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.37 дугаар зүйлийн 37.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгйн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА