Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Г.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Гармаагийн Мт холбогдох 1829000010045 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр  сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /эрх хасагдсан/ үедээ 2017 оны 12 сарын 18-ны өдөр Королла маркийн 84-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.Ялалтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ялалтын өгсөн: “...Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь засмал замын хагархай дээгүүр харайлган гарсны улмаас машины хойд талын дугуй дээшээгээ харайх шиг болсон. Тэгээд юу болсныг би санахгүй байна. Ямар ч байсан тээврийн хэрэгслээс буугаад харахад миний зорчиж явсан суудлын автомашин нь засмал замын эсрэг талын урсгалд оочирт зогсож байсан нүүрс тээврийн автомашины чиргүүлийн дугуйг мөргөж зогссон байсан. ...Тухайн зам дээр үүссэн байсан хагархайг би 10 орчим метрийн зайнаас хараад өөрийн зүүн гараараа урд талын сандлаас тулсан. Тэр үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч эмэгтэй тээврийн хэрэгслээ зогсоох мөн хурдыг сааруулах ямар нэгэн арга хэмжээг аваагүй чигээрээ явсаар байгаад тухайн нүхэн дээгүүр харайлган гарсан. Баримжаагаар 50-60 орчим км цагын хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Банзрагчийн: “...Засмал замын зүүн талын зорчих хэсгээр хойшоо чигтэй жижиг оврын тээврийн хэрэгсэл нилээд хурдтай давхиад өнгөрсөн. Тэгсэн түр тар гээд нэг юман дээгүүр харайлгаж байгаа юм шиг чимээ сонсогдоход Бат-Энх “өө харайлгачихлаа” гэж хэлтэл нөгөө машин юм мөргөж байгаа юм шиг тас хийсэн чимээ гарсан. Тэгээд эргээд хартал миний машины чиргүүлийн урд хэсэгт тоос боссон байсан. Очтол жижиг оврын суудлын 84-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талаараа миний 2 дахь чиргүүлийн урд талын тэнхлэгийн зүүн талын дугуйг мөргөж зогссон байсан. Тэгээд би жолоочийн хаалгаар хартал нэг эмэгтэй рулийн ард толгойдоо гэмтэл авсан байдалтай сууж байсан:” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Бат-Оршихын: “...Тухайн өдөр манай компанийн эзэмшлийн 72-42 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн Хово маркийн тээврийн хэрэгсэл нь нүүрс тээврийн Гашуунсухайт автозамын 181 дэх км-т нүүрс тээврийн оочерт зогсож байх үед тухайн тээврийн хэрэгслийн 2 дугаар чиргүүл буюу 02-37 БЧ чиргүүлийн хамгийн урд талын тэнхлэгийн зүүн дугуйг эсрэг талын урсгалд хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашин мөргөж зам тээврийн осол гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Х.Манлайбаатарын: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь засмал замын хагархай дээр харайлгангуутаа шууд замын баруун гар талын эгнээнд зогсож байсан Банзрагч ахын нүүрс тээврийн автомашины арын чиргүүлийн урд талын дугуйг мөргөж зогссон. Би машины кабинаас буугаад жолоочийн хаалгыг нь онгойлгоход нэг эмэгтэй рулийн ард сууж байсан. ...Миний нүдэн баримжаагаар тухайн тээврийн хэрэгсэл нь 50 орчим км цагийн хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хх-30-32-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Бат-Энхийн: “...Миний бодлоор осол гарсан тээврийн хэрэгсэл нь замын хагархай хэсэг рүү хурдаа хасалгүй маш хүчтэй ороод тээврийн хэрэгслийн арын тэнхлэг нь дээшээ шидэгдэн шарвасны улмаас жолоодлого алдан осол гаргасан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч У.Удвалын: “...Тухайн үед тээврийн хэрэгслийг Лхаадондов ахын эхнэр М жолоодож явсан. Гэнэт түг гээд чимээ гараад зогсохоор нь би сэрэхэд миний сууж явсан тээврийн хэрэгсэл нүүрс тээврийн автомашины чиргүүлийн дугуйг урд талаараа мөргөөд зогссон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Цэнд-Аюушийн: “...Тухайн тээврийн хэрэгслийг М гэх эмэгтэй жолоодож явсан. Цагаанхаднаас гарахдаа Ууганбаяр, Ялалт бид гурав унтчихсан. Засмал замаар явж байтал түг хийгээд нэг чимээ гарах шиг болохоор нь би сэрээд хартал миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь эсрэг талын зорчих хэсэгт зогсож байсан нүүрс тээврийн автомашиныг мөргөсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-37-38-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Лхаадондовын “...Гашуунсухайт авто замын 181 дэх км-ын ойролцоо явж байх үед засмал зам дээр том нүх харагдсан. Тэгтэл манай эхнэр ямар нэгэн тоормозлох үйлдэл хийлгүй чигээрээ явсаар байгаад тухайн нүхэн дээгүүр харайлгасан. Түүний дараагаар машин жолоо алдагдаж нүүрс тээврийн оочирт зогсож байсан “Энержи Ресурс” ХХК-ийн давхар чиргүүлтэй нүүрс тээврийн автомашины арын чиргүүлийн дугуй руу мөргөж зам тээврийн осол гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №10 дугаартай шинжээчийн: Г.Ялалтын биед зүүн гарын шууны доод 1/3 хэсгийн далд хугарал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-18-р хуудас/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-20-р хуудас/

- Зам тээврийн осолд бүрэлдэхүүнтэй тогтоосон шижнээчийн 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт /хх-61-62-р хуудас/

- Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-74-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /эрх хасагдсан/ үедээ 2017 оны 12 сарын 18-ны өдөр 84-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.Ялалтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Ялалтын “...Ямар ч байсан тээврийн хэрэгслээс буугаад харахад миний зорчиж явсан суудлын автомашин нь засмал замын эсрэг талын урсгалд оочирт зогсож байсан нүүрс тээврийн автомашины чиргүүлийн дугуйг мөргөж зогссон байсан. ... Тухайн зам дээр үүссэн байсан хагархайг би 10 орчим метрийн зайнаас хараад өөрийн зүүн гараараа урд талын сандлаас тулсан. Тэр үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч эмэгтэй тээврийн хэрэгслээ зогсоох мөн хурдыг сааруулах ямар нэгэн арга хэмжээг аваагүй чигээрээ явсаар байгаад тухайн нүхэн дээгүүр харайлган гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Д.Банзрагчийн “... Тэгсэн түр тар гээд нэг юман дээгүүр харайлгаж байгаа юм шиг чимээ сонсогдоход Бат-Энх “өө харайлгачихлаа” гэж хэлтэл нөгөө машин юм мөргөж байгаа юм шиг тас хийсэн чимээ гарсан. Тэгээд эргээд хартал миний машины чиргүүлийн урд хэсэгт тоос боссон байсан. Очтол жижиг оврын суудлын 84-89 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талаараа миний 2 дахь чиргүүлийн урд талын тэнхлэгийн зүүн талын дугуйг мөргөж зогссон байсан. Тэгээд би жолоочийн хаалгаар хартал нэг эмэгтэй рулийн ард толгойдоо гэмтэл авсан байдалтай сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Гэрч Б.Бат-Оршихын “Тухайн өдөр манай компанийн эзэмшлийн 72-42 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн Хово маркийн тээврийн хэрэгсэл нь нүүрс тээврийн Гашуунсухайт автозамын 181 дэх км-т нүүрс тээврийн оочерт зогсож байх үед тухайн тээврийн хэрэгслийн 2 дугаар чиргүүл буюу 02-37БЧ чиргүүлийн хамгийн урд талын тэнхлэгийн зүүн дугуйг эсрэг талын урсгалд хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашин мөргөж зам тээврийн осол гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

Гэрч Х.Манлайбаатарын “тухайн тээврийн хэрэгсэл нь засмал замын хагархай дээр харайлгангуутаа шууд замын баруун гар талын эгнээнд зогсож байсан Банзрагч ахын нүүрс тээврийн автомашины арын чиргүүлийн урд талын дугуйг мөргөж зогссон. Би машины кабинаас буугаад жолоочийн хаалгыг нь онгойлгоход нэг эмэгтэй рулийн ард сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-30-32-р хуудас/

Гэрч У.Удвалын “Тухайн үед тээврийн хэрэгслийг Лхаадондов ахын эхнэр М жолоодож явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №10 дугаартай шинжээчийн: Г.Ялалтын биед зүүн гарын шууны доод 1/3 хэсгийн далд хугарал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-ийн 46-р хуудас/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-18-р хуудас/

- Зам тээврийн осолд бүрэлдэхүүнтэй тогтоосон шижнээчийн 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт /хх-61-62-р хуудас/

- Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-74-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Г.Ялалт  нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн  128-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Г.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бэсүд овогт Гармаагийн Мийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4, 4-т зааснаар шүүгдэгч Г.Мийг тэнссэн хугацаанд автотээврийн хэрэгсэлтэй харилцсан альваа үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА