Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/573

 

 

 

Э.О, Ц.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/303 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Э.О, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 2408000000039 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э.О ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

2. Ц.Г ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Ц.Г, Э.О нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед ... дүүргийн .... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоотод хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар Ц.Г нь хохирогч Э.О-ыг “архи авчирч өг” гэх шалтгаанаар түүний хүзүү, эрүүг хутгаар зүсэж, зуух руу түлхэн эрүүл мэндэд нь “хүзүү, эрүүнд сорви, нуруунд түлэгдлийн сорви” бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Э.О нь хохирогч Ц.Г-ийн нүд рүү нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.О, Ц.Г нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.О, Ц.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Г-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Ц.Г нар нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Э.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэсэн саналыг шүүхэд гаргасан боловч шүүхээс хийсэн гэм буруугийн дүгнэлтэнд Э.О-ыг согтуурсан үедээ Ц.Г-тай тухайн үедээ үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ц.Г-ийн нүдрүү нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна гэж гэм буруутайд тооцсон. 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Э.О өөрийн төрсөн ах Э.А-ын “Мах чанасан байна, гэрт хүрээд ир” гэсэн урилгаар ахынхаа гэрт нь найз бүсгүй У.М-ын хамт очоод хоол идээд сууж байхад хамт ажилладаг Ц.Г гэнэт агсараад “чамайг ална, хутгална, надад архи авч өг” гээд байхаар нь дэлгүүр орж архи авчирч өгсөн байдаг. Мөн Ц.Г авчирч өгсөн архийг нь ууж дуусаад дахин агсам тавьж босч ирээд Э.О-ыг хөлөөрөө жийсэн бөгөөд Э.О унаад нуруугаараа зууханд хүрч, нуруу нь түлэгдсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 506 дугаартай дүгнэлтээр дээрх үйл баримт нотлогддог. Э.О маргаан болох нь гэж бодоод ахынхаа гэрээс явахаар сандлаасаа бостол Ц.Г нь “ална, хутгална” гэсэн үгэндээ хүрч ширээн дээр байсан хутгыг авч дайрахад Э.О бултаж хүзүүнийхээ зүүн хэсэгт өнгөц зүсүүлсэн, үүгээр Ц.Г-ын довтолгоо төгсөөгүй бөгөөд дахин хутгаа бариад дайрахад нь Э.О өрсөн Ц.Г-ыг цохисноор түүний дайралт суларч Э.О-ын эрүүний доод хэсэгт зүсэж гэмтээсэн байдаг.

Шүүхээс Ц.Г-ийн “би нилээн халамцуу байж байхад Э.О миний зүүн нүдрүү цохисон” гэсэн мэдүүлгийг үнэлсэн атлаа Ц.Г-ийн анх гэрчээр өгсөн “би юу ч санахгүй байна” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр мэдүүлсэн “би тасарсан байсан тул болсон явдлыг санахгүй байгаа” гэх зэрэг мэдүүлгийг үнэлээгүй, түүнчлэн насанд хүрээгүй гэрч Н-ийн “Г ах агсам тавиад мах идэж байсан хутгаараа О ахын хүзүүг зүссэн, О ах уурлаад Г ахын нүдрүү цохисон” гэх мэдүүлгийг үндэс болгож Э.О-ыг гэм буруутайд тооцсон. Гэтэл бусад гэрчүүд болох У.М-ын намайг гаднаас орж ирэхэд О нь Г гэх хүнийг орон дээр дарсан байдалтай, тогоотой хоол газар асгарсан байсан гэх мэдүүлгийг огт үнэлээгүй бөгөөд үүгээр Ц.Гийн агсарч байгаа үйлдэл төгсөөгүйг, түүнчлэн Э.О-ын хувьд Ц.Г-аас хамаагүй том биетэй хүн бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас зодсон бол Ц.Г-ийн биед нилээд гэмтэл учруулах боломжтой, шүүх эмнэлгийн дүгнэлтээр дээрх байдал нотлогдож байгаа буюу нэг удаагийн цохилтоор Ц.Г гэмтсэн. Мөн Э.О-ын мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өгсөн мэдүүлэг болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зөрүүгүй тогтвортой бөгөөд Э.О-ын мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа нь нотлогдохгүй зэрэг алдаатай дүгнэлтийг хийсэн.

Түүнчлэн, Э.О-ын хувьд Ц.Г-ийн хутга барьсан аюултай довтолгооноос бултаж аргагүй хамгаалалт хийгээгүй бол Э.О өнөөдөр амьд байх байсан уу гэсэн асуудал хүртэл байгаа. Гэтэл Э.О-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалтын хүрээ хязгаарыг халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ хамгаалалт хэрэглэх боломжийг зөвшөөрсөн. Халдагч этгээдийн зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно.

Үргэлжилсэн довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно.

Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.

Дээрх цаг хугацаанд хохирогчийн зүгээс цаашид халдлага үргэлжилж, өөрийн амь нас, эрүүл мэндэд илүү хурцадмал халдлага, аюул занал дахин эхлүүлэхийг хүлээлгүйгээр нөхцөл байдлыг зөв үнэлэн өрсөж, хамгаалалт хийсэн Э.О-ын үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хэмээн дүгнэж, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.О “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв. 

Шүүгдэгч Ц.Г “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв. 

Шүүгдэгч Ц.Г-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугийн асуудлаар маргаагүй. Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй тул хэлэх тайлбаргүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.О, Ц.Г нар нь согтуурсан үедээ харилцан нэгнийхээ биед халдан довтолж, санаатай гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Аргагүй хамгаалалт нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг ойлгоно. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд Ц.Г нь ширээн дээр байсан заазуурыг авч Э.О-ын хүзүүг зүссэн. Үүний улмаас Э.О уурлаж Ц.Г-ийг цохисон болох  нь тогтоогдсон. Энэ үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Шүүгдэгч Ц.Г, Э.О нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед ... дүүргийн .... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоотод хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас Ц.Г нь хохирогч Э.О-ыг “архи авчирч өг” гэх шалтгаанаар түүний хүзүү, эрүүг хутгаар зүсэж, зуух руу түлхэн эрүүл мэндэд нь “хүзүү, эрүүнд сорви, нуруунд түлэгдлийн сорви” бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Э.О нь хохирогч Ц.Г-ийн нүд рүү нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

хохирогч Ц.Г-ийн: “...О миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би урдаас нь жаахан маргалдсан юм шиг байсан. Тэгээд цохиулсны дараа би гараад нүүрээ цасаар угаагаад ороход Амарбат гараа юманд зүссэн бололтой өмд, цамц нь цус болчихсон “өө юунд зүсчихэв ээ” гээд орилж байсан. Би ороод “яагаад миний нүд рүү цохиж байгаа юм бэ” гэж О-тай маргалдсан. А-ын охин А намайг маргалдуулахгүй гээд буцаж дагуулж гараад тамхи татуулж байтал цагдаа нар ирсэн. ...” /хх-ийн 14-16/,

хохирогч Э.О-ын: “...сандлаасаа бостол Г ах ширээн дээр мах идэж байсан хутгыг аваад миний хүзүүний зүүн хэсэгт нэг удаа өнгөцхөн зүссэн. Тэгээд бултаж холдтол дахин хутга барьж дайрахаар нь Г ахын зүүн нүд рүү нэг удаа цохисон. Унахдаа хутга барьж байсан гараараа эрүүний зүүн доод хэсэгт дахиад зүсчихсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 25-27/,

насанд хүрээгүй гэрч А.Н-ийн: “...Архи дуусах гэж байхад Г ах дахин агсарч О ах руу дайраад маргалдаад эхэлсэн. Г ах орон дээр хэвтэж байснаа босож ирээд ширээн дээр байсан заазуурыг аваад О ахын хүзүүний зүүн талыг зүсчихсэн. О ах уурлаад Г ахын зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Г ах аав руу “танай дүү чинь намайг цохичихлоо” гэж хэлсэн. ...” /хх-ийн 48-50/,

насанд хүрээгүй гэрч А.А-ийн: “...Г ах агсам тавьж байснаа ширээн байсан заазуурыг аваад О ах руу дайрч очоод хүзүүнийх нь зүүн талд зүсчихсэн. О ах уурлаад Г ахын зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Г ахын нүд хавдаад хөхөрчихсөн...” /54-56/,

насанд хүрээгүй гэрч А.М-ын: “...О ахын идэж байсан махны дүрлэгийг Г ах авч цацаад ширээн дээр байсан заазуурыг аваад О ахын хүзүүний зүүн талд зүссэн. О ах уурлаад Г ахын зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгээд ноцолдож байгаад гэрт байсан тогоотой шөл асгачихсан...” /хх-ийн 60-62/,

гэрч У.М-ын: “...Г ах босож ирээд Отгонбямбыг түлхээд зууханд нурууг нь түлсэн. О юм дуугараагүй. Би гарч бие засчихаад ороод ирсэн чинь О нь Г ахыг дарчихсан, тогоотой хоол газраар асгачихсан байж байсан. ...” /хх-ийн 69-70/,

гэрч Э.А-ын: “...Маргалдаж байхдаа Г ах О-д мөнгө өгөөд дэлгүүр лүү 2 шил архинд явуулсан. О дэлгүүр ороод архи авч ирээд бид нар уусан. Шөнө 00 цагийн үед маргалдаад шуугилдаад эхлэхээр нь би сэрсэн. О-ын хүзүүн дээр жаахан нарийхан зүсэгдсэн байсныг хараад охин Н-с юу болсныг асуухад “Гансүх ах агсам тавиад мах идэж байсан хутгаараа О ахын хүзүүг зүссэн, О ах уурлаад Г ахын нүд рүү цохисон” гэж хэлсэн...” /хх-ийн 33-35/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар: “1. Ц.Г-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх-ийн 82-83/, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 506 дугаар: “1. Э.О-ын биед хүзүү, эрүүнд сорви, нуруунд түлэгдлийн сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  ...”  /хх-ийн 88-89/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Ц.Г, Э.О нарын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн, улмаар Ц.Г нь хохирогч Э.О-ыг “архи авчирч өг” гэх шалтгаанаар түүний биед “хүзүү, эрүүнд сорви, нуруунд түлэгдлийн сорви” бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Э.О нь хохирогч Ц.Г-ийг цохилоо гэх шалтгаанаар биед нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” шинжийг агуулжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г, Э.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” ялаас торгох ялыг сонгож, Э.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Г-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 торгох ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирчээ.   

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн тэдний үйлдлийг зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Э.О-ын Ц.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтын шинж болох “тулгарсан довтолгооны эсрэг хийсэн” нөхцөл байдал хэргийн үйл баримтыг тогтоож буй гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч А.Буяндэлгэрийн “Э.О-ын аргагүй хамгаалалт хийж үйлдсэн үйлдлийг цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/303 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ