Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/572

 

 

Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Солонго,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Туяа, С.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2024/ШЦТ/291 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох 2308019561506 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Г ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр .... дүүргийн ... дүгээр хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоот гэрийнхээ довжоон дээр зогсож байсан Б.С-ийг  “Согтуу хүн гэртээ оруулахгүй” гэж түлхсэний улмаас хохирогч 1 метр 20 см  довжоон дээрээс унаж, улмаар эрүүл мэндэд нь “Хүзүүний С6 нугалам, их биеийн шахагдсан хугарал, нугас дарагдал, няцрал, баруун чамархайн хуйханд язарсан шарх, зүүн зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсанд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Солонго гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэр бүлийнхнээс “нэг ч удаа уучлалт гуйгаагүй” бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “Би огт гар хүрээгүй болохоор намайг гэж хэлсэн гэдэгт итгэхгүй байна. Нэг бол энэ хүмүүс хэргийг эзэнтэй болгох гэж намайг гэж хэлж байгаа байх гэж бодож байна. Гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа энэ хүмүүс ч гэсэн архины гүн гүнзгий хамааралтай хүмүүс, ам дамжсан яриагаар намайг буруутгаад байгаа” гэсэн мэдүүлэг өгсөнд маш их гомдолтой байгаа болно. Мөн эмнэлэгт бие нь муу байна шүү гэж Б.Н очиж мэдэгдэж байхад Х “би эхнэрийнхээ ялыг үүрээд гарна” гээд явуулсан боловч эмнэлэгт болон гэрт нь ажил явдал дууссан үед ч уулзаагүйд гомдолтой байгаа юм.

Талийгаач Б.С-ийг  Төв аймгийн Баянчандмань суманд нутаглуулсан бөгөөд манай үйлчлүүлэгч 12,804,902 төгрөгийн баримт, ламаар ном уншуулсан, унаа тэргэнд төлбөр төлсөн гэх мэт баримт, 8 сая төгрөгийн баримтгүй нотлох баримтаар нийт 21,652,057 төгрөгийн хохирол, сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөг тус тус нэхэмжилсэн байдаг. Гэтэл холбогдогч талаас “хашаа байшингаа зараад хохирлын мөнгийг чинь төлье гэж 3 удаа санал болгож, манай үйлчлүүлэгчийг хүлээлгэж, сэтгэл санааг нь үймүүлж байсан хэрнээ “хашаа байшингаа зараад 30 сая төгрөгөөр 3 өмгөөлөгч авч /Б.Г-ын ахын хэлснээр/ “би хүн алаагүй тул цагаатгаж өгнө үү, хохирогч өөрөө архины хамааралтай хүн байсан” гэх мэтээр шүүх хуралдааны явцад мөн манай үйлчлүүлэгчийг хямрааж байсан юм. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,804,802 төгрөгийг хангаж, сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1768 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач хүзүүний гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилын хатгаагаар хүндэрч нас баржээ” гэж дүгнэсэн /1-р хх-ийн 95-104/. Иймд архаг хууч өвчингүй, эрүүл саруул ид насны хүнд “хүзүүний гэмтэл” учруулж, улмаар амь насанд нь хүрч, эцэст нь 8 сая төгрөгөөр амь насыг нь үнэлээд “хохирлоо төлсөн тул хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх шүүгдэгчийн мэдүүлэг нь түүний хувийн байдал болон үйлдэлдээ хандаж буй хандлага зэргийг бэлхнээ харуулж, ар гэрийнхэн болон 80 гарсан хөгшин эхийг нь үл тоож байгаа мэт үйлдэл юм.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3. “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний амь, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байх ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг бол хуульд байсан зохицуулалт, үүнийг хэрхэн хэрэглэх вэ гэдэг аргачлал батлагдах тухайн цаг хугацаанд мөрдөн байцаалтын шатанд хэрэг байсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул “хохирогч нас барсан хэрэг дээр нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй” гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хамтад нь шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийнхэнд учирсан сэтгэцийн хор уршгийг нөхөн төлөх зохицуулалтын хүрээнд хамтатган шийдвэрлэж, хангаж өгнө үү. Жич: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үнэхээр гомдолтой байна, түргэн тусламж үзүүлсэн бол амьд байх байсан, уучлаарай гэж хэлэх байх гэж бодсон. Ганц удаа ирээгүй, утсаар яриагүй, сэтгэл гаргаагүй. Гудамжаар миний дүүгийн амьдарч байсан гудамжийг “үхлийн гудамж” гэж яриад явж байна гэж өнөөдрийг хүртэл гомдож байгаа тул энэхүү гомдлыг гаргасан. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би талийгаачийн том эгч нь юм. Тухайн үед дүүд минь эмнэлгийн түргэн тусламж үзүүлээгүйд маш их гомдолтой байна. Сэтгэл санааны байдал маш хүнд байна. Хэрэв тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн бол дүү минь амьд байхыг үгүйсгэхгүй. Би шүүгдэгчийн гэрт нь очиж “миний дүү ийм байдалтай Гэмтлийн эмнэлэгт байна” гэж хэлэхэд хүртэл дүүг минь эргэж очоогүй. Миний эх 80 настай. Гэтэл шүүгдэгч биднээс одоо хүртэл уучлалт гуйгаагүй. Дүүгийнхээ оршуулгыг Баянчандмань суманд хийсэн. Би маш их гомдолтой байна. Миний сэтгэл санаагаар тоглосон. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг манай хашаанд болсон. Хүний амь нас хохирсонд үнэхээр их харамсаж байна. Мөн хохирогчийн гэр бүлээс уучлалт хүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Хүний амь насыг 8.000.000 төгрөгөөр үнэлсэн” гэж тайлбарлаж байна. Ийм зүйл болоогүй. Би шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан. Хүний амь насыг мөнгөөр хэмжих боломжгүй.

Миний нөхөр Х талийгаачийн амьдарч байсан гудамжийг “үхлийн гудамж” гэж хэлсэн гэдэг. Энэ талаар би мэдэхгүй. Би нөхөртөө ингэж хэлээрэй гэж хэлж байсан удаа байхгүй. Анх надад хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч А надад “шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 25.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би шүүх хуралдаан дуусаж, шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байсан. Тухайн өдөр хүргэн, охин 2 минь халуун усанд орохоор явсан байсан. Гэтэл нөхөр Х гаднаас нэг хүний хамт согтуу орилж орж ирсэн. Энэ үед гэрт унтаж байсан нялх хүүхэд уйлаад сэрсэн учраас би “Хүүхэд айлгаад байх юм. Юун согтуу хүнтэй гэрт орж ирээд байгаа юм бэ. Манайх нялх хүүхэдтэй, харанхуй шөнө гэртээ согтуу хүн оруулахгүй” гэж амь хохирогчийг хөөсөн. Гэтэл нөхөр Х “Чамд ямар хамаатай юм бэ. Би гэртээ орж ирж байна” гэж уурласан. Хүүхэд уйлаад байсан учраас удаагүй тэр 2 гэрээс гарч, үүдний довжоон дээр зогсоод хоорондоо ярилцаж байсан. Би амь хохирогчийг довжоон дээр бүдэрч унаад гэмтсэнийг мэдээгүй. Тухайн үед эмнэлгийн түргэн тусламж дуудаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Гэрт минь танихгүй согтуу хүмүүс их ирдэг байсан учраас эдгээр хүмүүсийн нэг л гэж бодож амь хохирогчийг хөөсөн. Хохирогчийн гэр бүлээс дахин уучлалт хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч 30.000.000 төгрөгөөр 3 өмгөөлөгч авсан” гэж үндэслэлгүй тайлбар хэлж байна. Анх шүүгдэгчийн ах нь өмгөөлөгч миний төрсөн ахын хамт гэрт ирж надтай уулзахдаа “Өмгөөлөгч Ат эргэлзэж байгаа тул өөр өмгөөлөгч авмаар байна” гэж үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарласан. Өмгөөлөгч С.Төмөрбаатар болон миний бие Д.Туяа шүүгдэгч Б.Г-д үнэ төлбөргүйгээр хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч хашаа байшингаа зараад мөнгө өгнө, машин өгнө гэж 3 удаа уулзсан” гэж байна. Энэ бол өмгөөлөгч А-ийн гаргасан санал юм. Өмгөөлөгч А нь намайг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхлэхээс өмнө хохирогчийн өмгөөлөгч Б.Солонготой уулзаж “мөнгө өгнө” гэж хэлсэн байсан. Энэ асуудлын улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдөр “гомдолтой байна” гэж илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч Б.Г надад “Би ийм зүйл хийгээгүй, амь хохирогчийг түлхээгүй” гэж хэлсэн учраас би үйлчлүүлэгчдээ бүрэн итгэсэн учраас анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцсон. Өөрөөр хэлбэл, шүүхээс хэргийн үнэн зөвийг тогтоосны дараа хохирол төлбөрийн асуудал яригдана гэж үзсэн. Өмгөөлөгч А шүүгдэгчийг хоригдож байх хугацаанд нэг удаа очиж уулзахдаа “Хохирогчийн өмгөөлөгч Б.Солонго 30.000.000 төгрөг өгөх юм бол бид давж заалдах гомдол гаргахгүй гэж хэлж байна” гэж хэлсэн байсан. Ингээд би шүүгдэгчийн гэр бүлд “Үнэхээр давж заалдах гомдол гаргахгүй гэж байгаа бол та нар мөнгө төгрөгийг нь хайгаад олоод өгөөч ээ” гэж хэлсэн. Улмаар шүүгдэгчийн гэр бүл 1 сарын хугацаанд 10.000.000 төгрөг л олсон. Шүүгдэгчийн гэр бүл санхүүгийн байдал нь маш муу, амьдралын бололцоогүй. Уржигдар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгчийн ах бид 4 уулзахдаа “одоогийн байдлаар 10.000.000 төгрөг л оллоо. Үүнээс илүү мөнгө одоогоор олдохгүй байна. Энэ мөнгийг түр авч байгаач, дахин мөнгө олоод өгнө” гэхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Солонго “Би энэ хүмүүст их мөнгө гаргуулан авч өгнө гэж хэлчихээд ам ч үгүй, хамар ч үгүй наад мөнгөөр чинь яадаг юм бэ. Дахиад 30.000.000 төгрөг өгчих юм бол бид гомдлоо татан авч болж байна” гэж хэлсэн. Орой нь шүүгдэгчийн гэр бүлээс “Бидэнд дахиж мөнгө олдохгүй байна. Энэ 10.000.000 төгрөгийг бид 1 сарын хугацаанд хайж олсон. Одоо өөр мөнгө үнэхээр олдохгүй байна” гэж надтай ярьсан.

Шүүгдэгч Б.Г нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг байсан бөгөөд түүний нөхөр архины хамааралтай, ажил хийдэггүй. Мөн шүүгдэгчийн төрсөн эхийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа бөгөөд өдөр бүр Б.Г-ыг асуудаг. Шүүгдэгч Б.Г “Миний ялыг багасгаж өгвөл би ээжийгээ амьд байхад нь уулзмаар байна. Мөн ажил, хөдөлмөр эрхэлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулмаар байна” гэж илэрхийлдэг. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг тооцохдоо хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлсэн. Анхан шатны шүүхээс 7.804.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн зүгээс 8.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд хохирлын үнийн дүнг зөвхөн би тэмдэглэж авсан байсан. Дараа нь намайг давж заалдах шатны шүүх дээр хуралтай байх үед шүүгдэгчийн гэр бүлээс “нийт хэдэн төгрөг төлөх вэ” гэхэд нь би тэмдэглэсэн цаасаа орхисон байсан тул “тэгшлээд 8.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь заалтад “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан. Гэмт хэрэг гарах үед Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоол хэрэгжиж эхлээгүй байсан.

Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны гэм хорын хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэхээр үлдээсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдолтой байна” гэж байгаа боловч энэ нь Б.Г-ын үйлдэлд гомдсон асуудал биш юм. Харин “мөнгө өгнө” гэж хэлчихээд өгөөгүйд, амь хохирогчийн амьдарч байсан гудамжийг шүүгдэгчийн нөхөр Х “үхлийн гудамж” гэж хэлсэнд гомддог. Мөн шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн талаар нотлох хангалттай баримт байдаггүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч “Шүүгдэгч болон түүний гэр бүлээс биднээс уучлалт гуйгаагүй. Хүн чанар гаргаагүй” гэж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны үеэр хүртэл шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр хүртэл уучлалт гуйсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тавьсан бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдолтой байна” гэж илэрхийлдэг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хэрэв тухайн үед дүүд минь түргэн тусламж үзүүлсэн бол амьд байх байсан” гэдэг. Харин шүүгдэгч Б.Г “Тухайн орой би амь хохирогчийг унаад бэртсэн гэж мэдээгүй. Согтуу хүн л унасан байна гэж бодсон” гэж, шүүгдэгчийн нөхөр Х “Түргэн тусламж дуудъя гэхэд С “хэрэггүй боль, битгий түргэн дууд” гээд түргэн тусламж дуудуулаагүй” гэж, гэрч Ц “Орой нь түргэн тусламж ирсэн” гэж тус тус мэдүүлсэн.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын “түргэн тусламж дуудаагүй” гэж гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч С.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын тооцоог гаргасан. Шүүгдэгчийн зүгээс хашаа байшингаа зараад амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 8.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын газарт 6.530.000 төгрөгийг тус тус төлсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаад байгаа “30.000.000 төгрөг өгнө” гэсэн асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж оролцсон өмгөөлөгч А-ийн гаргасан санал юм. Үүний улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдөр “гомдолтой байна” гэж илэрхийлж байна. Энэ асуудлын улмаас шүүгдэгч Б.Г нь өмгөөлөгч А-ээс татгалзсан. Мөн анхан шатны шүүх сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Б.Г нь хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйсан. Харин талууд хоорондоо ойлголцохгүй байгаа нөхцөл байдал байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г-д холбогдох 2308019561506 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Б.Г нь 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр .... дүүргийн ... дүгээр хороо, Хангайн ... дугаар гудамжны .. тоотод байрлах гэртээ “Согтуу хүн гэртээ оруулахгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.С-ийг  түлхэж, түлхэлтийнх нь улмаас Б.С  довжоон дээрээс унаж хүнд гэмтэл авч, улмаар түүний амь нас хохирсон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн: “...2023 оны 6 дугаар сарын 8-ны орой дүү Н утсаар залгаад “Лх бид хоёр Б.С ахыг аваад Гэмтэл дээр ирчихсэн байна. Хүнд гэмтсэн байна, та яаралтай ирээрэй” гэж хэлсэн. Намайг очиход дүү Б.С эмчлүүлээд эхэлсэн байсан. Эмч Б манай гэр бүлийн хүмүүсийг дуудаж уулзаад “Биеийн байдал хүнд байна шүү” гэж хэлсэн. Эмч “нуруу болон хүзүүний 6, 7 дугаар үеийн хугарал гэмтэл, энэ бол маш хүнд гэмтэл, хагалгаанд ороод ямар ч өөрчлөлт гарч болно” гэж хэлсэн. Мөн эрчимт эмчилгээний тасгийн Э эмчтэй уулзаад “энэ гэмтлийг яаж авсан юм бол” гэж асуухад би “С-ээс юунаас болж ийм гэмтэл авсан талаар асуухад хүн намайг түлхээд унагаасан гэж хэлсэн” гэж надад хэлсэн. Түүнээс хойш арван хэдэн хоног сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 45 минутад нас барсан. Маш их гомдолтой байна. Би дараа нь дүү С-ийн нийлдэг хүмүүС-тэй буюу Х, Б болон бас нэг нэрийг нь мэдэхгүй хүнтэй уулзаад болсон асуудлын талаар асуусан. Тэгтэл Б болон нөгөө хүн нь “Х-гийн эхнэр нь С-ийг түлхэн унагааж ийм байдалд оруулсан” гэж хэлсэн. Хүмүүсээс сонсоод байхад Х гэдэг хүний эхнэр гэх хүн миний дүүг гэрийнхээ довжоон дээрээс түлхэж унагаасан гэсэн. ...Баримтаар 12,804,902 төгрөгийн хохирол байгаа. Баримтгүй бичиж тэмдэглэж авсан хохирол 8,847,155 төгрөг байгаа. Нийт 21,652,057 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1-р хх-ийн 21-23, 26/,

гэрч А.Ц-ын “...2023 оны 6 дугаар сарын 7-ны орой 23 цагийн үед гэртээ амарч байсан чинь миний утас руу Х гэх залуу яриад “С танай гэрт очно гээд байна” гэхээр би “С-тэй яръя” гээд ярьсан чинь “чи намайг гарч ирээд авчихаач” гээд гуйгаад байхаар нь би гараад алхаж байсан чинь манай гудамжны үзүүрт С, Х нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Х “би охин, хүргэний хамт С-ийг авчирлаа” гээд С-ийг газар суулгачихсан байсан. Тухайн цагаан өнгийн машин яваад өгсөн. С-ийг Х бид хоёр өргөх гээд дийлэхгүй болохоор нь С-тэй хамт ажилладаг Ж гэх залуутай яриад “С их согтуу байна, чи ирээд гэрт хүргээд өгчих” гээд гуйсан чинь Ж удалгүй хүрч ирээд С-ийг үүрээд гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэр хооронд Х “би гэртээ харилаа” гээд яваад өгсөн. Тэгээд гэрт нь оруулаад бид хоёр С-ийг газар хэвтүүлсэн чинь ухаан ороод “би хүнд бэртэл авчих шиг боллоо, би ухаангүй байж байгаад сая сэрлээ” гэхээр нь би юу болсон талаар асуухад “Х-гийн эхнэр намайг шатнаас түлхэж унагаасан” гэж хэлэхээр би түргэн дуудсан. Жг маргааш ажилтай болохоор нь явуулсан. Түргэний эмч ирж үзээд “Маргааш эрүүл болоод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хүзүүний зураг авахуулаарай” гэж хэлээд явсан. Шөнө 01 цаг болж байхад би С-ийг үлдээгээд харьсан. Өглөө 07 цагийн үед С-ийн гар утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. 11 цагийн үед Б, У нарыг дагуулаад очсон чинь хаалга нь цоожтой байхаар цонхыг тогшсон чинь С “хаалгаа онгойлгож чадахгүй байна” гэхээр У-ыг цонхоор нь оруулж хаалга онгойлгуулсан. Орсон чинь урд шөнө хэвтэж байсан янзаараа байсан. Би юу болсон талаар дахин лавлаж асуухад “миний хөл гар мэдээгүй байна” гэхээр нь би дээш харуулж хэвтүүлээд ус уулгасан. Тэгсэн С “Х-гийн эхнэр намайг гэрт нь орох гэсэн чинь түлхээд унагаачихсан, тэгээд би нэг хэсэг ухаангүй байж байгаад сэргэсэн” гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 52-53, 76-77/,

гэрч Б.Л-ийн “...2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 15 цагийн үед С ахын гараашид нь юм буулгах гээд очсон. Түүнтэй үерхдэг Ц эгчтэй таараад цуг гэрт нь орсон чинь С ах шалан дээр хэвтчихсэн дээгүүрээ хоёр давхар хөнжилтэй байхаар нь “та яасан юм бэ” гээд асуусан чинь “чи ахыгаа эргүүлээд миний хэвтэж байгаа байрлалыг солиод өгөөч” гэсэн. Би зүүн талын мөрөөс бага зэрэг татсан чинь маш их өвдөж байгаа янзтай ёолоод орилоод байсан. Би ахыг нэг биш болчихсон байна гэж ойлгоод болсон асуудлын талаар асуутал “намайг Хар Х-гийн авгай түлхэж унагаасан, тэрнээс болж хүзүүгээ болон биеэ хөдөлгөх гэхээр хөлөө мэдрэхгүй байна, бас даараад байна, чи дахиад над дээр хөнжил давхарлаад өгөөч, одоо ажилтай байж яв, би гайгүй” гээд байхаар нь би 103 дуудсан. Эмч ирж үзээд ахыг 21-р хороололд байрлах Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт аваачиж томограф 120,000 төгрөгөөр харуулаад зургаа аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачиж хүзүү, нурууны тасагт хэвтүүлсэн. Манай ах 2023 оны 6 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед эмчлэгдэж байгаад нас барсан. ...” /1-р хх-ийн 57/,

гэрч Г.Э-ийн “...ахын гэрт очих үед Лх хөл гарыг нь барьж байсан. Тухайн үед С ах бол юм ярьж хэлж байсан, харин хөдөлж чадахгүй байсан. С ахаас “юу болсон” талаар асуухад “хамт архи уусан Х гэх хүний эхнэр нь гэртээ оруулахгүй гээд түлхэж унагаасан” гэж хэлсэн. ...С ах гэртээ байхдаа надад “Х-гийн эхнэр нь намайг согтуу гэртээ оруулахгүй гээд түлхээд газар унагаасан” гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 34-35/,

гэрч С.Б-ы “...Би гэртээ унтаж байтал орой 23 цаг өнгөрч байхад Х орж ирээд “С тасарчихлаа. Гэрийнх нь түлхүүр байдаггүй. Танай гэрт унтуулчихья” гэхэд манай хүү ирсэн байсан болохоор Хг загнаад гаргасан. Би араас нь гарахад хашааны гадна саарал өнгийн приус загварын тээврийн хэрэгслээр ирсэн байсан. Тэр үед С-г машинаас буулгасан, өвдгөөрөө сөхрөөд машины хажууд суучихсан байсан. Тэгэхээр нь Х-г “чи хамт архи уучихаад нэгнийгээ ийм болтол согтоочихож байгаа юм уу” гэж загнаад “би гэртээ оруулахгүй, хүү уурлаад байна. С-гийн найз эмэгтэй Ц-ын гэрт хүргэж өг” гэж хэлсэн. Маргааш нь Ц 11 цагийн үед над дээр ирээд “өчигдөр С-г түүнтэй хамт ажилладаг Ж гэх хүүгээр үүрүүлж гэрт нь хүргэж өгсөн. С “хүзүү өвдөөд байна” гэж хэлж байсан. Одоо утсаа авахгүй байна. Та хамт очоод ирье” гэхээр нь би Сгийн хашаанд очсон. Ц “хаалгаа онгойлго” гээд цонх тогшиход С “би үхлээ, чи цонхоор ороод ир. Босож чадахгүй байна” гэж хэлсэн. Сгоос юу болсон талаар асуухад “Өчигдөр орой та нараас салаад Х-гийнд очиж дахиж архи уусан. Х-гийн эхнэр намайг байшингийхаа шатнаас түлхэж унагаасан. Тэгээд би тухайн үед огт юм ярьж чадахгүй байсан” гэхээр нь түргэн, ар гэрийн хүмүүсийг нь дуудсан...” /1-р хх-ийн 42-43/,

гэрч Ж.Х-гийн “...бид хоёр манай хашаанд ороод ертөнцийн зүгээр зүүн талд байрлах хуучин ТҮЦ-ний үүдэнд суугаад архиа ууж дууссан чинь С “манай гэрт орж үзнэ” гээд байхаар нь би дагуулаад гэртээ оруулах гэж байсан ...Эын хамт Б гэх залуугийн гэрт очоод “С-г танай гэрт оруулаад унтуулъя” гэсэн чинь “С-гийн хамтран амьдрагч Ц гэх хүүхнийд хүргэж өг” гээд гэртээ орчихсон. Тэгээд Ц-гийн гэрийн гадаа очоод залгасан чинь Ц гараад ирэхээр нь “С согтчихоод чамайг дууд гээд байна” гэж хэлсэн. Ц өөр нэг залуу дуудаад бид гурав нийлээд С-ийг гэрт нь хүргэж өгсөн. ...Би охин, хүргэн хоёрт “энэ ах нь согтуу явж чадахгүй байна, гэрт нь дөхүүлж өгөөд ирье, шатан дээрээс өөрөө уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Э, охин У нарын хамт машинаар С-ийг хүргэж өгөхөөр явсан. ...” /1-р хх-ийн 45-46, 50, 90-92/,

гэрч Б.Э-ын “...Тухайн өдөр эхнэр У бид хоёр 18 цагийн үед гадуур гарах гэтэл хашааны үүдний хэсэгт хадам аав Х нэг танихгүй ахтай архи уучихсан сууж байсан. 21-22 цагийн үед буцаад иртэл хашааны үүдэнд сууж байсан ах байшингийн үүдний шатны урд хэсэгт дээшээ хараад уначихсан байдалтай хэвтэж байсан. Хадам аав надад “энэ хүн шатнаас уначихлаа, гэрт нь хүргэж өгөөд ирье” гэхээр нь хадам аав, эхнэр бид 3 миний машинаар тухайн ахын эхнэр гэх эмэгтэйн гэрийн гудамжинд хүргэж өгсөн. ...” /1-р хх-ийн 59-61/,

гэрч Х.У-ийн “...Нөхөр Э бид 2 халуун усанд орохоор гэрээсээ гарах гэтэл хашааны үүд хэсэгт аав Х нэг ахтай архи уугаад согтуу сууж байсан. 21 цагийн үед буцаад иртэл аавтай хамт ууж байсан ах манай байшингийн үүдэнд шатны урд хэсэгт дээшээ харчихсан хэвтэж байсан. Аав бид хоёрт “энэ уначихлаа гэрт нь хүргээд өгчихье” гэж хэлээд тэр ахыг татаж босгоод гараас нь түшиж машинд суулгасан. Аав бас нэг хамт архи уудаг ахын гэрт тэр ахыг хүргээд өгчихье гэж хэлээд “С” дэлгүүрийн эсрэг талд байх айлд очтол найз нь гэх ах “манай гэрт оруулахгүй, хүүхдүүд ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэр согтуу ахаас аав “эхнэрийнхээ дугаарыг хэлээд өгөөч, залгаад чамайг ав гэж хэлье” гэтэл нэг утасны дугаар хэлж өгөхөөр нь залгасан. Тэр эгч гарч ирээд нөхрөө авсан. Аав тухайн ахтай гэрт орж архи уух гээд байсан гэсэн. Энэ үед ээж үгүй оруулахгүй гэж хэлээд хөөгөөд гэрийнхээ хаалгыг хаасан гэсэн. ...” /1-р хх-ийн 63-64/,

гэрч Д.Ж-ын “...гэр лүү нь оруулаад өгчих гэж хэлсэн. Би С ахын зүүн талын гарыг нуруун дээгүүрээ давуулж түшээд явсан. Тэгтэл “зөөлөн алхахгүй бол болохгүй байна, яа яа яа” гээд байхаар би ахыг үүрээд гэрт нь оруулж хэвтүүлсэн. Надтай хамт Ц эгч байсан. Нөгөө эрэгтэй хүн намайг С ахыг үүрээд явахад гэр лүүгээ явчих шиг болсон. Хэвтүүлэх үед С ах “миний хүзүү өвдөөд байна, би яачихав аа, юу болчихов оо” гэж хэлсэн. Тэр үед би “та наад хүзүүгээ яасан юм бэ” гэхэд тодорхой юм ярихгүй “хүзүү өвдөөд байна” гэж хэлсэн. Ц эгч түргэн тусламж дуудсан. Ц эгчээс “ах яасан юм бэ” гэж асуухад “хамт архи уусан хүмүүс нь дэлгүүрийн гадаа үлдээчихээд явчихсан байна” гэж хэлсэн. Тэр өдөр С ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэнээ хэлээгүй. С “Түргэн тусламжийн эмч ирүүлж яах юм бэ” гээд байсан. Би уул нь С ахаас удаа дараа “бие нь яасан юм бэ, хүнд зодуулсан, цохиулсан, гэмтэж бэртсэн талаар асуухад “юу болчихов оо, яачихваа л” гээд байсан, тодорхой юм ярихгүй байсан. ...Маргааш орой би Ц эгчээс юу болсон талаар асуусан чинь “С-ийн хүзүү хугарсан байна” гэсэн. Тэр хавийн хүмүүс бол С ахтай хамт архи уусан хүнийх нь эхнэр түлхээд унагаасан гэж хэлж яриад байсан. ...” /1-р хх-ийн 67-69/,

гэрч Б.Б-ийн: “...2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Б ах болон тэр хавийн хүмүүс “Х-гийн эхнэр С-ийг гэртээ оруулахгүй гээд түлхэж унагаасан, эмнэлэгт хэвтсэн” гэж хэлсэн. Ер нь бол тэр үйл явдал болсноос хойш Х тэр хавиар үзэгдэхгүй байгаа гэж хэлсэн. Б ах надад “Х-гийн эхнэр нь С-ийг түлхэж унагаагаад гэмтээсэн” гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 70-73/,

гэрч Э.Э-ийн “...Би С ахын сахиураар ороод байж байхдаа С ахаас юу болсон талаар асуусан чинь “Х-гийн эхнэр намайг түлхэж унагаасан” гэж хэлсэн. С ах эмнэлэгт 6, 7 хоногийн дараа бие нь огцом муудаж эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. ...” /1-р хх-ийн 80-82/ гэх мэдүүлгүүд,

Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7595 дугаар: “1. Б.С-ийн биед хүзүүний 6, 7-р нугалмын хугарал, мултрал, нугасны няцрал, гэмтэл, 4 мөчний саажилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 110-112/,

Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1768 дугаар: “...1. Талийгаач Б.С-ийн цогцост хүзүүний С6 нугалам их биеийн шахагдсан хугарал, нугас дарагдал, няцрал. Хүзүүний С6 нугалмын хугарал мултралыг засаж, нугалам хоорондын жийргэвчийг авч хиймэл жийргэвч хийн ялтас шургаар бэхлэх мэс засал /2023.06.12/. Баруун чамархайн хуйханд язарсан шарх. Зүүн зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Хүзүүний С6 нугалам их биеийн шахагдсан хугарал, нугас дарагдал, няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шахах, дарах механизмаар үүснэ. Баруун чамархайн хуйханд язарсан шарх, зүүн зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсанд цус хуралт нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Талийгаач нь хүзүүний гэмтлийн улмаас хэвтрийн байдал орж зогсонгишилын хатгаагаар хүндэрч нас баржээ. 4. Талийгаач нь ГССҮТөвд хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй. 5. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. АВО системээр В(III) бүлгийн цустай байна. 7. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 45 минутад нас барсан байна. ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 95-104/,

шинжээч эмч Н.Э-ийн “...Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Довжооноос унах үед дээрх гэмтлүүд үүсгэгдэж болно. Хүзүүний гэмтлийг авч хэвтрийн байдалд орж уушгины зогсонгишлын хатгаагаар хүндэрч нас барсан. Хүзүүний гэмтэл нь шахах, дарах механизмаар буюу хүн хойш унахдаа хатуу гадаргуутай газар цохих, цохигдох үед үүснэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136, 138-139/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...хаалганы довжоо хэсэгтээ улаан өнгийн тоосгоор гадна хэсгийг хашиж барьсан, дээд талын тавцан цементэн довжоо байх ба зүүн талаас баруун тал руу өгсөж гардаг шат хэсэгтэй байв. Шат буюу довжооны өндөр нь газраас дээш 1м 20см, дээд талын тавцан хэсэг байшингийн хамгийн доод хэсгээс төгсгөл хүртэл 1м 80см буюу өргөн хэмжээтэй байх ба баруун тал руу чиглэлтэй өгссөн шатны урт газраас баруун талаас төгсгөл хүртэл Зм 20 см зайтай байв. Хохирогч тухайн шатнаас хөл алдан унасан гэх бөгөөд унасан гэх хэсгийг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-10/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Б.Н: ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 6 дугаар сарын 7-ны орой манай дүүг түлхэж унагаасан байх бөгөөд биеийн байдал хүнд байна...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 5/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, төлбөрийн мэдээлэл /1-р хх-ийн 146-147/, амь хохирогч Б.С-ийн өвчний түүх /1-р хх-ийн 210-242/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн 1-22/, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан “гомдол, мэдээлэл гаргасан талаарх ярианы бичлэг” бүхий диск /2-р хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Г-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.   

Прокурор Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх “...Б.Г нь “согтуу хүн гэртээ оруулахгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.С-ийг  түлхэж, довжоон дээрээс унаган амь насыг болгоомжгүйгээр хохироосон…” гэж дүгнэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Б.Г нь согтуугаар гэрт нь орох гэсэн Б.С-ийг оруулахгүй гэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь, өөрийн гэртээ бусдыг оруулах эсэх нь орон гэрийх нь халдашгүй байдал юм. Б.Г нь гэртээ оруулахгүй гэж түлхэхдээ “Б.С довжооноос унана, унаад хүнд гэмтэл авах боломжтой” гэдэгт болгоомжгүйгээр хандсан байх ба Б.Г-ын түлхсэнээс учирсан хүнд гэмтлээс шалтгаантайгаар Б.С-ийн амь нас хохирсон байх тул Б.Г-ын үйлдэл хүний амь нас хохирсон үйлдлийн хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэж, Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэсэн шинжтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” -аас анхан шатны шүүх Б.Г-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, үйлдсэн гэмт хэргийх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хорих ялыг сонгож 1 жил 6 сарын хугацаагаар түүнд оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Солонго нь “...иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг бүхэлд нь хангаж, гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийнхэнд учирсан сэтгэцийн хор уршгийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн эмчилгээ, оршуулгын зардалд нийт 12,804,902 төгрөгийг баримтаа гарган нэхэмжилснийг /1-р хх 26, 1-р хх 247-2-р хх 22/ гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхээс гаргуулж олгосон 8,000,000 төгрөгийг хасаж /2-р хх 202/, үлдэх 4,804,902 төгрөгийг гаргуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв. 

 Амь хохирогч Б.С-ийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс нас барсан 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд эмчилгээ, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 6,630,050 төгрөг/1-р хх-ийн 146-147/-ийн төлбөрийг зарцуулсаныг шүүгдэгч Б.Г-аас гаргуулан төлүүлсэн нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 4,804,902 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосон нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2024/ШЦТ/291 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-аас 4,804,902 /дөрвөн сая найман зуун дөрвөн мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ